Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2018/00326

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2018/00326

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н

Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргад холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна. Б.Н нь 2016 оны 02 дугаар сард Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Эрдэнэт сангийн нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь чанартай гүйцэтгэж ирсэн. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/* дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Иймд Б. Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 сарын 15-ны өдрийн тогтоолоор баталсан Эрдэнэт сангийн дүрмийн 3.9 дэх хэсэгт сангийн өдөр тутмын ажлыг Засаг даргын тамгын газрын холбогдох хэлтэс гүйцэтгэх бөгөөд ажил үүргийн үндсэн хуваарийн адил гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ гэж заасан. Энэ заалтын хэрэгжилт болон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс ажлын байрны ачааллыг нягтаршуулан Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/* дугаар захирамжаар Эрдэнэт сангийн санхүүгийн бүртгэлийг Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн П.Э хариуцуулж, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг баримтлан ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн бөгөөд хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан тул Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/* дугаартай захирамжаар Эрдэнэт сангийн нягтлан бодогч ажилтай Б.ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Дээрх Б/* дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамж нь хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Б.Н нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Засаг даргын ** дүгээр захирамжаар орон нутаг хөгжүүлэх Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн албан тушаалд ТҮ-7 ангилал зэрэглэлийн I шатлалд 535 286 төгрөгийн цалинтай томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-16, 17-20/

Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/* дугаартай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Эрдэнэт сангийн дүрмийн 3.9 дэх заалтыг үндэслэн Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн үүрэгт ажлыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хариуцуулан ажиллуулах болсон гэсэн шалтгаанаар ажилтан Б.Н байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс цуцалсан байна. /хх-4/

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...орон тоо хасагдсан гэж тайлбарлаж байгаа боловч Санхүү төрийн сангийн ажилтанд давхар хариуцуулж байгаа, 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байтал мэдэгдэл өгөөгүй, тэтгэмж олгоогүй, хурлын тэмдэглэл үндэслэж захирамж гарсан, одоог хүртэл тогтоол гараагүй, хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчиж жирэмсэн эмэгтэйг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ... Эрдэнэт сангийн дүрмийн 3.9 дэх хэсэгт заасны дагуу сангийн өдөр тутмын ажлыг Засаг даргын тамгын газрын холбогдох хэлтэс гүйцэтгэх бөгөөд ажилтанд 1 сарын өмнө мэдэгдсэн, Б. ажлаас чөлөөлсөн захирамж үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдолыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд энэ хуулийн 40.5-д заасныг баримтлах ёстой. Аж ахуйн нэгж, байгууллагын дүрэмд тодорхойлсон үйл ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхэд онц шаардлагагүй ажил үүргийн орон тоог бүтцийн үндсэн нэгжээс гаргах явдлыг орон тоо хасах гэж ойлгоно. Ийнхүү орон тоо хасагдаж, хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаа талаар ажил олгогчоос ажилтанд нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдэгдсэн гэсэн тайлбарыг нотлосон баримтгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба хариуцагчийн төлөөлөгчөөс уг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Орхон аймгийн орон нутаг хөгжүүлэх Эрдэнэт сангийн зөвлөлийн хурал 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж дүрмийн 3.9 дэх заалтын дагуу нягтлан бодогчийн үүрэгт ажлыг Санхүү төрийн сангийн хэлтэст хариуцуулан холбогдох мэргэжилтэн хавсран гүйцэтгэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2 хоногийн дараа Засаг даргын захирамжаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан байх тул мэдэгдэл өгөөгүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заажээ. Нэхэмжлэгч Б.Н нь жирэмсэн болох нь түүний шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Ачлалт нар өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картаар нотлогдож байна.

Хуулийн дээрхи зохицуулалт нь эмэгтэй хүний эх байх эрхээ эдлэх, үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэхэд чиглэгдсэн хөдөлмөрийн харилцааны нэмэлт баталгаа юм.

Иймд нэхэмжлэгч Б. Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүний ажилгүй байсан хугацааг 32 хоног гэж /2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр/ 535 286 төгрөгийн үндсэн цалингаас /Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн 6/**албан тоот/ ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг тооцож Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 796 7* төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь Орхон аймгийн Засаг дарга тул Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасантай нийцүүлж Засаг даргын тамгын газраас ажилтны ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон улсын тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулахаар заалаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 9 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч 11 цаг 20 минутад болох Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохоор шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хурлыг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг өөрийг нь эзгүйд хуралдааныг хийх тухай хүсэлт гаргасан болохыг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдөх бөгөөд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 93 871 /70 200+23 671/ төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б. орон нутаг хөгжүүлэх Эрдэнэт сангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 796 7* төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан Б.Н олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 93 871 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ