Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/07

 

   С.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/18 дугаар шүүгчийн захирамжтай, С.Н-д холбогдох эрүүгийн 20130036000237 дугаартай хэргийг яллагдагч, түүний өмгөөлөгч болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай, яллагдагчийн өмгөөлөгч С.Нургайып, хохирогчийн өмгөөлөгч Х.Зулхаш болон өмгөөлөгч Ц.Монгол /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

С.Н нь 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бураатын даваа” гэх газарт 41-12 БӨТ улсын дугаартай, “Соната-6" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин засмал замын хажууд аваарын дохио өгч зогсож байсан 68-77 УНЧ улсын дугаартай “Тойота приус-20” маркийн суудлын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Э-гийн биед хөнгөн хохирол, түүний 10 сартай охин Г.Н-Э-ийн биед хөнгөн хохирол учирч, Э.Г-нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/18 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-д холбогдох эрүүгийн 2013003000237 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаасан байна.

 

Яллагдагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн "хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн" 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/18 дугаар захирамжийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ" гэж заасныг үндэслэн иргэн Э.Г-ийн амь нас хохирсны улмаас хүүхдүүдэд нь эрх бүхий байгууллагаас тэжээгчээ алдсаны тэтгэлэг, тэтгэмж тогтоосон эсэх тухай шийдвэрийг хэрэгт хавсаргахын тулд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Энэхүү нотлох баримтыг шүүхийн шатандаа цуглуулах бүрэн боломжтой байхад шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцааж байгаа явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 41 дугаартай "Хүсэлтийг хангах тухай", 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаартай "Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” прокурорын шийдвэрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Монголын гар утсанд залгаж мэдэгдсэн, мөн өмгөөлөгч Х.Зулхашт 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа хэргийг хэргийн оролцогч нарт бүрэн танилцуулах, яллагдагчаас сайн дурын үндсэн дээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар шилжүүлсэн мөнгө төгрөгийг холбогдох хууль, журмын хүрээнд хохирогч талд олгох арга хэмжээг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй тул хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэжээ. Хохирогч болон хууль ёсны төлөөлөгчид нь Баян-Өлгий аймагт шалгагдсан энэхүү эрүүгийн хэрэгт өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулахаар тус аймагт өмгөөллийн үйл ажиллагааг тогтвор суурьшилтай явуулдаг Х.Зулхашыг өмгөөлөгчөөр ажиллуулсан байна. Хохирогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх хариу мэдэгдэх хуудсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Монголын гар утсанд залгаж мэдэгдсэнээс гадна өмгөөлөгч Х.Зулхашт гардуулж өгч байжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч болон түүний өмгөөлөгч, төлөөлөгчийн эрхийг нь зөрчсөн асуудал тогтоогдохгүй байна. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

           

Прокурорын эсэргүүцэлд: “...Захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт шийдвэрлэнэ.” гэж заасан тул иргэн Э.Г-ийн амь нас хохирсны улмаас хүүхдүүдэд нь эрх бүхий байгууллагаас тэжээгчээ алдсаны тэтгэлэг, тэтгэмж тогтоосон эсэх тухай шийдвэрийг хэрэгт хавсаргах шаардлагатай гэжээ. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно.” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шатанд тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.” гэж тус тус заасан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э- иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд гаргах эрхтэй байна. Иймд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гаргаж өгөх боломжтой, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг гаргуулан авах үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй байна. Мөн шүүгч захирамждаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа хэргийг хэргийн оролцогч нарт бүрэн танилцуулах, яллагдагчаас сайн дурын үндсэн дээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар шилжүүлсэн мөнгө төгрөгийг холбогдох хууль, журмын хүрээнд хохирогч талд олгох арга хэмжээг эрх бүхий албан тушаалтнаас авах нь зүйтэй гэжээ. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөгч Д.Н мөрдөн байцаалтын ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусгаж, С.Н-ад холбогдох 2013003000237 дугаартай хэргийг хохирогч Ц.Э-, хууль ёсны төлөөлөгч Ц.Э-, иргэний нэхэмжлэгч Э.Ц-, өмгөөлөгч Ц.Монгол нарт хавтаст хэргийн материалыг танилцуулахаар удаа дараа дуудахад хавтаст хэргийн материалыг өмгөөлөгч Х.Зулхашт танилцуулан хэргийг шилжүүлж өгөхийг хүссэн гэх мөрдөгчийн тайлбар хэрэгт авагдсан байна. Хавтаст хэргийн материалыг хохирогчийн өмгөөлөгч Х.Зулхашт танилцуулан прокурорт шилжүүлсэн ба хэрэг прокурорын хяналтад байх хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-, хохирогч Ц.Э-гийн өмгөөлөгч Ц.Монгол нар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр биечлэн ирж хавтаст хэргийн материалтай танилцсан болно. Хэрэг прокурорт шилжсэнээс хойш хэрэгт ямар нэгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй ба оролцогч нарыг прокурорын шатанд хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангаж ажилласан байна. Түүнчлэн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон Э.Ц- нь Улаанбаатар хотоос Увс аймагт ирсэн гэх боловч Ковид-19 цар тахлын хөл хорионы үед Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирэх боломжгүй гэсэн байх тул хавтаст хэргээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой гарсан үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүдийг Увс аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчид цахимаар хүргүүлэн иргэний нэхэмжлэгч Э.Ц-т танилцуулах арга хэмжээ авч ажилласан болно. Яллагдагч С.Н- гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 10.000.000 төгрөгийн хохирлыг тус аймгийн Прокурорын газрын Голомт банкин дахь хохирлын дансанд хийсэн талаар баримтаа яллах дүгнэлт гардаж авах өдөр өмгөөлөгчийн хамт гаргаж өгсөн ба холбогдох баримтыг хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн байна. Захирамжийн 3 дугаар заалт бүхий хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа хэргийг хэргийн оролцогч нарт бүрэн танилцуулах, яллагдагчаас сайн дурын үндсэн дээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар шилжүүлсэн мөнгө төгрөгийг холбогдох хууль, журмын хүрээнд хохирогч талд олгох арга хэмжээг авах гэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд шүүхээс хэргийг буцаах үндэслэлээ болгосон дээрх 2 заалтыг эс зөвшөөрч байх тул тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/18 дугаартай захирамжийн 1, 3 дугаар заалтыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг яллагдагч С.Н- болон түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн, давж заалдах гомдол болон эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид (1) хохирогч Э.Г-ийн амь нас хохирсны улмаас хүүхдүүдэд нь эрх бүхий байгууллагаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон эсэх тухай шийдвэрийг хэрэгт хавсаргах, (2) тухайн хэргийн шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоолгох тухай хохирогч Ц.Э-, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарын хүсэлтийг хангахаас татгалзсан прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасан журмаар хохирогч болон түүний өмгөөлөгчид хүргүүлээгүй тул мөн хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын прокурорын дээрх шийдвэртэй холбогдуулан дээд шатны прокурорт гомдол гаргах хохирогчийн эрхийг бодитой хангуулахаар, (3) хэрэгт авагдсан баримтаар[1] яллагдагч С.Н-аас хохирол төлбөрт зориулан Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Голомт банк дахь 5805007969 дугаар дансанд байршуулсан 10.000.000.00 /арван сая/ төгрөгийг хохирогчид олгох зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасныг яллагдагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

1. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар “...Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж хуульчилсан байх тул шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн эхний заалт хууль зүйн үндэслэлтэй ба зохих баримтыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох шаардлагатай гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад нийцжээ.

 

2. Прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолын талаар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчийн өмгөөлөгч Ц.Монголын гар утсанд холбогдож мэдэгдсэн талаар прокурор Х.Өрен тэмдэглэл үйлдэж, хэрэгт хавсаргасан[2] боловч үүнийг хяналтын прокурорын дээрх шийдвэртэй холбогдуулан дээд шатны прокурорт мөн хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хохирогчийн эрхийг бодитой хангасан гэж үзэхгүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Э- нь 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант суманд оршин суудаг[3], Ц.Э-  нь Увс аймгийн Улаангом суманд оршин суудаг, иргэний нэхэмжлэгч Э.Ц- нь Увс аймгийн Улаангом суманд оршин суудаг[4], гэрч Б.Н-[5], Б.Д-нар Ховд аймгийн Жаргалант суманд оршин суудаг[6] зэрэг нөхцөл байдал тогтоогдсоор байхад прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолд “холбогдох хэргийн хувьд хэргийн оролцогч, гэрчийн олонх нь Ховд аймагт байгаа гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэжээ. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонх байгаа газарт, ... эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно.” гэж заасны дагуу, хохирогч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн прокуророос саналаа хэргийн хамт Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнд хүргүүлж, тус хэргийн шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоолгох эсэхийг шийдвэрлүүлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх юм.

 

3. Яллагдагч С.Н-аас хохирол төлбөрт зориулан Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Голомт банк дахь 5805007969 дугаар дансанд байршуулсан 10.000.000.00 /арван сая/ төгрөгийг хохирогчид олгох арга хэмжээ авахыг даалгасан шүүгчийн захирамжийн заалтыг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/18 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч С.Н- болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ 

                                                                                                           

М.НЯМБАЯР

 

 

 

 

[1] Хэргийн 2 дугаар хавтасны 43 дугаар тал.

[2] Хэргийн 2 дугаар хавтасны 34 дүгээр тал.

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 96, 103 дугаар тал.

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 106 дугаар тал.

[5] Хэргийн 2 дугаар хавтасны 112 дугаар тал.

[6] Хэргийн 2 дугаар хавтасны 114 дүгээр тал.