Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/67

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Айн Жд холбогдох эрүүгийн 21130000000057 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, ар талын офицер-эрх зүйч мэргэжилтэй, хилийн цэргийн ***дугаар ангид бэлтгэл заставын дарга ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Аийн Ж, РД:*****,

Шүүгдэгч Ж нь 2020 оны 07 дугаар сарын сүүлээр хохирогч А.Жгийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хилийн цэргийн ***дугаар ангийн хашаанд гээгдүүлсэн 340.000 үнэ бүхий “Huawei Y-7” дугаар маркийн гар утсыг гээгдэл эд зүйл гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч А.Ж мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж  байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000000057 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрч С.Ү-эс гаргаж өгсөн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар тал/

Гэрч Б.Ө-аас нотлох баримтаар гаргаж өгсөн барьцаат зээлийн ****дугаартай гэрээний хуулбар /хх-ийн 7-8 дугаар тал/,

Хохирогч А.Жгаас гаргаж өгсөн, гээгдүүлсэн гэх  “Huawei Ү-7” маркийн гар утсыг Мобиком корпорациас худалдан авсныг нотлох баримт болох худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Хохирогчийн хулгайд алдсан гар утсыг олж авсан гэх гэрч Э.Аийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 дүгээр тал/, 

Хохирогч А.Жд гар утсыг нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-р тал/,  

Хохирогч А.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Миний бие 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Мобикомын салбараас гэрээ байгуулж ““Huawei Ү-7” загварын гар утсыг 669.000 төгрөгөөр худалдан авсан. Утас гээгдэх үед би С застав руу ажлаар явчихсан байсан. Алдсан гар утас дотор миний гэр бүлийн зураг, миний өөрийн болон нөхрийн хувийн мэдээлэл агуулсан фейсбүүк хаяг, надад орсон гарсан дуудлага, зурвас байсан тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь энэ юм. ...Одоо санахад би уг гар утсаа хөдөө албан ажлаар явах гэж яарч, сандарч яваад гээгдүүлсэн юм байна. Тэр үе 2020 оны 07 дугаар сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Орой 19 цагийн орчим байсан юм шиг санагдаж байна. Би гээгдүүлсэн  гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг/19-24 дүгээр тал/,

Гэрч С.Ү-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2020 оны 10 сарын эхээр өөрийн facebook хуудсанд гар утас худалдаж авахаар зар нийтэлсэн ба зарын дагуу нэг хүн надруу “Huawei Ү-7” утас байна авах уу гэж зурвас илгээсэн. Тэгээд надад гар утас худалдсан хүн “Б” гэх барьцаалан зээлдүүлэх газрын гадна хүрээд ирээрэй гэсний дагуу би хэлсэн газарт нь очсон. Бид хоёр хамтдаа Б барьцаалан зээлдүүлэх газар ороод тэр залуу барьцаанд тавьсан гар утсаа надад үзүүлэхэд их цэвэрхэн эдэлсэн цэнхэр өнгийн “Huawei Ү-7” загварын гар утас байсан. Уг утсыг би сонирхож үзэхэд надад 250000 төгрөгөөр шууд аваарай гэж хэлсэн ба би тэр залууд 240.000 өгвөл шууд авлаа гэж хэлээд тохиролцсоны үндсэн дээр бэлнээр 240.000 төгрөгийг ломбард дотор тоолж өгөөд авсан. Уг гар утсыг тухайн үед би худалдаж авахдаа энэ утсанд ямар нэгэн асуудал байхгүй биз дээ, хэрэв худалдан авсны дараа эвдрэл гэмтэл гарах эсвэл энэ утас хэн нэгний эзэмшлийн гар утас байвал яах уу, та хариуцах юм уу гэж асуухад тийм асуудал байхгүй, энэ миний өөрийн эзэмшлийн гар утас гэж хэлж байсан. Өөр ямар нэгэн байдлаар гээгдэл гар утас, өөр хэн нэгний эзэмшлийн утас гэж хэлж байгаагүй. Одоо би тэр хүнийг харвал танина гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Үийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “...Надад гар утас худалдсан А.Ж нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орой надад түүнээс гар утас худалдаж авсан үнэ 240000 төгрөг, гар утасны нүүрний наалт солиулсан мөнгө 5000 төгрөг нийт 245 000 төгрөг төлж өгч, намайг хохиролгүй болгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

Гэрч К.Ө-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...А овогтой Ж гэх  залуу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ***** дугаартай бичиг баримттай манай ломбарданд ирж “Huawei Ү-7” маркийн гар утсыг барьцаалж мөнгө авсан байна. Үүнийг би бүртгэлээс харж хэлж мэдүүлж байгаа бөгөөд бүртгэлээс харахгүй бол санаанд байхгүй байна. Тухайн “Huawei Ү-7” маркийн гар утсыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 14 цаг 49 минутад 160.000 төгрөгөөр барьцаалсан ба үүнийгээ нэг сарын хугацаатай хүүгийн төлөөд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барьцааны хүү хувийг төлөөд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг 14 минутанд барьцаалан зээлсэн мөнгөн дүн болох 20.800 төгрөг, үндсэн зээл 160.000 төгрөг, нийт 180.800 төгрөг төлж утсаа авсан. Шаардлагатай бол барьцаат зээлийн гэрээний хуулбарыг гаргаж өгч болно” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,

Гэрч Э.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Миний бие 2020 оны 07 дугаар сарын сүүлээр цэнхэр өнгөтэй утасны гадна талд өнгөгүй кейстей гар утсыг Хилийн цэргийн ***дугаар ангийн хашаан дотор хог цэвэрлэж яваад шороонд булагдсан байсныг олж аваад бэлтгэл заставын казармд хадгалж байгаад түрүүч Г.Бямбатулгад өгсөн. Харин Бямбатулга бэлтгэл заставын дарга хошууч Жд өгсөн байсан.” гэх мэдүүлэг /33-37 дугаар тал/,

Гэрч Г.Б-гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “...Миний бие 2020 оны 08 дугаар сард тус ангид хугацаат цэргийн алба хашиж байсан бөгөөд 08 дугаар сарын сүүлээр тус ангид бэлтгэл заставын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад байлдагч А ангийн хашаанд хог цэвэрлэж байгаад цэнхэр өнгийн “Huawei Ү-7” маркийн гар утас олж авсан, эзнийг нь олоод өгчихөөрэй гээд уг гар утсыг надад өгсөн. Байлдагч Э.Аийн өгсөн гар утсыг цэргийн байранд 7 хоног хадгалж байгаад заставын дарга хошууч цолтой А.Жг уг гар утсыг эзнийг олоод өгчих байх гэж хэлээд түүнд өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

А ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин, шинжээч Ө.Мт, Ч.Ж нарын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БӨА-***** дугаартай: “Huawei Ү-7” загварын гар утас 2020 оны 07 дугаар сарын байдлаар 340.000 /гурван зуун дөчин мянга/-н төгрөг” байх боломжтойг тодорхойлов” гэх  дүгнэлт /хх-ийн 52- 56 дугаар тал/,

Шүүгдэгч А.Жгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...2020 оны 07 дугаар сарын сүүл 08 дугаар сарын эхээр байх, би хэзээ байсныг сайн санахгүй байна. Цэргүүдийг хулгайгаар гар утас хэрэглээд байна гэдгийг мэдээд энэ талаар хэлэхэд цэргүүдийн бага дарга нь болох Г.Б надад цэрэг Э.А энэ гар утсыг ангийн хашаан дотор хог түүж яваад олж авсан байна. Тэрээр надад дамжуулаад танд өгчих гэж хэлээд гаргаад өгсөн хэмээн надад цэнхэр өнгийн “Huawei Ү-7” маркийн гар утас авч ирж өгсөн. Би цэргүүдэд дотоод журмаар гар утас хэрэглэхийг хориглосон байдгийг хэлж танилцуулж уг гар утсыг хураан авч гар утасны эзэн нь олдох байх гэж бодоод өөртөө хадгалж байсан. Уг гар утасны эзэн нь гарч ирэхгүй байхаар нь би мөнгөний хэрэг гараад 2020 оны 08 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр байсныг санахгүй байна, “С” дэлгүүрийн хажуу талын 3 замын уулзварын хойд талд байрлах “Бес арыс” гэх ломбарданд 160.000 төгрөгөөр барьцаанд тавьж дараа нь 1 сараар зээлийн хугацааг сунгуулсан байсан. Тэгээд  2020 оны 10 дугаар сарын эхээр хэдний өдөр байсныг санахгүй байна, фейсбүүкээр гар утас худалдаж авна гэсэн зарын дагуу С.Ү гэх хүнтэй мессенжерээр  тухайн гар утсыг 240.000 төгрөгөөр худалдсан. Тэгээд С.Үээс авсан мөнгөөр гар утас барьцаалсан  зээлийг төлж, утсыг С.Үт авч өгсөн. Холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  нийцсэн байх тул шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Жд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талуудын хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-17.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:

Анхан шатны шүүхээс прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Жгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:

Шүүгдэгч А.Жумаглиг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч А.Жйг хохирогч А.Жгийн “Huawei Ү-7” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Ж нь үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч А.Ж нь 2020 оны 7 дугаар сарын үед Баян-Өлгий аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, Хилийн цэргийн ****-р ангийн хашаанд гээгдүүлсэн хохирогч А.Жгийн 340.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Huawei Ү-7”  маркийн гар утсыг гээгдэл эд зүйл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: гэрч С.Үээс гаргаж өгсөн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1] гэрч Б.Өаас нотлох баримтаар гаргаж өгсөн барьцаат зээлийн ****дугаартай гэрээний хуулбар[2], хохирогч А.Жгаас гаргаж өгсөн, гээгдүүлсэн гэх  “Huawei Ү-7” маркийн гар утсыг Мобиком корпорациас худалдан авсныг нотлох баримт болох худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар[3], хохирогчийн хулгайд алдсан гар утсыг олж авсан гэх гэрч Э.Аийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4],хохирогч А.Жд гар утсыг нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл[5],хохирогч А.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний бие 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Мобикомын салбараас гэрээ байгуулж ““Huawei Ү-7” загварын гар утсыг 669.000 төгрөгөөр худалдан авсан. Уг гар утсыг би 2020 оны 7 сарын хэдний өдрийг нь санахгүй байна, орой 19 цагийн үед хөдөө албан ажлаар явах гэж яарч байхдаа ангийн хашаанд гээгдүүлсэн. Би гээгдүүлсэн  гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй[6]” гэх мэдүүлэг,гэрч С.Үийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний бие 2020 оны 10 сарын эхээр өөрийн facebook хуудсанд гар утас худалдаж авахаар зар нийтэлсэн ба зарын дагуу нэг хүн надруу “Huawei Ү-7” утас байна авах уу гэж зурвас илгээсэн. Би уг утсыг авахаар болж “Б” барьцаалан зээлдүүлэх газрын гадна А.Жтай уулзаж, 240.000 төгрөгөөр “Huawei Ү-7” гар утас худалдаж авсан[7] гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Үийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад гар утас худалдсан А.Ж нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр надаас авсан гар утасны үнэ 240.000 төгрөг, гар утасны нүүрний наалт солиулсан 5000 төгрөг нийт 245 000 төгрөг төлж өгч, намайг хохиролгүй болгосон[8].” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/, гэрч К.Өы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...А овогтой Ж гэх залуу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ***** дугаартай бичиг баримттай манай ломбарданд ирж “Huawei Ү-7” маркийн гар утсыг барьцаалж мөнгө авсан байна. Үүнийг би бүртгэлээс харж хэлж мэдүүлж байгаа бөгөөд тухайн “Huawei Ү-7” маркийн гар утсыг барьцаалж, нэг сарын хугацаатай хүүг нь  төлж байгаад 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг 14 минутанд үндсэн зээл 160.000 төгрөг, зээлийн хүү 20.800 төгрөг, нийт 180.800 төгрөг төлж утсаа авсан[9]”гэх мэдүүлэг, гэрч Э.Аптансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Миний бие цэргийн алба хааж байхдаа 2020 оны 07 дугаар сарын сүүлээр Хилийн цэргийн ***дугаар ангийн хашаанд хог цэвэрлэж байгаад цэнхэр өнгөтэй, гадна талдаа өнгөгүй кейстей гар утсыг шороонд булагдсан байсныг олж аваад бэлтгэл заставын казармд хадгалж байгаад түрүүч Г.Бд өгсөн. Харин Бямбатулга бэлтгэл заставын дарга хошууч Жд өгсөн байсан[10]” гэх мэдүүлэг, гэрч Г.Бямбатулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2020 оны 7 сарын үед байлдагч Э.А-йн ангийн хашаанаас олж авсан гар утсыг цэргийн байранд 7 хоног хадгалж байгаад заставын дарга хошууч цолтой А.Жд  гар утасны эзнийг олоод өгчихөөрэй гэж хэлээд өгсөн[11]” гэх мэдүүлэг, шүүгдэгч А.Жгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”Миний бие 2020 оны 7 сарын үед байлдагч Э.А ангийн хашаанаас олж авсан “Huawei Ү-7”  гар утсыг хадгалж байгаад эзэн нь олдохгүй болохоор мөнгөний хэрэгцээ гарч барьцаалан зээлдэх газарт тавьсан. Дараа нь уг утсыг С.Ү гэдэг хүнд 240.000 төгрөгөөр худалдан борлуулж, ломбардны мөнгийг нь төлж авч өгсөн. Тухайн утсыг гээгдэл гэдгийг би мэдсээр байж, ашигласан гэм буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хохирогч утсаа буцааж авсан ба би надаас уг утсыг худалдаж авсан С.Үгэх хүний 240.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БӨА-***** дугаартай дүгнэлтээр “Huawei Ү-7” загварын гар утас 2020 оны 07 дугаар сарын байдлаар 340.000 /гурван зуун дөчин мянга/-н төгрөг” үнэтэй болохыг[12] тогтоосон байх тул шүүгдэгч А.Ж нь бусдын гээгдэл хөрөнгийг завшсаны улмаас 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч А.Жгийн гэмт үйлдлийн улмаас учирсан 340.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээний хохирол болох гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох гурван зуун мянгаас дээш байна.

Шүүгдэгч А.Ж нь тухайн Huawei Ү-7” гар утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр, хохирогчийн гээгдэл хөрөнгийг өөрөө дур мэдэн эзэмшилдээ авч, барьцаалан зээлдэх газарт тавьж, ашиг олон улмаар иргэн С.Үд 240.000 төгрөгөөр худалдан борлуулж, захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг бүрэн хангаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд аливаа халдагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааж, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалж, баталгаажуулсан байна.

Гэтэл шүүгдэгч А.Ж нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж хохирол учруулсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан ойлгож байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул А.Жйг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгөтэй болох гэсэн  шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн байна.

Иймд шүүгдэгч А.Жйг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч А.Жйн үйлдлийн улмаас хохирогч А.Жгийн эд хөрөнгөд 340.000 төгрөгийн шууд хохирол учирсан нь хэрэгт авагдсан "А" ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Хохирогч А.Ж нь гээгдүүлсэн “Huawei Ү-7” маркийн гар утсаа хууль хяналтын байгууллагын тусламжтайгаар шүүгдэгч А.Жгаас биет байдлаар буцаан авсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүйгээ илэрхийлсэн болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч А.Жгийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор А.Жгаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Жд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Жйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, А.Ж нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар[13] нотлогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч А.Ж, иргэний нэхэмжлэгч С.Ү нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх тул эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн А.Ж нь хувийн байдлын хувьд дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баян-Өлгий аймаг дахь Хилийн цэргийн ****-р ангид бэлтгэл заставын дарга ажилтай, хошууч цолтой, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг нь нотлогдож байна. Түүнийг хувь хүний хувьд төлөв даруу зантай, хүнд тусархуу гэх зэргээр тодорхойлсон Өлгий сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Хилийн цэргийн ****-р ангийн захирагчийн тодорхойлолт зэрэг баримтууд хэргийн 72-73-р талд авагдсаныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч А.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Жйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч А.Жд  танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн[14] байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

            Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч А.Жд торгох ялыг хуулийн хугацаанд  биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Аийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь торгох ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч  А.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.Б

 

 

[1] хх-ийн 3-6-р тал

[2] хх-ийн 7-8-р тал

[3] хх-ийн 10-11-р тал

[4] хх-ийн 12-14-р тал

[5] хх-ийн 16-р тал

[6] хх-ийн 19—24-р тал

[7] хх-ийн 39-р тал

[8] хх-ийн 27-р тал

[9] хх-ийн 31-р тал

[10] хх-ийн 33-37-р тал

[11] хх-ийн 38-39-р тал

[12] хх-ийн 52-57-р тал

[13] хх-ийн 79-р тал

[14] хх-ийн 113-р тал