Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2017/00006

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2017/00006

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:Н.Б

            Хариуцагч: Э ХХК-

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2014 онд Э ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас санал болгосны дагуу ЭҮ ийн ерөнхий захирлын тушаалаар томилогдон. 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж ирлээ. Гэтэл саяхан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн манай компаний үйлдвэрлэл, ажил төрөлтэй танилцаж, хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байснаа 23 000 000 төгрөгийн алдагдалтай ажилласан байна гэдэг үндэслэлээр /хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрт өөр үндэслэл бичсэн байгаа/ ажлаас үнэн худал нь мэдэгдэхгүй шинэ ТУЗ-ийн шийдвэр гэгчийг гаргаж, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хавсаргав/ гэсэн бичгээр үүрэгт ажлаас минь халж, миний ажлыг Д.Э гэдэг хүнд хүчээр хүлээлгэн өгсөн болно. Урьдчилан надад анхааруулаагүй, ажил төрөл шалгаж, ажлаас халах үндэслэл гаргаагүй, үйлдвэрлэл, үйл ажиллагаа, ажлын үзүүлэлтийн талаар тайлбар өгсөөр байтал, 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн саналыг минь хүлээж авалгүй, хөдөлмөрийн хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээ аваагүй  байж гэнэт ажлаас халсанд гомдолтой байгаа тул хуучин ажилдаа эргэн орох, ээлжийн амралт олгосон хугацаанаас хойшхи 2 сарын цалин хөлс болох 3 000 000 төгрөг олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа хувь хүн Д д бус хуулийн этгээдэд холбогдуулан гаргаж байна гэв.

 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Б ын нэхэмжлэлтэй Э ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3 000 000 төгрөг гаргуулахыг хүсэж хариуцагчаар ЭҮ ХХК-г холбогдуулсан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

      Н.Б ын нэхэмжлэлд ЭҮ ХХК нь хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна. Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийн тухай тайлбар: Нэхэмжлэгч Н.Б нь ажил үүрэгтээ хяналт тавиагүй, хариуцлагагүй хандсаны улмаас зөрчлүүд гарсан байна. Үүнд: Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасны дагуу үнэн зөв байх зарчмыг зөрчиж, 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг буруу гаргасан байна. Энэ нь тус хуулийн 8 дугаар зүйлийн Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна, 18 дугаар зүйлийн 18.1 Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ гэсэн заалтуудыг зөрчиж Н.Б нь ажилдаа хариуцлагагүй хандаж ноцтой зөрчил гаргасан байна. Ажилтан, албан хаагчиддаа хяналт тавиагүйгээс зарим зөрчлүүд илэрсэн.Үүнд: Э ХХК-ийн дүрмийн 10.3.13 дахь заалтад “Гүйцэтгэх захирал нь ТУЗ-ийн өгсөн чиглэлийн дагуу гэрээ хэлэлцээр байгуулна” гэсэн заалтыг зөрчиж 2016 онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулсан зарим гэрээнүүдэд орлогч захирал, эдийн засагч болон ахлах нягтлан бодогч нар Э ХХК-г төлөөлж гарын үсэг зурсан байгаа нь ажилдаа хайнга хандсан болохыг нотолж байна. Ахлах нягтлан бодогч Г.Б нь эхнэр болох Б.М захиралтай “ТШ ” ХХК-тай бараа материал худалдах, худалдан авах тухай 29 450 000 төгрөгийн үнэ бүхий гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг, 3.1.3 "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг, 3.1.5 "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.3 Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна. Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ, 8 дугаар зүйлийн 8.2 Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй, 8.6 Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ, 11 дүгээр зүйлийн 11.1 Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 12 дугаар зүйлийн 12.1 Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно заалтуудыг тус тус зөрчсөн байна. Э ХХК-ийн нэрийн барааны дэлгүүр ажиллуулах зорилгоор Г ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж ажилласан боловч гэрээний хуулийн хугацаа сунгагдаагүй байхад түрээсийн төлбөрийг сар бүр 180 000 төгрөгөөр тооцон шилжүүлж байсан нь хүчин төгөлдөр бус баримтаар нягтлан бодох бүртгэлд тусгаж төлбөр тооцоог шилжүүлсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан байхад Н.Б нь ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж тавих хяналтыг сулруулснаас дээрхи ноцтой зөрчлүүд гарсан байна. Иймд Н.Б ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

          

            Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч ЭҮ ХХК захирал Ц.Д , Э ХХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад холбогдуулан Э ХХК-н гүйцэтгэх захиралын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ЭҮ ХХК-н охин компани болох Э ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан Э ХХК-н гүйцэтгэх захиралын ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртлэх цалин хөлс 3 000 000 төгрөг /2сар х1 500 000 төгрөг/ гаргуулна гэж тайлбарлаж байна. 

               Хариуцагч ЭҮ ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Б нь ажил үүрэгтээ хяналт тавиагүй, хариуцлагагүй хандсан гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

               Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

               Нэхэмжлэгч Н.Б ын гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шүүхийн харьяалалыг зөрчөөгүй байна.

               Нэхэмжлэгч Н.Б нь  ЭҮ ХХК-н   Ерөнхий захиралын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/17 тушаалаар ЭҮ ХХК-н охин компани Э ХХК-н гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэгчээр, мөн захиралын  2014 оны 02 дугаар сарын 07ы өдрийн Б/72 тушаалаар дээрхи албан тушаалд нь жинхлүүлэн ажиллуулахаар томилж, улмаар 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 09 дүгээр сарын 19ий өдрийг хүртэл ажилласан байна.

               Э ХХК-н хувьцаа эзэмшигчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай хурлын шийдвэрээр Н.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.6, 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.11,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Э ХХК-н дүрмийн 10.3, Э ХХК-н 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын 02 дугаар болон 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Э ХХК-н 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг буруу гаргаж, хяналт тавиагүй, компаний ашигт ажиллагааны түвшин буурсан тул гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хөдөлмөрийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

               Ажилтан сахилгын зөрчил гаргах нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болно. Гэхдээ ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байхыг  хуулийн энэхүү зохицуулалт нь шаарддаг байна.

               Давтан зөрчил гаргасан гэдэг нь ажилтан хоёр ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүрт сахилгын шийтгэл заавал ногдуулсан байх шаардлагагүй юм. Ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах, түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхөөр сөрөг үр дагаварыг буй болгосон, эсхүл бий болгож болохоор байсан бөгөөд ажилтаны хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байсан гэсэн үг юм. Ямар үйлдлийг ноцтой үйлдэлд тооцохоор гэрээний талууд хөдөлмөрийн гэрээндээ урьдчилан тохирч нэрлэн заасан байх учиртай.

               Ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах журмыг баримталсан байна.

               Шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Э ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай хурлын тогтоолоор 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг хангалтгүй гэж дүгнэсэн нь зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хангалтгүй үнэлгээ авсан нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл биш, хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тохироогүй байна.

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаарзүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг хариуцагчаас ирүүлсэн байх тул шүүхэд гаргаж өгсөн хуулбар баримтуудыг шүүх үнэлээгүй болно.

               Иймд нэхэмжлэгч Н.Б ыг ЭҮ ХХК-н охин компани Э ХХК-н гүйцэтгэх захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож, ээлжийн амралтаа эдэлсэн учир 2016 оны 10 дугаар сарын 26-наас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртлэх хоёр сарын цалин хөлс 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  Хэдийгээр нэхэмжлэгчийн сарын дундаж цалин 2 004 760 төгрөг, нэг өдрийн цалин хөлс 93 244.6  төгрөг, ажилгүй байсан 43 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговор 4 009 520 төгрөг болох боловч нэхэмжлэлийн шаардлагын дагуу 3 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

               2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10 цаг 30 минутад товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О хүлээн авсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хариуцагч байгууллагын төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.      

               Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ЭҮ ХХК-н охин компани Э ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлөөс 133 150 төгрөгийг /70 200+62 950/ гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                    ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Н.Б ыг ЭҮ ХХК-н охин компани Э ХХК-н гүйцэтгэх захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд  3 000 000 төгрөгийг хариуцагч ЭҮ ХХК-н охин компани Э ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулан олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч  Н.Б ын нийгмийн даатгалд шимтгэл, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ЭҮ ХХК-н охин компани Э ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлөөс 133 150 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.АРИУНЦЭЦЭГ