Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ц.Одхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 154/ШШ2019/00007 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух, РД:ПА73122907, Сайн эмчийнхэн овогт Цагаанчулууны Одхүүгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Алтай сумын соёлын төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Ц.Одхүү миний бие Ховд аймгийн Аптай сумын соёлын төвийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар тус төвийн бүжгийн багшийн ажилд томилогдон байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан.

Бүжгийн багшаар ажиллах хугацаандаа үүрэгт ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж байсан. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/ 01 тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж миний үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхэнд халдаж намайг хохироож байгааг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй болохоо нотлох баримтыг шүүхэд гаргаж өгнө.

Иймд Ховд аймгийн Алтай сумын соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд амйгийн Алтай сумын соёлын төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

 

Хариуцагчийн хариу тайлбар:  Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгч Г.Дандар миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Соёлын төвийн бүжгийн багшийн албан тушаалын ажилд Ц.Одхүүг түр хугацаагаар томилсон болно. Бүжгийн багш Ц.Одхүүг анх ажилд ороход Хөдөлмөрийн хуулийн зарим холбогдох заалт, байгууллагын дотоод журам, бүжгийн багшийн ажлын байрны тодорхойлолт болон ажлын байранд хийгдэх ажилбаруудыг танилцуулж хөдөлмөрийн гэрээ байгуулж эхэлсэн билээ. Ц.Одхүү нь ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчин шалтгаангүй ажил таслах үйлдлийг удаа дараа гаргаж байсан болохыг доорх баримтаар нотолж байна. Соёлын төвийн эрхлэгчийн 2017.07.17-ны өдрийн А/04 тоот тушаалаар ажилчдын ээлжийн амралтыг олгосон болно. Ц.Одхүү нь ажилд ороод 6 сар болж байсан учир ээлжийн амралт эдлэх хугацаа болоогүй байсан юм. Гэтэл Ц.Одхүү нь 2017.07.17-ны өдрөөс эхлэн хэний ч зөвшөөрөлгүй өөрөө өөртөө дур мэдэн чөлөө өгч, ажил тасалж явсаар 2017.08.21-нд ажилдаа хүрч ирсэн. Энэ хугацаанд Ц.Одхүү нь Ховд аймаг, Завхан аймгуудаар болон БНХАУ -ын хот хүртэл ганзагын наймаа эрхэлж явж байсан болох нь тогтоогдсон. Энэ үед ажлын 25 хоног ажил тасалсан байна. Энэ хугацаанд цалингаа бүтэн авсан. /Ц.Одхүүгийн цалингийн картыг хавсаргав/. 2017.09 дүгээр сард ажлын 1 хоног, 2017.12 дугаар сард ажпын 1 хоног тус тус ажил тасалсан учир тухайн сарын -гзас тус бүр нэг өдрийг тооцож хасаж олгосон. 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 2017 оны 10 дугаар сарын 13- ныг хүртэлх хугацаанд нийт ажлын 12 хоног ажил тасалсан. Ажил таслах болсон учир шалтгаан нь манай байгууллага дээр морин хуурын багш Сүх-очир байрлаж морин хуурын сургалт хичээллүүлж байсан болно.Миний бие нь дуу хөгжмийн багш Б.Энхсайхан, номын санч З.Сэргэлэн, бүжгийн багш Ц.Одхүү нарыг байрлаж байгаа морин хуурын багшид та гурав ор хөнжил гудас өөрсдийн гэр орноосоо авчираад түр хугацаанд өгч хэрэглүүлээд дараа аваарай гэдэг үүрэг даалгавар өгсөн боловч хэн нь ч үүрэг даалгавар биелүүлээгүй учраас тэр үед үдшийн 21 цаг орчим болж байхад миний бие нь бүжгийн багш Ц.Одхүү рүү утасдаж та гурав тэр хүнд хөнжил гудас аваачиж өгөхгүй яасан юм вэ тэр хүн чинь унтах хөнжил гудас алга гэж байна. Нөгөө хоёр хүнлүүгээ ярьж бушуухан хөнжил гудастай болгож өг гэдэг үүрэг даалгаварыг нэлээд бухимдангуй загнаж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа морин хуурын багш Сүх-очиртой дахин утсаар холбогдож хөнжил гудастай болгосон уу гэж асуухад ирээгүй гэдэг хариу хэлэхэд миний бие нь өөрөө гэрээсээ хөнжил гудас авч ирж өгсөн болно. Түүнээс өөрөөр Ц.Одхүүгийн нэхэмжлэлдээ дурдсан шиг чамайг ажлаас чинь хална гэж дарамт шахалт үзүүлсэн ямарч асуудал байхгүй. Утсаар нь холбогдож өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй болохоор загнасан нь шаардлага тавьсан зүйл болсон юм. Ингээд Ц.Одхүү нь 2017 оны 10 дугаар сарын 16 -ны өглөө ажилдаа ирсэн. Ирэх өдөр нь ажилчдын хурал хийж Ц.Одхүүгээс ажил тасалсан тухай асуухад надад бараг хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй гэдэг хариултыг хэлснээс өөр юу ч яриагүй. Ингээд ажилчдын хурлаас Ц.Одхүүг ажил тасалсных нь төлөө сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн болно. Улмаар 2017 оны 10 дугаар сарын ажлын цагийн тооцоо гаргаж цалин бодох болохоор гэнэт эмнэлэгийн эмчийн акт авчирж өгсөн юм. Ямарч шалтгаангүй ажил тасалчихаад хуурамч эмчийн акт авч ирж листээр мөнгө авсан байна. /Алтай сумын эрүүл мэндийн төвийн албан тоот, эмчлүүлэгчдийн журналыг хавсаргав./

Миний бие 2017.12.05-наас эхлэн 3 хоног Улаанбаатар хотод сургалтанд оролцох ажлаар явсан хойно ажлын 3 өдөр ажлаа тасалсан. Завхан аймагт яваад ирсэн болох нь тогтоогдсон. Мөн энэ хугацаанд цалингаа бүтэн авсан болно. /Ажилчдын ажлын цагийн бүртгэлийг эх хувиар нь хавсаргав/.

Ц.Одхүү нь бүжгийн багшаар ажиллаж байсан 1 жил 2 сар 06 хоногийн хугацаанд бүжгийн багшаас зохион байгуулсан буюу бие даан санаачлага гарган хийж байсан ажил нэг ч байхгүй , бүжгийн багшийн ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан бүжгийн багшийн хийгдэх ажилбаруудаас нэг ч ажил хийж гүйцэтгэсэн зүйл байхгүй энэ ажлыг хийх чадвар сул , өөрөө бүжиглэж чаддаггүй , мэргэжлийн ур чадвар шаардсан энэ ажлын байранд тэнцэхгүй хүн юмаа гэдэг нь ажил эрхэлж байсан нэг жил 2 сар 06 хоногийн хугацаанд тодорхой болсон.Ц.Одхүү нь хуурамч бичиг баримт бүрдүүлж анх ажилд орсон нь явцын дунд илэрч байна. Тухайлбал 10 дугаар анги төгссөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ нь хуурамч байх өндөр магадлалтай.

Мөн Улаанбаатар хотод 2017 онд суралцсан бүжгийн багшийн 21 хоногийн сургалтын сертификат нь хуурамч, энэ хүн энэ хугацаанд явж суралцаагүй юм. Энэ сертификатыг Үенч сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Бурмаа олж өгсөн гэж өөрөө ярьж байгаа болно. Мөн Ховд их сургуулийн ардын язгуур урлагийн ангид эчнээ сургалтанд хамрагддаг гэдэг нь худлаа. Ажиллаж байх хугацаандаа нэг ч удаа энэ сургууль дээр очиж нэг цагийн хичээлд суугаагүй гэдгийг би өөрөө гэрчилнэ. Дээрх нотлох баримтаар энэ хүн нь төрийн албан байгууллагыг хууран мэхэлж, хуурамч бичиг баримт цуглуулж мэргэжилтэй хүний дүр исгэж яваа нь дэндүү харамсаар юм.Ц.Одхүүгийн нөхөр Б.Батхуяг нь 2018 оны 03 дугаар сарын 07,08-ний өдрүүдэд бүтэн хоёр өдөр эхнэр Ц.Одхүүгийнхээ талаар утсаар удаа дараа өдөрт бараг 7,8 удаагийндавтамжтай мэдээлэл гомдол гаргаж байсан. Уг мэдээлэлдээ: Дандар ахаа би танд яг үнэн зөв мэдээллийг өгч байна. Наад Одхүү чинь ямар ч сургууль соёл төгсөөгүй 10 дугаар анги төгссөн гэдэг нь худлаа бараг 8 дугаар анги ч төгсөөгүй шүү. Ховдын багшийн сургуульд суралцахгүй байгаа сургалтын төлбөрөө төлж чадахаа больсон. Таныг хууран мэхэлж ажилд орсон юм шүү. Ажилд орсон тэр цагаас хойш надтай бараг харьцахаа больсон гэр орондоо халдамжгүй цалин мөнгөө ч авчирдаггүй гэртээ орж ирээд утсаараа оролдож мэссэж бичих юм уу эсвэл утсаар байнга ярьдаг болсон. Энэ өөр хүнтэй болсон юм. Тэр хүн нь ... хүн юмаа гэдгийг хүртэл надад ярьсан. Одхүү ажилд орсон цагаас эхлээд надыг хань ижлээ биш газар шорооны амьтан мэт үздэг. Өөрөө бол тэнгэрээс ирсэн дагина мэт ааш араншинг гаргаж байна. Иймд та ажлаас нь бушуухан халаад өг. Би ямарч гомдол санал гаргахгүй. Надыг доромжилж байгаа юм шиг хоёр хоног гэртээ хоносонгүй. Гэтэл өөр хоёр залуутай архи дарс уучихсан вааранд байж байсан байна. Би утсыг нь булааж аваад хугалчихсан гэх мэт ... зүйлүүдийг ярьсан. Иймд миний бие нь албан ёсоор гомдол гаргаж байна. Та албан байгууллагын даргын хувьд энэ хүнд хэлж ярьж өгөөч гэдэг гомдлыг надад ярьсаны дагуу миний бие нь Ц.Одхүүг дуудаж ажлын өрөөндөө нөхөр Б.Батхуягийн ярьсан бүхий л мэдээллийг нэгд нэгэнгүй бүгдийг нь хэлж өгсөн. Тэгээд миний бие нь Ц.Одхүүд та хоёр ингэж болохгүй учир зүйгээ ололцож эв эеээ хичээж амьдарцгаа. Харин Ц.Одхүү чиний тэр утсаар ярьж, мессеж бичдэг байнга утастай харьцаж байдаг энэ явдал чинь гэр орондоо ч гэсэн ажил албан дээрээ гэсэн ингэж байдаг чинь ямар учиртай юм бэ болиороо гэдэг зөвлөмжийг өгсөн болохоос биш Ц.Одхүүгийн нөхөр Б.Батхуягт эхнэр Ц.Одхүүгийн талаар мэдээлэл хэлж тэдний амьдралд оролцох ямар ч зүйл болоогүй гэдгийг хэлье. Ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтын талаар Алтай сумын засаг дарга Б.Энхбаярын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар бүлгийн 2.3.12 дахь хэсэгт заагдсан Соёлын төвийн ажилчдыг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллуулах заалт, мөн сумын засаг даргын 2017,2018 онуудын үндсэн чиглэлд тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү Соёлын төвийн дуу хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч гэсэн мэргэжил, ур чадвар шаардсан ажлын байрнуудад Ховд аймгийн БСУГ-ын даргатай зөвшөлцсөний үндсэн дээр Ховд аймгийн хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалтыг 2017.11.21-ний өдрөөс эхлэн зарласан болно. Сонгон шалгаруулалтын албан ёсны зарыг Ховд аймгийн олон үндэстэн ястны Алтай сумын фесбүүк групп дээр байршуулж нийтэд ил тод болгосон юм.

Ингээд энэхүү зарын дагуу 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн харьяат Э.Эрдэнэсувдын хүсэлт ирснийг бүртгэн авч 2018 оны 03 сарын 12-ны өдөр бүжгийн багш Ц.Одхүүд ажлын байрны сонгон шалгаруулалтанд нэг хүний материал ирсэн гэдгийг мэдэгдсэн. Улмаар 2018.03.12-ны өдрийн 14 цагт ажилчдын хурал хийж сонгон шалгаруулалт явуулах хугацааг тогтоож , Ц.Одхүүг сонгон шалгаруулалтандаа бэлтгэл оролцоорой гэдгийг сануулсаар байтал яг сонгон шалгаруулалт явуулдаг 2018.03.16-нд ажилдаа ирээгүй санаатайгаар сонгон шалгаруулалтанд ороогүй.Сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулах ажлын хэсгийг томилуулах саналаа сумын Засаг даргад албан тоотоор хүргүүлснийг үндэслэн Засаг даргын 2018.03.14-ний өдрийн А/26 тоот захирамжаар ажлын хэсэг томилж томилогдсон ажлын хэсэг уг сонгож шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулж явууллаа. /Ажлын хэсэг томилох санал, саналын дагуу ажлын хэсэг томилсон засаг даргын захирамж, сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсгийн тэмдэглэлийг хавсаргав/. Миний бие нь сумын засаг даргаас Соёлын төвийн мэргэжил, ур чадвар шаардсан ажлын байрнуудад сонгон шалгаруулалт явуулж мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлж ажиллах талаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүйГэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 131.1.3 дэх тусгагдсан ажлаас халагдах арга хэмжээ тооцох тухай сануулгыг хүлээн авсан учир энэхүү сонгон шалгаруулалтыг зарлуулсан юмаа.Ц.Одхүү нь анх ажилд орохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлж орсон болох нь сүүлд ил болж байна. Үүнд 10 дугаар анги төгсөөгүй байж 10 анги төгссөн гэсэн бүрэн дунд боловсролын гэрчилгээ үзүүлж түүнийгээ хаанаас хэнээс хэзээ авсан нь тодорхойгүй гэрчилгээ авсан байна. Энэ материалыг хуурамчаар авсан болохыг Д.Одхүүгийн өөрийнх нь нөхөр Б.Батхуяг нь тухайн үед надтай утсаар ярихдаа хэлсэн, мөн үеийнх нь найз нөхдүүд нь бүгд хэлж гэрчилж байгаа юм.

Соёлын төвийн ажилчдын 2018.03.12-ны өдрийн хуралдаанаар үндсэн 3-н асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн болохоос биш миний бие нь Ц.Одхүүтэй маргалдаж намайг ажлаас хална, надад хэн ч халдаж чадахгүй, гарч зайл, чиний оронд авах хүнээ олоод ирсэн, чамд халагдсаны тэтгэмж өгөхгүй гэж гарын салаавч өгч ёс зүйгүй үйлдэл гаргасан ямарч асуудал байхгүй юмаа. Хуралдааны тэмдэглэл дээр хуралд яригдсан бүх асуудал тэмдэглэгдсэн байгаа болно. Энэ хуралд хэн нэгнийг ажлаас халах халагдах тухай ямарч яриа болоогүй гэдгийг хэлье гэжээ.

Хариуцагч Г.Дандар сөрөг нэхэмжлэлийн агуулга: Алтай сумын Соёлын төвийн бүжгийн багшаар ажиллаж байсан Ц.Одхүү нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар ч шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалж тухайн үедээ сарын цалингаа бүтнээр авдаг байсан тул ажлаагүй байхдаа авсан цалинг төлүүлэх хүсэлт гаргаж байна. Ц.Одхүү нь анх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай байгууллагад бүжгийн багшийн албан тушаалын ажилд анх орсон.

Ингээд ажил хөдөлмөр эрхэлж байх 1 жил 2 сар 06 хоногийн хугацаандаа ямарч шалтгаангүйгээр удаа дараа ажлаа тасалж байсан учир соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр чөлөөлөгдсөн болно. Иймд Ц.Одхүүгээс ажиллаагүй байх хугацаанд авсан цалинг төлүүлөх хүсэлт гаргаж байна. Үүнд:

2017оны 07 дугаар сард илүү олгосон -337935 төг

2017оны 08 дугаар сард илүү олгосон -299200 төг

2018 оны 12 дугаар сард илүү олгосон -49155 төг

2017 оны 10 дугаар сард хуурамч листээр олгосон 61443 төг, бүгд -747733 төгрөгийг манай байгууллагын төрийн сан дахь 160135090 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Одхүү сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбартаа: Миний бие ажиллаж байх хугацаандаа нэг ч цагийн ажил таслаж байгаагүй. Бидний ажилласан цагийн бүртгэлийг үндэслэн цагийн тооцоог дарга гарган өгч ажилласан эсэхийг дарга нягглан бодогч нар нягтлан үзэж зөвшөөрч цалин олгодог. Надад дарга нягтлан бодогчийн зөвшөөрөлгүйгээр нэг ч төгрөгний цалин илүү авах эрх байхгүй.2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Соёлын төвийн бүх ажилчдын ээлжийн амралтыг олгож амараасан. /Соёлын төвийн даргын тушаал гарсан. Энэ үед миний ээлжийн амралт авах хугацаа болоогүй байсан тул дарга Г.Дандар ажлын ачаалалтай үед амралт олгох боломжгүй, ажилчдыг нийтээр нь амрааж байгаа үед хамт амраад, 11 дүгээр сард ажилла гэсэн тул би 7 дугаар сарын 16-наас ээлжийн амралтаа авсан. 2017 оны 11 дүгээр сард амраагүй. 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирж бүх ажилчид байгууллагын засвар хийсэн. 8 дугаар сард нэг ч минутын ажил таслаагүй. 2017 оны 10 дугаар сард өвчний учир эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдөж, эмнэлэгт өвчтөн илгээх хуудсаар /13А маягтаар/ Ховд аймгийн БОЭТ-д үзүүлж эмчлүүлсэн. 2018 оны 12 дугаар сард би Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвд ажиллаагүй. Миний бие ажиллаж байх хугацаандаа ажил таслаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өвчтэй байсан тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгнө.Г.Дандарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 154/ШШ2019/000007 дугаар шийдвэрээр:” Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тушаалыг хүчингүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Сайн эмчийнхэн овогт Цагаанчулууны Одхүүг Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар илүү олгосон цалингийн зөрүү 747733 /долоон зуун дөчин долоон мянга, долоон зуун гучин гурван/ төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Г.Дандарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Алтай сумынСоёлын төвөөс ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.892.035 /дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга гучин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Одхүүд олгосугай.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгогдох 4.892.035 /дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга гучин тав/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилт хийхийг Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвд үүрэг болгосугай гэж шийдвэрлэжээ. 

  Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу тайлбарласан. Хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Одхүүг ажлаас халах тухай тушаалыг гарсан өдрөөс хойш 3-4 хоногийн дотор гардуулж өгсөн бөгөөд нэхэмжлэгч Ц.Одхүү нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу анх иргэний хэргийг үүсгэсэн байна.

  Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдах бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-т хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.гэж зааснаар 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах 1 сарын хугацаа шинээр тоологдох юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт болох Соёлын төвийн 8, 12 дугаар сарын цагийн тооцооны хуудас, эмч Э.Ганчимэгийн магадлагаа нь хуурамч болохыг шүүх хуралдаанд хариуцагч миний бие тайлбарлан хэлж, үүнийгээ нотлохоор Алтай сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн албан тоотыг хэрэгт хавсаргасан бөгөөд энэхүү нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний эдлэх эрх үүргийг сайн тайлбарлаж өгөлгүй гарын үсэг зуруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасана байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн  хуулийн шаардлага хангаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Нэхэмжлэгч  Ц.Одхүү нь хариуцагч Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчид холбогдуулан  Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр  “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн  бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргуулах” тухай шаардлагыг шүүхэд   гаргажээ.

  Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгч Г.Дандар  нь нэхэмжлэгчийн шаардлагыг  эс зөвшөөрч ажилтнаас ажилаагүй байхдаа авсан цалин 747733 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Ажил олгогч нь “ажилтанг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж,  ажил тасалсан, байгууллагын дотоод журмыг зөрчиж сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан тул түүнийг бүжгийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн,2017 оны 7,8, 12  дугаар сард илүү олгосон  цалин, 10 дугаар сард хуурамч листээр олгосон цалинг нэхэмжилж байгаа” гэж тайлбарлажээ.

Ажилтан нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.Сөрөг нэхэмжлэлийн тухайд миний бие ажиллаж байх хугацаандаа нэг ч цагийн ажил тасалж байгаагүй,бидний ажилласан цагийн бүртгэлийг үндэслэн цагийн тооцоог дарга гаргаж өгч ажилласан эсэхийг дарга нягтлан бодогч нар нягтлан үзэж зөвшөөрч цалин олгодог. Надад дарга нягтлан бодогчийн зөвшөөрөлгүйгээр нэг ч төгрөгийн цалин илүү авах эрх байхгүй. Соёлын төвийн даргын тушаалаар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс бүх ажилтны ээлжийн амралтыг олгож амраасан.Энэ үед миний ээлжийн амралт авах хугацаа болоогүй байсан тул дарга Г.Дандар “Ажлын ачаалалтай үед амралт олгохгүй,  ажилчдыг нийтээр нь амрааж байгаа үед нь хамт амраад 11 дүгээр сард ажилла” гэсэн тул  би 7 дугаар сарын 16-наас ээлжийн амралт авсан. 2017 оны 11 дүгээр сард амраагүй.2017 оны 8 дугаар сард бүх ажилчид байгууллагын засвар хийсэн, нэг ч минутын ажил таслаагүй, 10 дугаар сард өвчний учир эмнэлгийн магадалгаагаар ажлаас чөлөөлөгдсөн.” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  баримтаар ажил олгогчийн  “Ажлаас чөлөөлөх тухай” 2018 оны 04 дүгээр сарын  23-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д зааснаар бүжгийн багш Ц.Одхүүг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, удаа дараа ажил тасалсан, байгууллагын дотоод журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн дээрх тушаалын агуулга нь ажилтанг  сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэхээр байна. Ажил олгогчийн гаргасан тушаалыг ажилтан эс зөвшөөрч  шүүхэд гомдол гаргасан байна. Энэ тохиолдолд ажил олгогч нь гаргасан тушаалынхаа үндэслэл болон хөдөлмөрийн хуульд нийцэж байгаа байдлын талаар шүүхэд нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Шүүх ажил олгогчийг энэ үүргээ биелүүлэх боломжоор бүрэн хангасан байна.

Харин ажил олгогч нь ажилтныг сахилгын зөрчил давтан гаргасан талаар  тус бүрд нь байгууллагын захиргаанаас зөрчлийг хэрхэн шалгаж тогтоож баримтжуулсан, ажилтны гаргасан зөрчлийн талаар тайлбар авсан, хэзээ ямар  хурал зөвлөгөөнөөр хэлэлцэж хэрхэн шийдвэрлэсэн талаар, хуульд заасан шаардлага хэлбэрийг хангасан бичгийн болон бусад нотлох баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 Өөрөөр хэлбэл хэрэгт  авагдсан баримтаар ажилтан Ц.Одхүү нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж,  ажил тасалсан, байгууллагын дотоод журмыг зөрчиж сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан нь тогтоогдоогүй тул  ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг   цуцлах  тухай шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-дэх заалттай нийцээгүй  гэж үзлээ.

  Ажил олгогч сахилгын давтан зөрчлийн улмаас ажилтан Ц.Одхүүг ажлаас чөлөөлсөн тушаал болон сөрөг нэхэмжлэлийнхээ бодит байдалд нийцсэн үндэслэлийн талаар шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй  талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

Шүүх хөдөлмөрийн эрх зүйн маргааныг  шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан  баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн  нь зөв боловч хууль хэрэглээний алдаа, ажилтан Ц.Одхүүд ажилгүй байсан хугацааны олговор олгохдоо алдаатай тооцоолж гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хэрэгт авагдсан Ц.Одхүүгийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн түүний цалингийн дунджийг Нийгмийн хөдөлмөр хамгаалал   хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 5-д зааснаар тооцож  2017 оны 12 дугаар сард 491542 төгрөг,2018 оны 01 дүгээр сард 491542 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 491542 төгрөгийн цалин хөлс авч бөгөөд түүний  нийлбэр 1474626 төгрөгийг тухайн хугацаанд ажиллаж байсан  3 сард  хуваавал  ажилтны нэг сарын дундаж цалин хөлс 491542 төгрөгийг 21.5 ажлын өдөрт хуваахад 1 өдрийн цалин 22862 төгрөг   байна. Ц.Одхүү нь  211  хоног ажилгүй байсан тул түүний нэг сарын дундаж цалин хөлс 491542х211=4.823.970 төгрөгийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвөөс  улсын тэмдэгтийн хураамж  162333  төгрөг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулж,  дээрх үндэслэлээр анхан шатны  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар  хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 154/ШШ2019/00007 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтыг “1” гэж өөрчлөн “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д  заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Сайн эмчийнхэн овогт Цагаанчулууны Одхүүг Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн  бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож,  түүний ажилгүй байсан хугацааны олговорт 4.823.970 төгрөгийг Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн санхүүгээс гаргуулж Ц.Одхүүд олгосугай.” Гэж,

5 дахь заалтыг “2” гэж өөрчлөн “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-т  заасныг тус тус баримтлан Ц.Одхүүд олгогдох  олговроос  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвд үүрэг болгосугай.” Гэж,

6 дахь заалтыг  “3” гэж өөрчлөн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Одхүүгийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн  санхүүгээс 162.333 (70200+92133) төгрөг гаргуулж,  улсын орлого болгосугай.” Гэж,

7 дахь заалтыг “4” гэж  тус тус өөрчилж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар  хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.НЯМБАЯР

          

                                            ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                      

                                                                                               Н.ТУЯА