Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2019/00926

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2019/00926

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Х

Хариуцагч: Ц.Г

6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Х нь 2018 оны 01 дүгээр сард Ц.Г уулзахад Fivewindsam буюу хөрөнгө оруулалтын компанийг санал болгосон. 7 хоног бүр мөнгөө өсгөж авдаг, хөрөнгө оруулалтын компани гээд цалингийн зээл авчих өсгөөд өгнө гэж хэлсэн. 5 000 000 төгрөгний цалингийн зээл авч, өөрийн хуримтлуулж байсан 1 000 000 төгрөгийг нэмж, нийт 6 000 000 төгрөгийг Ц.Г ийн Хаан банкны № дансанд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж хэлээд Fivewindsam цахим хуудас руу орж шалгадаг гэсэн. Өгсөн кодоор нь орж үзэхэд евро өсөөд байдаг. Авах гэхээр авч болдоггүй. Өнөөдрийг хүртэл гар дээрээ нэг ч төгрөг аваагүй. Банкин дээр данс нээлгээгүй, виза байхгүй. Очоод уулзахаар удахгүй Монголын нэг банктай гэрээ хийгээд мөнгөө авах боломжтой болно. Мөн виза карттай болохоор мөнгө авах боломжтой болно. Мөнгө өгснөөс хойш 6 сарын дараа карт бэлэн болно гээд одоо сарын дараа гэж удаа дараа нэг нэг сараар хойшлуулсаар байгаад өдий хүрсэн. Чиний мөнгө өсөөд монгол мөнгөөр 60 000 000 төгрөг болчихсон. Тэвчээртэй хүлээж бай гэдэг. Би цалингийн зээл авч энэ мөнгийг өгсөн болохоор цалин ахуй амьдралд хүрэхгүй их хэцүү байна. Цаашид дахин хүлээж чадахгүй учраас Ц.Г 6 000 000 төгрөгийг гаргуулан надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: Миний бие Ц.Г нь Д.Х ын нэхэмжлэлтэй танилцаад энэхүү хариу тайлбарыг бичиж байна. 2017 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотын Л.Г , Ш.Д , Н.Ц нарын гурван хүн ирж Эрдэнэт хотын иргэдэд Fivewindsam буюу Кабо Верда улсад төв нь орших хөрөнгө оруулалтын компанийн тухай тунилцуулга хийсэн юм. Тус компани нь ОУ-ын түвшинд санхүүгийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын сан явуулах ажиллуулах зөвшөөрөлтэй дэлхийн зах зээл дээр 10 жил ажилласан дэлхийн 70 гаруй орны 650 000 хөрөнгө оруулагчтай маш том компани байсан. Мөн онлайн комперенц байнга хийдэг. Тайван, Хятад, Вьетнам, Орос, Герман зэрэг оронд хийсэн болно. Дэлхийн олон хүн цолонд хүрч 20 000 -1 сая евро авсан байсан. Хувь хүний хөрөнгө оруулалтыг жилд 2-3 дахин өсгөж өгдөг. Компанийн хөрөнгө оруулалт Хятадын хүнс, хөдөө аж ахуй, Африкийн цагаан алт, алмазны уурхайд хөрөнгө оруулалт хийдэг. Д.Х гэдэг энэ залууг би сайн мэдэхгүй. Гэхдээ манай засварын газраар орж, гарч хүүг маань ахаа энээ тэрээ гээд л гүйж явдаг залуу. Би энэ залууг дуудаагүй, утасдаагүй, гэрээс нь очиж авчраагүй. Нэг өдөр өөрөө л ажил дээр ороод ирсэн. Таны энэ хөрөнгө оруулалтын ажлыг сонирхож явна гээд бидний мөнгө ногдолоороо өсч байдаг учир бид заавал энд хүн оруулах гээд байх шаардлагагүй болохыг тайлбарлаж өгсөн. Бид хүнийг шахдаггүй. Гэхдээ таалагдаж байна. Би найз охинтой болсон бөгөөд одоо байрны мөнгөтэй болмоор байна гэж ярьж байсан. Тэхээр нь хэрэв хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол гэрийнхэнтэйгээ сайн ярилцаарай. Хөрөнгө оруулалт бол эрсдэл, эрсдэлээ өөрөө хариуцдаг юм шүү. ЗА тэгээд өөрөө л мэдэх хэрэг гэж хэлээд гаргасан. Дахиад офисс дээр ирсэн. Тэгээд 2 430 багц хэдэн төгрөг болох вэ? гээд бас ойр зуурын юм асуугаад гарсан. Гурав дахь удаагаа манай гэрт ороод ирсэн. Тэгээд та надад 2 430 ногдол ашгаар нь буцаагаад өсгөвөл хэдий хугацаанд 7 290 багц болох вэ? тооцоолоод өгөөч гэсэн. Ингээд би тооцоог нь гаргаж өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цалингийн зээл авлаа гэхдээ 2 430 багц авч хүрэхгүй нь 6 000 000 төгрөгөнд багц авъя гэж ирсэн. Дахин тооцоо гаргаад 2018 оны 09 дүгээр сар дуустал ногдол ашгаа авахгүйгээр өсгөөд 7 290 багцтай болох зорилго тавьсан. Ингээд мэйл хаяггүй учир хаяг нээж өгөөд FW компанид бүртгээд хүмүүсийн ногдол ашгаас евро авч тэр өдөрт нь хөрөнгө оруулалтыг байршуулж өгсөн. Ээж маань зөвшөөрсөн гээд ээжийнхээ иргэний үнэмлэхтэй ирж ээж дээрээ 90 багц бас байршуулсан.Үүнээс хойш 7 хоног бүр ногдолоо надаар багц руугаа хийлгэж өөрөө сайт руугаа орж харсаар яваад 2018 оны 09 дүгээр сард 7 290 багцтай болсон. Гэтэл 2018 оны 08 дугаар сард FW компанийг дансан дахь мөнгийг нь битүүмжлэх Кабо Верда улсын хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байдаг. Шалгалтын хугацаа нилээд хэдэн сар үргэлжилж хоёр ч удаа шүүх хурал хийж FW компани ялалт байгуулсан билээ. Үүний дараа компани шууд шинэчлэлийн ажилд орсон. Хоёр компани байсан. Ази, Африкийн бүс AGAM, Европын бүс FW, ингээд энэ компани хуулийн байгууллагад шалгуулаад дараа нь шинэчлэл хийж байгаа асуудал байгаа болно. Биднээс шалтгаалах юм байхгүй. Д.Х ын хөрөнгө өсөөд 21 870 болсныг өөрөө бас мэдэж байгаа. Компани мөнгө тавиад эхлэхэд энэ залуу маш өндөр орлоготой болох юм. Энэ хугацааны ногдол ашиг нөхөж орж ирнэ гэж байгаа. Ийм нөхцөл байдалтай байхад яагаад намайг шүүхэд өгсөнд гайхаж байна. Энэ хүн 6 000 000 төгрөгт багц авах зорилгоор надад мөнгө өгсөн. Би өдөрт нь байршуулж өгсөн. Өөрөө хүсэж хөрөнгө оруулалт хийсэн. Багцаа өсгөж 72 902 болох зорилготой байсан бол харин энэ хугацаанд өсч 21 870 болсон. Өөрөө ногдол ашиг авахгүйгээр явъя гэж шийдсэн. Д.Х ч, би ч бусад олон мянган Монголчууд мөн дэлхийн 70 гаруй орны 650 000 хөрөнгө оруулагчид компанийн шинэчлэл дуусахыг хүлээж байна. Өөр арга байхгүй. Болсон явдлыг үнэн зөвөөр нь бичив. Шүүхийн шийдвэр бодитой үнэн зөв гарна гэдэгт итгэж байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Ц.Г т холбогдуулан 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Х нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Голомт банктай ЗГ4005113129 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Ц.Г ийн Хаан банкны № тоот дансанд 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь түүний шүүхэд мэдүүлсэн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Ц.Г ийн № дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэг, Голомт банкны зарлагын мэдүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх 2-3, 5, 6, 29/

Нэхэмжлэгч Д.Х Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл бий болсон учир 6 000 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй гэж, хариуцагч Ц.Г Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.

2018 оны 01 дүгээр сард Ц.Г нь Fivewindsam гадаадын хөрөнгө оруулалтын компанийг Д.Х од санал болгосон бөгөөд уг компаний үйл ажиллагааны талаар танилцуулж, 7 хоног бүр ногдол ашиг хувиарладаг, мөнгөө богино хугацаанд өсгөж авах боломжтой талаар танилцуулсан байна.

Нэхэмжлэгч Д.Х компаний үйл ажиллагааны талаар тодорхой ойлголт авч 6 000 000 төгрөгийн багцад хамрагдахаар Ц.Г ийн Хаан банкны № тоот дансанд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөнгө шилжүүлсэн байна.

Хариуцагч Ц.Г нь Д.Х од Жи мэйл хаяг нээж, компаний хөрөнгө оруулагчаар бүртгүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн цахим шуудан, зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, Д.Х ын ...өгсөн кодоор нь орж үзэхээр евро өсөөд байдаг, мөнгө авч болдоггүй гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-д заасан даалгаварын гэрээний харилцаа үүссэн бөгөөд даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж зааснаар Д.Х ын шилжүүлсэн мөнгийг Ц.Г хүлээн авч Fivewindsam гадаадын хөрөнгө оруулалттай компаний хөрөнгө оруулагчаар бүртгүүлсэн байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Г 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Х ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Ц.Г ийн Хаан банкны № дугаартай дансанд нэхэмжлэгчийн 6 000 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэний дараа өөр бусад дансанд QW ноогдол гэж зарлага гарсан байгаа, Fivewindsam гадаадын хөрөнгө оруулалттай компаний санхүүжилт хэрхэн явагддаг, албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх талаар эрх бүхий байгууллагад шалгуулах эрх нэхэмжлэгчид нээлттэй байна.

Хариуцагч Ц.Г шүүх хуралдааны товыг авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1.    Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц.Г 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Х ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ