Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2019/00172

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б /-т холбогдох,

Цом буюу цомын үнэ 45 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.б , хариуцагч Ж.б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Ж.б нь тус Орос 6 дугаар цэцэрлэгт мужаанаар ажилд ороод 4 жил болж байна. Нэхэмжпэгч Х.б миний бие тус цэцэрлэгт 12 жил ажиллаж байна. Энэ хугацаанд миний бие нь Орос 19 дүгээр сургууль, орон сууц, зочид буудал, Орос 6 дугаар цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар одоо 6 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Ш.б нь 2016 онд цехийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн дунд зохион байгуулсан хорооны нэрэмжит гар бөмбөгийн шилжин явах цомын төлөө тэмцээнд багаараа оролцож 1 дүгээр байр эзэлж Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрэмжит шилжин явах цом, медаль, 100 000 төгрөгийн мөнгөн шагналыг гардан авсан юм. Гэтэл 2017 онд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд 2 дугаар байранд орж хожигдсон бөгөөд шилжин явах цомоо авчирч өгөхгүй 2 жил болж байна. Миний бие хороон даргын хувиар мөн гишүүдийн шаардлагаар цомоо авчирч өгөхийг удаа дараалан шаардсан боловч үл тоомсорлож өөдөөс хэл амаар доромжлох, байгууллагын даргатай дотно байдаг өөрийн давуу талаа ашиглаж зарим нэг ажилчидтай нийлэн миний нэр хүндийг санаатай зохион байгуулалттай, ажил олгогчийн захиалга даалгавраар гутаан доромжлох, гүтгэх, өөр хэсэг нэгжийн ажилчдын дунд захиалгат гүтгэлэг, нэр хүндэд халдсан үйлдэл гаргаж байна. Би энэ хүнд өгсөн цом гардуулалтын бичиг баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байгаа. Хүлээж аваад гарын үсэг зурсан байгаа нь тодорхой байгаа тул шилжин явах цомыг, үрэгдүүлсэн бол цомын үнэ 45 000 төгрөгийг Ж.б ээс гаргуулж өгнө үү. Гүтгэн доромжилсон болон, нэр хүндэд халдаж байгаа үйлдэлд нь Цагдаагийн байгууллагад хандаж эрхээ хамгаалуулна гэж бодож байгаа гэжээ.

Хариуцагч Ж.б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.б гийн нэхэмжлэлтэй Ж.б т холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Жумааш овогтой б миний бие 2014 оноос мужаан, грушкээр Орос 6 дугаар цэцэрлэгт ажиллаж байна. 2016 онд "Хос цех"-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан сагс, волейволын аварга шалгаруулах тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлж цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал авсан. Шагналаа гардуулах үеэр тэргүүн байр эзэлсэн багийг 150 000 төгрөгөөр шагнаж байна хэмээн танилцуулж дугтуйтай мөнгө өгсөн. Гэвч дугтуйн дотор 150 000 биш 20 000 төгрөг байсан. Учрыг лавлахад Х.б нь 150 000 төгрөгөндөө цом, медаль, өргөмжлөл бүгд багтаад үлдэгдэл нь 20 000 төгрөг байгаа гэж тайлбарласан. Тухайн үед тэмцээн зохион байгуулахаас өмнө болон шагнал гардуулах үедээ Хос цехийн үйлвэрчний эвлэлийн хорооноос бидэнд тухайн цомыг шилжин явах цом хэмээн огт хэлж байгаагүй тэмцээнд түрүүлэх үед өгсөн өргөмжлөл дээр шилжин явах цомын талаар дурьдаагүй байдаг. Шилжин явах цом хэмээн надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. 2017 онд ээлжит аваргын тэмцээн болоод манай орос цэцэрлэг 2 дугаар байр эзлэхэд Х.б нь гэнэт шилжин явах цомтой хэмээн ярьж надаас цомоо нэхэж эхэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хос цехийн үйлдвэрчний хорооны тайлан сонгуулийн хурал дээр энэ асуудлыг хөндөж асуухад Х.б нь надад шагнал өгөхдөө анх хэлсэн зүйлийг дахин хэлсэн. Гэвч одоо энэ асуудлаар миний нэр төрд халдаж асуудал үүсгэж байгаад гомдолтой байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул Х.б гийн нэхэмжлэлтэй Ж.б т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.б нь Ж.б д холбогдуулан цом буюу цомын үнэ 45 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2016 онд Орос 19 дүгээр сургууль, орон сууц, зочид буудал, Орос 6 дугаар цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, Орос 6 дугаар цэцэрлэг түрүүлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал авсан талаар талууд маргахгүй байна.

Харин талууд, Орос 6 дугаар цэцэрлэгт тухайн үед гардуулан өгсөн цомыг шилжин явах цом, шилжин явахгүй цом байсан гэж маргаж байгаа.

Хариуцагч шүүх хуралдаан дээр шагнуулсан гэх цомыг авчирсан бөгөөд, нэхэмжлэгч Х.б нь: ...яг ийм цом байсан, гэхдээ цом дээр нь шилжин явах цом гэсэн бичигтэй байсан гэсэн бөгөөд, хариуцагч цом дээр шилжин явах цом гэсэн бичиг байгаагүй, өргөмжлөл дээрээ алтан медаль, цом, мөнгөн шагналаар шагнав гэж бичсэн байсан, шагналд өгсөн цом нь энэ мөн гэж тайлбарласан.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2016 оны12 дугаар сарын 26-ны өдөр Хос цехийн ҮЭ-ийн хорооноос Катюша 6 дугаар цэцэрлэгийн баг хамт олонд олгосон өргөмжлөлд: ...Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хос цехийн ҮЭ-ийн хорооноос хүндэт б ахлагчтай Катюша 6 дугаар цэцэрлэгийн баг хамт олонд 2016 оны АВАРГА-аар шалгарсанд талархал илэрхийлж аваргын алтан медаль, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав гэжээ.

Эндээс үзэхэд /өргөмжлөлөөс/ аваргын алтан медаль, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав гэсэн нь цомоор шууд шагнасан гэж үзэхээр байх бөгөөд, цом нь хэрвээ шилжин явах байсан бол өргөмжлөлд ч энэ талаар тусгах шаардлагатай гэж үзнэ.

Харин дээрх тэмцээний дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Хос цехийн ҮЭ-ийн хорооноос зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээний өргөмжлөлд: ...ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын төлөөх гар бөмбөгийн тэмцээн гэж бичигдсэн байгаа нь нэхэмжлэгчийн өмнө нь шилжин явах цом байсан гэсэн тайлбарыг няцааж байна.

Нэхэмжлэгч Х.б нь ... өмнө нь 2014, 2015 онд шилжин явах цом байсан, шилжүүлж байсан гэсэн тайлбараа нотлоогүй бөгөөд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хос цехийн 3 хэсгийн дунд зохион явуулсан шилжин явах цомын төлөө гар бөмбөгийн тэмцээн болон шинэ жилийн баярын арга хэмжээний шагнал урамшуулалд зарцуулсан мөнгөний тайлан гэсэн баримтаар Шилжин явах цом байсан гэж дүгнэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалтуудын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Ж.б ээс цом буюу цомын үнэ 45 000 төгрөг гаргуулах Х.б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг баримтлан Ж.б ээс цом буюу цомын үнэ 45 000 төгрөг гаргуулах Х.б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА