Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00046

 

 

 

 

 

 

 

 

2019        03          21                                   46

 

 

Б-гийн нэхэмжлэлтэй хариуцагч

Ж-т холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00172 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж-т холбогдох,

Цом буюу цомны үнэ 45.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б-, хариуцагч Ж-, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж- нь тус Орос 6 дугаар цэцэрлэгт мужаанаар ажилд ороод 4 жил болж байна. Нэхэмжлэгч Б- миний бие тус цэцэрлэгт 12 жил ажиллаж байна. Энэ хугацаанд миний бие нь Орос 19 дүгээр сургууль, орон сууц, зочид буудал, Орос 6 дугаар цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар одоо 6 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Ш.Ж- нь 2016 онд цехийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн дунд зохион байгуулсан хорооны нэрэмжит гар бөмбөгийн шилжин явах цомын төлөө тэмцээнд багаараа оролцож 1 дүгээр байр эзэлж Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрэмжит шилжин явах цом, медаль, 100.000 төгрөгийн мөнгөн шагналыг гардан авсан юм. Гэтэл 2017 онд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд 2 дугаар байранд орж хожигдсон бөгөөд шилжин явах цомоо авчирч өгөхгүй 2 жил болж байна. Миний бие хороон даргын хувиар мөн гишүүдийн шаардлагаар цомоо авчирч өгөхийг удаа дараалан шаардсан боловч үл тоомсорлож өөдөөс хэл амаар доромжлох, байгууллагын даргатай дотно байдаг өөрийн давуу талаа ашиглаж зарим нэг ажилчидтай нийлэн миний нэр хүндийг санаатай зохион байгуулалттай, ажил олгогчийн захиалга даалгавраар гутаан доромжлох, гүтгэх, өөр хэсэг нэгжийн ажилчдын дунд захиалгат гүтгэлэг, нэр хүндэд халдсан үйлдэл гаргаж байна. Би энэ хүнд өгсөн цом гардуулалтын бичиг баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байгаа. Хүлээж аваад гарын үсэг зурсан байгаа нь тодорхой байгаа тул шилжин явах цомыг, үрэгдүүлсэн бол цомын үнэ 45 000 төгрөгийг Ж-ээс гаргуулж өгнө үү. Гүтгэн доромжилсон болон, нэр хүндэд халдаж байгаа үйлдэлд нь Цагдаагийн байгууллагад хандаж эрхээ хамгаалуулна гэж бодож байгаа гэжээ.

Хариуцагч Ж- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. У овогтой Ж- миний бие 2014 оноос мужаан, грушкээр Орос 6 дугаар цэцэрлэгт ажиллаж байна. 2016 онд "Хос цех"-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан сагс, волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлж цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал авсан. Шагналаа гардуулах үеэр тэргүүн байр эзэлсэн багийг 150.000 төгрөгөөр шагнаж байна хэмээн танилцуулж дугтуйтай мөнгө өгсөн. Гэвч дугтуйн дотор 150.000 биш 20.000 төгрөг байсан. Учрыг лавлахад Б- нь 150.000 төгрөгөндөө цом, медаль, өргөмжлөл бүгд багтаад үлдэгдэл нь 20.000 төгрөг байгаа гэж тайлбарласан. Тухайн үед тэмцээн зохион байгуулахаас өмнө болон шагнал гардуулах үедээ Хос цехийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос бидэнд тухайн цомыг шилжин явах цом хэмээн огт хэлж байгаагүй тэмцээнд түрүүлэх үед өгсөн өргөмжлөл дээр шилжин явах цомын талаар дурдаагүй байдаг. Шилжин явах цом хэмээн надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. 2017 онд ээлжит аваргын тэмцээн болоод манай орос цэцэрлэг 2 дугаар байр эзлэхэд Б- нь гэнэт шилжин явах цомтой хэмээн ярьж надаас цомоо нэхэж эхэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хос цехийн үйлдвэрчний хорооны тайлан сонгуулийн хурал дээр энэ асуудлыг хөндөж асуухад Б- нь надад шагнал өгөхдөө анх хэлсэн зүйлийг дахин хэлсэн. Гэвч одоо энэ асуудлаар миний нэр төрд халдаж асуудал үүсгэж байгаад гомдолтой байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул Б-гийн нэхэмжлэлтэй Ж-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00172 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг баримтлан Ж-ээс цом буюу цомын үнэ 45.000 төгрөг гаргуулах Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б- давж заалдсан гомдолдоо:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг сайн асууж тодруулаагүй ба “Шилжин явах цом” гардуулж өгсөн гэсээр байтал түүнийг нягталж сайн тодруулахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тус өдрийн анхан шатны шүүх хурал дээр хариуцагч нь ийм цом байсан гэж цоо шинэ ямар ч бичвэргүй цом авчирсан ба ямартаа ч цом авсан гэх байдлаа хариуцагч өөрөө зөвшөөрч, няцаалтгүйгээр шүүх хурал дээр авчраад байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. “Ж- нь тус Орос 6 дугаар цэцэрлэгт мужаанаар ажилд ороод 4 жил болж байна. Нэхэмжлэгч Б- миний бие тус цэцэрлэгт 12 жил ажиллаж байна. Энэ хугацаанд миний бие Орос 19 дүгээр сургууль, орон сууц, зочид буудал, Орос 6 дугаар цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар одоо 6 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Ш.Ж- нь 2016 онд цехийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн дунд зохион байгуулсан хорооны нэрэмжит гар бөмбөгийн шилжин явах цомын төлөө тэмцээнд багаараа оролцож 1 дүгээр байр эзэлж Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрэмжит шилжин явах цом, медаль, 100.000 төгрөгийн мөнгөн шагналыг гардан авсан юм. Гэтэл 2017 онд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд 2 дугаар байранд орж хожигдсон бөгөөд шилжин явах цомоо түрүүлсэн багт өгөхөөр шаардахад авчирч өгөхгүй 2 жил болж байна. Миний бие Үйлдвэрчний хорооны даргын хувиар мөн гишүүдийн шаардлагаар цомоо авчирч өгөхийг удаа дараалан шаардсан боловч үл тоомсорлож өөдөөс хэл амаар удаа дараа доромжилсон болно. Энэ байдал нь өөрийнх нь хувийн зан байдал болон зохион байгуулалт, бусдыг үлгэрлэх, хамт олны уур амьсгалыг сөрөг болгох муу үр дагавартай байгаа бөгөөд залуу хүн хариуцлагатай, зөв үлгэр дуурайлттай шударга байх талаар ахмад ажилтан миний хувьд үзэж шаардаж байгаа болно. Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ж-ээс “Шилжин явах цом” буюу түүний үнэ 45.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б- хариуцагч Ж-ээс цом буюу үнэ 45.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

2016 онд Орос 6 дугаар цэцэрлэгийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос байгууллагуудынхаа дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж түүнд Орос 6 дугаар цэцэрлэг / Ж- ахлагчтай / түрүүлж цом өргөмжлөл мөнгөн шагнал авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Ж- тэмцээн зохион байгуулахдаа Б- шилжин явах цом гэж танилцуулаагүй өргөмжлөл цомонд шилжин явах гэж бичээгүй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна. Нэхэмжлэгч Б- нь гар бөмбөгийн тэмцээний үеэр гардуулсан цом, өргөмжлөлд шилжин явах цом гэж бичсэн гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагч Ж- нь тэмцээнээр авсан цомоо авчирч өгч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн нь хуульд харшлахгүй бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчдын эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрсэн эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ОЮУНЦЭЦЭГ

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

         ШҮҮГЧ                                                                     С.УРАНЧИМЭГ