Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2018/01137

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч. Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э Ү -т  холбогдох,

Хоёр талын хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс, хоёр удаагийн үндсэн цалингийн нэмэгдэл, цалин хөлсийг дутуу бодож олгосноос болж бусад үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын дутуу тооцогдсон нэмэгдэл нийт 15 762 460 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.с , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.б , Ж.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Б.а нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.г би 1992 оноос хойш тус компанид 23 жил тасралтгүй ажиллаж байна. Ерөнхий захирлын 2011 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар нийтийн хоолны хэсгийн нярав- хүний нөөцийн менежерээр ажиллаж, сард 1 105 000 төгрөгийн цалинг сар бүр авч байхаар тохиролцсон. Гэтэл 2013 оны 02 дугаар сараас эхлээд миний цалинг /1 105 000-1 088 900=16 100 төгрөгөөр/ бууруулсан. Намайг энэ ажилд орсоноос хойш цалин 2 удаа нэмэгдсэн байхад миний цалинг нэмэхийн оронд бүр хассан. Би энэ талаархи гомдлоо компанийн захиргаанд удаа дараа гаргасан боловч хариу ирүүлээгүйн дээр миний ажиллаж буй нийтийн хоолны хэсгийн дарга Б.б гаас Ерөнхий захирлын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч, хуулийн хэлтэст албан бичиг явуулсан боловч мөн өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Ерөнхий захирлын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/745 дугаар тушаалаар 2012 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн. Энэ тушаалаар миний цалин 221 000 төгрөгөөр нэмэгдэж би сар бүр 1 326 000 төгрөгийн цалин авах учиртай болсон. Мөн Ерөнхий захирлын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/54 дугаар тушаалаар үндсэн цалинг дахин 10 хувиар нэмсэн. Бүх ажилчидын цалин нэмэгдэж байхад миний цалинг хасаж, энэ нэмэгдэл ч мөн надад үйлчлээгүй /1 326 000х 10%=132 600 төгрөг/ Би авах ёстой 1 326 000 төгрөг дээрээ сүүлд нэмэгдсэн 10% болох 132 600 төгрөгөө нэмбэл 1 458 600 төгрөг авах учиртай байгаа юм. Би сар бүр 1 458 600 төгрөгөө авч чадахгүй алдагдалд орж байна. Миний асуудлыг шийдвэрлэхгүй байсаар 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрээр Ч.г ын цалин хөлс бууруулсан гомдлыг хэлэлцээд хоёр тал санал тохиролцсоны дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй болно. Мөн комиссын шийдвэрийг надад өгөхгүй би захиргааны хүний нөөцийн менежер Д.Алтангэрэлээс болон Үйлдвэрчний эвлэлийн холбооноос асууж сураглан комиссын хурлын тэмдэглэлийг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олж авсан. Комиссын хурлын тэмдэглэлийн дагуу ямар нэгэн шийдвэр гардаг эсэхийг хүний нөөцийн менежер Д.Алтангэрэлээс асуухад комиссын хурлаас ямар нэгэн шийдвэр гарахгүй, цалин хөлс урамшууллын хэлтэст өгч миний хохирлыг барагдуулах байх гэж миний бие тодорхой хугацаанд харж хүлээсэн боловч ямар ч өөрчлөлт гарсангүй. Миний цалин хөлсийг үндэслэлгүйгээр хасаж, дээрээс нь нэмэгдүүлсэн цалин өгөхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд 2 талын хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс дээр 2 удаагийн үндсэн цалингийн нэмэгдэл, цалин хөлсийг дутуу бодож олгосноос болж бусад үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын дутуу тооцогдсон нэмэгдэл зэргийг нягтлан тооцож надад нөхөн олгуулж, хохирлыг бүрэн барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие Э Ү ХХК-нд холбогдуулан цалин хөлсний дутуу, нэмэгдүүлсэн цалин хөлсөнд нийт 10 396 300 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд одоо 3 396 300 төгрөгөөр нэмэгдүүлж байна, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ миний бие Э Ү ХХК-иас 13 797 757 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлт гаргуулснаас хойш 6 сар өнгөрсөн тул хохирлын хэмжээ өссөн тул шаардлагаа 2 014 560 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус компанийн Нийтийн хоолны хэсэгт мөнгөний нярав, хүний нөөцийн менежер Ч.г нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний зөрүү нийт 15 812 317 төгрөг болгон анхны нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжилжээ. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Ч.г нь үндсэн цалинг бууруулан олгосныг 2012 оны 01 дүгээр сарын цалин олгосон өдрөөс хойш мэдэх бүрэн боломжтой байсан. Учир нь бүх ажилтан өөрийн цалин хөлсний олголт болон бусад тооцоог цахим хэлбэрээр хянаж, шаардлагатай бол хэвлэн авах боломжоор хангагдсан байдаг. Түүний цалинг тус хэсгийн мөнгөний няравын дээд хязгаар 990 000 төгрөгөөр тооцон ажил олгогч олгохдоо өмнө авч байсан цалин хөлсийг дордуулахгүйн тулд хавсран ажилласны нэмэгдэл хөлс 336 000 төгрөгийг сар бүр 2013 оны 01 дүгээр сарыг дуустал олгож байснаар түүний цалин хөлс 1 546 000 төгрөг болж нэмэгдсэн үеийн авч байсан цалин хөлсний талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гурван сарын дотор цалин хөлстэй холбоотой гомдлыг Хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад гомдлоо гаргах ёстой боловч Хөдөлмөрийн маргаан таслах комисс /цаашид ХМТК гэх/ түүний гаргасан гомдлын хэмжээнд хянан үзээд 2015.09.07-ны өдрийн шийдвэрт хөдөлмөрийн гэрээнд заасан 1 105 000 төгрөгийн үндсэн цалинг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Ч.г ХМТК-ийн шийдвэрийг 2015.11.07-ны өдөр хүлээн авсан гэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасны дагуу 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж гомдол гаргаагүй байгаа нь шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна. Шийдвэрийн хурлын тэмдэглэлд Ч.г гомдлын шаардлагаа тайлбарлахдаа: Одоо авч байгаа цалин 1 088 900 төгрөг байгаа. 1 105 000 төгрөг хүрэхгүй. Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийгээгүй байгаа. Энэ гэрээний цалингаа ч авч чадахгүй байна. Түүнээс биш өөр өндөр цалин хүсээгүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг бөгөөд түүний гаргасан гомдлын хүрээнд ХМТК шийдвэрлэсэн гэж үзэж байна. Компани ХМТК шийдвэрийг хүлээн зөвшөөрч түүнд үндсэн цалингийн зөрүүг олгох болно.Ч.г нь ХМТК-ийн дээрх шийдвэрт гомдол гаргаагүй байхад одоо нэхэмжлээд байгаа 15 812 317 төгрөгийг шүүх шууд авч шийдвэрлэх нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх тухай заалтыг зөрчиж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагаа компаний ХМТК-т хандан шийдвэрлүүлсний дараа гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрх үүсэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.г Э Ү ХХК-д холбогдуулан хоёр талын хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс, 2 удаагийн үндсэн цалингийн нэмэгдэл, цалин хөлсийг дутуу бодож олгосноос болж бусад үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын дутуу тооцогдсон нэмэгдэл нийт 15 762 460 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Э Ү -ийн Ерөнхий захирлын 2011 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар нийтийн хоолны хэсгийн нярав-хүний нөөцийн менежерээр ажиллаж, сард 1 105 000 төгрөгийн цалинг сар бүр авч байхаар тохиролцсон. Гэтэл 2013 оны 02 дугаар сараас эхлээд миний цалинг /1 105 000-1 088 900/ 16 100 төгрөгөөр бууруулсан. Мөн Ерөнхий захирлын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/745 дугаар тушаалаар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн. Энэ тушаалаар миний цалин 221 000 төгрөгөөр нэмэгдэж би сар бүр 1 326 000 төгрөгийн цалин авах учиртай болсон. Мөн Ерөнхий захирлын 2013 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн А/54 дугаар тушаалаар үндсэн цалинг дахин 10 хувиар нэмсэн. Бүх ажилчдын цалин нэмэгдэж байхад миний цалинг хасаж, энэ нэмэгдэл ч мөн надад үйлчлээгүй. Би авах ёстой 1 326 000 төгрөг дээрээ сүүлд нэмэгдсэн 10% болох 132 600 төгрөгөө нэмбэл 1 458 600 төгрөг авах учиртай байгаа юм. Одоо би 2013 оны 02 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн зөрүү, нэмэгдэл нийт 15 762 460 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна... гэж тайлбарласан.

Хариуцагч Э Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор цалин хөлстэй холбоотой гомдлыг Хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад гомдлоо гаргах ёстой боловч Хөдөлмөрийн маргаан таслах комисс /цаашид ХМТК гэх/ түүний гаргасан гомдлын хэмжээнд хянан үзээд 2015.09.07-ны өдрийн шийдвэрт хөдөлмөрийн гэрээнд заасан 1 105 000 төгрөгийн үндсэн цалинг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Ч.г ХМТК-ийн шийдвэрийг 2015.11.07-ны өдөр хүлээн авсан гэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасны дагуу 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж гомдол гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.б шүүх хуралдаанд: ...хууль нь ямар байдгийг би мэдэхгүй байна. Э Ү ХХК нь Ч.г ад 8 382 485 төгрөгийн цалинг дутуу олгосон байна. Гэхдээ Ч.г нь 990 000 төгрөг болж цалин нь буурсныг хүлээн зөвшөөрөөд жил гаран ажилласан. Ур чадварын нэмэгдэл бол заавал олгох цалин биш, хувьсах учир тухайн цехийн дарга өгөх эсэх асуудлыг шийддэг. Акт албан шаардлагаар: /хэргийн 1 дүгээр хавтас 83 хуудас/ ...Ч.г ад хөдөлмөрийн гэрээний дагуу аж ахуйн эрхлэгч, хүний нөөцийн менежерийн албан тушаалд ажилладаг ч хэсгийн дотоод Б/08 тоот тушаалын дагуу нэмэлт хөлсийг авч байсан байна. Уг тушаалыг хүчингүй болгож хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хөлсийг олгох, эсвэл нэг албан тушаалыг гэрээнд тусгаж тушаалыг хэвээр үлдээх гэж заасан учир цалинг нь бууруулсан... гэж тайлбарласан.

Ч.г 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/63 тоот тушаалаар нийтийн хоолны хэсгийн мөнгөний нярав, хүний нөөцийн менежерээр томилогдон, улмаар ажил олгогч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн цалинг 1 105 000 төгрөгөөр тохиролцсон болох нь 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2/26 тоот хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ч.г нь 2014 оны 06 дугаар сарын 09-нд Э Ү ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Батбаатарт, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Э Ү ХХК-ийн нийтийн хоолны хэсгийн дарга Б.б д, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Э Ү ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа нарт хандан цалин хөлс, бусад нэмэгдлийг дутуу олгож байна гэсэн гомдол гаргаж байсан гэдгийг хариуцагч үгүйсгээгүй.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон үндсэн цалингаа дутуу олгож байна, үндсэн цалин дутуу олгосноос бусад нэмэгдэл, амралтын мөнгө, урамшуулал дутуу олгогдсон гэсэн үндэслэлээр 2014 оны 6 дугаар сарын 09-нд Э Ү ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсаны дагуу маргаан таслах комиссоос 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ...хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалинг үндэслэлгүйгээр бүтэн олгохгүй байгаа нь буруу. Хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг нь олгоё гэсэн шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг Э Ү ХХК биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчид дутуу цалинг олгоогүй байна.

Нэгэнт Хөдөлмөрийн маргаан таслах комисс хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг олгохоор шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ч.г ад хүлээлт үүссэн, цехийн дарга нь ч мөн Ч.г ын дутуу олгож буй цалинг холбогдох хүмүүст нь уламжилж шийдвэрлүүлнэ гэж албан бичиг хүргүүлж байсан зэрэг байдлууд хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбаруудаар нотлогдож байгаа.

Хэдийгээр Э Ү ХХК нь ХМТК-ийн шийдвэрийн дагуу цалин хөлсийг бүрэн олгоогүй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргатлаа эрх бүхий албан тушаалтнуудад хандаж, тэдний шийдвэрийг хүлээж байсан зэрэг байдлууд нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болж байна гэж шүүх дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан бөгөөд хариуцагч Э Ү ХХК нь Ч.г ын цалинг хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээнээс бууруулан бодож олгож байсан болох нь нотлогдож байх ба үүнийгээ Акт албан шаардлагын /хэргийн 1 дүгээр хавтас 83 хуудас/ дагуу бодсон гэж тайлбарласан.

Ажил олгогч нь Ч.г тай сарын үндсэн цалинг 1 105 000 төгрөг байхаар тохирсон бөгөөд, хөдөлмөрийн гэрээнд зааснаас бага хэмжээний цалин хөлс олгож буй нь ажилтны эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Пийк ом аудит ХХК-ийг Ч.г ын дутуу авсан цалингийн талаар дүгнэлт гаргуулахаар шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийг шүүхээс тавьсан асуултанд бүрэн хариулаагүй гэж зөвшөөрөхгүй байгаа тухай шүүх хуралдаанд тайлбар гаргасан хэдий ч шинжээчийн дүгнэлтэнд шагналт цалин, ээлжийн амралтын нэмэгдлийн зөрүү хэдэн төгрөг дутуу бодогдсон-ыг хавтаст хэргийн материалын хүрээнд тооцоолох боломжгүй гэсэн байна.

Гэсэн хэдий ч хариуцагч Э Ү ХХК нь Ч.г ад нийт 8 382 485 төгрөгийн цалинг дутуу олгосон болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан бөгөөд энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч нь хоёр удаагийн үндсэн цалингийн нэмэгдэл, цалин хөлсийг дутуу бодож олгосноос болж үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын дутууг гаргуулна гэж шаардсан байх ба, үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын дутуу нийт хэдэн төгрөг болохыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлоогүй, хэдэн төгрөг болох нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Ч.г ын нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 770 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э Ү ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 149 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8.-д заасныг баримтлан хариуцагч Э Ү ХХК-иас 8 382 485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.г ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 379 975 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.г ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 770 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э Ү ХХК-с 149 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.г ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА