Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/129 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Хохирогч Б.Ө-,

Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.а овогт Б-н С-т холбогдох эрүүгийн 2113001280141 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 47 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Ш.а овогт Б-н С-, РД:БЮ..........., 1994 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг, Хөх хад 33 гудамж, 04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С- нь тус аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тавалтайн хавцал" гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед хохирогч Б.Ө-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Б.С- мэдүүлэхдээ: “2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б.Ө- бид хоёрын хооронд маргаан болсон нь үнэн. Би гаргасан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би одоохондоо хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа. Гэхдээ гарсан бодит хохирлыг төлж барагдуулна.” гэв.

Хохирогч Б.Ө- мэдүүлэхдээ: “Бид нар хадлангаа дуусгаад намаржаандаа нүүж ирсэн байсан. Тэгээд Тавалтайн хавцал гэх газраас жижигхэн газар өвсөө хадахгүй үлдсэн байсан. Үүнийг хадаж авах гээд аймгаас Ө-, Х- гэдэг хүмүүсийг дуудсан. Өмнө нь Ө-, Х- гэдэг хүмүүс надаас өвс гуйхаар нь би 469 машины чиргүүлээр нэг чиргүүл өвс өгсөн. Тэгээд бид Тавалтайн хавцал гэх газарт явах гээд багаж зэвсгийг гэртээ орж авч байхад, Б.С- миний араас орж ирээд, Ө-д яагаад өвс өгсөн бэ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би миний хадлан, миний хадлангаас гарсан өвсийг хэнд өгөх нь чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд Б.С- шууд над руу дайрч намайг зодсон. Би одоо Б.С-ээс 411600 төгрөг нэхэмжилж байгаа. Өөр гомдол санал байхгүй.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2113001280141 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/хх-ийн 34, 38/,

2. Гэрч К.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 40/,

3. Гэрч Ш.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43/,

4. Гэрч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45/,

5. Гэрч Е.Н-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 47/,

6. Гэрч А.Ө-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 50/,

7. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/хх-ийн 52/,

8. Гэрч Д.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 54/,

9. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Е-ын 2021 оны 09 сарын 07-ний өдрийн 387 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60/,

10. Мөрдөгчөөс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14/,

11. Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 15-21/ зэрэг нотлох баримтуудыг

Шүүгдэгч Б.С-ийн хувийн байдлын талаар:

1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн сангийн “Иргэн Б- овогт С- /БЮ.........../-н өмчлөлд урд нь болон өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна” гэх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 79/,

2. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон “РД:БЮ..........., овог:Ш.а, эцэг /эх/-ийн нэр:Б-, нэр:С-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1994/01/17, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 9-р баг, Хөх хад 33 гудамж, 04 тоот, хүчинтэй хугацаа:2039/01/17, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 181/,

3. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн “Нөхрийн иргэний харьяалал:Монгол, регистрийн дугаар:БЮ..........., бүртгэлийн дугаар:830194311091, овог:Ш.а, эцэг /эх/-ийн нэр:Б-, нэр:С-,  Бүртгэсэн газар: Баян-Өлгий, Өлгий, бүртгэлийн дугаар:0290, “Эхнэрийн иргэний харьяалал:Монгол, регистрийн дугаар:БЮ......... бүртгэлийн дугаар:830149972032, овог:Т.с.ж, эцэг /эх/-ийн нэр:Ө, нэр:Б” гэх гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 80/,   

4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 466 дугаартай “БЮ........... регистрийн дугаартай, Б-н С- нь Өлгий сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар захирамжаар Өлгий сумын 9 дүгээр багаас 700 мкв газар эзэмшдэг” гэх  албан тоот /хх-ийн 83/,

5. Шүүгдэгч Б.С-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95-рх/,

6. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн Засаг даргын “Тус багийн иргэн Б-н С-  нь БЮ........... регистрийн дугаартай, ам бүл 5, 400 тоотод оршин суудаг” гэх тодорхойлолт /хх-инй 93/

7. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн  2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн  167 дугаартай “Б-н С-ийн БЮ........... нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл  байхгүй байна” гэх албан тоот /хх-ийн 90/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.С-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Б.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Б.С- нь тус аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тавалтайн хавцал" гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед хохирогч Б.Ө-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед өвс хадаж дуусаад хадсан өвсөө хурааж байхад миний төрсөн дүү болох Б.С- нь надад хандаж “Та нар хүнд өвс өгсөн байна, бид нарын бүх өвсийг та нар авсан байна” гэж хэлээд баруун хөлөөр миний нурууны тус газар нэг удаа өшиглөөд, гарт барьж байсан модоор миний нүүрэн тус газар нэг удаа цохиход миний нэг шүд унасан. Дараа нь миний толгой болон нүүрэн тус газар гараар 3-4 удаа цохисон юм. Тэр үед тэнд байсан хүмүүс салгаж авсан...”, “...Миний төрсөн дүү болох Б.С- нь миний нурууны тус газар баруун хөлөөр нэг удаа өшиглөсөн, мөн гарт барьж байсан модоор миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Дараа нь миний толгой болон нүүрэн тус газар гараар 3-4 удаа цохисон юм. Яг аль гараар цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34, 38/,

- Гэрч К.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний зээ ах болох Б.Ө- миний нөхөр болох Ө- бид хоёрыг хадсан өвсөө хураахад туслаач гэж дуудахаар нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн өглөөний 10 цагийн үед нөхөр болох Ө-ы хамт Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тавалтайн хавцал” гэх газарт зээ ах болох Б.Ө-ы гэрт очсон юм. Тус өдрийн буюу 2021 оны 09 дүгээр сарын 04-ний 14 цагийн үед бид нар өвс хурааж байхад иргэн Б.С- нь иргэн Б.Ө-д хандаж “Чи хүнд өвс өгсөн байна, яагаад хүнд өгсөн бэ?” гэж хэлээд Б.Ө-ы нурууны тус газар баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, мөн гарт барьж байсан модоор нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгээд толгой болон нүүрэн тус газар гараар 3-4 удаа цохисон юм. Тэр үед бид нар салгаж авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

- Гэрч Ш.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би нөхөр Б.Ө-, хүүхдийн хамт амьдардаг. Бид нар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тавалтайн хавцал” газарт намаржсан юм. Тэр газарт бид нарын хадлангийн газар байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн өглөөний 10 цагийн үед аймгийн төвөөс Ө-, Х- нар манай гэрт ирсэн юм. Тэд нар миний нөхөр болох Б.Ө-ы хамт хадсан өвсөө хурааж байсан. Би 2021 оны 09 дүгээр сарын 04- ний өдрийн 14 цагийн үед гүүгээ саагаад гэртээ ирэхэд миний нөхөр болох Б.Ө-ы духны тус газраас болон амнаас нь цус гарсан байсан. Мөн дээд талын үүдний нэг шүд нь унасан байсан. Тэнд байсан хүмүүс “...миний нөхөр болох Б.Ө-ыг төрсөн дүү нь болох Б.С- зодсон...” гэж хэлсэн. Тэрнээс биш би яаг хэн хэний биеийн аль хэсэгт хичнээн удаа юугаар цохиж зодсоныг хараагүй. Мөн юунаас болж хоорондоо маргалдсаныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

- Гэрч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тавалтайн хавцал” гэх газарт өөрсдийн хадлангийн газраас хадсан өвсөө хураагаад гэртээ ирэхэд Х.Ө-ы баруун талын нүдний хажуу талын хэсэг нь шалбарч цус гарсан байдалтай байсан. Миний төрсөн дүү болох Б.С-, Б.Ө- нар хоорондоо маргалдсан, зодолдсон гэж сонссон. Хэн хэний биеийн аль хэсэгт хичнээн удаа юугаар цохиж зодсоныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

- Гэрч Е.Н-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тавалтайн хавцал” гэх газарт өвс хурааж байхад хүмүүс хоорондоо маргалдаж, зодолдож байх шиг байсан, би яваад очиход иргэн Б.С- нь иргэн Б.Ө-ы ар талаас хоёр гараар барьж, тэвэрч авсан байдалтай байсан, би очоод тэр хоёрыг салгаж, иргэн С-ийг дагуулаад явсан. Би өвс хураагаад явж байсан болохоор тэр хоёр юунаас болж хоорондоо маргалдаж, хэн хэний биеийн аль хэсэгт юугаар цохиж зодсоныг хараагүй. Иргэн Б.Ө- нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн үед аймгийн төв руу яваад 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн үүрийн 05 цагийн үед гэртээ ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

- Гэрч А.Ө-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Иргэн Б.Ө- миний эхнэр болох К.Х- бид хоёрыг хадсан өвсөө хураахад туслаач гэж дуудахаар нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн өглөөний 10 цагийн үед Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тавалтайн хавцал” гэх газарт байрлах иргэн Б.Ө-ы гэрт очсон. Тус өдрийн буюу 2021 оны 09 дүгээр сарын 04-ний 14 цагийн үед бид нар өвс хурааж байхад Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тавалтайн хавцал” гэх газарт байрлах иргэн Б.Б- гэрт хүмүүс хоорондоо маргалдаж, зодолдож байх шиг байсан. Би иргэн Б.Б-ын гэр руу яваад очиход, С-, Ө- нар нэг нэг руу дайрч, зодолдож байсан ба тэнд байсан хүмүүс салгаж авсан. Тухайн үед иргэн Ө-ы духны тус газраас цус гарсан байдалтай байсан. Харин С-ийн биед ил харагдах шарх, сорви байхгүй байсан...”, “...Би хэн хэний биеийн аль хэсэгт хэчнээн удаа юугаар цохиж зодсоныг хараагүй. Би иргэн Б.Б-ын гэрт оронгуут, тэнд байсан хүмүүс С-, Ө- нарыг салгасан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 50/,

- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тавалтайн хавцал” гэх газарт өвсөө хураагаад, гэртээ ирээд цай ууж байхад, миний төрсөн дүү болох С- нь Ө-д хандаж “...Та хүнд яагаад өвс өгсөн бэ?, хүнд яагаад өвс худалдсан бэ?...” гэж хэлээд, тэр хоёр хоорондоо маргалдаад нэг нэг руу дайрахад тэнд байсан хүмүүс салгаж авсан. Би яаг хэн хэний биеийн аль хэсэгт хэчнээн удаа юугаар цохиж, зодсоныг хараагүй. Нэг мэдэхэд Ө-ы духны тус газраас цус гарсан байсан. С-ийн биед ил харагдах шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

- Гэрч Д.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тавалтайн хавцал” гэх газарт гэртээ үүдний өрөөнд байж байхад, С- нь Ө- нар зочны өрөөнд маргалдаж, зодолдож байх шиг байсан ба би зочны өрөөнд яваад очиход, тэнд байсан хүмүүс С-, Ө- нарыг салгасан байсан. Зочины өрөөнд С-, Ө-, Х- нар байсан, тэр хоёр хоорондоо маргалдаж эхлэхэд Ө-, Н-, Б- нар ирж, салгасан. Би яаг хэн хэний биеийн аль хэсэгт хэчнээн удаа юугаар цохиж зодсоныг хараагүй. Иргэн Ө-ы дух болон нүүрний тус газраас цус гарсан байсан. Харин С-ийн биед ил харагдах шарх сорви үүсээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Е-ын 2021 оны 09 сарын 07-ний өдрийн 387 дугаартай “...Б.Ө-ы биед баруун хацар, хамрын нуруу хамарсан хавдаж, бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралт, хамрын нурууны дээд хэсэгт улаан хүрэн өнгийн шархтай, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгээр олон тооны жижиг тавь тогтсон зулгаралт, хүзүүний ар хэсэгт хөндлөн тав тогтсон зулгаралт, дээд уруулын дотор гадаргууд нь цус хуралт, дээд үүдэн зүүн 1 шүд нь шинэ унасан, баруун 1 шүд хөдөлгөөнтэй гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сархиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 59-60/,

- Мөрдөгчөөс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14/,

- Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 15-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Б.С-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 Шүүгдэгч Б.С- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.С-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.Ө-ы биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.С-ийн үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

             Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

            Шүүгдэгч Б.С-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ө-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 411600 төгрөгийн хохирол учирсан байна.  

            Шүүгдэгч Б.С-ээс хохирол, хор уршиг болох 411600 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.С-ээс гаргуулан хохирогч Б.Ө-д олгох нь зүйтэй.

            Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон прокурор нь эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 нэгж бүхий 500000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан, хохирогчоос “ямар нэгэн саналгүй”, шүүгдэгчээс “торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг гаргасан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд Б.С- нь урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасан тул шүүгдэгч Б.С-т хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

 

Долоо. Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй,  түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг модон шанаганы бэлдэцийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, торгуулийн ял болон хохиролд гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-т шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ш.а овогт Б-н С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг модон шанаганы бэлдэцийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ээс 411600 /дөрвөн зуун арван нэгэн мянган зургаан зуу/ төгрөг гаргуулан хохирогч Б.Ө-д олгосугай.   

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, торгуулийн ял болон хохиролд гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-т шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК