Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2018/00697

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2018/00697

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ОП.Э

Хариуцагч: Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Э миний бие 2010 оны 03 дугаар сард НА ХХК-нд байцаагчаар ажилд орсон бөгөөд уг компани 2013 онд татан буугдаж, Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-тай нийлсэн. Би тус байгууллагад ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай сайн биелүүлэн ажиллаж байсан. Гэтэл Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн № дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 2.2.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд намайг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн борлуулалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: Иргэн П.Э ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт миний бие хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ" ОНӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч хууль бусаар ажлаас чөлөөлсөн тул Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ" ОНӨХК-ний борлуулалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардалга гаргажээ.

Нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүтнээр нь хүлээн авах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна. Учир нь борлуулалтын байцаагч П.Э ыг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ зөрчин ажлаас чөлөөлөөгүй. Харин П.Э өөрөө дээрх хууль, хөдөлмөрийн гэрээгээ ноцтой зөрчсөн болох нь нотлогдсон тул хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь хууль зүйн бүрэн үндэстэй гэдгийг дараах байдлаар тайлбарлъя.

2018 он гараад байгууллага бүтэц менежментийн өөрчлөлт хийж, байцаагч нарын хариуцсан обьектуудыг хооронд нь сольж ажиллуулахад П.Э ын хариуцаж байсан 55 обьектод 2013 оноос хойш зөвхөн цэвэр усны тоолуурын заалтын бичилттэй холбоотой 55 зөрчил илэрсэн байна. Тухайлбал: 20 айл өрх, 6 аж ахуйн нэгжид 1870.8 мЗ ус илүү бичиж 2 774 182.4 төгрөгний хохирол хэрэглэгч нарт учруулсан, 29 айл өрхөд 3999.7 мЗ ус дутуу бичин байгууллагыг 5 729 571 төгрөгний алдагдалд оруулсан байна. Халуун хүйтэн усны заалт илүү, дутуу бичиж байгаа нь байцаагч өөрөө хэрэглэгчийн тоолуурын заалтыг удаан хугацаагаар худлаа тааж бичсэнээс болж их хэмжээний илүү дутуу зөрүү гардаг. Хөдөлмөрийн гэрээгээр борлуулалтын байцаагч 2 сар дутам биечлэн авахгүй бол зөрчилд тооцогддог. /Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар бүлгийн 2.2.2-ийн e заалт/, их хэмжээгээр тоолуурын заалтыг буруу бичсэнээс шалтгаалан хэрэглэгч нараас байнга гомдол гардаг. /Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар бүлгийн 2.2.2-ийн F заалт/, Тоолуурын заалтыг илүү дутуу бичиж ажил үүргээ хариуцлагагүй, хангалтгүй гүйцэтгэснээр үйлчлүүлэгчид ус хэрэглээгүй байхад хэрэглэсэн мэтээр тодорхой хэмжээний ус илүү бичиж санхүүгийн дарамт учруулдаг, дутуу бичиж зарагдсан усыг бичилгүй орхиж байгууллагыг алдагдалд оруулдаг /Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар бүлгийн 2.2.2-ийн D заалт/ улмаар байгууллага, үйлчлүүлэгч нарын хооронд үл ойлголцол бий болгох зэргээр бизнесийн үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлдөг. 2018 оны эхний 3 сар дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орлогын төлөвлөгөө тасалсан /Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар бүлгийн 2.2.4-ийн d заалт/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах үндэслэл болж байна гэж үзнэ. Байцаагчийн урьд сард тоолуурын заалтыг нүдээр харалгүйгээр бичиж тодорхой хугацааны дараа хэрэглэгчийн тоолуурын заалтыг авахад компаний тооцооны программд оруулсан бичилт хэрэглэгчийн тоолуурын заалтнаас бага байвал байцаагч илүү бичилт хийж хэрэглэгчид ус борлуулаагүй байж төлбөр хийлгэж хэрэглэгчийг хохироодог, хэрвээ эсрэгээр илүү байвал борлуулсан усныхаа төлбөрийг бүрэн авалгүй компанийг хохироодог бөгөөд цаашилбал Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь Эрдэнэт үйлдвэр ХХК-иас ус худалдан авч айл өрх аж ахуйн нэгжид борлуулах үйл ажиллагаа явуулдаг утгаараа тайлан мэдээ, тооцоо буруу гарч Эрдэнэт үйлдвэрт өртэй болж эдийн засгийн алдагдал бий болдог хор уршигтай үйлдэл юм. П.Э ын хариуцлагагүй үйлдлийн улмаас Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д учируулсан хохирлыг айл өрх бүрээр санхуүгийн албаар нарийвчлан бодуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийг үндэслэн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д холбогдуулан Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн борлуулалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч П.Э нь 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдөр НА ХХК-д борлуулалтын байцаагчаар ажилд орсон бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хоёр байгууллага нэгдэж, Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ХК болоход борлуулалтын байцаагчаар ажилласан байна. Ийнхүү бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр байгууллага өөрчлөгдөхөд нэхэмжлэгч П.Э нь борлуулалтын байцаагчийн үүрэгт албыг хашиж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн түүний 000059199 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б-37 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 2.2.2 /D/, 2.2.4 /D/ заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж борлуулалтын байцаагчийн ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Ажил олгогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс П.Э ыг хөдөлмөрийн гэрээний 2.2.2 /D/, 2.2.4 /D/, жилийн туршид төлөвлөгөөг 3 удаа тасалсан заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн атлаа ажил дүгнэх үзүүлэлт нь бодит байдалд нийцэхгүй байна. Тухайлбал: байгууллага, иргэдэд хохирол учруулсан гэж байгаа боловч энэ талаар ямар нэгэн иргэн, хуулийн этгээд гомдол санал гаргаагүй, 2018 оны эхний улирлын төлөвлөгөөг 84.1 хувьтай биелүүлсэн байхад хангалтгүй гэж дүгнэсэн, байгууллагын менежментийн өөрчлөлтөөр борлуулалтын байцаагч нарын ажлыг өөрчлөхдөө өмнө хариуцаж байсан байцаагчийн ажлын гүйцэтгэлтэй хольж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтаар тус тус нотлогдож байна.

Ажилтан сарын төлөвлөгөөг 95-120 хувиар биелүүлсэн бол шагналт цалин олгохоор үр дүнгийн шагнал олгох журамд зохицуулсан бөгөөд эдийн засгийн хувьд хөшүүрэг болгон хэрэглэсэн арга хэмжээг давхардуулан сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.2.2 /D/ заалт нь сахилгын ердийн зөрчилд тооцогдох бөгөөд 2.2.4 /D/ заалтыг сахилгын ноцтой зөрчилд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Хөдөлмөрийн гэрээний 2.2.4 /D/ заалт буюу орлого, үйлчилгээний төлөвлөгөөтэй ажилладаг ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр 3 сар дараалан төлөвлөгөө тасалсан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Гэрч Ё.П , Д.М , Б.А нарын ...байгууллагын менежментийн өөрчлөлт болж борлуулалтын байцаагчдын ажлыг сольсон, ...П.Э ын 1 дүгээр сарын ажлын үзүүлэлт өмнөх байцаагчийн бичилттэй холбоотой, ...хэрэглэгч өөрөө гомдол гаргаагүй гэсэн мэдүүлгээс дүгнэхэд дараалсан 3 сарын төлөвлөгөө биелээгүй нь дан ганц П.Э ын буруу гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл: 12 дугаар сард бичилт хийсэн өөр борлуулалтын байцаагчийн гүйцэтгэлийг П.Э д хариуцуулан шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн борлуулалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 453 952 төгрөгийг гаргуулан П.Э д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах шийдвэрлэв. /ажилгүй байсан хугацаа 64 хоног, дундаж цалин 2 473 120 төгрөг, 1 сард ногдох 824 373 төгрөг / 21.5 хоног=38 343 нэг өдөрт, 38 343*64=2 453 952төгрөг/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга нь шүүх хуралдааны товыг авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч П.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 124 413 төгрөг /70 200+54 213/ гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Э ыг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн борлуулалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 453 952 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд даалгасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар П.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-аас 124 413 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ