Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2018/00717

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2018/00717

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А

Нэхэмжлэгч: Ц.Г

Хариуцагч: А.Б

15 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 15 651 545 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, гэрч Б.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А , Ц.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б овогтой С тай болон түүний аавтай амаар тохиролцон, БГД-ийн 6-р хороо, № , 37 тоот байрны 3 өрөө байрыг миний хүү Б.А , бэр Ц.Г нар зээлээр худалдан авахаар болсон. Тодруулбал уг байрыг 105 000 000 төгрөгөөр үнэлж, жилд 40 000 000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. 2017 оны 1 дүгээр сараас эхлэн 1 жил 6 сарын хугацаанд 16 сая төгрөг төлсөн. Төлөлт хийгээд явж байхад миний бие энэхүү байрыг банкны барьцаанд байдаг болохыг мэдэн төлөлтийг зогсоосон. Улмаар 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байрыг хүлээлгэж өгсөн. Бидний төлсөн 16 000 000 төгрөгнөөс 1 000 000 төгрөгийг тус өдөр буцаан авсан боловч үлдэгдлийг маань өгөхөөс татгалзсан. Энэхүү мөнгөнөөс гадна миний хүүхдүүдэд засан сайжруулалтын 10 гаруй сая төгрөгийн хохирол учирсан ба байрандаа амьдрана гэж бодоод л иж бүрэн засвар хийлгэсэн хэрэг. Тухайлбал хаалга , цонх, шал, угаалгын өрөө, нэмэлт тааз, гэрэлтүүлэг зэргийг хийсэн. Нэгэнт бид үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй тул хариуцагчид төлсөн 15 000 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх 2016 оны 12 дугаар сард Улаанбаатар хот, БГД-ийн 6 дугаар хороо, К 107-ийн 37 тоот байраа зарахаар зар тавьсан. Ингээд манай охин Б.С нь Ц.Г чатаар харилцаж байгаад уулзахаар болсон тул Эрдэнэтээс миний бие охиныхоо хамт очиж Б.А , Ц.Г нартай уулзсан. Тэд байрны гэрчилгээ таны нэр дээр байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй байна гэсэн тул манай охин Ц.Г хамт Голомт банк орж зээлийн эдийн засагчтай уулзаад гэрчилгээгээ авч, Ц.Г т үзүүлж, хуулбарлан авсан. Ингээд худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар нотариат ороход, гэрчилгээ эх хувиараа байх хэрэгтэй гэсэн тул гэрээ байгуулаагүй. Энэ өдрөө Б.А ынх манай байранд орсон. Манай байрыг зээлээр худалдан авахаар болж, тэд өөрсдөө ийм нөхцөлөөр төлөх боломжтой байна гэж графикийн хүсэлт гаргаж чатаар илгээсэн. Манай охин хүсэлтийн дагуу график гаргаж, тэд хүлээн зөвшөөрч төлбөрөө төлж эхэлсэн. Гэвч төлбөрөө графикийн дагуу төлөөгүй, хэл амтай, дандаа хугацаагаа хэтрүүлж төлж байсан. Манай байр боломжийн байр байсан. Гэвч өөрсдөө сүпер засвар хийж орох хүсэлтэй байна та байрны нийт үнийн дүнгээс засварын мөнгийг хасаад өгөөч гэсэн ингээд би байраа 110 000 000 төгрөгөөр зарах байснаа 105 000 000 төгрөг болгож бууруулсан. Бид ч графикаа 105 000 000 төгрөгөөс гарган тооцоход тэд зөвшөөрсөн. Тэд манай байранд 18 сар амьдраад, 16 000 000 төгргийг төлсөн. 1 000 000 төгрөгийг байраа суллаад гарахад нь буцаад тэдэнд өгсөн. Байр цахилгааны мөнгө 350 000 төгрөг болж хуримтлагдсан байсныг бид өөрсдөө төлсөн. Энэ хүмүүст байраа зээлээр худалдсанаар бид маш их хохирсон. Тэд төлөлтөө графикийн дагуу хугацаандаа төлөх үнийн дүнгээрээ төлдөггүйгээс болж бид ч банкны зээлээ хугацаандаа төлж чадахгүйд хүрч, муу зээлийн ангилалд орсон, мөн банкинд алданги төлсөн. Графикийн дагуу мөнгөө төлсөн бол Эрдэнэтэд байр авах боломжтой байсан. Энэ асуудлаас болж нэг өрөө байранд 4 том хүн, 2 хүүхэд давчуухан амьдарч байсан. Ингээд тэд байрыг 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эцсийн байдаар суллаж өгсөн. Хүний байранд 18 сар амьдарчихаад, байрны үнэнд төлсөн 15 000 000 төгрөгөө бүхэлд нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хүний 3 өрөө байранд 18 сар үнэ төлбөргүй амьдарчихаад, эцэс сүүлд нь суусан байрныхаа ашиглалтын зардлаа ч бүрэн гүйцэд төлөлгүй гарчихаад бидэнд өгсөн мөнгөө бүхэлд нь нэхэж байгааг миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: А. *******, Б.С нар нь 2016 оны 8 дугаар сард Улаанбаатар хот БГД-ийн 6-р хороо, № гудамж К107 дугаар байрны 37 тоот 3 өрөө орон сууцаа худалдахаар зар өгсөн. Зарын дагуу Ц.Г , Б.А нартай холбогдож, Б.С тай, мессенжерээр харилцсан. Б.А , Ц.Г нар нь Б. С тай ярилцаж байгаад байрны үнэ 105 000 000 төгрөгийг график гарган төлөхөөр болсон. Ингээд төлбөрийн графикаа гаргасан байдаг. Тэд графикийн дагуу төлөлтөө хийдэггүй байсан бөгөөд бага хэмжээгээр хугацаа хожимдуулж, төлдөг байсан. Сүүлдээ орон сууцны ашиглалтын зардлаа ч төлж чадахгүйд хүрч, хуримтлал үүсгэсэн байсан. Орон сууц ашиглалтын зардал 351 545 төгрөг төлөгдөөгүй байсныг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр А.*******нх төлсөн. Б.А , Ц.Г нарын эзэмшилд орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж өгсөн бөгөөд тэд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл /18 сарын хугацаанд / А.*******н орон сууцанд амьдарсан. Б.А , Ц.Г нар нь тохиролцсондоо төлөх төлбөр тооцоогоо тогтмол төлөөгүйн улмаас байрыг тэдэнд буцаан хүлээлгэн өгөх болсон. Тэд графикт бичигдсэн мөнгөө хувиарийн дагуу, тогтмол төлөөгүйгээс болж А.*******н зээл төлөлт хугацаандаа, тогтмол төлөгдөхгүй болсон. Иймд муу зээлийн ангилалд орсон. Орон сууцыг эзэмшилдээ байлгасны хөлс /1 сард- 850 000 төгрөг, нийт 18 сар энэхүү орон сууцанд байсан/ 15 300 000 төгрөг болно. Орон сууцыг өөрсдийн эзэмшилдээ байлгах үеийн ашиглалтын зардал- 351 545 /гурван зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин таван / төгрөг нийт 15 651 545 төгрөгийг Б.А , Ц.Г нараас нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Б.А , Ц.Г нарын нэхэмжлэлтэй, А.*******д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Д.******* би хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох ашиглалтын зардалд шаардсан 351 545 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2 дугаар шаардлага болох 15 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлээс 15 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А , Ц.Г нар нь хариуцагч А.*******д холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч А.Б ашиглалтын зардал 351 545 төгрөг, 18 сарын хугацаанд орон сууцыг эзэмшилдээ байлгасны хөлс 15 300 000 төгрөг нийт 15 651 545 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 351 545 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 18 сар эзэмшилдээ байлгасны хөлс 15 300 000 төгрөгийг эс зөвшөөрч байна.

Хариуцагч А.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцэв.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 351 545 төгрөгийг хангаж, 18 сар эзэмшилдээ байлгасны хөлс 15 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг.Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, № гудамж, ******* дугаар байрны 37 тоот, 69.4 м.кв талбайтай, Ү-№ улсын бүртгэлийн дугаартай, А.*******, Б.С нарын хамтын өмч бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөгч нарын худалдах зарын дагуу Б.А , Ц.Г нар холбогдож 105 000 000 төгрөгөөр 3 жилийн хугацаатай, зээлээр худалдан авахаар тохирч, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байрандаа орсон бөгөөд уг орон сууцанд засвар үйлчилгээ хийж, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаанд нийт 16 000 000 төгрөг төлсөн, үүнээс 1 000 000 төгрөгийг буцаан авсан байна.

Дээрхи үйл баримтын талаар болон орон сууцыг 105 000 000 төгрөгөөр үнэлсэн, 18 сарын хугацаанд амьдарсан, засвар үйлчилгээ хийсэн, 16 000 000 төгрөг төлж, буцааж 1 000 000 төгрөгийг авсан талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй тул 15 000 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлаж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Уг байр Голомт банкны зээлийн барьцаанд байгаа гэдгийг Б.А , Ц.Г нар мэдэж байсан. 18 сар байранд суугаад байрны үнэнд төлсөн мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, ашиглалтын зардлаа ч бүрэн төлөөгүй, тохирсон графикаар төлбөрөө төлөөгүй, тохиролцоо буцвал мөнгө өгөхгүй гэсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, № гудамж, ******* дугаар байрны 37 тоот, 69.4 м.кв талбайтай, Ү-№ улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг, уг байрны хамтран өмчлөгч Б.С , нэхэмжлэгч Ц.Г 105 000 000 төгрөгөөр, 3 жилийн хугацаатай зээлээр худалдах, худалдан авах нөхцлийн талаар фэйсбүүк чатаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, Б.С гийн фэйсбүүк хаягаар Ц.Г харилцсан бичвэрээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчийн үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 263 дугаар зүйлийн 263.1-д ...гэрээг бичгээр хийнэ, гэж заажээ.

Зохигчдын хооронд үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж хариуцагч мэтгэлцэж байх боловч хуульд заасан дээрхи шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, мөн хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгэнэ гэж заасан байх тул талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасан байх тул нэхэмжлэгч нар хариуцагч А.*******н дансаар шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

Хоёр.Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М аас нэхэмжлэгч нар орон сууцыг 18 сар эзэмшилдээ байлгасны хөлс /1 сард- 850 000 төгрөг/ 15 300 000 төгрөг, ашиглалтын зардал 351 545 төгрөг, нийт 15 651 545 төгрөгийг Б.А , Ц.Г нараас гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ашиглалтын зардал 351 545 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, эзэмшилдээ 18 сар байлгасны хөлсийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч нар тухайн орон сууцанд засвар үйлчилгээ хийсэн бөгөөд түүнд 10 000 000 гаруй төгрөг зарцуулсан талаар нэхэмжлэлд дурдсаныг хариуцагч үгүйсгээгүй. Уг засвар үйлчилгээнд хэд хичнээн төгрөг зарцуулсан талаар талууд маргаагүй, байрыг тодорхой хугацааны дараа өөрсдийн өмчлөлд шилжүүлэх зорилготой байсан тул засвар хийсэн. Нэгэнт хуульд заасан хэлбэрээр гэрээг байгуулаагүй тул засвар үйлчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжлэхгүй гэж тайлбарладаг.

Гэрч Б.С гийн сард 850 000 төгрөг тохирсон талаар аав мэдээгүй, энэ тохиролцоог Ц.Г би хийсэн гэх мэдүүлэг, түүний фэйсбүүк хаягаар Ц.Г харилцсан бичвэрт сард 850 000 төгрөгөөр тохиролцсон асуудал байхгүй байх тул орон сууцыг 18 сар эзэмшилдээ байлгасны хөлс 15 300 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч А.Б нь нэхэмжлэгч нартай орон сууцыг эзэмшилдээ байлгасны хөлсний талаар гэрээ болон хэлцэл байгуулаагүй байх тул түүнийг шаардах эрхгүй гэж үзнэ.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын төлбөр 351 545 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан хариуцагчид олгож, 15 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу зохигчдын урьдчилан төлсөн 232 950 төгрөг, 236 208 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гаас 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч Б.А , Ц.Г нараас 11 196 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А.Б 15 000 000 /арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А , Ц.Г нарт олгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 351 545 /гурван зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг нэхэмжлэгч Б.А , Ц.Г нар хүлээн зөвшөөрч байх тул зөвшөөрлийг баталсугай.

3.    Шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул эзэмшилдээ байлгасны хөлс 15 300 000 /арван таван сая гурван зуу/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зохигчдын урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 232 950 төгрөг, 236 208 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А , Ц.Г нарт олгож, нэхэмжлэгч Б.А , Ц.Г нараас 11 196 төгрөг гаргуулан хариуцагч А.*******д олгосугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

7.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ