Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2017/00243

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2017/00243

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ц:Б

            Хариуцагч: Б.М

10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б , хариуцагч Б.М , хариуцагчийн өмгөөлөгч Х.О, гэрч Б.Ц, Ц.Гшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.ОюунбилОг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.D шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэр Д.Н бид хоёр гэр бүл С.Д , Б.М нарын удаа дараагийн гуйлтаар ГШ ХХК-н захирал Б.М т нийт 16 500 000 төгрөгийг зээлдүүлсэн. Захирал Б.М ийн бидэнд учирласнаар жижиг дунд үйлдвэрийг дэмжих орон нутгийн тендерт манай компани шалгарч тэнцлээ. Манайхыг орон нутгаас маш их дэмжиж Германы хөрөнгө /төслийн шугамаар/ оруулалтаар орчин үеийн технологитой цөөн хүн ажиллах авсаархан ногоо нөөшлөх үйлдвэрийг манай компаний газар дээр барьж өгөхөөр болсон. Төсөл хэрэгжихэд компанийн дүрмийн дагуу шаардлага хангасан байхаас гадна Германы хөрөнгө оруулагч нар хамгийн гол нь компаний дансанд хамгийн доод тал нь 10 000 000 төгрөг байх ёстой гэсэн шаардлага бидэнд тавьж байна. Энэ төсөл хүн болгонд олддоггүй ховор боломж хэрэв ийм үйлдвэртэй болчихвол ашиг орлого ч өснө. Ийм боломжийг алдмааргүй байна. Иймээс та хоёр сэтгэл гарган туслаач, хөрөнгө оруулалт хийвэл та хоёрт ч ашигтай компаний ашгаас хүртэнэ гэж ятган компаний эзэмшилд байгаа салат үйлдвэрлэдэг цехээ  Дөмөг захын урд байрлах өөрсдийн эзэмшлийн газраа, уг газар дээрээ ногоо тарьсан хүлэмжүүд, шинээр барьсан 3 машины гараж газрын албанд өргөдөл өгч эзэмшлийн газраа томсгож байснаа зөвхөн гүний худаг гаргах ажил үлдээд байгаа, энэ талаар хөөцөлдөж байна гэх зэргээр компанийхаа хөрөнгө цаашдын зорилтын талаар биеэр үзүүлж тайлбарласан нь бидэнд эрсдэл гайгүй юм шиг сэтгэгдэл төрсөн. Ингээд тэдний бэлдэж ирсэн Хамтын ажиллагааны гэрээнд 12 сарын хугацаатайгаар 10 000 000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тэдэнд бэлнээр өгсөн. Хоёр хоногийн дараа захирал М нь Германы төслийнхөн эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын битүү авто машинтай байхыг шаардаж байна. Төслийн шаардлагыг бүрэн хангаж машинтай болчихвол манайх гоё үйлдвэртэй болчих гээд байна. Хугацаа нэн давчуу тул яаралтай машин авах хэрэгтэй боллоо. Нэгэнт та хоёр манай компаний хамтрагч учир та хоёрт хандахаас өөр аргагүй боллоо. 6 500 000 төгрөгийг нэн яаралтай олж өгч туслаач, гэхдээ мөнгийг хурдан буцааж төлнө. Манай том охин Англи улсад сурдаг тэндээ давхар Солонгосын замын компаний орчуулгын ажил хийж мөнгө авдаг юм. Охин маань удахгүй мөнгөтэй ирнэ тиймээс наадмаас өмнө цаад тал нь 7 дугаар сарын 20-ны өдөр гэхэд л хүүтэй нь буцаагаад өгчихнө санаа зоволтгүй, энэ ёстой баараггүй шүү гэсэн. Тэдэнд итгээд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүүхдийнхээ хадгаламж барьцаалж банкнаас 6 500 000 төгрөгний зээл авч өгч ГШ компаний дансанд мөнгийг шилжүүлсэн. Охин нь ирсэн боловч хугацаандаа мөнгийг өгсөнгүй, нөгөө зориулалтын машин нь ч худлаа байсан. Банкны зээлийг бид төлж өчнөөн нэхэл дагал болж байж 2014 оны 05 дугаар сард банкны зээлийн өрийг арай хийж хаасан. М ээс дансаар болон бэлэн салатыг авч борлуулах маягаар нийт 9 686 100 төгрөгийг авсан. Хадгаламж барьцаалж авсан 6 500 000 төгрөгний зээл нь 9 040 284.32 төгрөг болж хаагдсан. М нь Говилд үйлдвэрлэл явуулж байсан АФ т компаниа хааж Улаанбаатар руу сэм оргон зайлсаныг, ГШ ХХК-г бусдад шилжүүлснийг сүүлд мэдэж 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр аймгийн цагдаад хандан өргөдөл өгсөн. Мөрдөн байцаалтын явцад М , Д нар нь санаатайгаар хэргээс зайлж олдохгүй байснаа хэргийг түдгэлзүүлж, байцаагч болон хяналтын прокурор нь өөрчлөгдөх зэргээр асуудал удааширч энэ намар тэднийг Улаанбаатар хотоос барьж авчирсан байсан. Хоёр ч оюутан хүүхэдтэй  нэг нь миний асран хамгаалатанд байдаг бүтэн өнчин охин хүүхэд байгаа. Эхнэр бид хоёр тэтгэвэрт гарсан амьдрал үнэхээр хүнд байна. Хүүхдийнхээ сургууль номын төлбөрт зориулан хадгалж байсан байдаг мөнгөө  ямар ч барьцаагүйгээр харамгүй сэтгэлээр тэдэнд өгсөн. Хамтын гэрээ хэмээх 2 хуудас цаастай л үлдсэн. Хамтран ажиллана, өндөр орлого ашиг өгнө гэж хуурамч гэрээ цаасаар халхавч хийж хүний мөнгийг салган авч сурсан энэ арга баашиндаа үнэнхүү гаршиж мэргэшсэн М ээс гэрээний дагуу өгсөн 10 000 000 төгрөгөө нэхэмжилж байна. ГШ компани, АФ т компани зэрэг дуртай үедээ компани байгуулж нэрийг нь сольж дургүй үедээ хаяад алга болчихдог, хэлсэн тохирсондоо эзэн суудаггүй, үнэгэн зальтай нохой явдалтай хүнд гай болдог жудаггүй, хүний мөс чанараар үнэхээр үхээнц эдгээр хүмүүсийг балгаас болж эл хугацаанд мөнгө санхүү болоод сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд ч ихээхэн доройтож хямарч тэдний тоглоом болж байгааг минь ойлгон зөвөөр ялган салгаж тэднээс учруулсан хохирлыг маань гаргуулж өгнө үү. Нийт 16 500 000 төгрөг өгснөөс 6 500 000 төгрөгний зээлийг өгсөн мөнгө, бэлэн бүтээгдэхүүнээр нь хаасан, одоо 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн 10 000 000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

      Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.М нь 2012 онд иргэн Цэцгээ гэх өөрийн худ болох гэж байсан хүнээс 6 000 000 төгрөг зээлж түүнийг төлж барагдуулсан . Ингээд хэсэг хугацааны дараа буюу Маргад сургууль дээр салат хийх үйл ажиллагаа явуулж байх үед иргэн Ц дахин зээл авмаар байна гэж хандахад зээл өгөх хүн байгаа гэж Н багшийг танилцуулсан. Ингээд Цэцгээ танилцуулахдаа өмнө надаар дамжуулж зээл авч байсан хүн эд нар байсан юм гэж хэлж анх танилцаж байсан юм. Тухайн үед Цэцгээгээс би зээл авлаа гэж ойлгож түүнд төлж байсан ба зээл нь Нэргүйн мөнгө байсныг хожим мэдсэн. Ийнхүү танилцснаас хойш 2013 оны 01 дүгээр сард 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй,  5 000 000 төгрөгөөр хоёр удаа тасдаж зээл авсан бөгөөд нэг жилээс хэтрүүлэхгүй төлөхөөр болж ямар нэгэн гэрээ тухайн үед хийж аваагүй. 2013 оны 05 дугаар сарын 07-нд анх 2 210 000 төгрөгний хүү буюу 4 сар гарангийн хүү төлсний дараа 2013 оны 05 дугаар сарын18- нд гэрээ бичгээр хийе гээд намайг дуудаж хоёр тусдаа авсан байсан 5 000 000 төгрөгийг нийлүүлж 10 000 000 төгрөгөнд гэрээ байгуулж, би боломжоороо төлж байсан. Эрүүгийн хэргийг шалгаж байх явцад хүүгийн хамт 10 350 000 төгрөгийг дансруу шилжүүлсэн баримт надад байсан билээ. Мөн 1 545 000 төгрөгний салат өгсөн. Ингээд бидний зээлсэн мөнгийг бүрэн барагдуулсан гэтэл миний төлж байсан мөнгө хүү байсан гэж надад эрүүгийн хэрэг үүсгэж, намайг Б ыг залилсан байна гэж үзсэн. Надад байгаа баримтаар бэлэн болон бэлэн бусаар Б д 11 895 200 төлсөн байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний тооцоо дууссан гэв.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Ц.D нь хариуцагч Б.М т холбогдуулан хамтран ажиллах гэрээний мөнгө 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Ц.D нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.М т 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3.5 хувийн хүүтэй 6 000 000 төгрөг Хаан банкнаас авч зээлдүүлсэн. Энэ мөнгө төлөгдөөд явж байгаад 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2 210 000 төгрөг төлснөөр дууссан ба зээл хаасан баримт байгаа. Нэхэмжлэлд огт хамааралгүй юм. Үүний дараа хариуцагч Б.М түүний нөхөр Д нар нь ирж ашигтай ажиллах боломж байгаа гэж тайлбарлан, ГШ компанийхаа үйл ажиллагаа, эд хөрөнгийг танилцуулан, Германы төсөл орж ирэх гэж байгаа, эргэлтийн хөрөнгө дутаад байна хамтран ажиллаад ашигаа хувааж авна гэж гоё сайхан ярьж итгүүлээд хамтран ажиллах гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бэлнээр авсан. Үүнээс хэдэн хоногийн дараа машинтай байхыг шаардаад байна гээд дахин мөнгө хэрэгтэй охин мөнгөтэй ирнэ удаахгүй гээд хадгаламж барьцаалсан зээл авахуулан 6 500 000 төгрөг авсан. Энэ мөнгийг компаний нэрээр дансаар шилжүүлсэн. Ийнхүү хариуцагч Б.М нийт 16 500 000 төгрөг авсанаас дансаар увуулж цувуулж 8 140 000 төгрөг, бэлэн бүтээгдэхүүн болох салатаар 1 546 100 төгрөг нийт 9 686 100 төгрөг өгсөн. Энэ нь сүүлд авсан хадгаламж барьцаалсан зээлийн хүүнд төлөгдөөд дууссан. 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зээлийг хаасан бөгөөд нийт 9 040 280.32 төгрөг төлсөн байдаг. Зөрүү 645 780 төгрөг үлдсэн. Иймд хамтран ажиллах гэрээ байгуулахад өгсөн 10 000 000 төгрөгөө гаргуулан авна. ГШ компанийг өөр бусдад шилжүүлсэн байсныг сүүлд мэдсэн. АФ т компани байгуулаад мөнгийг өгнө гэсэн боловч оргон зайлж зугтаад алга болсон тул цагдаад хандсан гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ:  2012 онд Цэцгээ гэх өөрийн худ болох гэж байсан хүнээс 6 000 000 төгрөг зээлж түүнийг төлж барагдуулсан. Ц дахин зээл авмаар байна гэхэд зээл өгөх хүн байгаа гэж Н багшийг танилцуулсан. Ингээд Цэцгээ танилцуулахдаа өмнө надаар дамжуулж зээл авч байсан хүн эд нар байсан юм гэж хэлж анх Б , Н нартай танилцаж байсан юм. Тухайн үед би Цэцгээгээс зээл аваад төлж байсан гэж ойлгож  байсан. Нэргүйн мөнгө байсныг хожим мэдсэн. 2013 оны 01 дүгээр сард 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 5 000 000 төгрөгөөр хоёр удаа тасдаж зээл авсан бөгөөд нэг жилээс хэтрүүлэхгүй төлөхөөр болж ямар нэгэн гэрээ тухайн үед хийж аваагүй. Ингээд 2013 оны 05 дугаар сарын 07-нд анх 2 210 000 төгрөгний хүү буюу 4 сар гарангийн хүү төлсний дараа 2013 оны 05 дугаар сарын18-нд гэрээ бичгээр хийе гээд намайг дуудаж хоёр тусдаа авсан байсан 5 000 000 төгрөгийг нийлүүлж 10 000 000 төгрөгөнд гэрээ байгуулж байсан. Ингээд би боломжоороо төлж байсан. Эрүүгийн хэргийг шалгаж байх явцад хүүгийн хамт 10 350 000 төгрөгийг дансруу шилжүүлсэн баримт надад байсан, мөн 1 545 000 төгрөгний салат өгсөн. Ингээд бидний зээлсэн мөнгийг бүрэн барагдуулсан гэтэл миний төлж байсан мөнгө хүү байсан гэж надад эрүүгийн хэрэг үүсгэж, намайг Б ыг залилсан байна гэж үзсэн. Надад байгаа баримтаар бэлэн болон бэлэн бусаар Б д 11 895 200 төлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний тооцоо дууссан гэж тайлбарлаж байна.  

            Нэхэмжлэгч Ц.Б , хариуцагч Б.М /ГШ ХХК-г төлөөлж/ нарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, Ц.D нь ГШ ХХК-н эргэлтийн хөрөнгө түүхий эдийн материалд зориулж 10 000 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл санхүүжилтээр хангахаар, Б.М нь үйлдвэрлэл, борлуулалтаа хариуцахаар нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан, машин авахад нь зориулж 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 6 500 000 төгрөгийг ГШ ХХК-н дансаар шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

            Нэхэмжлэгч Ц.D хамтран ажиллах гэрээгээр бэлнээр өгсөн 10 000 000 төгрөг болон машин авахад зориулж зээлдүүлсэн гэх дансаар шилжүүлсэн 6 500 000 төгрөг нийт 16 500 000 төгрөг Б.М т өгснөөс Д.Нэргүйн дансаар орж ирсэн 8 140 000 төгрөг, бүтээгдэхүүн хэлбэрээр авсан 1 546 100 төгрөг нийт 9 686 100 төгрөгийг хүлээж авсан болохоо зөвшөөрдөг.

            Хариуцагч Б.М 2013 оны 01 дүгээр сард 5 хувийн хүүтэй 2 удаа тус бүр 5 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг авсан гэж хүлээн зөвшөөрдөг ба 10 350 000 төгрөгийг дансаар, 1 545 000 төгрөгний салат нийт 11 895 000 төгрөг төлсөн, төлөх төлбөргүй гэж мэтгэлцэж байна.

            Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр ба түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д ...талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна. 478.10-д гэрээнээс үүсэн гарах хоорондын шаардлагыг талууд гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-д хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болно гэж заажээ.

            Хариуцагч Б.М нь 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ГШ ХХК-н /50 хувийг нь эзэмшиж байсан/ хувьцааг ГК группт шилжүүлсэн нь Ц.Б тай байгуулсан хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн төдийгүй, энэ талаар Ц.Б д мэдэгдээгүй байсан болох нь үзлэгийн тэмдэглэл, гэрч Ц.Ганчимэгийн...манай бүтээгдэхүүнтэй адил шошготой бүтээгдэхүүн зарагдаж байна гэсэн мэдээллээр очиж Ц.Б тай уулзахад Н багшийн нөхөр гэдгийг мэдсэн гэсэн мэдүүлэгээр хамтран ажиллах гэрээгээ Б.М зөрчсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь ГШ ХХК-с хамтран ажиллах гэрээний үүргийг шаардах эрхгүй бөгөөд харин өр төлбөр шилжсэн эсэх асуудлаар хариуцагч Б.М нь эрх шилжүүлэн авсан ГК группээс жич нэхэмжлэх эрхтэй.

            Зохигчид дансаар шилжүүлсэн мөнгөний баримтаас 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2 210 000 төгрөгийн баримтыг хамтран ажиллах гэрээтэй холбоотой эсэх талаар маргаж, бусад шилжүүлэг болох 8 140 000 төгрөг болон бэлэн бүтээгдэхүүн салат авсан 1 546 100 төгрөг нийт 9 686 100 төгрөгт маргаагүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, мөн хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хариуцагч Б.М биелүүлээгүй гэж үзнэ.

            Тухайлбал хариуцагч Б.М ийн ...2 210 000 төгрөг төлсөн гэсэн тайлбар, баримт нь хамтран ажиллах гэрээ байгуулагдахаас өмнө төлсөн төлбөр бөгөөд 2013 оны 01 дүгээр сард 5 хувийн хүүтэй авсан мөнгө гэсэн тайлбараа нотлож чадаагүй гэж үзнэ. Харин нэхэмжлэгч Ц.Б ы ...өмнөх зээлийн төлбөр байсан, 2 210 000 төгрөг төлснөөр эхний зээл хаагдаж, тооцоо дууссан гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зээл хаах шилжүүлэгээр нотлогдож байна. /хх-37,38/. Иймд 2 210 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад тооцох үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгчээс хариуцагч Б.М т нийт 16 500 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хамтран ажиллах гэрээ болон дансаар шилжүүлсэн баримт, гэрч Б.Цэцгээгийн...2012 онд Н багшаас 6 000 000 төгрөг зээлдүүлэхэд зуучилсан, түүнээс хойш тэд танилцаад мөнгө зээлдүүлж байсан гэсэн мэдүүлэг, хариуцагч Б.М ийн 10 000 000 төгрөг авсан тухай тайлбар, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ...хамтран ажиллахаар 10 000 000 төгрөг авсан, үүнийг хамтран ажиллаж байх хугацаандаа хэрэглэж байгаа ба хэлцэл дуусангуут бүрэн шилжүүлнэ. 1 сая+2 сая 500 мянган төгрөгийг ойрын хугацаанд зээлээ авангуут төлж барагдуулна. Нийт 13 сая 500 мянган төгрөг 4-р сар дотор дуусгана гэсэн тодорхойлолтоос дүгнэвэл Б.М нь тодорхойлолт өгсөн өдрөөс өмнө 3 490 000 төгрөгийг дансаар төлсөн учир 13 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч баталгаа гаргасан байна гэж шүүх дүгнэв.

            Зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ болон зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг харилцаанд үндэслэн нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүү тооцож байгаа нь үндэслэлгүй байна.  

            Иймд хариуцагч Б.М ээс 6 813 900 төгрөг /16 500 000-9 686 100/ гаргуулан нэхэмжлэгч Ц.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 186 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн төлбөр 174 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 123 973 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн эхнэр Нэргүй, хариуцагчийн нөхөр Д нар нь хамтран ажиллах гэрээнд байлцаж гарын үсэг зурсан боловч мөнгө хүлээн авсан болон ГШ ХХК-г төлөөлөх эрх нь Б.М т байсан тул хариуцагчаар татсан нь үндэслэлтэй. Нэргүйг хамтран нэхэмжлэгчээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг Ц.D гаргасан боловч Н зөвшөөрөөгүй тул хүсэлтээ дэмжээгүй, татгалзсан болно.  

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.1, 478.10, 480 дугаар зүйлийн 480.1.4-д заасныг баримтлан хариуцагч Б.М ээс 6 813 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 186 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б ы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М ээс 123 973 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Л.АРИУНЦЭЦЭГ