Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 647

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00261 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НЗД- холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны  дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  тухай  иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.А-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч  шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Нийслэлийн засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/123 тоот захирамжаар Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлын ажлаас үндэслэлгүйгээр халагдан, улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2202 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 235 тоот магадлал, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 701 тоот тогтоолын дагуу 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамж гарган, Багануур дүүрэгт ашиглалтад орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг тус 125 дугаар сургуультай нэгтгэн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль байгуулсантай холбогдуулан намайг тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас мөн өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн. Дээрх захирамжийг Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн. Үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт ажилтан нас барсан бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохоор зохицуулжээ. Гэтэл миний бие өнөөдөр амьд сэрүүн байгаа тул энэ заалт надад хамаарахгүй. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д Нийслэлийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ. Хэдийгээр уг заалт тухайн албан тушаалтанд буюу Нийслэлийн засаг даргад эрх олгосон зохицуулалт боловч хуулийн гол үзэл санаа бол уг ажлын байранд сонгон шалгаруулалт явагдах, улмаар түүний үр дүнг үндэслэн тухайн сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрх олгосон заалт юм. Миний бие тус албан тушаалд 2014 онд зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж томилогдсон бөгөөд надтай байгуулсан үр дүнгийн гэрээг холбогдох байгууллага, албан тушаалтнаас дүгнэсэн зүйл байхгүй. Иймд уг заалтыг чөлөөлөх үндэслэл болгосон нь тухайн хуулийн заалтад нийцэхгүй байна. Нөгөө талаар хоёр сургуулийг нэгтгэснээр уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаж, түүний үр дүн гарсан тохиолдолд хэрэгжих боломжтой заалт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж  татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Миний бие дээрх үндэслэлүүдийн алинд нь хамаарч ажлаас чөлөөлөгдсөн нь тодорхойгүй байна. Хуулийн дээрх заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д  Орон тоог цөөрүүлэх  гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно, 15.1.2-т  Орон тоо хасагдсан  гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс  тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэжээ. Мөн надад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байтал огт мэдэгдээгүй. Гэнэт ирээд л ажил хүлээлцэх болсон байгаа. Ер нь 2 сургууль нэгтгэсэн юм байхгүй. Өөрөөр хэлбэл, 320 хүүхдийн шинэ хичээлийн байр ашиглалтанд оруулж, 125 дугаар сургуулийн байр болгон 125 дугаар сургуулийн нэрийг Оюуны эрин цогцолбор сургууль болгон үйл ажиллагаа явуулж байгаа. 125 дугаар сургууль татан буугдаагүй, захирлын орон тоо хасагдаагүй, ажилтны тоо цөөрөөгүй бөгөөд ажлаас чөлөөлөх тухай захирамжид ийнхүү дээрх агуулга тус бүрийн алийг нь үндэслэл болгосныг огт дурдаагүй. Миний ажлын байранд Ж.Бат-Эрдэнэ гэгчийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилж өмнө нь ажиллаж байсан намайг үндэслэлгүйгээр халж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг Багануур дүүргийн Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Учир нь миний бие Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан боловч одоо 125 дугаар сургууль гэж байхгүй болж оронд нь Оюуны эрин цогцолбор нэртэй болсон байгаа. Мөн миний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулж өгнө үү. Ингэхдээ Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ сүлжээгээр захирлын ажил нь ТҮБД-5 зэрэглэлийн 4 дүгээр шатлал болох 868 980 төгрөгийн цалин болж нэмэгдсэн. Тиймээс ажлаас халагдсан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авсан тушаалд заасан 713 968 төгрөгөөр, харин 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 868 980 төгрөгөөр нэмэгдүүлж тооцох боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүрэгт 320 хүүхдийн суудалтай сургуулийг тус дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Цогцолбор сургууль болгон өөрчлөн байгуулах тухай А/703 дугаар захирамжаар байгуулсан. Ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийг байгуулсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.А-г Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159 тоот захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ түүнд 30  хоногийн өмнө мэдэгдсэн эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан үндэслэл барьсан нь техникийн алдаа, өөрөөр хэлбэл 38.1.2-т заасныг баримтлах байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Түүнчлэн  Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээгүй байгаа гэдгийг хэлмээр байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.А-г Багануур дүүргийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 3 320 784 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч НЗД- үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 68 083 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд анхан шатны шүүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 3 320 784 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Хэдийгээр нийслэлийн Засаг дарга хариуцагч гэсэн хэдий ч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүрэг төсөвтэй байна”, Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байна” гэж заасан тул нийслэлийн Засаг даргаас 3 320 784 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 68 083 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А-гийн 4 сар 14 өдрийн ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнийг ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл тооцож, нийт 3 320 784 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.А-д 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосныг нэхэмжлэгч Б.А- үгүйсгээгүй. Гэтэл шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасныг илт техникийн алдаа байсан гэснээс захирамжийн хууль зүйн үндэслэл үйл баримттай нийцэхгүй байгаа гэж хүлээн зөвшөөрөөгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Хариуцагч НЗД- холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159 тоот захирамжийг хүчингүй болгуулж, Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 1-2, 77 дугаар тал/

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 сургуулийг нэгтгэсэн зүйл байхгүй, 320 хүүхдийн шинэ байр ашиглалтанд оруулж, түүнийг 125 дугаар сургуулийн шинэ байр болгон нэрийг нь Оюуны эрин цогцолбор сургууль болгон өөрчилсөн тул Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Нэхэмжлэгч Б.А- нь Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2202 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 235 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2018/00701 тоот тогтоолоор түүнийг ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 044 545 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна./хэргийн 8-18 дугаар тал/ Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь нэхэмжлэгч Б.А-г 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/141 тоот захирамжаар Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон талаар талууд маргаагүй. /хэргийн 7 дугаар тал/ Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

            Улмаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159 тоот захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг удирдлага болгон Багануур дүүрэгт шинээр ашиглалтад орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг тус дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль байгуулсан гэсэн үндэслэлийг зааж, нэхэмжлэгч Б.А-г Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна./хэргийн 3 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2 сургуулийг нэгтгэсэн зүйл байхгүй, 320 хүүхдийн шинэ байр ашиглалтанд оруулж, түүнийг 125 дугаар сургуулийн шинэ байр болгон нэрийг нь Оюуны эрин цогцолбор сургууль болгон өөрчилсөн, захирлын орон тоо хасагдаагүй, ажилтны тоо цөөрөөгүй бөгөөд ажлаас чөлөөлөх тухай захирамжид дээрх агуулга тус бүрийн алийг нь үндэслэл болгосныг огт дурдаагүй, мөн 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас халж хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж тайлбарлажээ. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж буй үндэслэлээ Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/703 дугаар “Цогцолбор сургууль болгон өөрчлөн байгуулах тухай захирамжаар Багануур дүүргийн 320 хүүхдийн сургуулийг тус дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн Оюуны эрин цогцолбор сургууль болгосон. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн 125 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.А-г ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмжийг олгосон гэж тайлбарлажээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно”., 37.1.2-т “ажил олгогч иргэн, ажилтан нас барсан”., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”., 40.1.1-д “аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”., 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” гэж тус тус заажээ.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, 37.1.2-т заасан ажил олгогч иргэн, ажилтан нас барсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Учир нь Багануур дүүрэгт 320 хүүхдийн суудалтай шинэ хичээлийн байрыг ашиглалтанд оруулж, уг байрыг 125 дугаар сургуулийн байр болгон, нэрийг нь Оюуны эрин цогцолбор сургууль гэж өөрчилсөн болох нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/703 тоот Цогцолбор сургууль болгон өөрчлөн байгуулах тухай захирамж, уг захирамжийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Боловсролын газраас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар олгогдсон Оюуны эрин цогцолбор сургуулийн тусгай зөвшөөрлийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сургалт эрхлэх нөхцөл шаардлага зэрэг баримтаар тогтоогдож байна./хэргийн 78-81, 84 дүгээр тал/ Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Харин шүүх нэхэмжлэгч Б.А-г ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан буюу 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг өмнө шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилсон 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/141 тоот захирамжид заасан 1 сарын дундаж цалин хөлс болох 713 968 төгрөгөөр тооцож, нийт 3 320 784 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэхдээ хариуцагчаас түүнийг ажлаас чөлөөлөхтэй холбогдуулан 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн мөнгө олгоснийг хасалгүй, тооцооны алдаа гаргасан байна. Учир нь түүнийг ажлаас чөлөөлсөн захирамж хууль бус гэж шүүх дүгнэж ажилд нь эгүүлсэн тогтоосон тул уг тушаалын дагуу олгосон мөнгийг хасч тооцох ёстой.

 

Талуудын тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэлд хамаарах тул нэхэмжлэгч 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 2 141 000 төгрөгийг авсан гэх тайлбар гаргаж, энэ талаар маргаагүй байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах зохицуулалтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговроос нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө авсан 2 141 000 төгрөгийн тэтгэмжийг хасч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 1 179 784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.  

 

            Нэхэмжлэгч Б.А- нь тухайн нэхэмжлэлээ НЗД- холбогдуулан гаргасан ба тэрээр Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан С.Б ажлаас чөлөөлөгдөж, түүний оронд өөр хүн томилогдсон эсэх үйл баримт нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байхаар зохицуулсан тул, түүний дэргэдэх төрийн сангаас уг мөнгийг гаргуулахад саад болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00261 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “3 320 784” гэснийг “1 179 784” гэж, 4 дэх заалтын “68 083” гэснийг “32 864.82” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                               ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                   

                                                                                               С.ЭНХТӨР