| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 167/2018/0031/Э |
| Дугаар | 332 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 332
М.Б, Ц.Д, Б.Д
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Ч.Ням, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар магадлалтай, М.Б-, Ц.Д-, Б.Д- нарт холбогдох 1819000000013 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Ч.Нямын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт М-ийн Б,
2. Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Ц-гийн Д,
3. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Б-гийн Д нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-, Б.Д-, Ц.Д- нарыг байгууллагын тэмдэг, хэвлэмэл маягт, албаны үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн, М.Б-г хуурамч баримт бичиг болохыг мэдсээр байж өөрөө ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-г 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр, Б.Д-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр, Ц.Д-г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д-, түүний өмгөөлөгч Ч.Ням нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Ч.Ням гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч М.Б-, Б.Д-, гэрч Б.З- нарын мэдүүлгээр хэн хуурамч бичиг баримт үйлдэж хэвлэсэн, ашигласан болох нь тодорхой байхад анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Д-ыг бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Д- нь өөрийн худ ураг болох гэж байгаа М.Б-, Ч.О- нарын гуйлтыг харгалзан тэднийг хүндэтгэж, итгэсэн тул гарах үр дагаврыг ухамсарлаж ойлгохгүйгээр М.Б-д байгууллагынхаа албан тоот, тушаалын бланк, өөрийнхөө ажлын газрын үнэмлэх зэргээ өгсөн нь хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж, нийгмийн хор уршгийн хэмжээ, бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн ойлголт, шинжийг агуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй. Ц.Д-гийн энэхүү хэрэгт оролцсон үйлдэл холбогдол нь хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн хувьд төгссөн гэмт хэрэг гэж үзэх үндэслэл бүрэн нотлогдож тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс эрх зүйн тодорхой дүгнэлт өгөлгүйгээр шууд гэм буруутайд тооцож хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Хамтран оролцсон гэх М.Б-, Б.Д- нарын мэдүүлгээр хуурамч бичиг баримтыг тусгай программ ашиглан хэвлэж үйлдсэн үйл явдалд Ц.Д-ыг оролцоогүй гэдгийг нотолдог. Ц.Д- нь М.Б-, Б.Д- нараас тодорхой хөлс шан авсан асуудал байдаггүй бөгөөд дээрх нөхцөл байдал болон анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс огт дүгнэлт өгөөгүй. Давж заалдах шатны шүүх хэргийн үнэн зөв байдлыг бүрэн төгс тогтоогоогүй, хөнгөрүүлж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолын Ц.Д-д холбогдох хэсэг, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Шүүгдэгч Ц.Д- нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа М.Б-, Б.Д- нарыг хуурамч бичиг баримт бүрдүүлэхийг мэдсээр байж дэмжлэг үзүүлж тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, тушаал, үнэмлэх, хоосон хуудсан дээр тамга дарж өгсөн. Мөрдөн байцаалт болон шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б- нь 2017 оны 12 дугаар сард гадаад улсад визгүй зорчих зорилгоор Ц.Д-, Б.Д- нартай бүлэглэн төрийн албаны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, уг баримтыг өөрөө ашигласан,
шүүгдэгч Ц.Д- нь М.Б-гийн албаны гадаад паспорт авах хүсэлтийн дагуу өөрийн ажилладаг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ямар ч бичвэргүй хоосон хэвлэмэл хуудсан дээр байгууллагын тэмдгийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын хуурамчаар үйлдсэн тушаалыг баталгаажуулж хуулбар үнэн гэсэн тэмдгийг тус тус дарсан, мөн хуурамч үнэмлэх үйлдүүлэх зорилгоор өөрийнхөө албаны үнэмлэхийг өгч ашиглуулсан,
шүүгдэгч Б.Д- нь М.Б-г Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны даргаар томилсон тушаал, М.Б-г томилолтоор гадаадад ажиллуулах тухай тушаал, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг, Ц.Д-гийн албаны үнэмлэхийг ашиглан М.Б-д албаны үнэмлэх зэргийг хуурамчаар үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Шүүх М.Б-, Ц.Д-, Б.Д- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямын гомдлыг судлан үзэхэд, Ц.Д- нь өөрийн худ болох гэж байгаа М.Б-, Ч.О- нарын гуйлтаар тэднийг хүндэтгэн туслахдаа бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулаагүй, энэхүү хэрэгт оролцсон үйлдэл холбогдол нь хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн хувьд төгссөн гэмт хэрэг гэж үзэх үндэслэл бүрэн нотлогдож тогтоогдоогүй, хуурамч бичиг баримтыг тусгай программ ашиглан хэвлэж үйлдсэн үйл явдалд Ц.Д- оролцоогүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.
Энэхүү гэмт хэрэгт дээрх гурван шүүгдэгч хамтран оролцсон болох нь нотлогдсон бөгөөд Ц.Д-гийн оролцоогүйгээр уг гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан нь тогтоогдсоноос гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хуурамч баримт бичиг үйлдсэнээр болон түүнийг ашигласнаар төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд заавал бодитой хохирол учирсан байхыг шаарддаггүй онцлогтой тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Ч.Нямын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН