Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/04  

 

Р.Н-, Р.А-, Ш.А-нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-нарт холбогдох эрүүгийн 1835004030219 дугаартай хэргийг шүүгдэгч Ш.А-, түүний өмгөөлөгчид Б.Мөнхбат, Ц.Цэрэнням, шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Б.Батжаргал, шүүгдэгч Р.А-, түүний өмгөөлөгч С.Тилеуберди нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул /цахим сүлжээгээр/, шүүгдэгч Р.Н-, Ш.А-, шүүгдэгч Р.А- /цахим сүлжээгээр/, шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Б.Батжаргал /цахим сүлжээгээр/, шүүгдэгч Ш.А-ы өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Р.А-гийн өмгөөлөгч С.Тилеуберди нар оролцов.

 

1. Р.Н нь:

а/ 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн Hyundai 5tontruck-0 маркийн 81-67 УВХ улсын дугаартай 5 тонны даацтай авто краныг “А" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн 83-06 УБТ улсын дугаартай болгож, улмаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн харьяа “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 47.950.000.00 төгрөгөөр нийлүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,

б/ “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд 102.800.000.00 төгрөгийн балансын үнэ бүхий бүртгэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 277 дугаар тогтоолоор нээлттэй дуудлагын худалгаагаар худалдах доод үнийг 6.000.000.00 төгрөгөөр тогтоосон 05-50 УВА улсын дугаартай Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийн дуудлага худалдааны ажлыг, тус төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд 107.560.120.00 төгрөгийн балансын үнэ бүхий бүртгэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 277 дугаар тогтоолоор нээлттэй дуудлагын худалгаагаар худалдах доод үнийг 6.000.000 төгрөгөөр тогтоосон 13-83 УВА улсын дугаартай, XCMG маркийн авто краны дуудлагын худалдааны ажлыг тус тус 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахдаа ажлын хэсгийг төрийн өмчийн төлөөлөгчгүйгээр байгуулж, нээлттэй дуудлагын худалдааг олон нийтэд зарлахгүйгээр явуулж, 05-50 УВА улсын дугаартай, Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Б.Ч-т 6.600.000.00 төгрөгөөр, 13-83 УВА улсын дугаартай, XCMG маркийн авто краныг иргэн Б.Г-6.400.000.00 төгрөгөөр тус тус худалдаж, төрийн өмчид 81.700.000.00 төгрөгийн хохирол учруулсан буюу албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

 

2. Р.А нь өөрийн төрсөн ах Р.Н-ын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн Hyundai 5tontruck-0 маркийн 81-67 УВХ улсын дугаартай 5 тонны даацтай авто краныг “А" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн 83-06 УБТ улсын дугаартай болгож, улмаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн охин компани “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 47.950.000.00 төгрөгөөр нийлүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

 

3. Ш.А нь өөрийн шууд удирдах дээд байгууллага болох “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Н-ын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн Hyundai 5tontruck-0 маркийн 81-67 УВХ улсын дугаартай 5 тонны даацтай авто краныг “А" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн 83-06 УБТ улсын дугаартай болгож, улмаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн охин компани “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 47.950.000.00 төгрөгөөр нийлүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Р.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Р.А-, Ш.А-нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгоход хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 11.000 (арван нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэг сая) төгрөгөөр торгох ял;

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000(зургаан сая) төгрөгөөр торгох ял;

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-гийн  нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуу) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-ын сэжигтнээр баривчлагдсан 2 (хоёр) хоногийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Р.Н-, Р.А-, Ш.А-нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Р.Н-, Р.А-,  Ш.А-нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн “Краны тендерийн баримт бичиг 2018”  гэсэн 1 хавтас 70 хуудас, уг хавтасны эхний хуудсанд үдэгдсэн “А” ХХК-иас “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-нд ирүүлсэн 47.950.000 төгрөгийн нэхэмжлэх 1 хуудас, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас “А” ХХК-нд шилжүүлсэн 180630131740015 дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас, 180619100711783 дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас, 180619100246853 дугаартай төлбөрийн даалгавар 1 хуудас зэргийг тус тус эрүүгийн 183500403219 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Увс аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дугаартай “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 97-15 ХОҮ улсын дугаартай Хьюндай трак загварын тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 86-68 УВХ улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл, 13-83 УВА улсын дугаартай XCMG загварын автокраныг битүүмжлэх тухай прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 02, 03 дугаартай тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Р.Н-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 43.000.000 (дөчин гурван сая) төгрөгийг түүний ногдох хөрөнгөөс гаргуулан, мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн 41.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн 86-68 УВХ улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл, 40.600.000 төгрөгөөр үнэлэгдсэн 13-83 УВА улсын дугаартай XCMG загварын авто краныг тус тус улсын орлого болгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. “ гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.А-, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд: “Нэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.3-т зааснаар захиалагч нь үнэлгээний хороо байгуулах, хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах л эрх хэмжээтэй. Хуулийн дээрх заалтын дагуу “Ховд цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн захирал Ш.А-нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/50 дугаар тушаалаар авто кран нийлүүлэх тендерийн үнэлгээний хороог дарга, гишүүн, нарийн бичгийн дарга нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, бүрэлдэхүүнд худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдсан сертификаттай, тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар эрх олгогдсон нэр бүхий 5 хүн багтжээ. Дээрх үнэлгээний хорооноос авто кран нийлүүлэх тендер шалгаруулалтыг харьцуулалтын аргаар зохион байгуулж, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт, зөвлөмжөөр “А” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгчээ. Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжид үндэслэж “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирал Ш.А-нь “А” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдэл өгч, улмаар гэрээ байгуулжээ. Үүнээс үзэхэд захиалагч нь үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэж, техникийн шаардлагад нийцсэн авто кран нийлүүлэхээр шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан үйл баримтыг Р.Н- нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгоход хамжигчаар оролцсон гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хамжигч нь урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүн байдаг. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Үнэлгээний хорооноос техникийн шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгаруулсан гүйцэтгэгчтэй захиалагч гэрээ байгуулсан үйл баримтыг урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутай үйлдэл гэж дүгнэх боломжгүй.

Хоёр. “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн худалдан авах авто краны техникийн шаардлагыг тус компанийн ерөнхий инженер У.П боловсруулж, уг техникийн тодорхойлолтод нийцсэн тендер ирүүлсэн “А” ХХК-ийг тендерийн үнэлгээний хороо шалгаруулжээ. Тендерийн баримт бичигт авагдсан техникийн тодорхойлолтод нийцсэн тендерийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч эрх зүйн үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т тодорхой заажээ. Ийм байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирал Ш.А-ыг тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг эрх зүйн үндэслэлгүйгээр өөрчилж, “А” ХХК-ийн тендерээс татгалзах ёстой байсан мэтээр дүгнэхдээ захиалагчид тавигдсан хуулийн дээрх хориглолтыг анхаараагүй, нэг талыг баримталсанд гомдолтой. Үнэлгээний хорооны гаргасан дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрт үндэслэж гэрээ байгуулсан захиалагчийг гэм буруутайд тооцон, ял шийтгээд байвал тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар захиалагч үнэлгээний хороо байгуулахын шаардлагагүй. Мөн түүнчлэн Сангийн яам болон Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагаа явуулах үнэлгээчнийг сургаж, бэлтгэн тендер шалгаруулалтыг зохион байгуулах эрх олгохын хэрэггүй.

Гурав. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-т зааснаар үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсэг байдаг.

Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 1.2 дахь заалтаас үзэхэд тендер шалгаруулалтад оролцогч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон ажлын туршлагын мэдээллийг шалгасны үндсэн дээр гүйцэтгэгчийг шалгаруулж, дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид өгөх нь үнэлгээний хорооны ажил, үүрэг. Ийм байхад 5 хүний бүрэлдэхүүнтэй худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдсан сертификаттай, тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар эрх олгогдсон тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагааг захиалагч “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирал Ш.А-д халдаасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Дөрөв. ... Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 666 дугаар тогтоол болон “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 5 тонны даац бүхий авто краныг 49,000,000 төгрөгт багтаан худалдан авахаар тусгагджээ. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 68 тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ”-ээс үзэхэд харьцуулалтын аргаар худалдан авч болох барааны төсөвт өртгийн дээд хязгаарыг 50,0 сая төгрөг байхаар тогтоожээ. Уг босго үнийн дагуу “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/50 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооноос авто кран нийлүүлэх тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу харьцуулалтын аргаар зохион байгуулсан нь тендер шалгаруулалтын материалаас тодорхой байна. Ийм байхад Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Д-ын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/7693 дугаар албан бичигт “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас 2018 онд зохион байгуулсан кран нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь илтэд хууль хэрэглээний алдаатай байна. Учир нь хуулийн дээрх заалтууд нь нээлттэй тендер шалгаруулалтад хамааралтай болохоос харьцуулалтын аргаар тендер шалгаруулахад хамааралгүй юм.

Тав. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Яамыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд /цаашид “сайд” гэх/ тэргүүлнэ”, 3 дугаар зүйлийн 3.5-т “Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө” гэжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Сангийн яамыг гадаад, дотоодод төлөөлж, харилцах бүрэн эрх бүхий этгээд нь Монгол Улсын сайд байна. Харин яамны төрийн нарийн бичгийн даргын эрх хэмжээг заасан Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь заалтаас үзэхэд “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх” эрх хэмжээ Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад хамааралгүй байна. Хэрэв сайд түр эзгүй тохиолдолд л төрийн нарийн бичгийн дарга нь сайдын даалгаснаар байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн бичигт хариу өгч, гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцахыг Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-т заажээ. Ийм байхад Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Д-а нь тус яамны сайдыг төлөөлж, “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх” эрх хэмжээг эдэлсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна. Иймээс Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Д-ын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/7693 дугаар албан бичиг нь Сангийн яамны албан ёсны байр суурь мөн эсэхийг Сангийн сайдаас тодруулах шаардлагатай.

Зургаа.Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Б-гийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 06/3303 дугаар албан бичгээр “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас 2018 онд зарласан кран нийлүүлэх тендер хууль, журмын дагуу явагдсан эсэхэд зөвлөмж, тайлбар гаргуулахаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт ханджээ. Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Д-ын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/7693 дугаар албан бичгээр “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас 2018 онд зохион байгуулсан кран нийлүүлэх тендер сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдаагүй гэх тайлбар, зөвлөмжийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Б-д хүргүүлжээ. Үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараах шинжээчийн дүгнэлт биш учраас л дээрх зөвлөмж, тайлбар нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй тохиолдолд уг албан бичигт гарын үсэг зурсан Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Д-а ямар ч хууль зүйн хариуцлага хүлээхгүй. Ийм учраас л анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ш.А-ыг гэм буруутайд тооцон, ял шийтгэх үндэслэл болгосон зөвлөмж, тайлбар нэртэй дээрх албан бичиг нь үнэлгээний хорооны чиг үүрэгт хамаарА- асуудлыг захиалагчид халдаасан, харьцуулалтын аргаар явагдсан тендер шалгаруулалтад нээлттэй тендер сонгон шалгаруулалтын журмын заалтыг баримталсан хууль хэрэглээний алдаатай, техникийн шаардлагад нийцсэн авто кран нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан эсэх үйл баримтад дүгнэлт хийгээгүй, зөвхөн захиалагчийг л буруутгахад чиглэгдэж, нэг талыг баримталсан зэргээр олон эрх зүйн зөрчилтэй байгаа юм.

... яллагдагч, өмгөөлөгч бид дээрх П.Д-ын гарын үсэгтэй зөвлөмж, тайлбарыг дахин шалгуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасаар ирсэн. Гэтэл мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шатанд хүсэлтийг хангалгүйгээр хэргийг хэтэрхий нэг талыг баримталсаар эцэст нь уг зөвлөмж, тайлбарт тулгуурлаж, Ш.А-ыг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөнд гомдолтой байна. Анхан шатны шүүх зөвлөмж, тайлбар нэртэй албан бичгийг Ш.А-ы гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон баримт гэж үзсэн нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зөвхөн уг зөвлөмж, тайлбараар л өмгөөлөгч бидний хууль зүйн дүгнэлтийг няцааснаас тодорхой харагдана. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолын Ш.А-ыг гэм буруутайд тооцон, ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Ш.А-ыг цагаатгахыг хүсье.” гэжээ.

 

            Шүүгдэгч Ш.А-ы өмгөөлөгч Ц.Цэрэннямын давж заалдах гомдлын агуулга: “...Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэнд хэргийн бодит байдлыг тогтоох" зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 7.2 дугаар зүйлд заасан “...хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх зарчмыг ноцтой зөрчсөн, мөн ЭХХШХ-ийн 16.2 дугаар зүйлийн заалтаар тогтоосон нотолбол зохих байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоогүй байхад таамагт үндэслэн гэм буруутайд тооцсон ноцтой зөрчил болно. Хавтаст хэрэгт Ш.А-ыг Р.Н-д давуу байдал олгон Тендер зохион байгуулсан тухай баримт огт байхгүй, “А" ХХК-ийг Р.Н-тай холбоотой болохыг Тендерийн үнэлгээний хорооны гишүүд тогтоох боломжгүй байсан бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эхэлсний дараагаар тодорхой болсон, мөн шүүхийн хэлэлцүүлэгт Р.Н- нь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийг кран худалдаж авах гэж байгаа тухайд мэдсэн бөгөөд Ш.А-д огт мэдэгдэлгүйгээр уг тендерт оролцсон тухай мэдүүлсэн мэдүүлгээс тодорхой байдаг, мөн Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын хүрээнд байгуулагдсан бөгөөд хорооны гишүүдэд Ш.А-огт нөлөөлөөгүй талаар гишүүд тус бүр мэдүүлсэн мэдүүлэг, мөн Тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийн хүрээнд Ш.А-“А" ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Энд дурдсан нотлох баримт болон үйл баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор дүгнэн үзвэл Ш.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь хангалттай нотлогдох юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ш.А-ыг гэм буруутайд тооцон, ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон Ш.А-ыг цагаатгаж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Б.Батжаргалын давж заалдах гомдлын агуулга: “...Р.Н- нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 314 тоот албан бичгээр орон нутгийн МВС телевизэд 05-50 УБХ улсын дугаартай land Cruiser маркийн тээврийн хэрэгсэл, 13-83 УВА улсын дугаартай ХСМG загварын авто кран зэрэг автомашинуудыг тус бүрийг нь 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр дуудаж дуудлага худалдаанд оруулах зарыг өгсөн /1хх-ийн 126 хуудас/, өгсөн зарынхаа дагуу зарын үнэ 60.800 /жаран мянга найман зуу/ төгрөгийг МВС телевизийн Хаан банкны 5800469556 тоот дансанд шилжүүлсэн /2 хх-ийн 128 хуудас/, зар явсан тухай МВС телевизийн дэлгэцийн зураг /2 хх-ийн 52 хуудас/, телевизээр зар явсан нь үнэн гэсэн МВС телевизийн захирал Лхагвын албан тодорхойлолт /2 хх-ийн 54 хуудас/ зэрэг нотлох баримтууд хангалттай байсаар байтал нотлох баримтыг үнэлээгүй атлаа хэрэгт ямар ч ач холбогдолгүй 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойших нотлох баримтуудыг үнэлж гэм буруутайд тооцсон байна. Шүүх хэлэлцүүлгийн явцад нотлох баримтаар шинжлэн судлуулсан аудио болон СD бичлэг нь мөн л цаг хугацааны хувьд нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мөн гэрч нарын мэдүүлгүүд зар явсан эсэх талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг ба мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг мөр болгоогүй. Шүүх мэтгэлцээний явцад гэрч нарын зөрүүтэй мэдүүлгүүдийг ЭХХШТХ-ийн 16.11 дүгээр зүйлийн 2-т зааснаар улсын яллагчийн зүгээс нотлох баримтаас хасуулах саналыг гаргасан. 2018 оны 6 дугаар сарын 27-оос 30-ны хооронд зар телевизээр цацагдаагүй талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хэлэлцүүлгээр тогтоосон ямар ч нотлох баримт байдаггүй. Иймд ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 1-т зааснаар хэргийг тал бүрээс нь шалгаж бодит байдлыг тогтоох үүрэгтэй, 2-т зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авч эргэлзээгүй тогтооно, 3-т зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа учир ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээ бүхий бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг үндэслэн хэргийг цагаатгаж өгнө үү. 

Хохирлын талаар: Увс аймаг дахь Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн ашиглаж байсан 05-50 УБХ улсын дугаартай land Cruiser маркийн тээврийн хэрэгсэл, 13-83 УВА улсын дугаартай ХСМG загварын авто кран зэрэг автомашинуудыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас актлан, өөрийн өртгөө нөхсөн тул 0 үнэлгээтэй болгож /2 хх-ийн 116 хуудас/ дуудлага худалдаанд тус бүрийг нь 6. 000.000 төгрөгөөр оруулахаар тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу дуудлага худалдаагаар 05-50 УБХ улсын дугаартай land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг 6.600.000 төгрөгөөр, 13-83 УВА улсын дугаартай ХСМG загварын авто краныг 6.400.000 төгрөгөөр тус тус худалдагдсан. Дээрх 2 автомашиныг үнэлэхдээ шинжээч нь зах зээлийн үнээр харьцуулалтын аргаар үнэлж land Cruiser автомашиныг 41.100.000 төгрөгөөр, ХСМG загварын авто краныг 40.600.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Энэхүү үнэлгээ нь тус 2 тээврийн хэрэгсэлд гаргасан үнэлгээ биш бөгөөд 2018 оны 7 дугаар сарын байдлаар ашиглалтын байдал эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй гэдгээ шинжээчийн дүгнэлтэд илэрхийлсэн. /3 хх-ийн 81-89 хуудас/  Гэтэл шүүгч шинжээчийн үнэлгээгээр 2 тээврийн хэрэгслийн хохиролд 81.700.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн атлаа дуудлага худалдаагаар орсон 13.000.000 төгрөгийг хасаж тооцоогүй байна.Төрийн өмчийн зохицуулах хорооноос нэгэнт 0 үнэлгээтэй болгож дуудлага худалдааны доод үнийг тогтоож өгөөд тогтоосон үнээс дээгүүр үнээр зарагдсаар байтал хохирол гэж нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй юм.  Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ний авто кран худалдан авах тендерийн хувьд Р.Н- нь өөрийн өмчлөлийн 81-67 УВХ улсын дугаартай авто краныг “А" ХХК-д шилжүүлж тус компанийн нэрээр тендерт оролцохдоо өөртөө давуу байдал олгож байгаагаа мэдээгүйн улмаас уг тендерт оролцсон. Өөрийн шууд удирдлагад байдаг “Ховд Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ний тендерт оролцсоноороо гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Р.Н- нь уг тендерт оролцоход Р.Н-ыг Увс аймаг дахь Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн ашиглаж байсан 05-50 УБХ улсын дугаартай land Cruiser маркийн тээврийн хэрэгсэл, 13-83 УВА улсын дугаартай ХСМG загварын авто кран зэрэг автомашинуудыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар улсын орлого болгосон. Уг заалтад гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсвэл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэж заасан. Р.Н- нь өөртөө орлого олсон зүйл байхгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлчхөөд байхад улсын орлого болгосон нь хуульд нийцэхгүй. Иймд улсын орлого болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ний авто краны тендертэй холбогдуулан Р.Н-аас 43.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Р.Н-ын тендерт ялагчаар шалгарч өгсөн авто кран нь одоо Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ний өмчлөлд хэвийн ажиллаж байгаа. Хохирлын зөрүү 4.950.000 төгрөгийг төлсөөр байтал дахин 43.000.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Шүүгдэгч Р.А-, түүний өмгөөлөгч С.Тилеуберди нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга: “ 1. ”Агь        гурван эрдэнэ” ХХК-ны захирал Х.Т-гийн гаргаж өгсөн мэдэгдэл, үнийн санал хүргүүлсэн байдал, Төрийн банканд өгсөн тодорхойлолт, тус ХХК-ийн өр төлбөргүй гэсэн ШШГГ-ын тодорхойлолт, авто кран нийлүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нэхэмжлэл, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, албан тоот бичиг өгч бүх өгсөн бичиг баримтад гүйцэтгэх захирал Х.Т- өөрөө гарын үсэг зурж компанийн тамга дарсан асуудал байхад үүнийг анхан шатны шүүх хэлэлцээгүй, мөнгө байршуулсан гэсэн Р.Н-, Х.Т- болон Р.А- гурвын мэдүүлэг ноцтой зөрүүтэй байхад шүүх ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан.

2. Шинжээчийн дүгнэлт, загвар бичгийн хэв тохирохгүй байгааг судлуулсан боловч энэ нотлох баримтад анхаарал хандуулаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянаагүй, шийдвэрт энэ талаар тусгаагүй.

3. Эрүүгийн хуулийн 3.5.1 дэх хэсгийг баримталж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар Р.А-г яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.5.1 дэх хэсэгт заасан зүйл анги өөрөө гэмт хэргийн гүйцэтгэгч түүнчлэн зохион байгуулагч, хатгагч, хамжигч нарын бие биеэсээ шууд хамаарахаар заасан харьцангуй онцлогтой зүйл анги бөгөөд гүйцэтгэгчгүйгээр бусад оролцогчид, бусад оролцогчидгүйгээр гүйцэтгэгч гэсэн ойлголтыг ярьж болохгүй. Гэмт хэрэгт хамтран оролцох нь гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс оролцсон байхыг, тэдний үйл ажиллагаа нэгдсэн шинжтэй байхыг, хамтарсан гэмт үйл ажиллагааг санаатай хийсэн байх гэсэн гурван үндсэн шинжийг агуулсан байхыг шаарддаг, эдгээр шинжүүдийн аль нэг нь байхгүй бол гэмт хэрэгт хамтран оролцож бусдад давуу байдал бий болгоход урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж үзэх боломжгүй. Гэмт хэрэгт оролцох хоёр тал хамтран оролцохтой сэтгэл зүйн нэгдэлтэй байхыг шаарддаг бөгөөд үүнийг тогтоохгүйгээр хамжигчийг тогтоох боломжгүй. Тэд нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй байсан, энэ тухайгаа хоорондоо урьдчилан ярилцаж тохиролцсон, ойлголцсон байхыг шаарддаг. Харин гүйцэтгэгчийг гэмт хэрэг үйлдүүлэхийн тулд хамжигч гэмт санаа бодлоо хэрэгжүүлэхэд нь түүнд тусалж байна гэдгээ мэдэж байгаа тохиолдолд хамтран оролцсон тухай яриа байж болно. Өөрөөр хэлбэл Р.Н- болон Р.А- нарын хооронд энэ гэмт хэргийн талаар нэгдсэн санаа зорилго байсан эсэхийг тогтоосон зүйл хэрэг дотор байхгүй байхад хамжигчаар татаж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн асуудлыг эс зөвшөөрч уг гомдлыг гаргаж байна. Иймд ЭХХШТХ-ийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Р.А-г гэм буруутайд тооцон, ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон Р.А-г цагаатгаж өгөхийг хүсье” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Б.Батжаргал, шүүгдэгч Р.А- болон түүний өмгөөлөгч С.Тилеуберди, шүүгдэгч Ш.А-болон түүний өмгөөлөгчид Б.Мөнхбат, Ц.Цэрэнням нарын давж заалдах гомдлыг үндэслэн, тус гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Р.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх дараах үндэслэлүүд тогтоогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

 

1. “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Н- нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус компанийн дансанд бүртгэлтэй 05-50 УВА улсын дугаартай Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийн[1], 13-83 УВА улсын дугаартай, XCMG маркийн авто краны[2] нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулахдаа олон нийтэд зарлахгүйгээр явуулж, ажлын хэсгийг төрийн өмчийн төлөөлөгчгүйгээр байгуулан Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Б.Ч-т 6.600.000.00 төгрөгөөр, XCMG маркийн авто краныг иргэн Б.Г-6.400.000.00 төгрөгөөр тус тус худалдаж, төрийн өмчид 81.700.000.00 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, иргэн Б.Ч-нь “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн дансанд 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000.00 төгрөг[3], 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5.100.000.00 төгрөг[4], нийт 6.600.000 төгрөг төлсөн, захирал Р.Н- болон түүний жолоочоор ажиллаж байсан Б.Ч-нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээ[5] байгуулагдсан, иргэн Б.Г-нь “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн дансанд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1.500.000.00 төгрөг[6], 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 4.900.000.00 төгрөг[7], нийт 6.400.000 төгрөг төлсөн, захирал Р.Н- болон Б.Г-нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр авто кран худалдах-худалдан авах гэрээ[8] байгуулагдсан, захирлын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 дугаар тушаалаар[9] дээрх хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдааны ялагч нарт шилжүүлж, Б.Г-, Б.Ч-нарт хүлээлгэж өгсөн[10], Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгсэл 86-68 УНХ улсын дугаартайгаар иргэн Б.Ч-ын нэр дээр бүртгэгдэж[11] улмаар “Гялс төгрөг” ХЗХ-ны нэр дээр шилжсэн[12], 13-83 УВА улсын дугаартай XCMG маркийн авто кран Б.Г-ийн нэр дээр бүртгэгдсэн[13] зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшлийн 05-50 УВА улсын дугаартай Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг[14] дуудлага худалдаагаар 6.600.000.00 төгрөгөөр худалдаж авсан Б.Ч-ыг, XCMG маркийн авто краныг[15] 6.400.000.00 төгрөгөөр худалдаж авсан Б.Г-нарыг тус тус шүүгдэгч Р.Н-ын холбогдсон албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт хамтран оролцсон, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн эсэхийг шалгаж, Р.Н-, Б.Ч-, Б.Г-нарын санаа, зорилгын нэгдэл, оролцоог тус бүр нарийвчлан тогтоосны дараа тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхээр байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Р.Н-д холбогдох тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад  тэрээр “Эдгээр 4 хүнээс Б.Ч-нь манай төрийн өмчит хувьцаат компанийн жолооч ажилтай бөгөөд миний унадаг 15-45 УНУ улсын дугаартай Lexus LX-570 маркийн автомашиныг намайг уг байгууллагын гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш жолоодож байгаа” гэж[16], гэрч Б.Ч-“2016 оны 10 дугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлын жолоочоор ажилд орж одоог хүртэл ажиллаж байгаа, ... Б.А-гэдэг хүнийг би мэдэхгүй, Зүүнговиос ирж оролцсон гэсэн.” гэж[17], тэрээр сэжигтнээр “Б.Анхбаярыг манай дүү Б.А-ийн эхнэр Н-гийн эгч С- гэр бүл болсон гэдгийг мэднэ. Б.А-нь манай дүүгийн гэрээр ирдэг байсан” гэж[18], гэрч Б.А-“...миний араас надтай хамт дуудлага худалдаанд орох Ч- гэж хүн орж ирсэн... уг нь бол тус тээврийн хэрэгслийг авах зорилготой орсон юм. Тэгсэн миний өмнө бүртгүүлсэн Ч- нь манай найз А- буюу А-ийн ах нь, гэрээр нь байнга ирдэг, А-ийн гэрт хэдэн удаа таарч байсан зүс таньдаг ах тул үнээ нэмээгүй больчихсон юм” гэж[19], гэрч Б.Г-нь “Яг одоогоор /XCMG маркийн авто кран/ ажиллахгүй байгааЖ-ахын хашаанд байгаа” гэж[20], мөн “Би MBC телевизээр Баруун бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани Ланд круизер-200, авто кран зарна гэх зарыг хараагүйЖ-гэдэг хүнээс сонсоод уг дуудлага худалдаанд орсон юм” гэж[21], гэрч Г.Ж-“13-83 УВА улсын дугаартай авто краныг 10 жил барьсан. Уг краныг дуудлага худалдаанд оруулна гэхээр нь жолоодож байсан хүний хувьд давуу эрх үзүүлж магадгүй гэж бодоод дуудлага худалдаанд орсон. ... Тиймээ би Б.Г-ийг уг краныг авснаас хойш хөлсөөр ажил гүйцэтгэж байгаа. Яг хэдэн төгрөгийн хөлсний ажил хийснийг мэдэхгүй байна. ... Ажил гүйцэтгэсэн хөлс мөнгөө би авдаг. Г- одоогоор хөлс мөнгө авахгүй. Байхгүй сэлбэг хэрэгсэл авч тавьсан мөнгөө Г- авна. Г- сэлбэг авч тавьсан, тэр мөнгөө одоогоор авч байгаа.” гэж тус тус мэдүүлэг өгч байжээ.

 

2. Хэрэгт авагдсан баримт бичгүүдээс дүгнэвэл, дуудлага худалдааны ялагчтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнүүдийн үндсэн дээр Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгсэл Б.Ч-ын өмчлөлд, XCMG маркийн авто кран Б.Г-ийн өмчлөлд тус тус шилжиж, тэдгээрийн нэр дээр бүргэгдсэн нь тогтоогдсон бөгөөд мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дээрх хөдлөх эд хөрөнгүүдийн шилжих хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай саналыг прокурор 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зөвшөөрч[22], Увс аймгийн прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[23] 86-68 УНХ улсын дугаартай Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж хадгалах, хамгаалах үүргийг Б.Ч-т, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор 13-83 УВА улсын дугаартай XCMG маркийн авто краныг битүүмжилж хадгалах, хамгаалах үүргийг Б.Г-эд тус тус хариуцуулжээ.

 

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор “яллагдагч, шүүгдэгч”-ийн эд хөрөнгийг битүүмжлэхээр хуульчилсан байхад дээрх хөрөнгүүдийн өмчлөгч Б.Ч-, Б.Г-нар нь хэргийн оролцогчоор тогтоогдоогүй тохиолдолд эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын дээрх үйл ажиллагааг хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзэхгүй.

 

Б.Ч-нь хоёр удаагийн шилжүүлгээр 6.600.000 төгрөгийг, Б.Г-нь 6.400.000 төгрөгийг тус тус “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн дансанд шилжүүлж, тус компанийн гүйцэтгэх захирА- байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр дээрх эд хөрөнгүүдийг тус бүр өөрсдийн өмчлөлд шилжүүлж авсан байх ба Б.Ч-аас 1 удаа гэрчээр[24], 2 удаа сэжигтнээр[25] мэдүүлэг авахдаа, Б.Г-ээс 2 удаа гэрчийн[26] мэдүүлэг авах, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэхдээ тэдгээрийн “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн дансанд  шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг болон өмчлөлд нь шилжсэн тээврийн хэрэгсэл, авто краныг хэрхэх талаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөлүүдийг болон Б.Ч-, Б.Г-нар өөрсдөд нь ямар хохирол учирсан гэж үзэж байгаа эсэх, түүнийг нэхэмжлэх, эсхүл хэрхэн барагдуулах талаар асууж тодруулаагүй байна.

 

3. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Р.Н-аас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д хууль бусаар нийлүүлсэн гэх Hyundai 5tontruck-0 маркийн авто краныг “үйл ажиллагаанд хэвийн ашиглаж байгаа” гэсэн үндэслэлээр худалдаж авсан үнэ 47.950.000.00 төгрөгөөс тухайн краны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээ[27] 43.000.000.00 төгрөгийг хасаж, шүүгдэгчийн учруулсан бодит хохирлыг 4.950.000.00 төгрөгөөр тогтоон, уг краныг “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д үлдээсэн; Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгсэл, XCMG маркийн авто краны шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг үндэслэж[28] бодит хохирлыг 81.700.000.00 төгрөг, нийт хохирлын хэмжээг 86.650.000.00 төгрөг (81.700.000.00+4.950.000.00) гэж дүгнэн, Р.Н-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож 43.000.000.00 төгрөг /“Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д нийлүүлсэн краны үнэ/-ийг түүний ногдох хөрөнгө орлогоос гаргуулсан; Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгсэл, XCMG маркийн авто краныг тус тус улсын орлого болгон, тэрээр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө бодит хохирол гэх 86.650.000.00 төгрөгийг зохих дансанд төлсөн учир энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй талаар дурдаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулжээ.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (1) гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл (2) бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэж хуульчилсан. Үүнээс дүгнэвэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгсэл, XCMG маркийн авто кран нь Б.Ч-болон Б.Г-нарын өмчлөлд шилжсэн учраас шүүгдэгч Р.Н-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, эсхүл түүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Р.Н-ын өөрт нь ногдох хөрөнгө, орлого гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх дээрх хөрөнгүүдийг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэхдээ өмчлөгч Б.Ч-, Б.Г-нарын ашиг сонирхол, байр суурийг энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй учир харгалзаж үзэх боломжгүй байхад Эрүүгий хуулийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу болжээ. Түүнчлэн шүүх Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгсэл, XCMG маркийн авто краны хувьд төрийн өмчид 81.700.000.00 төгрөгийн бодит хохирол учирсан гэж дүгнэхдээ Б.Ч-ын дуудлага худалдаанд оролцож төлсөн 6.600.000 төгрөгийг, Б.Г-ийн төлсөн 6.400.000 төгрөгийг тооцоогүй ба энэ талаар гаргасан Р.Н-ын өмгөөлөгч Б.Батжаргалын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.  

 

Шүүх шүүгдэгч Р.Н-ын “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д хууль бусаар нийлүүлсэн гэх Hyundai 5tontruck-0 маркийн авто краны талаар болон уг үйлдэл холбогдлын улмаас учирсан бодит хохирлын талаар дүгнэхдээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заагаагүй “үйл ажиллагаанд хэвийн ашиглаж байгаа” гэсэн үндэслэлээр,  худалдан борлуулсан үнээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хасаж, зөрүүг нь хохиролд тооцон, бодит хохирлын хэмжээг буруу тогтоосноос гадна тухайн эд хөрөнгийн хувьд мөн зүйлийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй буюу “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”, “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол” зэрэг ойлголтуудыг тухайн тохиолдол бүрд нарийвчлан ялгаж тайлбарлан, тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоохоор хуульчилсан бөгөөд “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас зарлаж 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулсан тендер шалгаруулалтын зардал болон “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компаниас 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан хоёр удаагийн дуудлагын худалдааны зардлыг нарийвчлан тогтоож, зохих этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай байна. Тухайлбал, хэрэгт “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компаниас 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан хоёр удаагийн дуудлагын худалдааны зарлалын үйлчилгээний хөлсөнд MBC телевизийн дансанд 60.800.00 төгрөг шилжүүлсэн тухай баримт[29] авагджээ.

 

5. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Дуудлагын худалдааг бүх сонирхогчдыг чөлөөтэй оролцуулан явуулахыг нээлттэй, тодорхой этгээдийн хүрээнд явуулахыг хаалттай гэнэ.” гэж, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дуудлагын худалдаа явуулах зар мэдээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ.” гэж хуульчилсан бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128 дугаар тогтоол болон түүний 1 дүгээр хавсралтаар үүнтэй холбоотой зарим асуудлыг нарийвчлан зохицуулсныг тус газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 277 дугаар тогтоолтой[30] харьцуулан дүгнэвэл, “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Р.Н-д тус тогтоолын хавсралтад заасан төрийн өмчийн эд хөрөнгүүдийг дуудлагын худалдаагаар худалдах ажлыг холбогдох хууль тогтоомж, захиргааны актын дагуу зохион байгуулахыг даалгасан ба тэрээр дуудлагын худалдаа явуулах зар мэдээг мэдээлэхээр 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 314 дүгээр албан бичгийг орон нутгийн MBC телевиз-д хүргүүлсэн гэх, зар мэдээлсний хөлс 60.800.00 төгрөгийг зохих дансанд шилжүүлсэн талаарх баримт[31] хэрэгт авагджээ.

 

Гэтэл тухайн зар мэдээ Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг MBC телевизээр зохих хугацаанд нэвтрээгүй буюу олон нийтэд хүрээгүй талаар баримтат мэдээллүүд прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 5/300 дугаар, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 5/312 дугаар зөвшөөрлийн дагуу хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон “Авлигатай тэмцэх газар, Мөрдөн шалгах хэлтэс” гэсэн бичвэртэй 2 ширхэг DVD, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Эд мөрийн баримтаар хураан авсан MBC телевизийн зарын дуу хоолойн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 4 дүгээр сарын 05-ны өдрийн Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Эд мөрийн баримтаар түр хураан авсан MBC телевизийн Танд тустай зарын цаг, MBC News мэдээллийн хөтөлбөрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[32], 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл[33], 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тус телевизээр нэвтрүүлсэн зарын бичвэр,  гэрч П.О-[34], Г.Г-[35] болон MBC телевизийн бусад ажилчдын гэрчээр өгсөн мэдүүлгүүдэд дурдагджээ.

 

Дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан үзвэл, прокурорын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/186 дугаар тогтоолоор[36] мөрдөгчид зөвшөөрөл олгож, хэрэгт цуглуулсан “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулсан хэргийн 1 дүгээр хавтасны 234 дүгээр хуудаснаас 2 дугаар хавтасны 79 дүгээр хуудас хүртэлх баримтууд дотор авагдсан MBC телевизийн эфирээр, “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгсэл, XCMG маркийн авто краныг дуудлагын худалдаагаар худалдан борлуулах талаарх мэдээг нэвтрүүлсэн талаарх гэрэл зургийг[37] хэрхэн бүрдүүлсэн, бодитой эсэхийг тухайн дуудлагын худалдааг зохион байгуулсан ажлын хэсгээс тодруулж, шалгаж тогтоох шаардлагатай байна.

 

6. Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Б.Батжаргалын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталж Р.Н-ыг цагаатгах” тухай, шүүгдэгч Ш.А-болон түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарын хамтран гаргасан “шийтгэх тогтоолын Ш.А-ыг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнийг цагаатгах” тухай, мөн түүний өмгөөлөгч Ц.Цэрэннямын “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож Ш.А-ыг цагаатгах” тухай, шүүгдэгч Р.А- болон түүний өмгөөлөгч С.Тилеуберди нарын хамтран гаргасан “шийтгэх тогтоолын Р.А-г гэм буруутайд тооцон ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр түүнийг цагаатгах тухай” гомдолд тус тус урьдчилан дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлын үндэслэлээ тайлбарлахдаа ““Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгсэл, XCMG маркийн авто краныг шинжээч нь бодит байдлаар нь үнэлээгүй, очиж үзлэг хийгээгүй” гэх боловч хэргийн 3 дугаар хавтасны 88 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтийн хавсралтад “Уг хөрөнгүүдэд 2018 оны 12-р сарын 13-ны өдөр биет үзлэг хийсэн. Бид 2018 оны 7 дугаар сарын байдлаар үнэлгээ тогтоох даалгавартай учир өнөөгийн байдалд үндэслэж 2018 оны 7 сарын байдлаарх ашиглалтын байдалд, эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.” гэж тэмдэглэснийг, түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээч Ч.М-ийн шинжээчийн дүгнэлттэй[38] танилцсан хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Д-гийн “Ч.М-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь төрийн өмчит компанийн дуудлага худалдаагаар худалдсан гэх кранаас он хөгшин, хүчин чадал буюу даацын хувьд бага кран илүү өндөр үнэлсэн байна. Иймд дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна.” гэх хүсэлтийг[39] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4, 27.8 дугаар зүйлд зааснаар шийдвэрлээгүй орхигдуулсныг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Хуульд зааснаар шүүгдэгч Р.Н-, Ш.А-, Р.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Увс аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-, Ш.А-, Р.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ 

                                                                                                           

Н.ТУЯА

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 242 дугаар тал.

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 245 дугаар тал.

[3] Хэргийн 2 дугаар хавтасны 63 дугаар тал.

[4] Хэргийн 2 дугаар хавтасны 53 дугаар тал.

[5] Хэргийн 2 дугаар хавтасны 55 дугаар тал.

[6] Хэргийн 2 дугаар хавтасны 76 дугаар тал.

[7] Хэргийн 2 дугаар хавтасны 69 дүгээр тал.

[8] Хэргийн 2 дугаар хавтасны 67 дугаар тал.

[9] Хэргийн 2 дугаар хавтасны 158, 135, 3 дугаар хавтасны 141, 4 дүгээр хавтасны 62, 2 дугаар хавтасны 144 дүгээр тал.

[10] Хэргийн 4 дүгээр хавтасны 63, 79 дүгээр тал.

[11] Хэргийн 3 дугаар хавтасны 151, 4 дүгээр хавтасны 236, 3 дугаар хавтасны 137-154 дүгээр тал. Увс аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 318 дугаар лавлагаа.

[12] Б.Ч-ын өмчлөлийн 86-68 УНХ улсын дугаартай, Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгсэл одоо “Гялс төгрөг” ХЗХ-ны нэр дээр бүртгэлтэй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн фидуцийн гэрээгээр Б.Ч-ын тус хоршооноос авсан мөн өдрийн зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хоршооны өмчлөлд шилжүүлсэн.

[13] Хэргийн 3 дугаар хавтасны 134 дүгээр тал. Увс аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 314 дүгээр лавлагаа.

[14] Хэргийн 1 дүгээр хавтасны 242 дугаар тал.

[15] Хэргийн 1 дүгээр хавтасны 245 дугаар тал.

[16] Хэргийн 1 дүгээр хавтасны 7 дугаар хуудасны арын нүүр.

[17] Хэргийн 1 дүгээр хавтасны 25-26 дугаар тал.

[18] Хэргийн 3 дугаар хавтасны 69 дүгээр тал.

[19] Хэргийн 1 дүгээр хавтасны 31 дүгээр тал.

[20] Хэргийн 1 дүгээр хавтасны 36 дугаар тал.

[21] Хэргийн 3 дугаар хавтасны 24 дүгээр талын арын нүүр.

[22] Хэргийн 1 дүгээр хавтасны 229-230 дүгээр тал.

[23] Хэргийн 4 дүгээр хавтасны 233 дугаар тал.

[24] Хэргийн 1 дүгээр хавтасны 24 дүгээр тал.

[25] Хэргийн 3 дугаар хавтасны 68-69 дүгээр тал.

[26] Хэргийн 1 дүгээр хавтасны 34, 3 дугаар хавтасны 24 дүгээр тал.

[27] Хэргийн 3 дугаар хавтасны 91 дүгээр тал.

[28] Хэргийн 3 дугаар хавтасны 81 дүгээр тал.

[29] Хэргийн 4 дүгээр хавтасны 66 дугаар тал.

[30] Хэргийн 4 дүгээр хавтасны 76 дугаар тал.

[31] Хэргийн 4 дүгээр хавтасны 65-66, 2 дугаар хавтасны 128 дугаар тал.

[32] Хэргийн 3 дугаар хавтасны 197-222 дугаар тал.

[33] Хэргийн 1 дүгээр хавтасны 84 дүгээр тал.

[34] Хэргийн 3 дугаар хавтасны 39-40 дүгээр тал.

[35] Хэргийн 1 дүгээр хавтасны 79-80 дугаар тал.

[36] Хэргийн Хэргийн 1 дүгээр хавтасны 233 дугаар тал.

[37] Хэргийн 2 дугаар хавтасны 52, 127 дугаар тал.

[38] Хэргийн 3 дугаар хавтасны 91 дүгээр тал.

[39] Хэргийн 3 дугаар хавтасны 11 дүгээр тал.