Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2018/00719

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2018/00719

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ё.Н

Хариуцагч: Ч.Б

550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 04 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ч.Д нь Н багт амьдардаг найз Ё.Н , З.Э нарт 700 000 төгрөг зээлдүүлсэн байсан. Гэтэл З.Э  бие өвдөж Улаанбаатар хот явж эмчлүүлэхээр болж үл хөдлөх хөрөнгөө газартай нь зарсан. Энэ хөрөнгийг нь Ч.Б худалдан авсан. Худалдан авахдаа мөнгийг нь бөөн өгөөгүй цувуулж өгч байсан. Ингээд З.Э ирэх боломжгүй бие нь муу учир нөхөр Ё.Н ирж 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ч.Б түүний эхнэр Д бид 4 биеэрээ уулзаж тохиролцоод Ч.Б 3 976 000 төгрөг өгөх үлдэгдэлтэй байснаас энэ авах мөнгөнөөсөө Ч.Даваажавт шилжүүлж өгөхийг Ё.Н зөвшөөрч, үлдэгдэл 3 276 000 төгрөгийг Ч.Б аас авахаар тохиролцож хэлцэл хийсэн. Тэгэхдээ эхлээд 3 276 000 төгрөгөө өгч дуусаад дараа нь Ч.Д надад 700 000 төгрөг өгнө гэсэн. 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ч.Б 50 000 төгрөг Ч.Д өгсөн. Түүнээс хойш боломжгүй гэсээр эхнэр Д Ч.Д уулзахад сард боломжоороо өгье гээд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 50 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 50 000 төгрөг өгсөн. Үлдэгдэлээ авах гэхээр Ч.Б утсаа авахгүй, эхнэр Д өвчтэй хүүхэдтэй боломжгүй гээд явуулаад байдаг. Иймд бидний энэ тохиролцсон хэлэлцээрийг шүүн тунгааж Ч.Б аас 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ч.Б нь Ч.Д бэлнээр мөнгө аваагүй. Би З.Э гэдэг хүнтэй хашаа байшингийн наймаа хийх явцад Ч.Д гэдэг хүн гарч ирсэн. Би өмнө нь энэ хүнийг танидаггүй байсан. Энэ хүн З.Ж нөхөр Ё.Н гэгчээс мөнгө авах ёстой гэж байсан. Намайг чи тэр хоёрт өгөх мөнгөнөөсөө надад өгчих гэж байсан. Би энэ хүнд мөнгө өгөх шаардлагагүй. Энд хавсаргасан хэлцэл гэдэг бичигт би Ё.Н гэдэг хүнд өгнө гэж бичсэн байгаа болохоос биш Ч.Д гэдэг хүнд өгнө гэж дурдаагүй байгаа. Бас энэ хүнд миний наймаа хийгээд тэр хүмүүст мөнгөө яаж өгч байсан огт хамаагүй ба намайг шүүхэд өгч миний нэр хүндийг үл хүндэтгэж байгаад гомдолтой байна. Иймд би энэхүү нэмэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна гэв.

Хариуцагч Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ё.Н н шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлээр тайлбарлаж байна.Үүнд:

1. Ч.Б би Орхон аймгийн Н багийн нутагт байрлах ажлын байрыг З.Ж 2012 онд худалдаж аваад төлбөрөөс 3 976 000 төгрөгийн тооцоо үлдсэнийг 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хэлцэлийн дагуу Ё.Н ,Ч.Д нарт 700 000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө өгч тооцоо дуусгахаар тохиролцоод 3 276 000 төгрөгийг З.Эрдэнэчимэгт өгч үлдэх 700 000 төгрөгөөс 150 000 төгрөгийг Даваажавт 2013 онд өгсөн.

2. Иргэний хуульд заасан шаардах эрхийн хугацаа дууссан тул би нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөр төлөхгүй.

3. Хуульд заасан хугацаанд надаас мөнгө авахаар шаардаж байгаагүй бөгөөд 700 000 төгрөгийг хэнд нь хэдийг өгөх талаар тохирсон тохироо байхгүй.

Иймд:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ч.Д хариуцагч Ч.Б т холбогдуулан 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргасны дагуу Ё.Н г нэхэмжлэгчээр сольж, нэхэмжлэгч Ё.Н н олгосон итгэмжлэлийн дагуу Ч.Д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна.

Хариуцагч Ч.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ё.Н түүний гэр бүл З.Э агсанг амьд сэрүүн байх үед Ч.Б үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд төлбөрийг хэсэгчилэн төлж байсан байна. 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ч.Б , Ё.Н нар хэлцэл хийж үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл төлбөр болох 3 976 000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор Ч.Б төлөх, З.Эрдэнэчимэгийг төлөөлж Ё.Н дээрхи авах мөнгөнөөс Ч.Д 700 000 төгрөгийг шилжүүлэн өгөхөөр тохирсон байна.

Ё.Н гээс авах 700 000 төгрөгний 150 000 төгрөгийг Ч.Д нь хариуцагч Ч.Б болон түүний эхнэр Д нараас авсан, үлдэгдэл 550 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийг солих тухай хүсэлт гаргасан.

Ч.Б 2013 онд 150 000 төгрөгийг Ч.Д төлсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт ирүүлсэн дансны хуулгаар түүний эхнэр Д гаас 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болон 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус бүр 50 000 төгрөг, нийт 100 000 төгрөг шилжүүлсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

Ё.Н , З.Э нар, Ч.Б , н.Д нар гэр бүл гэдэг талаар талууд маргаагүй. Худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 3 976 000 төгрөг, гэрээний үүргийг биелүүлж байсан зэрэг нөхцөл байдлаас хариуцагч хэлцлийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэж байсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2013 онд 50 000 төгрөг бэлнээр өгсөн, эхнэр Д гийн данснаас 100 000 төгрөг төлөгдсөн нийт 150 000 төгрөгийг авсан гэсэн тайлбар нь хариуцагчийн 150 000 төгрөг төлсөн гэх үнийн дүнтэй тохирч байх тул 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Б аас 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Н д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 17 500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б аас 17 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Н д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ