Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/158

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

орчуулагч, хэлмэрч Б.Ж,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-,

шүүгдэгч Ш.Р- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.у овогт Ш-н Р-ад холбогдох эрүүгийн 2013003300244 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1957 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн ............ сумын ..... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, К.у овогт Ш-н Р-, РД:БЛ..................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Р- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Харгай салаа” гэх газраас 2020 оны 9 дүгээр сарын эхээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтанд орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр 111.75 килограммыг түүж, бэлтгэн хадгалж, Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу тээвэрлэн хүргүүлж, байгаль экологид 5.587.500 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Ш.Р-аас мэдүүлэхдээ: “Миний бие энэ сонгиныг худалдаж ашиг олъё гэж түүгээгүй. Ам бүлийн хүнсний хэрэгцээнд зориулж түүсэн. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... ” гэв.

Хоёр: Эрүүгийн 2013003300244 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч И.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/,

2. Шинжээч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж-ын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №8 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас/,

3. Гэрч Х.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

4. Шинжээч И.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

5. Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

6. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

7. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,

8. Яллагдагч Ш.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Р-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар санал дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ш.Р- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харин зөрчил үйлдсэн гэж, түүний өмгөөлөгч С.Н-аас шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй боловч энэ зөрчил нь эрүүгийн гэмт хэрэг биш зөрчлийн шинжтэй үйлдэл гэж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Ш.Р- нь Байгалийн ургамлын тухай хууль, түүнд нийцүүлэн Байгаль орчныг хамгаалах төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг тус тус зөрчиж, 2020 оны 9 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Харгай салаа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтанд орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр 111.75 килограммыг түүж, бэлтгэн хадгалж, Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу тээвэрлэн хүргүүлж, байгаль экологид 5.587.500 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,

- 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Иргэн Р.Иманнасиваас хураан авсан сонгино нь улаан өнгийн 5 шуудай сонгино байна. Уг шуудайтай сонгинуудыг 1-ээс 5 хүртэл дугаарлаж шуудай тус бүрийг хиллэж үзэхэд 1 дүгээр шуудай 22.95 кг, 2 дахь шуудай 24.15 кг, 3 дахь шуудай 26.05 кг, 4 дэх шуудай 23.10 кг, 5 дахь шуудай 15.5 кг, нийт 111.75 кг сонгино байв” /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч И.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэнгэл сумын 6 дугаар багийн иргэн Ш овогтой Р нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын 168-д зааснаар ховор ургамлын жагсаалтанд орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр түүж бэлтгэж ургамалд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Цэнгэл сумын 6 дугаар багийн иргэн Ш овогтой Р нь 111.75 кг сонгино түүж бэлтгэсэн. Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тогтоолоор Алтайн сонгины Экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 50.000 төгрөг байхаар зааж өгсөн байдаг. Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-д ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан байдаг.

2020 онд Цэнгэл сумаас ховор ургамлын жагсаалтад Алтайн сонгиныг ахуйн хэрэглээний журмаар түүж, бэлтгэх зөвшөөрөл авсан иргэн байхгүй. Цэнгэл сумын 6 дугаар багийн иргэн Ш овогтой Р нь 2020 онд Цэнгэл сумаас ховор ургамлын жагсаалтанд орсон Алтайн сонгиныг ахуйн хэрэглээний журмаар түүж, бэлтгэх зөвшөөрөл аваагүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж-ын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №8 дугаартай “...Цагдаагийн газарт хураагдсан ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан ховор ургамлын жагсаалтанд болон Монгол Улсын ургамлын улаан номд орсон Алтайн сонгино байна. Монгол Улсын Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тогтоолоор Алтайн сонгины экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 50.000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас/,

- Гэрч Х.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед миний бие аймгийн төв рүү явах үл таних залууг авахаар манай сумын Сейл гэдэг хүний гэрийн ойролцоох гудамжнаас очиж авсан. Энэ үед уг залуу миний машинд ачаагаа өөрөө ачиж машинд ороод суусан. Тэрээр миний бие бусад хүмүүсээ машиндаа суулгаж аваад аймгийн төв рүү орж ирээд Зайд сургуулийн ойролцоо явж байхад цагдаа нар зогсоогоод миний бичиг болон тээвэрлэж явсан ачааг шалгасан. Энэ үед цагдаа нар энэ шуудайтай сонгино хэний сонгино бэ гэхэд миний машинд суусан үл таних залуу миний сонгино гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

- Шинжээч И.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 12 дугаар зүйлд ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын 4 дэх хэсэгт нөөцийг ашиглах дээд хэмжээний талаар зааж өгсөн байдаг. Алтайн сонгино нь байгалийн ховор ургамалд орох бөгөөд ховор ургамлыг ахуйн зориулалтаар ашиглахад үндэс, үндэслэг ишийг 2 килограмм хүртэл хэмжээгээр ашиглах ба тухайн орон нутгийн Засаг даргаас ашиглах зөвшөөрөл авна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын нутаг дэвсгэрээс энэ жил буюу 2020 онд Алтайн сонгино түүж, бэлтгэх зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

- Шүүгдэгч Ш.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие тус аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн иргэн юм. Манай гэр Цэнгэл сумын Харгай салаагийн ам гэх газарт 2020 оны 9 дүгээр сарын эхний долоо хоногт нүүж ирсэн юм. Тухайн газарт нүүж ирээд 9 дүгээр сарын 10-ны үеэр өглөө эрт гэрээсээ гараад манай гэрийн хажуу талд байдаг Харгай салаагийн уулнаас өглөөний 08 цагаас оройн 17 цаг хүртэл 50 кг-ийн ууттай гурилын цагаан шуудайгаар 2 шуудай сонгино түүж бэлтгэж гэр лүүгээ үүрч хүргэсэн юм. Түүж бэлтгэсэн сонгиноо гэрийн гадна талд авч ирээд асгаж, буцаагаад шар улаан өнгөтэй 5 уутанд хийгээд тавьсан юм. Хэд хоногийн дараа манай хүү болох И- нь Улаанбаатар хот руу сургуульдаа явахаар болоод аймгийн Цэнгэл сумын төвөөс аймгийн төв рүү орох үед нь миний бие хүү И-т ууттай 5 шуудай сонгиныг өгөөд “аймгийн төвд очоод хүргэн Н-ийн гэрт үлдээчих” гэж хэлээд явуулсан юм. Тухайн үед миний хүү Цэнгэл сумын Д- гэх жолоочийн фургон маркийн тээврийн хэрэгслээр явсан юм. Миний бие аймгийн төвд байх хамаатнууддаа хувааж өгөхөөр түүж бэлтгэсэн юм. Миний бие ойролцоогоор 100 килограмм орчим сонгино түүж бэлтгэсэн. Тухайн түүсэн сонгиныг хэмжиж үзээгүй 20 килограммын 5 уутанд хуваагаад хийсэн юм.

Миний бие Харгай салаа гэх газраас түүж, бэлтгэсэн сонгиныг ганцаараа түүж, бэлтгэсэн юм. Надтай хамт ямар нэгэн хүн хамт яваагүй. Тухайн жолооч нь манай сумын жолооч байсан гэхдээ зүгээр л таксинд явдаг жолооч юм. Миний хүү үүнд ямар ч хамаагүй миний бие сумын таксины жолоочийн машинд тавьж өгч явуулсан. Тухайн үед миний хүү аймгийн төв рүү сургуульдаа явахаар болсон юм. Миний бие хуулийн мэдлэг дутмаг асуудлаас болоод сонгино түүж болохгүй гэдгийг мэдээгүй юм. Хэрвээ мэдэж байсан бол сонгино түүхгүй байсан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэх /хавтаст хэргийн 48-49, 222-223 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Ш.Р-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ.”, 2 дахь хэсэгт “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: 2/ховор;”, 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.” гэж хуульчилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай, Жагсаалт батлах тухай /Ховор ургамлын жагсаалт/ тогтоолын хавсралтын 168 дугаарт Алтайн сонгиныг ховор ургамлын жагсаалтад оруулсан байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно.”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/166 дугаартай, “Журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 4 дэх хэсэгт нөөцийг ашиглах дээд хэмжээг заасан бөгөөд Алтайн сонгино нь байгалийн ховор ургамалд хамаарах тул уг ургамлыг ахуйн зориулалтаар нэг удаа ашиглахад үндэс, үндэслэг ишийг 2 кг хүртэл хэмжээгээр ашиглах ба тухайн орон нутгийн эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл /эрхийн бичиг/ авахаар зохицуулжээ.

Тухайн гэмт этгээд ховор ургамлыг “зохих зөвшөөрөлгүйгээс” гадна “хуульд зааснаас өөр зорилгоор” түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинж бүрэн хангагдана гэж үзнэ.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуульд заасан өөр зорилго” гэдгийг, тухайлбал ховор ургамлын хувьд Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Иргэд ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор...” гэж хуульчилсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл, иргэд байгалийн ховор ургамлыг “өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах” хуульд заасан зорилгоор, зохих зөвшөөрлөөр ашиглаж болно.

Харин Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зохих зөвшөөрөлгүйгээр /эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж/ байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд ашиглах зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол мөн хуулиар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Үүнээс дүгнэвэл, зохих зөвшөөрөлгүйгээр, Байгалийн ургамлын тухай хуульд заасан зорилгоор байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол Зөрчлийн тухай хуулиар, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тус тус, ялгамжтай хуульчилсан.

Шүүгдэгч Ш.Р-ын хувьд тухайн орон нутгийн эрх бүхий албан тушаалтнаас зохих зөвшөөрөл аваагүй, ахуйн хэрэгцээнд ашиглах зорилгоор түүсэн гэх боловч ийм их хэмжээний буюу 111.75 кг /5 шуудай/ ховор ургамал болох Алтай сонгиныг ахуйн хэрэгцээнд ашиглана гэдэг нь бодит байдалд нийцэхгүй байна.

Шүүгдэгч Ш.Р- нь Байгалийн ургамлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Байгаль орчныг хамгаалах төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг тус тус зөрчиж, 2020 оны 9 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Харгай салаа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтад орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр 111.75 килограммыг түүж, бэлтгэн хадгалж, Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу тээвэрлэн хүргүүлж, байгаль экологид 5.587.500 төгрөгийн бодит хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалж “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуульд зааснаас өөр зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Мөн тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ш.Р-ын гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь нөлөөлсөн гэж үзнэ.

Тав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаартай, “Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын хавсралтад зааснаар 1 кг Алтайн сонгины экологи эдийн засгийн үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоосон байна.

Шүүгдэгч Ш.Р-ын зохих зөвшөөрөлгүйгээр 111.75 кг ховор ургамал болох Алтай сонгино түүж, бэлтгэсэн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 5.587.500 төгрөгийн бодит хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3/ “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу 5 дахин нэмэгдүүлэн тооцоход 111.75 кг Алтайн сонгино х 50.000 төгрөг х 5= 27.937.500 төгрөг байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэгт шүүгдэгч Ш.Р-аас бодит хохирол 5.587.500 төгрөг гаргуулахыг хүссэн нь хуулийн үндэслэлгүй гэж дүгнэлээ.   

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Ш.Р-аас ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 27.937.500 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Шүүхээс эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 5 шуудай Алтайн сонгиныг хэчнээн кг болохыг хэмжиж үзэхэд хатаж хуурайшиж 30.65 кг гарсан нь хохирлын хэмжээг тооцоход нөлөөлөхгүй болно. Тодруулбал тухайн хэрэг учрал болох үед түүсэн сонгино нь 111.75 кг байсан ба түүнээс хойших хугацаанд байгалийн жамаар хөнгөрч хуурайшиж хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон байна.

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Мөн шүүгдэгч Ш.Р- урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ш.Р-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Р-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.Р-ад шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

  • Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
  • Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
  • Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Ш.Р-ад оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Тодруулбал, шүүгдэгч Ш.Р- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

Хэрэв шүүгдэгч Ш.Р- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй

Долоо. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Р- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Р-ын эзэмшлийн 5 тооны саалийн үнээг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5/66 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, иргэн Х.Д-ы эзэмшлийн Уаз фургон загварын 8230 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон, шүүхийн хэлэлцүүлэгт хэмжиж үзэхэд 30,65 кг гарсан Алтайн сонгиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Р-ын гэмт хэрэг үйлдэхэд буюу 111.75 кг Алтайн сонгиныг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Өлгий сум руу тээвэрлэхэд ашигласан Уаз фургон загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Р-ын хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын орлого болгох боломжгүй гэж үзлээ.

Машин механизмыг хэрэглэсэн гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Шүүгдэгч Ш.Р- нь энэхүү тээврийн хэрэгслээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж дууссаны дараа буюу байгалийн ховор ургамлыг түүж, бэлтгэсэн, улмаар гэртээ хадгалж байгаад буюу гэмт хэрэг төгссөнөөс хойш ашигласан тул гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх боломжгүй байна.

Харин уг 111.75 кг Алтайн сонгиныг тухайн газраас зөөвөрлөхдөө тээврийн хэрэгсэлд ачих үйлдэл хийсэн бол уг гэмт хэрэг төгссөн, төгсөөгүй аль нь боловч тээврийн хэрэгсэл ашигласан гэж үздэг.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.Р- 111.75 кг Алтайн сонгиныг түүж, бэлтгэсэн ба улмаар гэртээ хадгалж байгаад гэмт хэрэг төгссөний дараа уг автомашинаар тээвэрлэсэн бөгөөд 111.75 кг Алтайн сонгиныг түүж, бэлтгэхдээ уг тээврийн хэрэгслийг ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ш.Р-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч К.у овогт Ш-н Р-ыг хуульд зааснаас өөр зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Р-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Р-ад оногдуулсан 1 /нэг/ зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Р- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Ш.Р-аас ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 27.937.500 /хорин долоон сая есөн зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Р- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Ш.Р-ын эзэмшлийн 5 тооны саалийн үнээг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5/66 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, иргэн Х.Д-ы эзэмшлийн Уаз фургон загварын 8230 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 111.75 кг Алтайн сонгиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Шүүгдэгч Ш.Р-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК