Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 183/2018/03753/И |
Дугаар | 752 |
Огноо | 2019-04-26 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 752
Ө.Л-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00506 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ө.Л-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ХААИС-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ө.Л-
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Ж.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.
Нэхэмжлэгч Ө.Л- шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ХААИС-ийн захирал Т.Х-гийн гаргасан ажлаас чөлөөлөх тушаалыг хууль бус гэж үзэж байгаа. Б/257 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг ажлаас халах нэг үндэслэлээ болгосон. Энэ нь 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэж байгаа заалт болохоос ажлаас шууд чөлөөлөх үндэслэл биш гэж үзэж байна. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох гэсэн өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоолуудыг харгалзаж үзээгүй гэж үзэж байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг байсан хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байх тул надаас цаашид үргэлжлүүлэн ажиллах эсэх талаар санал аваагүй. Тушаалын 2 дахь үндэслэл нь ХААИС-ийн дотоод журмын 2.17 байгаа. Энэ нь тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн багш, ажилчид холбогдох хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдөнө гэсэн ийм л заалт байгаа. Тушаал нь холбогдох дээр миний хэлсэн хуулийн заалтуудыг огт хэрэглээгүй, авч үзээгүй. Хөдөлмөрийн дотоод журамд шинэчилсэн найруулга хийгдээгүй. Тус сургуулийн хөдөлмөрийн журам бол 9 жилийн өмнөх журам, өнөөдрийн цаг үетэйгээ нийцээгүй журмыг үндэслэж гаргасан байна. Тушаалын 3 дахь үндэслэл нь ХААИС-ын дүрмийн 5.11 дэх заалтад захирал нь их сургуулийг удирдах үйл ажиллагаагаа үр нөлөөтэй явуулах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажлын албатай байна гэсэн заалт байгаа. Миний хувьд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс захиргааны албыг хариуцсан дэд захирлын албыг хашиж ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 36 дугаар зүйлийн 36.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Би 1981 оноос өнөөдрийг хүртэл нийгэмд 37 жил гаруй тасралтгүй ажилласан. Үүнээс ХААИС-д 1986 оноос 2000 он хүртэл 14 жил багшаар ажилласан. 2012 оноос 2013 онуудад бас багшаар томилогдож ажилласан. Дараа нь 2017 оноос 2018 онд дэд захирлаар томилогдон ажилласан. Нийт 17-18 жил өөрийнхөө төрөлх сургуульд ажилласан байна. Эцэст нь дүгнээд хэлэхэд Б/257 тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2, 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.1.1, 40 дүгээр зүйлийн 40.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, зөвхөн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг буруу хэрэглэсэн байна. Мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-ийг бүрэн зөрчсөн, огт хэрэглээгүй, хэрэглэхийг ч хүсээгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 2.17-г буруу хэрэглэсэн. ХААИС-ийн дүрмийн 5.11 нь намайг ажлаас халах үндэслэл болох ёсгүй. Иймд намайг эрхэлсэн ажилд нь эргүүлэн томилж, эрүүл мэнд, нийгмийн даатгал болон бусад холбогдох суутгал шимтгэлийг төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тодорхой байгаа. Уг заалтад ямар хүмүүс ямар наснаас эхэлж хамрагдах вэ гэдэг асуудлыг тодорхойлж өгсөн. Тэгэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зүйл заалт хүчингүйд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн дор дурдсан агуулгатай 5.1, 6.1, 6.2 дугаар зүйлд нэмээгүй гэж 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр орж ирсэн. 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай гэж 65 насыг бүр тодорхой болгож өгсөн. Өөрөөр хэлбэл, уг 2 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг доор дурдсанаар тогтооно гэсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийг өндөр насны тэтгэврийг тогтоолгох нас гэж маш тодорхой зааж оруулж өгсөн. 1957 оны хүнийг 60 наснаас нь гаргана, 1958 оны хүнийг 60 нас 3 сартай гаргана гэсэн байгаа. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа 65 нас нь 2002 он ба түүнээс хойш тэтгэвэрт гарах гэж байгаа этгээдүүд 65 насандаа гарна гэсэн байгаа. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь тушаал дээр тодорхой байгаа. Нэхэмжлэгчийн хувьд 1958 онд төрсөн хүн 60 нас 3 сартайд нь гаргана гэж бодвол 8 сар илүү ажиллуулсан байгаа. Их сургууль гэдэг өөр статустай, үндсэн санхүүжилт нь оюутны сургалтын төлбөрөөр санхүүждэг, энэ хуульд ямар ч хамаа байхгүй. Төрийн албаны тухай хуулиар тэтгэвэр, тэтгэмж ярьдаггүй газар. Харин 60 нас хүрээд ажлаас чөлөөлөгдөхдөө сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороо, ажил олгогчтой байгуулсан хамтын гэрээний дагуу тэтгэмж олгодог. Сургууль өөрийнхөө санхүүгийн боломжид тулгуурлаад өгдөг. Энэ хамтын гэрээнд ХААИС-ийн захиргааны аппарат нь ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тохиолдолд энэ зүйл заалт нь яг таарна. 1-ээс 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгоно. 1-ээс 9 жил ажилласан бол 2 сар, 10-аас 20 жил ажилласан бол 4 сар, 21-ээс дээш жил ажилласан бол 6 сар гэж байгаа. Энэ сургуулиас тэтгэвэрт гарсан бүх хүнд үйлчилж байгаа гэрээ байгаа болохоор хамтын гэрээнд заасны дагуу 4 сарын тэтгэвэр тэтгэмжийг олгох нь хууль ёсны асуудал” Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар Ө.Л-г Хөдөө аж ахуйн их сургуулийн Захиргаа эрхэлсэн дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Хөдөө аж ахуйн их сургуулиас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 5 632 227 төгрөг гаргуулж Ө.Л-д олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хөдөө аж ахуйн их сургуулиас 105 065 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхээс “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар Ө.Л-г Захиргаа эрхэлсэн дэд захирлын ажилд эгүүлэн тогтоосугай” гэжээ. Тус их сургуулийн захирал нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/257 тоот тушаалаар Ө.Л-г ажлаас чөлөөлөхдөө доорх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Ө.Л- нь 1958 онд төрсөн одоо 61 настай тухайн үед ажлаас чөлөөлөгдөхөд 60 нас 7 сартай байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн.. Хөдөө аж ахуйн их сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.17-д тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн багш, ажиллагчид холбогдох хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдөнө гэсэн заалтын дагуу чөлөөлөгдсөн болно. Ажил олгогч Ө.Л-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг баримтлан чөлөөлөхдөө тухайн ажилтны нас, ажилласан жил нь хуульд зааснаар тэтгэвэрт суух болзлыг бүрэн хангасан гэж үзсэн. Ө.Л- нь нэхэмжлэлдээ: ...би улсад 38 жил ажилласан гэж дурдсан нь тэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх гэсэн шаардлагыг бүрэн хангасан нь харагдаж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 65 нас гэж байгаа боловч одоогийн мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т 60 нас гэж тодорхой зааж өгсөн. Тус их сургууль нь төрийн өмчит улсын сургууль бөгөөд төрийн үйлчилгээний байгууллага юм. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт ...”Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна/төрийн албаны 2002 оны хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мөрдөгдсөн/ гэж хуульчилсан нь хөдөлмөрийн харилцааны бүхий л асуудлууд энэ хуулиар зохицуулагдана гэдгийг заасан. Дээрхээс үзэхэд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж шийдвэр гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдгийг ажилтны насыг он сар өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн төдийгүй тухайн ажилтны ажилласан жил нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуулийг бүрэн хангасан байна гэж ойлгох ба эдгээр болзлын аль нэг хангагдаагүй бол хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах үндэслэл болохгүй гэж ойлговол зохино гэжээ. /Энэ нь Ө.Л- ажлаас чөлөөлөгдөх хүртэл 60 нас 7 сартай, улсад 38 жил ажилласан дээрх шаардлагыг бүрэн хангаж байна/ Иймээс дээр дурдсаныг хянаж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ө.Л-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч Ө.Л- нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцаг ХААИС-д холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 16-17 дугаар тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан 60 нас хүрсэн гэх үндэслэлээр Б/257 дугаар тушаалаар ажлаас халсан ах нэг үндэслэлгүй” гэж, хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч 1958 онд төрсөн, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн дагуу 60 нас 3 сартайд нь гаргана гэж бодвол 8 сар илүү ажиллуулсан” гэж тус тус тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Ө.Л- нь Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/141 тоот тушаалаар Захиргаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж эхэлсэн үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 39 дүгээр тал/
Ажил олгогчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/257 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Хөдөө аж ахуйн их сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.17, тус сургуулийн “Дүрэм”-ийн 5.11 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Ө.Л-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг Захиргаа эрхэлсэн дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хэргийн 40 дүгээр тал/
Нэхэмжлэгч Ө.Л- нь 1958 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрж, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 60 нас хүрсэн болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 3 дугаар тал/
Гэтэл шүүхээс Ө.Л-г ажлаас чөлөөлсөн гэх Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/257 тоот Ажлаас чөлөөлөх, албаны харьяалал өөрчлөх тухай тушаал нь хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч агуулгын хувьд эрх зүйн актын шаардлагыг хангаагүй гэж дүгнэн, нэхэмжлэгч Ө.Л-г Хөдөө аж ахуйн их сургуулийн Захиргаа эрхэлсэн дэд захирлын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн олговорт нийтдээ 5 632 227 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрснээр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байхыг хамааруулсан байх тул нэхэмжлэгч Ө.Л-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах боломжгүй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох ерөнхий насыг 65 нас байхаар зохицуулсан нь 60 нас хүрч тэтгэвэр авах эрх үүссэн ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтыг ажил олгогч зөрчсөн гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл, ажилтан, ажил олгогч нарын хоорондын хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч Ө.Л- нь 1958 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн тул 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь 60 нас 3 сар байхаар зохицуулсаны дагуу тэтгэвэр авах эрх үүссэн гэж хариуцагч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00506 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ХААИС-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний дундажтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Ө.Л-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хөдөө аж ахуйн их сургуулиас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 065 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
С.ЭНХТӨР