Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00280

 

Ё.Нн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00719 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 110 дугаар магадлалтай,

Ё.Нн нэхэмжлэлтэй

Ч.Бт холбогдох

550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ё.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Даваажав нь Говил багт амьдардаг найз Ё.Н, З.Эрдэнэчимэг нарт 700.000 төгрөг зээлдүүлсэн байсан. Гэтэл З.Эрдэнэчимэгийн бие өвдөж Улаанбаатар хот явж эмчлүүлэхээр болж үл хөдлөх хөрөнгөө газартай нь зарсан. Энэ хөрөнгийг нь Ч.Б худалдан авсан. Худалдан авахдаа мөнгийг нь бөөн өгөөгүй цувуулж өгч байсан. Ингээд З.Эрдэнэчимэг ирэх боломжгүй бие нь муу учир нөхөр Ё.Н ирж 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ч.Б түүний эхнэр Дүүрэнзаяа бид 4 биеэрээ уулзаж тохиролцоод Ч.Б 3.976 .000 төгрөг өгөх үлдэгдэлтэй байснаас энэ авах мөнгөнөөсөө 700.000 төгрөгийг Ч.Даваажавт шилжүүлж өгөхийг Ё.Н зөвшөөрч, үлдэгдэл 3.276.000 төгрөгийг Ч.Баас авахаар тохиролцож хэлцэл хийсэн. Тэгэхдээ эхлээд 3.276.000 төгрөгөө өгч дуусаад дараа нь Ч.Даваажав надад 700.000 төгрөг өгнө гэсэн. 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ч.Б 50.000 төгрөг Ч.Даваажавт өгсөн. Түүнээс хойш боломжгүй гэсээр эхнэр Дүүрэнзаяатай Ч.Даваажав уулзахад сард боломжоороо өгье гээд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 50.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 50.000 төгрөг өгсөн. Үлдэгдлээ авах гэхээр Ч.Б утсаа авахгүй, эхнэр Дүүрэнзаяа өвчтэй хүүхэдтэй боломжгүй гээд явуулаад байдаг. Иймд бидний энэ тохиролцсон хэлэлцээрийг шүүн тунгааж Ч.Баас 550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ч.Б нь Ч.Даваажаваас бэлнээр мөнгө аваагүй. Би З.Эрдэнэчимэг гэдэг хүнтэй хашаа байшингийн наймаа хийх явцад Ч.Даваажав гэдэг хүн гарч ирсэн. Би өмнө нь энэ хүнийг таньдаггүй байсан. Энэ хүн З.Эрдэнэчимэгийн нөхөр Ё.Н гэгчээс мөнгө авах ёстой гэж байсан. Намайг чи тэр хоёрт өгөх мөнгөнөөсөө надад өгчих гэж байсан. Би энэ хүнд мөнгө өгөх шаардлагагүй. Энд хавсаргасан хэлцэл гэдэг бичигт би Ё.Н гэдэг хүнд өгнө гэж бичсэн байгаа болохоос биш Ч.Даваажав гэдэг хүнд өгнө гэж дурдаагүй байгаа. Бас энэ хүнд миний наймаа хийгээд тэр хүмүүст мөнгөө яаж өгч байсан огт хамаагүй ба намайг шүүхэд өгч миний нэр хүндийг үл хүндэтгэж байгаад гомдолтой байна. Иймд би энэхүү нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Ч.Б би Орхон аймгийн Говил багийн нутагт байрлах ажлын байрыг З.Эрдэнэчимэгээс 2012 онд худалдаж аваад төлбөрөөс 3.976.000 төгрөгийн тооцоо үлдсэнийг 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хэлцлийн дагуу Ё.Н,Ч.Даваажав нарт 700.000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө өгч тооцоо дуусгахаар тохиролцоод 3.276.000 төгрөгийг З.Эрдэнэчимэгт өгч үлдэх 700.000 төгрөгөөс 150.000 төгрөгийг Даваажавт 2013 онд өгсөн. Иргэний хуульд заасан шаардах эрхийн хугацаа дууссан тул би нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөр төлөхгүй. Хуульд заасан хугацаанд надаас мөнгө авахаар шаардаж байгаагүй бөгөөд 700.000 төгрөгийг хэнд нь хэдийг өгөх талаар тохирсон тохироо байхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00719 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Баас 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 17.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баас 17.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Нд олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 110 дугаар магадлалаар 1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00719 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.т зааснаар хариуцагч Ч.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалуудыг Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ё.Н хариуцагч Ч.Б нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх Ч.Даваажавын банкан дахь харилцах дансанд хариуцагч Ч.Бын эхнэр Х.Дүүрэнзаяагийн хийсэн төлбөрийг Ё.Нгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй болсон болох нь дараах үйл баримтуудаар тодорхойлогдох юм. Үүнд: 1.Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн нутагт байрлах үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл 3 976 000 төгрөгийг эргэн төлөх талаар 2012.02.12-ны өдөр баталгаа гаргаж өгсөн байдаг бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг хавтаст хэргийн 4-р талд авагдсан бичвэрийг үндэслэсэн байхад шүүх хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 2.Хавтаст хэргийн 4-р талд авагдсан бичвэрээр нэхэмжлэгч Ё.Нгийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байх ба худалдагч З.Эрдэнэчимэгт 3 976 000 төгрөгийг 2012.06.20-иос өмнө барагдуулна гэж хамгийн сүүлчийн хугацааг заажээ. 2012.06.20-ны өдрөөс хойш шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцоход /2012-06-20-иос 2015-06-20-ны өдөр гэхэд/ 3 жилийн хугацаа дууссан байна. 3. Тэгээд ч дээрх бичвэрээс харахад нэхэмжлэгч Ё.Н болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваажав нарын хэн алинд нь ямар нэгэн төлбөр төлөхөөр үүрэг хүлээгээгүй байна. 4. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваажавын Хаан банкан дахь дансанд хариуцагчийн эхнэр Х.Дүүрэнзаяагаас 2016.11.25, 2017.01.16-ны өдрүүдэд нийт 150 000 төгрөг шилжүүлснээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тооцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан явдал нь зүйд нийцсэнгүй. А/ Шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэхэд дүгнэлт хийх учиртай байжээ. Б/ Шүүх 2012.02.12-ны өдрийн бичвэрийг

нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд эрх зүйн харилцаа үүсгэсэн нотлох баримт гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1- д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна. Мөн хуулийн 76-р зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэсэн ерөнхий болон тусгай хугацаануудад дүгнэлт хийсэнгүй. В/Хариуцагч Ч.Б худалдагч З.Эрдэнэчимэгт төлбөрийн үлдэгдэл 3 976 000 төгрөгийг 2012-06-20-ны дотор төлж барагдуулна гэж сүүлчийн тооцоо хийж дуусгах хугацаагаа тохиролцсон бичвэр байхад эрх зүйн харилцаа огт үүсээгүй, дээрх төлбөр тооцоонд огт хамааралгүй Ч.Даваажав гэгчийн дансанд хариуцагчийн эхнэр мөнгө хийснээр хугацааг сэргээн тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 79-р 1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад нэхэмжлэгчийн өмнө хариуцагч үүрэг хүлээсэн байхыг шаардсан байгаа юм. Иргэний хуулийн 82-р зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэжээ. Гэтэл Ч.Даваажав, Ё.Н нарын өмнө хариуцагч Ч.Б ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байгаа болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдох юм. Мөн хуулийн 82-р зүйлийн 82.2-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэжээ. Хариуцагч Ч.Бын эхнэр Ч.Даваажавын дансанд шилжүүлсэн 150 000 төгрөгөө шаардан гаргуулах боломжтой бөгөөд түүний шилжүүлсэн мөнгийг огт үүрэг хүлээгээгүй хариуцагчид нялзаасан дүгнэлт хийсэн явдал нь хууль бус болжээ. Иймд дээрх шийдвэр, магадлалуудтай хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Ё.Н нь хариуцагч Ч.Бт холбогдуулан 550 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “...Ё.Нд мөнгө өгнө гэж тохирсон болохоос нэхэмжлэгч Ч.Даваажавын өмнө үүрэг хүлээгээгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж маргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ё.Н нь эхнэр З.Эрдэнэчимэгийн хамт  хариуцагч Ч.Баас худалдах-худалдан авах гэрээний дагуу 3 976 000 төгрөгийг авах эрхтэй байсан ба 2012 оны 02 сарын 12-ны өдөр Ё.Н, Ч.Б нар бичгээр хэлцэл байгуулж, Ч.Б нь 3 976 000 төгрөгөөс 3 276 000 төгрөгийг нь Ё.Нн эхнэр З.Эрдэнэчимэгт, 700 000 төгрөгийг Ё.Нд өгөх, Ё.Н нь уг мөнгийг Ч.Даваажавт өгөх талаар гэрээнд тусгасан байна.  Уг хэлцлийн дагуу Ч.Б нь 700 000 төгрөгийг Ё.Нд шилжүүлэх байсан боловч 150 000 төгрөгийг  Ё.Нн заасан этгээд болох Ч.Даваажавт хүлээлгэн өгсөн,  үлдэх мөнгийг өгөөгүй үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Ч.Бт холбогдох уг нэхэмжлэлийг анх Ч.Даваажав шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Даваажавын хүсэлтээр нэхэмжлэгчийг солих ажиллагаа хийгдэж, жинхэнэ нэхэмжлэгч нь Ё.Н болсон,  тэрээр үлдэх 550 000 төгрөгийг Ч.Баас гаргуулахаар шаардсан байна. 

Нэхэмжлэгч Ё.Н, хариуцагч Ч.Б нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн, хариуцагч нь 2012 оны 02 сарын 12-ны өдрийн хэлцлийн дагуу Ё.Нд 700 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн тул шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтын дагуу үүргийг хангуулж  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Хоёр шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийжээ.

Шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам, гэрээний үүргийн талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийж, хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00719 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 110 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА