Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

 

 

 

2019        09         12                                    137

 

 

Х-ын нэхэмжлэлтэй

хариуцагч Г-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00926 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г-т холбогдох,

6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Х-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Х- нь 2018 оны 01 дүгээр сард Г-тэй уулзахад Fivewindsam буюу хөрөнгө оруулалтын компанийг санал болгосон. 7 хоног бүр мөнгөө өсгөж авдаг, хөрөнгө оруулалтын компани гээд цалингийн зээл авчих өсгөөд өгнө гэж хэлсэн. 5.000.000 төгрөгийн цалингийн зээл авч, өөрийн хуримтлуулж байсан 1.000.000 төгрөгийг нэмж, нийт 6.000.000 төгрөгийг Г-ийн Хаан банкны 5090210211 дансанд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж хэлээд Fivewindsam цахим хуудас руу орж шалгадаг гэсэн. Өгсөн кодоор нь орж үзэхэд евро өсөөд байдаг. Авах гэхээр авч болдоггүй. Өнөөдрийг хүртэл гар дээрээ нэг ч төгрөг аваагүй. Банкин дээр данс нээлгээгүй, виза байхгүй. Очоод уулзахаар удахгүй Монголын нэг банктай гэрээ хийгээд мөнгөө авах боломжтой болно. Мөн виза карттай болохоор мөнгө авах боломжтой болно. Мөнгө өгснөөс хойш 6 сарын дараа карт бэлэн болно гээд одоо сарын дараа гэж удаа дараа нэг нэг сараар хойшлуулсаар байгаад өдий хүрсэн. Чиний мөнгө өсөөд монгол мөнгөөр 60.000.000 төгрөг болчихсон. Тэвчээртэй хүлээж бай гэдэг. Би цалингийн зээл авч энэ мөнгийг өгсөн болохоор цалин ахуй амьдралд хүрэхгүй их хэцүү байна. Цаашид дахин хүлээж чадахгүй учраас Г-ээс 6.000.000 төгрөгийг гаргуулан надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2017 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотын Г, Д, Ц нарын гурван хүн ирж Эрдэнэт хотын иргэдэд Fivewindsam буюу Кабо Верда улсад төв нь орших хөрөнгө оруулалтын компанийн тухай танилцуулга хийсэн юм. Тус компани нь ОУ-ын түвшинд санхүүгийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын сан явуулах ажиллуулах зөвшөөрөлтэй дэлхийн зах зээл дээр 10 жил ажилласан дэлхийн 70 гаруй орны 650.000 хөрөнгө оруулагчтай маш том компани байсан. Мөн онлайн комперенц байнга хийдэг. Тайван, Хятад, Вьетнам, Орос, Герман зэрэг оронд хийсэн болно. Дэлхийн олон хүн цолонд хүрч 20.000 -1 сая евро авсан байсан. Х- гэдэг энэ залууг би сайн мэдэхгүй. Гэхдээ манай засварын газраар орж, гарч хүүг маань ахаа энээ тэрээ гээд л гүйж явдаг залуу. Би энэ залууг дуудаагүй, утасдаагүй, гэрээс нь очиж авчраагүй. Нэг өдөр өөрөө л ажил дээр ороод ирсэн. Таны энэ хөрөнгө оруулалтын ажлыг сонирхож явна гээд бидний мөнгө ногдолоороо өсч байдаг учир бид заавал энд хүн оруулах гээд байх шаардлагагүй болохыг тайлбарлаж өгсөн. Хөрөнгө оруулалт бол эрсдэл, эрсдэлээ өөрөө хариуцдаг юм шүү. За тэгээд өөрөө л мэдэх хэрэг гэж хэлээд гаргасан. Дахиад офисс дээр ирсэн. Тэгээд 2 430 багц хэдэн төгрөг болох вэ? гээд бас ойр зуурын юм асуугаад гарсан. Гурав дахь удаагаа манай гэрт ороод ирсэн. Тэгээд та надад 2.430 ногдол ашгаар нь буцаагаад өсгөвөл хэдий хугацаанд 7 290 багц болох вэ? тооцоолоод өгөөч гэсэн. Ингээд би тооцоог нь гаргаж өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цалингийн зээл авлаа гэхдээ 2.430 багц авч хүрэхгүй нь 6.000.000 төгрөгөнд багц авъя гэж ирсэн. Дахин тооцоо гаргаад 2018 оны 09 дүгээр сар дуустал ногдол ашгаа авахгүйгээр өсгөөд 7 290 багцтай болох зорилго тавьсан. Ингээд мэйл хаяггүй учир хаяг нээж өгөөд FW компанид бүртгээд хүмүүсийн ногдол ашгаас евро авч тэр өдөрт нь хөрөнгө оруулалтыг байршуулж өгсөн. Ээж маань зөвшөөрсөн гээд ээжийнхээ иргэний үнэмлэхтэй ирж ээж дээрээ 90 багц бас байршуулсан. Үүнээс хойш 7 хоног бүр ногдлоо надаар багц руугаа хийлгэж өөрөө сайт руугаа орж харсаар яваад 2018 оны 09 дүгээр сард 7 290 багцтай болсон. Гэтэл 2018 оны 08 дугаар сард FW компанийг дансан дахь мөнгийг нь битүүмжлэх Кабо Верда улсын хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байдаг. Шалгалтын хугацаа нилээд хэдэн сар үргэлжилж хоёр ч удаа шүүх хурал хийж FW компани ялалт байгуулсан билээ. Үүний дараа компани шууд шинэчлэлийн ажилд орсон. Хоёр компани байсан. Ази, Африкийн бүс AGAM, Европын бүс FW, ингээд энэ компани хуулийн байгууллагад шалгуулаад дараа нь шинэчлэл хийж байгаа асуудал байгаа болно. Биднээс шалтгаалах юм байхгүй. Х-ын хөрөнгө өсөөд 21 870 болсныг өөрөө бас мэдэж байгаа. Компани мөнгө тавиад эхлэхэд энэ залуу маш өндөр орлоготой болох юм. Энэ хугацааны ногдол ашиг нөхөж орж ирнэ гэж байгаа. Ийм нөхцөл байдалтай байхад яагаад намайг шүүхэд өгсөнд гайхаж байна. Энэ хүн 6.000.000 төгрөгт багц авах зорилгоор надад мөнгө өгсөн. Би өдөрт нь байршуулж өгсөн. Өөрөө хүсэж хөрөнгө оруулалт хийсэн. Багцаа өсгөж 72 902 болох зорилготой байсан бол харин энэ хугацаанд өсч 21 870 болсон. Өөрөө ногдол ашиг авахгүйгээр явъя гэж шийдсэн. Х- ч, би ч бусад олон мянган Монголчууд мөн дэлхийн 70 гаруй орны 650.000 хөрөнгө оруулагчид компанийн шинэчлэл дуусахыг хүлээж байна. Өөр арга байхгүй. Болсон явдлыг үнэн зөвөөр нь бичив. Шүүхийн шийдвэр бодитой үнэн зөв гарна гэдэгт итгэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00926 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г-ээс 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х- давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Г-ийг надад Жи мэйл хаяг нээж, компаний хөрөнгө оруулагчаар бүртгүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн цахим шуудан, зохигчдын тайлбар надад өгсөн кодоор орж үзэхээр евро өсөөд байдаг, мөнгө авч болдоггүй гэсэн мэдүүлгээр нотлогдож байна гэсэн дүгнэлтүүдийг хийжээ. Шүүхийн хийсэн дээрх дүгнэлтүүдээс харахад ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1-д заасан "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40-2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай,ач холбогдолтой,үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн байхад хариуцагч Г-ийн Хаан банкан дахь 5090210211 дугаартай дансанд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр надаас орсон 6.0 сая төгрөгийн орлого зарлагатай холбоотой баримтаас харахад миний түүний дансанд хийсэн 6.0 сая төгрөг өчнөөн олон иргэний Хаан банкан дахь дансанд орсон байхад шүүх бодит дүгнэлт хийсэнгүй. Тухайлбал хариуцагч Г-ийн 5090210211 дугаартай данснаас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.Алтаннавчийн 5630150850 дугаартай дансанд 315.000 төгрөг, иргэн М.Бямбаагийн Хаан банкан дахь 5100279027 дугаартай дансанд 2018 оны 02 дугаар сарын 14-нд 315.000 төгрөг, Н.Цолмонбаатарын 5094488309 дугаартай дансанд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 100.000 төгрөг, Л.Эрдэнэцэцэгийн 5120090356 дугаартай дансанд 99.700 төгрөг, Р.Ган-Эрдэнийн 5090728323 дугаартай дансанд 2018-02-14-ний өдөр 315.000 төгрөг, Ж.Аахүүгийн 5360353540 дугаартай дансанд 2018-02-14-ний өдөр 315.000 төгрөг, Д.Баярбатын 5096033890 дугаартай дансанд 2018-02-14-ний өдөр 126.500 төгрөг, М.Туулын 5090344675 дугаартай дансанд 2018-02-14- ний өдөр 30.300 төгрөг, Б.Оюунбатын 5097043682 дугаартай дансанд 2018-02-14ний өдөр 318.000 төгрөг, өөрийнхөө төрсөн хүү Т.Түмэнбаярынхаа 5913218212 дугаартай дансанд 2018-02-14-ний өдөр 200.000 төгрөг гэх мэтээр 2018-02-14-ний өдөр надаас 6.0 сая төгрөг аваад нийт 14 иргэнд 2.908.060 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Хариуцагчийн дансны гүйлгээнээс харахад шүүхийн дүгнээд байгаа дүгнэлтээс ямар хол зөрүүтэй болох нь харагдаж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхээ эдлэн хариуцагч шүүх хуралдааныг хойшлуулж өмгөөлөгч аван өөрийгөө төлөөлүүлэх хүсэлт гаргасан байхад шүүх үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Иймд дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Г-ээс 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Х- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Г-ийн Хаан банкны 5090210211 дансанд 6.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримтанд үндэслэн тодорхойлсон ба хариуцагч Г- нь нэхэмжлэгч Х- нь Fivewindsam гэх гадаадын хөрөнгө оруулалттай компанид 6.000.000 төгрөг шилжүүлж тухайн компанид хөрөнгө оруулагчаар бүртгэгдсэн би мөнгийг аваагүй гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн байна.

Хариуцагч Г- нэхэмжлэлийн шаардлагын талаар хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлцсэн татгалзлаа нотлох баримтуудаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл түүний гаргаж өгсөн нотлох баримт нь албан ёсны орчуулгагүй, гадаад хэл дээр баримт учраас хэнтэй холбоотой ямар баримт болох нь тодорхойгүй бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүх үнэлэн Fivewindsam гадаадын хөрөнгө оруулалттай компаний санхүүжилт хэрхэн явагддаг, албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх талаар эрх бүхий байгууллагад шалгуулах эрх нэхэмжлэгчид нээлттэй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Нөгөө талаар хариуцагчийг хэргийн материалтай танилцуулаагүй / хх-51/ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00926 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Х-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ