Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00045

 

 

                                    Н.Бэхбаатарын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.Бэхбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрд сүлж ХХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Бэхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Бэхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Эрдсүлж ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2014 онд Эрд сүлж ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас санал болгосны дагуу Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын тушаалаар томилогдон. 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж ирлээ. Гэтэл саяхан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн манай компаний үйлдвэрлэл, ажил төрөлтэй танилцаж, хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байснаа 23 000 000 төгрөгийн алдагдалтай ажилласан байна гэдэг үндэслэлээр ажлаас үнэн худал нь мэдэгдэхгүй шинэ ТУЗ-ийн шийдвэр гэгчийг гаргаж, хувьцаа эзэмшигчийн шийдвэ гэсэн бичгээр үүрэгт ажлаас минь халж, миний ажлыг Д.Энхбат гэдэг хүнд хүчээр хүлээлгэн өгсөн болно. Урьдчилан надад анхааруулаагүй, ажил төрөл шалгаж, ажлаас халах үндэслэл гаргаагүй, үйлдвэрлэл, үйл ажиллагаа, ажлын үзүүлэлтийн талаар тайлбар өгсөөр байтал, 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн саналыг минь хүлээж авалгүй, хөдөлмөрийн хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээ аваагүй байж гэнэт ажлаас халсанд гомдолтой байгаа тул хуучин ажилдаа эргэн орох, ээлжийн амралт олгосон хугацаанаас хойшхи 2 сарын цалин хөлс болох 3 000 000 төгрөг олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа хувь хүн Даваацэрэнд бус хуулийн этгээдэд холбогдуулан гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Эрдсүлж ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийн тухай тайлбар: Нэхэмжлэгч Н.Бэхбаатар нь ажил үүрэгтээ хяналт тавиагүй, хариуцлагагүй хандсаны улмаас зөрчлүүд гарсан байна. Үүнд: Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасны дагуу үнэн зөв байх зарчмыг зөрчиж, 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг буруу гаргасан байна. Энэ нь тус хуулийн 8 дугаар зүйлийн Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна, 18 дугаар зүйлийн 18.1 Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ гэсэн заалтуудыг зөрчиж Н.Бэхбаатар нь ажилдаа хариуцлагагүй хандаж ноцтой зөрчил гаргасан байна. Ажилтан, албан хаагчиддаа хяналт тавиагүйгээс зарим зөрчлүүд илэрсэн. Үүнд: Эрдсүлж ХХК-ийн дүрмийн 10.3.13 дахь заалтад “Гүйцэтгэх захирал нь ТУЗ-ийн өгсөн чиглэлийн дагуу гэрээ хэлэлцээр байгуулна” гэсэн заалтыг зөрчиж 2016 онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулсан зарим гэрээнүүдэд орлогч захирал, эдийн засагч болон ахлах нягтлан бодогч нар Эрдсүлж ХХК-г төлөөлж гарын үсэг зурсан байгаа нь ажилдаа хайнга хандсан болохыг нотолж байна. Эрдсүлж ХХК-ийн нэрийн барааны дэлгүүр ажиллуулах зорилгоор Ганзул ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж ажилласан боловч гэрээний хуулийн хугацаа сунгагдаагүй байхад түрээсийн төлбөрийг сар бүр 180 000 төгрөгөөр тооцон шилжүүлж байсан нь хүчин төгөлдөр бус баримтаар нягтлан бодох бүртгэлд тусгаж төлбөр тооцоог шилжүүлсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан байхад Н.Бэхбаатар нь ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж тавих хяналтыг сулруулснаас дээрхи ноцтой зөрчлүүд гарсан байна.

Иймд Н.Бэхбаатарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Н.Бэхбаатарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-н охин компани Эрдсүлж ХХК-н гүйцэтгэх захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 3 000 000 төгрөгийг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-н охин компани Эрдсүлж ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч  Н.Бэхбаатарын нийгмийн даатгалд шимтгэл, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-н охин компани Эрдсүлж ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлөөс 133 150 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр давж заалдсан гомдолдоо:

Нэг. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид "ИХШХШТХууль" гэх/ 116 дугаар зүйлийн 116.2-т: “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3-т: “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн заалтыг Шүүх дараах байдлаар зөрчсөн.

1.1 Шүүх хариуцагч Эрдсүлж ХХК болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эрх зүйн байдал, оршин байгаа газар, удирдлагыг \үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл зэргийг\ тодорхойлсон, томилсон нотлох баримтууд буюу Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулж хэрэгт авалгүйгээр, нотлох баримтын шаардлага хангаагүй бусад баримтуудыг үнэлж Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5, 28 дугаар зүйлийн 28.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.10, Компанийн тухай хуулийн 6.3, 9, 10 дугаар зүйл, 16 дугаар зүйл болон ИХШХШТХуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

1.2. Шүүх ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д: “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох баримтын чадвараа алдах бөгөөд шүүхийн шийлвэрийн үндэслэл болохгүй, 38 дугаар зүйлийн 38.9-д: “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримтыг шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй хэргийг нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзан гарах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасныг шүүгч дараах байдлаар зөрчсөн.

1.2.1.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: ”...хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтуудыг хариуцагчаас ирүүлсэн байх тул шүүхэд гаргаж өгсөн хуулбар баримтуудыг үнэлээгүй болно” гэсэн боловч хавтас хэрэгт цугларсан нийт 20 бичмэл нотлох баримтуудаас нэхэмжлэл \эх хувь\, Эрдсүлж ХХК болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хариу тайлбар \эх хувь\, нэхэмжлэгч Н.Бэхбаатарыг ажилд томилсон 2014 оны Б\17 дугаар тушаал \нотариатаар гэрчлүүлсэн хуулбар\, нэхэмжлэгч Н.Бэхбаатарыг ажилд жинхэлж томилсон 2014 оны БҮ72 тушаал \нотариатаар гэрчлүүлсэн хуулбар\, Эрдсүлж ХХК-ийн ХХОАТатварын тодорхойлолт гэсэн зөвхөн 5 баримт хуулийн шаардлага хангасан, бусад 15 баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй хуулбар баримтууд байсан бөгөөд хуулийн шаардлага хангаагүй эдгээр 15 хуулбар баримтуудыг нэр зааж хассан талаар Шүүгчийн Захирамжийг гаргаагүй байна.

1.2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй болно” гэсэн боловч Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: (Шүүхийн шийдвэрийн 3-4 дүгээр хуудсанд): “Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 тоот шийдвэрийг /хх-ийн 2 дугаар хуудаст байгаа хуулбар хувь/ болон хөдөлмөрийн гэрээг /хх-т хуулбараар авагдсан/ тус тус нотлох баримтаар үнэлж, үндэслэл болгож Шүүхийн шийдвэрийг гаргасан.

1.2.3. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142\Ш32017\00104 дугаартай Захирамжийн 1 дүгээр заалтаар: “2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоол болон 2016 оны 09 дүгээр сарынЛ4-ний өдрийн 03 тооттогтоол, тэмдэглэл” гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг баталгаажуулж шийдвэрлэсэн боловч Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: (Шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудсанд) ”Эрдсүлж ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолоор \хх-т хуулбар хувиар байгаа\ 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг \хх-т хуулбар хувиар байгаа\ хангалтгүй гэж дүгнэсэн нь зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд \хуулбар хувь\ заасан сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хангалтгүй үнэлгээ авсан нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл биш, хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тохироогүй байна” гэж үнэлж дүгнэсэн байна.

Шүүгч дээр дурдсан байдлаар хуулийн шаардлага хангаагүй хуулбар нотлох баримтуудыг үнэлж ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.9, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2. 44 дүгээр зүйлийн 44.2 дахь зүйлийг тус тус зөрчсөн.

1.3. ИХШХШТХуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т: “Хэргийн нотлох баримт нь ...шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 96 дугаар зүйлийн 96.2-т: “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэж заасан.

Гэтэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Ж.Отгонбаяр миний бие 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хэргийн материал, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахаар шүүхэд ирэхэд надад Шүүхийн шийдвэрийг гардуулсан боловч шүүхийн туслах Ө.Энхбаатар “шүүх хуралдааны тэмдэглэл бичигдэж байна, гараагүй” гэсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирж шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцсан болно.

Шүүгч, шүүхийн нарийн бичиг нар ИХШХШТХуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 96 дугаар зүйлийг тус тус зөрчиж шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байхад Шүүхийн шийдвэрийг гаргасан байх бөгөөд уг шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх нотолгооны хэрэгслээр аваагүй, үнэлээгүй байна.

II. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

2.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна.

Үүнд:

2.1. Энэхүү иргэнийн хэрэг буюу хөдөлмөрийн маргааны нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч биш, бие даасан хуулийн этгээд Эрдэнэт үйлдвэр ХХК-д гардуулсан боловч зөвхөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан, эс зөвшөөрсөн Эрдэнэт үйлдвэр ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хариуцагч Эрдсүлж ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй, Эрдсүлж ХХК-ийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр ИХШХШТХуулийн 28 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэхь заалтуудыг тус тус зөрчсөн.

2.2. Эрдсүлж ХХК нь нэхэмжлэлтэй танилцаад шүүхэд “Хувьцаа Эзэмшигчийн гаргасан шийдвэрийн талаар шүүхэд тайлбар гаргах боломжгүй байна гээд ИХШХШТХуулийн 28 дугаар зүйлд зааснаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг хариуцагчийг татах” талаар тайлбар ирүүлсэн байх бөгөөд Шүүхээс хариуцагчийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иар солих, эсвэл хамтран хариуцагчаар татах зэрэг асуудлыг шийдвэрлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

2.3. Шүүхийн шийдвэрийг гардаж авсан 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хэргийн материалтай танилцахад "Нөлөөллийн мэдүүлгийг Эрдсүлж ХХК болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан баримтад шүүгч, шүүгчийн туслах нар гарын үсэг зураагүй, хэрэг танилцуулсан тухай 6 дугаар баримтад шүүгчийн туслах гарын үсэг зураагүй, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай 5 дугаар баримтад шүүгчийн туслах гарын үсэг зураагүй, хэрэг танилцуулсан тухай 6 дугаар баримт огноо байхгүй, шүүгчийн туслах гарын үсэг зураагүй, Эрдсүлж ХХК-д нэхэмжлэл гардуулсан 4 дүгээр баримтад шүүгч, шүүгчийн туслах гарын үсэг зураагүй, Эрдэнэт үйлдвэр ХХК-д нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гардуулсан 4 дүгээр баримтад шүүгч, шүүгчийн туслах гарын үсэг зураагүй байна.

2.4. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Н.Бэхбаатарыг Эрдсүлж ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, харин ажилгүй байсан хугацааны цалингийн 3,0 сая төгрөгийг Эрдсүлж ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргуулахаар шийдвэрлэсэнийг дараах байдлаар үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Үүнд:

2.4.1. Компанийн тухай хуулиар Компанийн эрх зүйн байдал, удирдлага, зохион байгуулалт, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн эрх үүрэг зэргийг тодорхойлсон бөгөөд Компани нь Иргэний хууль болон Компанийн тухай хуулинд зааснаар бие даасан хуулийн этгээд бөгөөд харин компанийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр бүлэгт Н.Бэхбаатар нь “Эрдсүлж ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий” нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Эрдсүлж ХХК-ийн Хувьцаа Эзэмшигч, Төлөөлөн Удирдах Зөвлөлд холбогдуулан шүүхэд гаргасан бөгөөд шүүх үндсэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрдсүлж ХХК-д, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-д тус тус гардуулж Эрдсүлж ХХК-д хариуцагдах хэргийн зааснаар Эрдсүлж ХХК-ийн удирдлагын бүтцийн зохион байгуулалтын нэгж бөгөөд бие даасан хуулийн этгээд биш юм.

Гэтэл шүүх “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан өмч хөрөнгөгүй, бүтцийн нэгжээс буюу Төлөөлөн удирдах зөвлөлөөс 3,0 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д: “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэсэн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн.

2.4.2. Нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгохыг хүсч буй ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 48 дугаар зүйлийн 48.3-т тус тус зааснаар болон хавтаст хэрэгт эх хувиар авагдсан "Эрдсүлж ХХК-ийн ХХОАТатварын тодорхойлолтоор нэхэмжлэгч Н.Бэхбаатар нь Эрдсүлж ХХК-ийн байнгын ажлын байр, орон тоонд ажиллаж, Эрдсүлж ХХК-иас цалин хөлс авч байсан зэрэг нь энэ иргэний хэргийн хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК биш Эрдсүлж ХХК хариуцагч болохыг нотолж байгаа болно. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142\Ш32017\00006 дугаартай Шүүхийн шийдвэрийг хянан үзэж, Шүүхийн шийдвэрийг, нэхэмжлэлийг болон хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Бэхбаатар нь “Эрд сүлж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговорт 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Бэхбаатар нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн охин компани болох “Эрд сүлж” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2014.02.07-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар томилогджээ.

 Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.6, 76.1.8, 76.1.11 дүгээр заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Эрд сүлж” ХХК-ийн 2016.09.08-ны өдрийн хурлын 02 дугаар тогтоол, 2016.09.14-ний өдрийн хурлын 03 дугаар тогтоол зэргийг үндэслэн “Эрд сүлж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Н.Бэхбаатар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьд нь ажилд томилж тушаал гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн даргад холбогдуулан хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байхад шүүх “Эрд сүлж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн атлаа “Эрд сүлж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбатад нэхэмжлэлийн хувийг гардуулж хариуцагч биш этгээдэд нэхэмжлэлийг гардуулж, хариуцагч биш этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн засах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ