Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/00717 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

15.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч *******гийн 15.651.545 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дуламсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Саруултуяатай болон түүний аавтай амаар тохиролцон, БГД-ийн 6-р хороо, КЮ7, 37 тоот байрны 3 өрөө байрыг миний хүү *******, бэр ******* нар зээлээр худалдан авахаар болсон. Тодруулбал уг байрыг 105 000 000 төгрөгөөр үнэлж, жилд 40 000 000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. 2017 оны 1 дүгээр сараас эхлэн 1 жил 6 сарын хугацаанд 16 сая төгрөг төлсөн. Төлөлт хийгээд явж байхад миний бие энэхүү байрыг банкны барьцаанд байдаг болохыг мэдэн төлөлтийг зогсоосон. Улмаар 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байрыг хүлээлгэж өгсөн. Бидний төлсөн 16 000 000 төгрөгнөөс 1 000 000 төгрөгийг тус өдөр буцаан авсан боловч үлдэгдлийг маань өгөхөөс татгалзсан. Энэхүү мөнгөнөөс гадна миний хүүхдүүдэд засан сайжруулалтын 10 гаруй сая төгрөгийн хохирол учирсан ба байрандаа амьдрана гэж бодоод л иж бүрэн засвар хийлгэсэн хэрэг. Тухайлбал хаалга, цонх, шал, угаалгын өрөө, нэмэлт тааз, гэрэлтүүлэг зэргийг хийсэн. Нэгэнт бид үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй тул хариуцагчид төлсөн 15 000 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манайх 2016 оны 12 дугаар сард Улаанбаатар хот, БГД-ийн 6 дугаар хороо, К 107-ийн 37 тоот байраа зарахаар зар тавьсан. Ингээд манай охин Б.Саруултуяа нь *******тэй чатаар харилцаж байгаад уулзахаар болсон тул Эрдэнэтээс миний бие охиныхоо хамт очиж *******, ******* нартай уулзсан. Тэд байрны гэрчилгээ таны нэр дээр байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй байна гэсэн тул манай охин *******тэй хамт Голомт банк орж зээлийн эдийн засагчтай уулзаад гэрчилгээгээ авч, *******т үзүүлж, хуулбарлан авсан. Ингээд худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар нотариат ороход, гэрчилгээ эх хувиараа байх хэрэгтэй гэсэн тул гэрээ байгуулаагүй. Энэ өдрөө *******ынх манай байранд орсон. Манай байрыг зээлээр худалдан авахаар болж, тэд өөрсдөө ийм нөхцөлөөр төлөх боломжтой байна гэж графикийн хүсэлт гаргаж чатаар илгээсэн. Манай охин хүсэлтийн дагуу график гаргаж, тэд хүлээн зөвшөөрч төлбөрөө төлж эхэлсэн. Гэвч төлбөрөө графикийн дагуу төлөөгүй, хэл амтай, дандаа хугацаагаа хэтрүүлж төлж байсан. Манай байр боломжийн байр байсан. Гэвч өөрсдөө сүпер засвар хийж орох хүсэлтэй байна та байрны нийт үнийн дүнгээс засварын мөнгийг хасаад өгөөч гэсэн ингээд би байраа 110 000 000 төгрөгөөр зарах байснаа 105 000 000 төгрөг болгож бууруулсан. Бид ч графикаа 105 000 000 төгрөгөөс гарган тооцоход тэд зөвшөөрсөн. Тэд манай байранд 18 сар амьдраад, 16 000 000 төгрөгийг төлсөн. 1 000 000 төгрөгийг байраа суллаад гарахад нь буцаад тэдэнд өгсөн. Байр цахилгааны мөнгө 350 000 төгрөг болж хуримтлагдсан байсныг бид өөрсдөө төлсөн. Энэ хүмүүст байраа зээлээр худалдсанаар бид маш их хохирсон. Тэд төлөлтөө графикийн дагуу хугацаандаа төлөх үнийн дүнгээрээ төлдөггүйгээс болж бид ч банкны зээлээ хугацаандаа төлж чадахгүйд хүрч, муу зээлийн ангилалд орсон, мөн банкинд алданги төлсөн. Графикийн дагуу мөнгөө төлсөн бол Эрдэнэтэд байр авах боломжтой байсан. Энэ асуудлаас болж нэг өрөө байранд 4 том хүн, 2 хүүхэд давчуухан амьдарч байсан. Ингээд тэд байрыг 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эцсийн байдаар суллаж өгсөн. Хүний байранд 18 сар амьдарчихаад, байрны үнэнд төлсөн 15 000 000 төгрөгөө бүхэлд нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хүний 3 өрөө байранд 18 сар үнэ төлбөргүй амьдарчихаад, эцэс сүүлд нь суусан байрныхаа ашиглалтын зардлаа ч бүрэн гүйцэд төлөлгүй гарчихаад бидэнд өгсөн мөнгөө бүхэлд нь нэхэж байгааг миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

А. Батмагнай, Б.Саруултуяа нар нь 2016 оны 8 дугаар сард Улаанбаатар хот БГД-ийн 6-р хороо, Чингүнжавын гудамж К107 дугаар байрны 37 тоот 3 өрөө орон сууцаа худалдахаар зар өгсөн. Зарын дагуу *******, ******* нартай холбогдож, Б.Саруултуяатай, мессенжерээр харилцсан. *******, ******* нар нь Б. Саруултуяатай ярилцаж байгаад байрны үнэ 105 000 000 төгрөгийг график гарган төлөхөөр болсон. Ингээд төлбөрийн графикаа гаргасан байдаг. Тэд графикийн дагуу төлөлтөө хийдэггүй байсан бөгөөд бага хэмжээгээр хугацаа хожимдуулж, төлдөг байсан. Сүүлдээ орон сууцны ашиглалтын зардлаа ч төлж чадахгүйд хүрч, хуримтлал үүсгэсэн байсан. Орон сууц ашиглалтын зардал 351 545 төгрөг төлөгдөөгүй байсныг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр *******нх төлсөн. *******, ******* нарын эзэмшилд орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж өгсөн бөгөөд тэд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл /18 сарын хугацаанд / *******н орон сууцанд амьдарсан. *******, ******* нар нь тохиролцсондоо төлөх төлбөр тооцоогоо тогтмол төлөөгүйн улмаас байрыг тэдэнд буцаан хүлээлгэн өгөх болсон. Тэд графикт бичигдсэн мөнгөө хувиарийн дагуу, тогтмол төлөөгүйгээс болж *******н зээл төлөлт хугацаандаа, тогтмол төлөгдөхгүй болсон. Иймд муу зээлийн ангилалд орсон. Орон сууцыг эзэмшилдээ байлгасны хөлс /1 сард- 850 000 төгрөг, нийт 18 сар энэхүү орон сууцанд байсан/ 15 300 000 төгрөг болно. Орон сууцыг өөрсдийн эзэмшилдээ байлгах үеийн ашиглалтын зардал- 351 545 /гурван зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин таван / төгрөг нийт 15 651 545 төгрөгийг *******, ******* нараас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дуламсүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

*******, ******* нарын нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Д.Дуламсүрэн би хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох ашиглалтын зардалд шаардсан 351 545 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2 дугаар шаардлага болох 15 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлээс 15 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/00717 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******гаас 15 000 000 /арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 351 545 /гурван зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг нэхэмжлэгч *******, ******* нар хүлээн зөвшөөрч байх тул зөвшөөрлийг баталж, Шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул эзэмшилдээ байлгасны хөлс 15 300 000 /арван таван сая гурван зуу/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зохигчдын урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 232 950 төгрөг, 236 208 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэгч *******, ******* нараас 11 196 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд давж заалдсан гомдолдоо:

Үндсэн нэхэмжпэлийн талаар: ИХШХШТХ-ийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжпэл болон сөрөг нэхэмжпэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжпэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана... гэж заасан байхад анхан шатны шүүх *******гаас 15.000.000 төгрөг гаргуулж *******, ******* нарт олгуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй.

Сөрөг нэхэмжлэлийн талаар: 2018.07.16-ны өдрийн 142/Ш32018/03141 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт Утасны яриа нь хуульд заасан арга хэлбэрээр бэхжүулээгүй, хэн хэний хооронд хэзээ яригдсан яриа болох нь тодорхойгүй тул үзлэг хийж баримтжуулах боломжгүй байна. Шинжээчээр байрны хөлсийг тодорхойлуулах нь хэрэгт ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл 850.000 төгрөг гэдгийг нотлуулахаар хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Орон сууцны байршил, уг орон сууц нь засвартай, тавилгатай эсэхээс хамаарч харилцан адилгүй дүгнэлт гарах тул энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэсэн гэх Б. Саруултуяаг гэрчээр оролцуулж байгаа тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв гэж бичэгдсэнээс харахад хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч шийдвэрээ гаргахаас өмнө тухайн хэргийн шийдвэрийн талаар урьдчилан дүгнэлт хийсэн гэж ойлгохоор байна. Сөрөг нэхэмжпэлийн шаардлага хангагдах эсэх нь тодорхойгүй байхад шинжээчээр байрны хөлс тодорхойлуулах нь хэрэгт ач холбогдолгүй гэж, мөн орон сууцны байршил, засвартай, тавилгатай эсэхээс хамаарч хөлсний хэмжээ харилцан адилгүй байх нь үнэн боловч тухайн байрны байршил, хаяг тодорхой байгаа нөхцөлд шинжээчээс тодорхой дүгнэлт гаргах боломжтой байхад гэрч Б.Саруултуяаг шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа гэх шалтгаанаар хүсэлтийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц худалдаж авсны үнэ 15.000.000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч ******* орон сууц ашигласны зардал 351.545 төгрөг, 18 сарын хугацаанд орон сууцыг эзэмшилдээ байлгасны хөлс 15.300 .000 төгрөг нийт 15.651. 545 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******гаас 15 000 000 /арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 351 545 /гурван зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг нэхэмжлэгч *******, ******* нар хүлээн зөвшөөрч байх тул зөвшөөрлийг баталж, Шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул эзэмшилдээ байлгасны хөлс 15 300 000 /арван таван сая гурван зуу/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

*******, ******* нар зарын дагуу *******тай холбогдож Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, К-107 дугаар байрны 37 тоот, 69.4 м2 талбайтай, Ү-2205026191 улсын бүртгэлийн дугаартай, *******, Б.Саруултуяа нарын хамтын өмч бүхий 3 өрөө орон сууцыг 105.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж 3 жилийн хугацаанд мөнгийг төлөхөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон болох тогтоогдож байна.

2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тухайн орон сууцанд нүүн орсон бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаанд нийт 16.000.000 төгрөг төлсөн, үүнээс 1.000.000 төгрөгийг буцаан авчээ энэ талаар зохигч нар мараангүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд иргэний хуулийн холбогдох заалтуудыг баримтлан дүгнэлт хийж ...нэхэмжлэгч нар хариуцагч *******н дансаар шилжүүлсэн 15.000.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй..., ...хариуцагч ******* нь нэхэмжлэгч нартай орон сууцыг эзэмшилдээ байлгасны хөлсний талаар гэрээ болон хэлцэл байгуулаагүй байх тул түүнийг шаардах эрхгүй гэж үзнэ... гэж үзээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц ашигласны зардал 351.545 төгрөгийг гаргуулахаар болж, орон сууцыг 18 сар эзэмшилдээ байлгасны хөлс 15.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй, зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх давж заалдсан гомдол гаргажээ.

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт болон бичигдсэн агуулгаас үзвэл шүүгчийг шийдвэрийн талаар урьдчилан дүгнэлт хийсэн гэж үзэхээргүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувдын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236.210 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/00717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236.210 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР