Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2018/00009

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2018/00009

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Б

Хариуцагч: ЭҮ ХХК-д холбогдох

ЭҮ ХХК-ний ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/№ тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, гэрч Б.О , С.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Б миний бие ЭҮ ХХК-ны Ган бөмбөлөгийн цехэд 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 12 жил тасралтгүй операторчоор ажилласаар ирсэн. 2017 оны 07 дугаар сарын 22-нд ажлаасаа буугаад гэртээ амарч байтал миний толгой эргэж нүд бүрэлзэлсний улмаас түр зуур ухаан балартсан юм. Ингээд маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр миний бие ээлжийн ажилтай байсан боловч дахин миний толгой эргэж, дотор муухай оргиод унах гээд байсан мөн зүүн хөл гишгэхэд хөндүүр болсон байсан тул ажилдаа гарч чадаагүй. Энэ тухайгаа хамт ажилладаг операторч Болд, кранчин Отгонтуяа, цахилгаанчин Ариунболд нарт утсаар мэдэгдсэн. Тухайн өдөр нь амралтын өдөр буюу бүтэн сайн байсан учраас ЭҮ -ийн Сувилал амарсан учраас үзүүлж чадаагүй. Харин Орхон аймгийн БОЭТ-ийн гэмтлийн эмч Энхбатад үзүүлэхэд ...хөл зөөлөн эдийн гэмтэл авсан байна унаж татсан уу гэж асууж хөлний зургаа авахуулах шаардлагатай гээд рентгений эмч Э т хөлийн зургаа авахуулсан. Энхбат эмч надад эмчилгээ бичиж өгсөн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа очоод инженер Сумъяабазар, инженер технологи А нарт миний бие өвдөөд эмнэлэгт хэвтмээр байна, амралтаа авмаар байна гэж хэлэхэд ...ажиллах хүн байхгүй тул ажлаа хий гээд чөлөө өгөлгүй ажиллуулсан.Үүнээс хойш гэрээрээ эмчилгээ хийлгээд ажлаа хийгээд явсан. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа очтол инженер технологи А өөрийн чинь ажлаас халагдсан тушаал гарсан гээд ажилд гаргаагүй. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ЭҮ -ийн захиргааны 201 тоотод намайг дуудаж 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/№ тоот захирлын тушаалыг өгсөн. Уг тушаалд намайг 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс цуцалсугай гэсэн байсан. Намайг өвчтэй байхад Б/№ тоот тушаалаар ажлаас халсан нь Хөдөлмөринй тухай хуулийн 35.1.3 дахь заалтыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байгаа тул гомдолтой байна. Иймд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ЭҮ ХХК-ны Ерөнхий захирлын Б/№ дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1 400 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Б нь тус компанийн Ган бөмбөлгийн цехэд буулгах тоноглолын операторчиноор ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж Ган бөмбөлгийн цехийн даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Б/ №тоот тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл мөн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө ажилд гарахын өмнөх эмчийн үзлэгээр 0.15 хувийн согтолтын зэрэг илэрсэн тул Ган бөмбөлгийн цехийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан болно. Мөн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүндэггэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.16 дахь заалтууд, П.Б тэй байгуулсан 6 тоот хөдөлмөрийн гэрээний 4.4.9 дэх заалтыг үндэслэн Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/№ тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч ЭҮ ХХК-д холбогдуулан ерөнхий захиралын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/№ дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Б нь тус шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

П.Б нь Эрдэнэт металл ХХК-д 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс засварчинаар, ЭҮ ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс засварчин, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус үйлдвэрийн Ган бөмбөлгийн цехэд операторчоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн нийгмийн даатгалийн №№ , №№ дугаартай дэвтрийн хуулбараар нотлогдож байна. /хх 4-6/

ЭҮ ХХК-ний ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/№ дугаартай тушаалаар ажилтан П.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 4.4.9, хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.16, Ган бөмбөлгийн цехийн даргын албан бичиг, ээлжийн мастер Э.П илтгэх хуудас, П.Б ийн тайлбар зэргийг үндэслэн цуцалсан байна./хх-80/

Нэхэмжлэгч П.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ээлжийн ажилтай байсан боловч толгой эргээд, дотор муухайрч унах гээд байсан, зүүн хөл гишгэхэд хөндүүр байсан тул ажилдаа гарч чадаагүй, энэ тухайгаа хамт ажилладаг оператор Б.Б , кранчин С.О, цахилгаанчин Б.А нарт мэдэгдсэн. Амралтын өдөр үйлдвэрийн эмнэлэг сувилал ажиллаагүй шалтгаанаар Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч н.Э үзүүлж, зураг авахуулах шаардлагатай гэсний дагуу рентгений зураг авахуулсан гэж тайлбарладаг.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ЭҮ ХХК-ний Ерөнхий захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/№ дугаар тушаалын хавсралтаар ЭҮ ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг баталсан байдаг. Уг журамтай нэхэмжлэгч П.Б танилцаж, гарын үсэг зурсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтаар нотлогдно./хх-82/.

Дээрхи журмын 5.2.8-д өвчний улмаас хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд тус ажилтан өөрөө эсвэл холбогдох хүмүүсээр дамжуулан ажил эхлэхээс өмнө шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэх, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногийн дотор бүрдүүлж өгөх үүрэгтэй ба тушаал гарах хүртэлх 25 хоногийн хугацаанд үүргээ биелүүлээгүй.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 450 дугаартай тушаалаар эмнэлгийн анхан шатны бүртгэлийн маягтыг баталсан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үзүүлсэн гэдэг нэхэмжлэгчийн тайлбар эргэлзээтэй болох нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн цехийн захиргаанд гаргасан тайлбар, түүний насаа мэдүүлсэн байдал, хаяг тодорхойгүй байгаа байдал, Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 894 дугаартай албан бичгээр нотлогддог тул П.Б ийг өвчтэй байсан гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч П.Б ийн утсаар хэлж мэдэгдсэн гэх хамт ажилладаг ажилтнуудыг шүүхээс гэрчээр дуудаж, асуухад хэн нь ч утсаар ярьж хэлээгүй гэдэг бөгөөд ээлжийн мастерийг орлож байсан Э.п түүний утсанд залгахад холбогдох боломжгүй байсан гэсэн мэдүүлэг болон холбогдох баримтыг шаардаагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбараас байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-д заасан үүргээ ажилтан биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь нотлогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой гөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

ЭҮ ХХК-ний Ган бөмбөлгийн цехийн даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/ №дугаартай тушаал, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар ажилтан П.Б өд өмнө нь сахилгын шийтгэл ногдуулж байсан бөгөөд тэрээр дээрхи тушаалд гомдол гаргаагүй байна./хх 20,23/

ЭҮ ХХК болон ажилтан П.Б нарын хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.4.6-д ажилтан өвчилсөн тухай эмнэлгийн хуудсаа ажлын 3 хоногт, эмнэлгийн хуудсыг ажилд орсноос хойш ажлын 5 хоногт багтаан ажил олгогчид хүргүүлээгүй бол сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохоор заасан байна.

П.Б ийн өвчилсөн өдөр хэдийгээр амралтын өдөр байсан ч ажилтан холбогдох баримтаа ажлын өдрүүдэд бүрдүүлж өгөх үүрэгтэй болох нь хөдөлмөрийн гэрээ болон ЭҮ ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-д тус тус тодорхойлсон байна.

Ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах журмыг баримталсан төдийгүй ажилтан П.Б ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажил тасалсан гэж үзэж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Ажилтан П.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ерөнхий захиралын тушаалд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон итгэмжлэлд ЭҮ ХХКийн тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар гарын үсэг зурсан нь ЭҮ ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.1-д заасныг зөрчөөгүй эрх бүхий этгээд мөн гэж дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар П.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б ийн ЭҮ ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/№ тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар П.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ