Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00946

 

П.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00009 дүгээр шийдвэр,

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар магадлалтай,  

            П.Б-ийн нэхэмжлэлтэй,

            “Э” ХХК-д холбогдох

          “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/1180 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

       Нэхэмжлэгч П.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие “Э” ХХК-ийн Ган бөмбөлөгийн цехэд 2005 оны 03 сарын 14-ний өдрөөс хойш 12 жил тасралтгүй операторчоор ажилласаар ирсэн. 2017 оны 07 сарын 22-нд ажлаасаа буугаад гэртээ амарч байтал миний толгой эргэж нүд бүрэлзэсний улмаас түр зуур ухаан балартсан. Ингээд маргааш нь буюу 2017 оны 07 сарын 23-ны өдөр миний бие ээлжийн ажилтай байсан боловч дахин миний толгой эргэж, дотор муухай оргиод, мөн зүүн хөл гишгэхэд хөндүүр болсон байсан тул ажилдаа гарч чадаагүй. Энэ тухайгаа хамт ажилладаг операторч н.Болд, кранчин н.Отгонтуяа, цахилгаанчин н.Ариунболд нарт утсаар мэдэгдсэн. Тухайн өдөр нь амралтын өдөр буюу бүтэн сайн өдөр байсан учраас Эийн Сувилал амарсан учраас үзүүлж чадаагүй. Харин Орхон аймгийн БОЭТ-ийн гэмтлийн эмч н.Энхбатад үзүүлэхэд “...хөл зөөлөн эдийн гэмтэл авсан байна, унаж татсан уу” гэж асууж хөлний зургаа авахуулах шаардлагатай гээд рентгений эмч н.Энх-Амарт хөлийн зургаа авахуулсан. Н.Энхбат эмч надад эмчилгээ бичиж өгсөн бөгөөд 2017 оны 07 сарын 24-ний өдөр ажилдаа очоод инженер н.Сумъяабазар, инженер технологич н.Анх-Эрдэнэ нарт “миний бие өвдөөд эмнэлэгт хэвтмээр байна, амралтаа авмаар байна” гэж хэлэхэд “...ажиллах хүн байхгүй тул ажлаа хий” гээд чөлөө өгөлгүй ажиллуулсан. Үүнээс хойш гэрээрээ эмчилгээ хийлгээд ажлаа хийгээд явсан. 2017 оны 08 сарын 24-ний өдөр ажилдаа очтол инженер технологич н.Анх-Эрдэнэ “өөрийн чинь ажлаас халагдсан тушаал гарсан” гээд ажилд гаргаагүй. 2017 оны 08 сарын 30-ны өдөр Эийн захиргааны 201 тоотод намайг дуудаж 2017 оны 08 сарын 18-ны өдрийн Б/1180 тоот захирлын тушаалыг өгсөн. Уг тушаалд намайг “2017 оны 07 сарын 23-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг 2017 оны 08 сарын 18-ны өдрөөс цуцалсугай” гэсэн байсан. Намайг өвчтэй байхад Б/1180 тоот тушаалаар ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3 дахь заалтыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байгаа тул гомдолтой байна. Иймд 2017 оны 08 сарын 18-ны өдрийн “Э” ХХК-ийн Ерөнхий захирлын Б/1180 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

              Хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: П.Б- нь тус компанийн Ган бөмбөлгийн цехэд буулгах тоноглолын операторчноор ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 сарын 24-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, Ган бөмбөлгийн цехийн даргын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн Б/06 тоот тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, мөн 2017 оны 04 сарын 17-ны өглөө ажилд гарахын өмнөх эмчийн үзлэгээр 0.15 хувийн согтолтын зэрэг илэрсэн тул Ган бөмбөлгийн цехийн даргын 2017 оны 04 сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан болно. Мөн 2017 оны 07 сарын 23-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.16 дахь заалтууд, П.Б-тэй байгуулсан 6 тоот хөдөлмөрийн гэрээний 4.4.9 дэх заалтыг үндэслэн Ерөнхий захирлын 2017 оны 08 сарын 17-ны өдрийн Б/1180 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00009 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-ийн “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/1180 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

                      Нэхэмжлэгч П.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2018/00009 тоот шийдвэр, 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 20 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие “Э” ХХК-ийн Ган бөмбөлөгийн цехэд 2005 оноос хойш 12 жил операторчоор ажилласаар ирлээ. 2017 оны 07 сарын 22-нд ажлаасаа буугаад гэртээ амарч байгаад бие өвдөөд түр зуур ухаан балартсан. Маргааш нь ээлжийн ажилтай байсан боловч зүүн хөл хүндүүр байсан тул ажилдаа очиж чадаагүй. Энэ өдөр бүтэн сайн өдөр байсан тул сувилал орж үзүүлж чадалгүй Орхон аймгийн Зэст багийн 1 микрийн 6 дугаар байранд байрладаг гэмтлийн хувийн эмнэлэгт үзүүлсэн. Эмч үзээд бүсийн оношлогооны төв ороод рентген зургаа авахуулаад ир гэсэн. Би зургаа авахуулж ирж эмчээр эмчилгээ бичүүлсэн. Тэр өдөр авахуулсан рентген зураг болон эмчид үзүүлсэн төлбөрийн баримт, эмчилгээний картыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Үүнийг шүүх анхаарч үзсэнгүй. Маргааш нь ажил дээрээ очоод инженер Сумъяа, инженер технологи Анх-Эрдэнэ нарт миний бие өвдөөд байна. Эмнэлэгт хэвтмээр байна гэхэд “ажиллах хүн байхгүй. Хүн дутуу байгаа ажлаа хий” гээд чөлөө өгөлгүй ажиллуулсан. Үүнээс хойш гэрээр эмчилгээ хийлгэж ажлаа хийгээд явсан. “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 сарын 18-ны өдрийн Б/1180 дугаартай тушаал намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж ажлаас халсан байдаг. 2017 оны 07 сарын 23-ны өдөр би өвчтэй байсан гэдгээ нотолж холбогдох баримт бичгийг шүүхэд ирүүлсэн. Үүнийг шүүх шийдвэртэй нотлох баримтын хүрээнд авч үзэлгүй дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтыг зөрчсөн тушаал юм. Иймд 2018.01.02-ны өдрийн 142/ШШ2018/00009 дүгээр шийдвэр, 2018.02.06-ны өдрийн 20 тоот магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

        Нэхэмжлэгч П.Б- нь “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2017.08.18-ны өдрийн Б/1180 тушаалыг хүчингүй болгох, тус үйлдвэрийн Ган бөмбөлгийн цехийн операторчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... нэхэмжлэгч нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж маргажээ.

            П.Б- нь тус үйлдвэрийн Ган бөмбөлгийн цехийн операторчноор ажиллаж байхдаа 2017 оны 3, 4 дүгээр сард сахилгын арга хэмжээ авагдсан ба тухайн үед сахилгын шийтгэл буруу ногдуулсан талаар гомдол гаргаагүй, сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан тус цехийн захиргаанд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн тайлбар хуудас, гэрч н.Пүрэвням, Б.Болд нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй.

       Тухайн өдөр эмчид үзүүлсэн, өвчтэй байсан гэж нэхэмжлэгч П.Б- тайлбар гаргасан боловч хариуцагчийн “...ажил олгогчид урьдчилж мэдэгдээгүй, тайлбар өгөхдөө эмчид үзүүлсэн гэж бичээгүй, эмчид үзүүлсэн гэх баримтаа Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын 3 хоногийн дотор ирүүлээгүй тул хуульд заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн” гэсэн тайлбар, татгалзлал, түүнтэй холбоотой нотлох баримтыг үгүйсгэж, няцааж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

           Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд ажилтан П.Б- нь 7 дугаар сарын 23-ны өдөр өвчтэй байсан, эмчид үзүүлсэн талаарх баримтаа зохих ёсоор ажил олгогчдоо гаргаж өгөх, ажилд гарч чадахгүй тохиолдолд урьдчилж мэдэгдэх тухай Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн ажил олгогчийн Б/1180 дугаар тушаалын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.

           Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нэхэмжлэгч П.Б-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

         Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч П.Б-ийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00009 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН