Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 104

 

П.Эын нэхэмжлэлтэй,хариуцагч

Э дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00697 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Эын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулгын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.Э миний бие 2010 оны 03 дугаар сард Эрдэнэт Амьдрал ХХК-нд байцаагчаар ажилд орсон бөгөөд уг компани 2013 онд татан буугдаж, Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-тай нийлсэн. Би тус байгууллагад ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай сайн биелүүлэн ажиллаж байсан. Гэтэл Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 2.2.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд намайг Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн борлуулалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбараа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүтнээр нь хүлээн авах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна. Учир нь борлуулалтын байцаагч П.Эыг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ зөрчин ажлаас чөлөөлөөгүй. Харин П.Эрдэнтуул өөрөө дээрх хууль, хөдөлмөрийн гэрээгээ ноцтой зөрчсөн болох нь нотлогдсон тул хөдөлмөрийн гэрээ цуцалсан. 2018 он гараад байгууллага бүтэц менежментийн өөрчлөлт хийж, байцаагч нарын хариуцсан обьектуудыг хооронд нь сольж ажиллуулахад П.Эын хариуцаж байсан 55 обьектод 2013 оноос хойш зөвхөн цэвэр усны тоолуурын заалтын бичилттэй холбоотой 55 зөрчил илэрсэн байна. Тухайлбал: 20 айл өрх, 6 аж ахуйн нэгжид 1870.8 мЗ ус илүү бичиж 2 774 182.4 төгрөгний хохирол хэрэглэгч нарт учруулсан, 29 айл өрхөд 3999.7 мЗ ус дутуу бичин байгууллагыг 5 729 571 төгрөгний алдагдалд оруулсан байна. Халуун хүйтэн усны заалт илүү, дутуу бичиж байгаа нь байцаагч өөрөө хэрэглэгчийн тоолуурын заалтыг удаан хугацаагаар худлаа тааж бичсэнээс болж их хэмжээний илүү дутуу зөрүү гардаг. Хөдөлмөрийн гэрээгээр борлуулалтын байцаагч 2 сар дутам биечлэн авахгүй бол зөрчилд тооцогддог. /Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар бүлгийн 2.2.2-ийн e заалт/, их хэмжээгээр тоолуурын заалтыг буруу бичсэнээс шалтгаалан хэрэглэгч нараас байнга гомдол гардаг. /Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар бүлгийн 2.2.2-ийн F заалт/, Тоолуурын заалтыг илүү дутуу бичиж ажил үүргээ хариуцлагагүй, хангалтгүй гүйцэтгэснээр үйлчлүүлэгчид ус хэрэглээгүй байхад хэрэглэсэн мэтээр тодорхой хэмжээний ус илүү бичиж санхүүгийн дарамт учруулдаг, дутуу бичиж зарагдсан усыг бичилгүй орхиж байгууллагыг алдагдалд оруулдаг /Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар бүлгийн 2.2.2-ийн D заалт/ улмаар байгууллага, үйлчлүүлэгч нарын хооронд үл ойлголцол бий болгох зэргээр бизнесийн үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлдөг. 2018 оны эхний 3 сар дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орлогын төлөвлөгөө тасалсан /Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар бүлгийн 2.2.4-ийн d заалт/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах үндэслэл болж байна гэж үзнэ. Байцаагчийн урьд сард тоолуурын заалтыг нүдээр харалгүйгээр бичиж тодорхой хугацааны дараа хэрэглэгчийн тоолуурын заалтыг авахад компаний тооцооны программд оруулсан бичилт хэрэглэгчийн тоолуурын заалтнаас бага байвал байцаагч илүү бичилт хийж хэрэглэгчид ус борлуулаагүй байж төлбөр хийлгэж хэрэглэгчийг хохироодог, хэрвээ эсрэгээр илүү байвал борлуулсан усныхаа төлбөрийг бүрэн авалгүй компанийг хохироодог бөгөөд цаашилбал Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь Эрдэнэт үйлдвэр ХХК-иас ус худалдан авч айл өрх аж ахуйн нэгжид борлуулах үйл ажиллагаа явуулдаг утгаараа тайлан мэдээ, тооцоо буруу гарч Эрдэнэт үйлдвэрт өртэй болж эдийн засгийн алдагдал бий болдог хор уршигтай үйлдэл юм. П.Эын хариуцлагагүй үйлдлийн улмаас Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д учируулсан хохирлыг айл өрх бүрээр санхуүгийн албаар нарийвчлан бодуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийг үндэслэн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00697 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Эыг Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн борлуулалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 453 952 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар П.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-аас 124 413 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт П.Эын 2018 оны 1 дүгээр сарын төлөвөлгөөний биелэлт өөр борлуулалтын байцаагчтай гүйцэтгэлтэй хамт бичигдэж дан ганц П.Эын алдаа биш байна гэж дүгнэсэн нь нөхцөл байдлыг буруу ойлгосноос үүдэлтэй гэж үзэж байна. Учир нь борлуулалтын байцаагч нарын сар бүрийн гүйцэтгэлийг хүн тус бүр дээр бодож цалин урамшуулал боддог журамтай. П.Эын хариуцсан обьектыг сольсон нь түүний төлөвлөгөөний биелэлтэнд хамааралгүй асуудал, П.Эын урьд хариуцаж байсан айл, өрх аж ахуйн нэгжийн боруулалтын орлогыг оруулж тооцоод П.Э төлөвлгөөгөө биелүүлээгүй байна гэж дүгнэсэн байдаг. Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00697 кодтой шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д холбогдуулан борлуулалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг тус ХК-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Эыг Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн борлуулалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 2.453 .952 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Э нь 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт Амьдрал ХХК-д борлуулалтын байцаагчаар ажилд оржээ.

2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хоёр компани нэгдэж, Э, дулаан түгээх сүлжээ ХК болоход тэрээр борлуулалтын байцаагчаар ажиллажээ.

Нэхэмжлэгч П.Эыг Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б-37 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 2.2.2 /D/, 2.2.4 /D/ заалтыг тус тус үндэслэн;

Тус байгууллагын борлуулалтын албанд борлуулалтын байцаагч ажилтай Пүрэвийн Э нь хөдөлмөрийн гэрээний /2.2.2/D/ өөрийн ажил үүргийг буруу буюу хариуцлаггүй, хангалтгүй гүйцэтгэснээс үйлчлүүлэгч байгууллагад хохирол учруулсан, 2.2.4 /D/ орлого, үйлчилгээний төлөвлөгөөтэй ажилладаг ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр жилийн туршид төлөвлөгөөг 3 удаа тасалсан / заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 09 ний өдрөөс цуцалжээ.

Хөдөлмөрийн гэрээний /2.2.2/D/ өөрийн ажил үүргийг буруу буюу хариуцлаггүй, хангалтгүй гүйцэтгэснээс үйлчлүүлэгч, байгууллагад хохирол учруулсан гэжээ. П.Э нь өөрт хариуцуулсан ажлыг буруу, хариуцлаггүй, хангалтгүй гүйцэтгэсэн гэх 3 үндэслэлийн алийг нь зөрчсөн тодорхойгүй, үйлчлүүлэгч, байгууллагад хохирол учруулсан гэж байгаа боловч хичнээн айл өрхөд хэдэн төгрөгийн ямар хэмжээтэй хохирол учруулсан мөн байгууллагад ямар хэмжээний хохирол учруулсан болох нь бодитоор тогтоогдоогүй, энэ талаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас гомдол ирээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний /2.2.4/D/ орлого, үйлчилгээний төлөвлөгөөтэй ажилладаг ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр жилийн туршид төлөвлөгөөг 3 удаа тасалсан / гэжээ. Хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн байцаагч П.Эын төлөвлөгөөний биелэлт гэсэн хүснэгтээр 2018 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөний биелэлт нь 84.1 хувьтай гэж байхад жилийн туршид төлөвлөгөөг 3 удаа тасалсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй энэ талаар хариуцагч байгууллагаас борлуулалтын байцаагчид үр дүнгийн шагнал олгох журмаар хариуцлагыг тооцсон гэх боловч энэ журам нь дээрх асуудлыг зохицуулаагүй болно.

Тушаалд хөдөлмөрийн гэрээний /2.2.2/D/, / 2.2.4/D/ гэсэн заалтуудыг баримтлаж нь П.Эыг тус тус ноцтой зөрчил гаргасан гэж бичжээ. Гэтэл гэрээн дээрх /2.2.2 /D/, нь ердийн зөрчил, / 2.2.4 /D/ нь ноцтой зөрчил байна гэж тодорхойлсонтой нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол гэж 2 үндэслэл заасан байхад аль үндэслэлээр нь арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй энэ талаар тушаалдаа бичээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэгч П.Эыг Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн борлуулалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 2.453.952 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд даалгаж шийдвэрлэсэн зөв байна.

Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/37 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх ба хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Баттулгын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүнийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулгын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.213 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00697 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулгын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулгын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.213 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР