| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 161/2021/0000/Э |
| Дугаар | 2021/ДШМ/06 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ДШМ/06
Х.Ж-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/25 дугаар шүүгчийн захирамжтай, Х.Ж-т холбогдох эрүүгийн 2013003850263 дугаартай хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай, яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.
Х.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчимд гэрт нь ирсэн Х.Б-, Б.Ж-нарт “та нар согтуу ирж, бидний амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх шалтгаанаар хохирогч Х.Б-ийн толгойны зулайн дээд хэсэгт хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/25 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ж-т холбогдох эрүүгийн 2013003850263 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаасан байна.
Дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоосон. Яллагдагч Х.Ж- нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Х.Б-ийн толгойны зулайн дээд хэсгийг хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, уг хохирлыг эмчлүүлэх явцад 200000 төгрөгийн зардал гарсан нь гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хор уршиг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй талаар хуульчилсан. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх баримтаа нэхэмжлэх бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд гаргаж өгөх боломжтой юм. Гэтэл анхан шатны шүүх “Хэрэв эмчлүүлсэн бол энэ талаарх нотлох баримт болох эмчлүүлсэн баримт, эм тариа худалдаж авсан болон бусад баримтыг хавсаргах, мөн хохирол төлөх үндэслэлтэй гэж үзвэл яллагдагчийн эд хөрөнгийн байдлыг тогтоох” гэх ерөнхий заалт дурдаж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Нэгэнт хохирогч хохирлоос үүссэн үр дагавар болох хор уршгийн талаар баримтыг гаргаж өгөхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж шийдвэрлэх боломжтой юм.
2. Мөрдөгч яллагдагч Х.Ж-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзэж, хохирогч, яллагдагч, өмгөөлөгч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан байна. Мөрдөгч хэргийн материалыг танилцуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 4 дэх хэсэг заасны дагуу явагдсан байна.
Яллагдагч Х.Ж- болон түүний өмгөөлөгч А.Серикжан нар нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийн материалтай танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.3-д заасан аль нэг хүсэлт, гомдлыг гаргаагүй байна. Прокурор шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон гомдол, хүсэлт гаргах эрхийн ноцтой зөрчсөн үйл явдал гэж үзэхгүй. Учир нь яллагдагч Х.Ж-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар ямар нэг хүсэлт, гомдол гаргаагүй байна. Гэтэл шүүх “Гэтэл прокуророос хавтаст хэргийг мөрдөгчөөс шилжүүлж ирсэн даруй буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн гомдол, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нь хязгаарлажээ” гэх дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх шаардлагыг хангахгүй байна. Шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай захирамжийн 1, 2 дахь заалт нь хэрэгт хийгдвэл зохих байдлыг хэт ерөнхий байдлаар дүгнэсэн, чухам энэхүү ажиллагааг хийлгэснээр хэргийн нөхцөл байдалд ямар өөрчлөлт бий болох, ямар үр дүнд хүрэх нь тодорхой бус түүнийг биелүүлэх боломжгүй дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “гомдол гаргах боломж олгохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэх хүсэлтийг үндэслэн шүүх “оролцогчийн гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан” гэх дүгнэлт хийсэн хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт болжээ.
3. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу хийгдсэн. Уг хэрэгт мэдүүлгийг шалгуулж байгаа гэрч Б.Ж-ийн зааж үзүүлснээр үйл явдал болсон гэх яллагдагч Х.Ж-ийн эзэмшлийн 301 дугаартай хашаанд байрлах байшингаас эхэлснийг тэмдэглэлд тодорхой тусгасан байна. Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгах явцад гэрч Б.Ж-ийн зааж үзүүлсэн газарт байсан гурван хутга /өөрөөр хэлбэл ижил төрлийн 3 зүйл/ байсныг ялгахын тулд 1-3 хүртэл дугаарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгсөн хүн чөлөөтэй ярьж, үйлдлээ үзүүлсний дараа мөрдөгч түүнээс яллагдагч Х.Ж- нь хутгыг хаанаас, яаж авч гарсныг асуухад 2 тоогоор тэмдэглэсэн хутгыг зааж өгсөн байдаг. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарласныг мөрдөгч нь нэг бүрчлэн фото зургаар бэхжүүлэн тодорхой харуулсан /хх-ийн 66-72/ байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөрдөгч мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг хураан авсны дараагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ” гэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй алдаа, зөрчил гаргасан нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрөлгүй ажиллагаа явуулж цуглуулсан нотлох баримтыг хүчинтэйд тооцуулах ажиллагаа явуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй нь ойлгомжтой юм. Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж аваагүйг дурдсан нь үндэслэлтэй байх боловч мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжтой эсэх, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр уг гэмт хэрэг нь нотлогдсон эсэх, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг нотлох баримтад тооцох эсэх, бусад баримтат мэдээллийг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг мөрдөн байцаалтаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.
Тухайлбал, мөрдөгч нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд зааснаар таньж олуулах ажиллагааг хийсэн байна. Прокуророос мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа юм. Шүүгчийн захирамжид заагдсаны дагуу дээрх ажиллагаа тус тусад нь хийхээр болоход гэрч Б.Ж-ийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг дахин таньж олуулах ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсэж байна. Учир нь гэрч Б.Ж-т 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад яллагдагч Х.Ж-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хутгыг таниулсан. Уг хутгыг гэрч таньдаг болсон учраас дахин таньж олуулах ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн. Мөн шүүгчийн захирамжид дурдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан үзлэг хийх, 23.3 дугаар зүйлд заасан хэргийн газрын үзлэг, 24.1 дүгээр зүйлд заасан нэгжлэг хийх, 24.3 дугаар зүйлд заасан орон байр, бусад газарт нэгжлэг хийх журмыг тус тус зөрчсөн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөгч нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулж байхдаа таньж олуулах, эд мөргийн баримтыг хураан авах зэрэг ажиллагаа явуулсан нь тодорхой байна. Нэгэнт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй нотлох баримтыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “...Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” байх гэсэн заалтыг баримталж бусад нотлох баримтаар шүүгдэгч Х.Ж-т холбогдох хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Шүүхийн аливаа шийдвэр ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдэх бөгөөд үүнийг үнэлэх эсхүл үгүйсгэх эрх шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Хэрэв шүүхээс мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа хуулийн зүйл, заалт зөрчсөн гэж дүгнэвэл үгүйсгэж болох боловч бусад нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг прокурорт буцаах болсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар ямар ажиллагааг хэрхэн хийж, зөвтгүүлэх талаар тусгаж дүгнээгүй, хэт ерөнхий дүгнэж, хуулийн текстийг бичсэн байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/25 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэж, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хяналаа.
Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2013003850263 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор Х.Ж-ын “2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн орчимд гэрт нь ирсэн Х.Б-, Б.Ж-нарт “та нар согтуу ирж бидний амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх шалтгаанаар хутга гаргаж, иргэн Х.Б-ийн толгойны зулайн дээд хэсэгт хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйлдэл холбогдлыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулан, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөн зүйлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
1. Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484 дүгээр тогтоол, хохирогч Х.Б-ийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн мэдүүлэг зэрэгт “хохирогчийн биед толгойны зулай дунд хэсэгт зүсэгдсэн шархтай, шархнаас цус алдсан гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох, түүнчлэн хохирогчоос 200.000.00 төгрөгийн бодит хохирол төлбөр учирсан бөгөөд уг хохирлыг жич нэхэмжлэх” талаар баримтат мэдээлэл тусгагдсан байна. Үүнээс үзвэл, анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан “прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч Х.Ж-аас хохирогчид 200.000.00 төгрөг төлүүлэхээр дурдсан мөртлөө хавтаст хэрэгт ямар нэг нотлох баримт авагдаагүй” гэх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэж заасан хэргийг прокурорт буцаах хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас гадна шүүх хуралдааны явцад нотлон тогтоох ба тухайн хэргийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар тогтоох боломжтой.
Мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтаар хохирогч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт шийдвэрлэхээр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтоож болохоор хуульчилсан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж тус тус хуульчилсан байх тул анхан шатны шүүх иргэний нэхэмжлэл гаргаагүй хохирогчийн мэдүүлгийг үндэслэж “200.000.00 төгрөгийн хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэх үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.
2. Мөрдөгчөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр прокурорт хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргаж, мөн өдрийн 17:01 цагт яллагдагч Х.Ж-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарт орчуулагч Т.Батырыг байлцуулан хэргийн материалтай танилцуулахад яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс “Танилцав, одоогоор санал хүсэлтгүй” гэж тэмдэглэл үйлджээ. /хх-77/ Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай саналтай эрүүгийн хэрэгт прокуророос 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 234 дүгээр яллах дүгнэлтийг үйлдэж, түүний нэг хувийг нь мөн өдөр орчуулагчийг байлцуулан яллагдагч Х.Ж-т гардуулсан ба уг баримтад яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжан танилцаж, гарын үсэг зурсан байна. /хх-87/
Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/04 дүгээр албан бичгээр Х.Ж-т холбогдох 1 хавтас, 87 хуудастай эрүүгийн хэргийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг /хх-89/ анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар /хх-90/ шүүх хуралдааныг даргалагч шүүгчийг томилсон шийдвэрийг албажуулжээ.
Хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үйл баримтууд буюу мөрдөгчөөс яллагдагч болон түүний өмгөөлөгчид 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийн материалтай танилцуулахад “Танилцав, одоогоор санал хүсэлтгүй” гэж тэмдэглэл үйлдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол гаргаагүй, яллагдагч болон түүний өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулснаас хойш боломжит хугацааны дараа прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн зэргээс дүгнэвэл, мөрдөгчөөс яллагдагч болон түүний өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлөөр хангасан бөгөөд тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол гаргах эрхийг нь зөрчсөн, зүй бусаар хязгаарласан /боломжит хугацаа олгоогүй/ зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2, 6 дахь хэсгийн 6.1 дэх заалт, 7, 8 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх “2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийн материалтай танилцуулж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь ... оролцогчийн гомдол, хүсэлт шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан” гэж процессын үйл баримтыг бодитой дүгнээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимтай нийцээгүй байна.
Нөгөө талаар хэргийн материалтай танилцсан яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоолгохоор тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах тухай хүсэлтийг прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаанд гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
3. Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд зааснаар мэдүүлгийг газар дээр нь шалгасан гэх тэмдэглэлийн нотлох баримт болохуйц байдлын талаар шүүхээс дүгнэлт хийхдээ тухайн баримтыг “нотлох баримтаар тооцохгүй байх” эсэхийг шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан тусгайлсан зохицуулалтыг баримтлаагүй байна. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, нотлох баримтаар тооцох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсан байхад хэрэгт цугларсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн үйлдсэн дээрх тэмдэглэлийн нотлох баримт болохуйц буюу нотлох баримтаар тооцох эсэх асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхгүйгээр, уг ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгэхээр прокурорт буцаасан нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд тус тус нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгох талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв.
Хуульд зааснаар яллагдагч Х.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/25 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан яллагдагч Х.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
М.НЯМБАЯР