Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/шш2017/00860

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ... ХХК-ийн,

            Хариуцагч: ...

            3,658,772.05 ам.доллар буюу 7,436,600,543 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

            “...” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгох, 721,227.95 ам.доллар буцаан гаргуулах тухай хариуцагч “...” ХНН-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...., Х...., Н...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.... /ШТҮД:00/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О...., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Ч....ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “...” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Банкны тухай хуульд заасны дагуу Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар “..” ХХК-ийн пассив нь активаасаа хэтэрч өөрийн хөрөнгийн дутагдалд орсон тул албадлагын арга хэмжээ авч “..” ХХК-д банкны эрх хүлээн авагчийг томилсон. Улмаар тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “..” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хооронд энэ өдөр “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан тус банкны зарим активыг пассивын хамт ...инд шилжүүлэн ажиллаж байна. Энэхүү гэрээгээр “...” ХНН-ийн дарга Г....ийн 2013.02.18-ны өдөр бичсэн 4,000,000 ам.долларын, жилийн 12 хувийн хүүтэй /нийт хүү 380,000 ам.доллар/, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийн төлбөр төлөгдөөгүй, төлбөрийн хугацаа болоогүй тул “...” ХХК-ийн балансад шилжиж ирсэн.

“...” ХНН, “...” ХХК-ийн хооронд 2013.02.18-нд 4,000,000 ам.долларын, хүүгүй, 99 хоногийн хугацаатай энгийн вексель, 2013.02.18-нд 4,000,000 ам.долларын, жилийн 12 хувийн хүүтэй /нийт 380,000 ам.доллар/, 285 хоногийн хугацаатай энгийн вексель, 2013.03.01-нд 2,500,000 ам.долларын, хүүгүй, 121 хоногийн хугацаатай энгийн векселийг тус тус үйлдсэн нь нийт 10,500,000 ам.доллар болсон.

Эдгээр векселүүдийг бичсэн өдөр нь “...” ХНН-ээс “...” ХХК нь Векселийн тухай хуулийн 16.1-д заасны дагуу “..” ХХК-д худалдаж, тус компанийн 10210000313 тоот дансанд 2013.02.18-нд 4,000,000 ам.доллараар 2 удаа, 2013.3.01-нд 2,500,000 ам.доллар, нийт 10,500,000 ам.долларыг шилжүүлэн авсан байдаг. Дээрх векселийн төлбөрөөс 2013.02.18-ны өдрийн хүүтэй 4,000,000 ам.долларын энгийн векселийн /№2/ хугацаа нь дуусаагүй учир төлөгдөлгүй ..ны авлагад үлдсэн байсан. Энэ векселийг “...” ХХК болон “..” ХХК-ийн хооронд 2013.02.18-нд SV2013/01 дугаар “Векселийн арилжааны хэлцэл”-ээр 70 хоногийн хугацаагаар, уг хугацаа дуусмагц 2013.4.29-ний өдрийн SV2013/01-01 хэлцлээр хугацааг сунгаж 215 хоног буюу векселийн хүчинтэй хугацаа дуусах хүртэл хугацаагаар, сарын 1 хувийн хүүтэй, хугацааны эцэст төлбөрийг “...” ХНН-ээс авах нөхцөлтэйгөөр худалдсан байна.

Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар албадлагын арга хэмжээ авагдсаны дараа “..” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч Ч.... дээрх төлөгдөөгүй вексельд Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу “Дамжуулах бичилт” үйлдсэнээр 2013.9.20-ны өдрөөс эхлэн тухайн векселийг эзэмших эрх “...” ХХК-д шилжсэн бөгөөд вексельтэй холбоотой үйл явцыг Монголбанкинд тухай бүр тайлагнаж ажилласан. “...” ХНН 2013.7.10-ны өдөр “...” ХХК-д албан ёсоор гаргаж өгсөн баримтдаа “..” ХХК-д төлөх энгийн векселийн өглөг 2013.6.30-ны өдрөөр манай данс бүртгэлд тусгагдсанаар 4,380,000 ам.доллар байх бөгөөд энгийн вексельд бичигдсэн вексель бичигдсэн огноо, үндсэн төлбөр, хүүний хувь, төлбөр хийх хугацаа, төлбөр хүлээн авагчийн нэр зэрэг үндсэн мэдээллүүд нь манай баримттай таарч байна” гэсэн баримт “...” ХНН-ийн замын даргын үүрэг гүйцэтгэгч Г...., Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга нарын гарын үсгээр баталгаажсан байдаг.

Гэтэл “...” ХНН-ийн удирдлага дээрх вексель “...” ХХК-д шилжсэнийг мэдсээр байж төлбөрийг төлөхөөс татгалзаад зогсохгүй, “...” ХХК-тай хуйвалдан, бичсэн векселиэ хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүгчийг төөрөгдүүлсэн, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтын хамт Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2013 оны 2109 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж нь “...” ХХК-ийн эрх ашигт бүдүүлгээр халдсан хууль бус шийдвэр тул “...” ХХК-иас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу захирамжийг хүчингүй болгуулахаар нотлох баримт бүхий хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгч өөрөө хэргийг хянан хэлэлцээд 2014 оны 10716/с дугаар захирамжаар өмнөх 2109 дугаартай шүүгчийн захирамжийг “гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн, илтэд үндэслэл муутай гарсан” гэж үзэж хүчингүй болгосон.

Шүүгчийн 2109 дүгээр захирамж хүчингүй болсон тул шүүгч “...” ХНН-ийн нэхэмжлэлийн дагуу “...” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан, 2015.2.13-ны өдөр дахин хянаад векселийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “...” ХНН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, 1240 дугаар шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгчээс уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, уг шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргалгүйгээр хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, дахин хянаад, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “...” ХХК-ийн “...” ХНН-ээс векселийн төлбөр, хүүгийн хамт 4,380,000 ам.доллар гаргуулах бие даасан шаардлагыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.1.8-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна.

Авилгатай тэмцэх газраас “...” ХНН-ийн Даргын үүрэг гүйцэтгэгч Г.... нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар ... дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, “... Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр вексель бичсэн, “...” ХНН нь ...инд 4,380,000 ам.долларын өр төлөхөөр болж “...” ХНН-т онц их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгаад, түүний үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ... нь Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу “...” ХНН-ийн ...ин дахь ... дугаартай ам.долларын данснаас 721,227.95 ам.долларыг векселийн төлбөрөөс суутган тооцож барагдуулснаар одоогийн байдлаар 3,658,772.05 ам.долларын үлдэгдэлтэй байна. Иймд Векселийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу “...” ХНН-ээс 2013.2.18-ны өдөр бичсэн 4,000,000 ам.долларын, 285 хоногийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй, векселийн үлдэгдэл төлбөр болох 3,658,772.05 ам.доллар буюу 7,436,600,543 төгрөгийг төлбөр хариуцагч “...” ХНН-ээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “...” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулахдаа:

“...” ХНН нь бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл болох векселиэр төлбөр авагч “...” ХХК-д нефтийн бүтээгдэхүүний төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэж үүргийг дуусгавар болгож, энэ харилцааны хүрээнд “..” ХХК уг вексельд заасан үнийн дүнгээр санхүүжилтийг “...” ХХК-д хийснээр “...” ХНН-ийн бусдад төлөх төлбөрийн үүргийг түүний өмнөөс гүйцэтгэсэн буюу “...” ХНН нь өөрийн үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж буй харилцаа юм. Өөрөөр хэлбэл, “..” ХХК ба “...” ХНН-ийн хооронд төлбөр төлөгч нь төлбөрийн үүргээ гуравдагч этгээд “..” ХХК-иар гүйцэтгүүлж буй, Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан харилцаа явагдсан гэж үзнэ. Эл харилцааны үр дүнд үүссэн төлбөрийг төлж барагдуулахыг “...” ХНН-ээс шаардах эрх нь “..” ХХК-ийн албадан татан буулгасантай холбоотойгоор тус банкны зарим актив, пассив хөрөнгийг “...” ХХК-д шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 163-006/2013 БЭХА дугаар “Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх тухай гэрээ” болон мөн өдрийн 165-008/2013 БЭХА дугаар “Бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ээр шилжиж ирсэн байгаа. Иймд “...” ХХК нь “...” ХНН-ийн “...” ХХК-д төлөх төлбөрийг түүний өмнөөс төлсөн “..” ХХК-ийн төлбөрийг буцаан шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийн хувиар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа гэж үзнэ.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “...” ХНН нь дээрх төлбөрийг төлөхөөс зайлсхийх зорилгоор нефтийн бүтээгдэхүүний төлбөрөө төлүүлчихсэн, векселийн төлбөрийн харилцаанд хамааралгүй болсон “...” ХХК-ийг хариуцагчаар татан, “хүүтэй” вексель болон түүнийг шилжүүлж буй 2013.2.18-ны өдрийн SV2013/01. SV2013/02 дугаар “Векселийн арилжааны хэлцэл”-ийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.28-ны ... дугаар шийдвэрээр уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн энэхүү шийдвэр нь “...” ХХК-ийн нэхэмжлэл гаргах эрхэд сөргөөр нөлөөлөх зүйлгүй буюу шаардах эрхийг үгүйсгэхгүй, манай нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй юм. Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу “сонирхогч этгээд” буюу “...” ХХК нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн 56.6-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох “...” ХНН-ээс уг төлбөрийг төлөх шаардлагыг гаргах эрхтэй гэж үзнэ. “...” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүүгийн төлбөр нэхэмжилж байгаа буюу хүүгийн төлбөрийг “...” ХНН-ийн данснаас суутган авснаа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлохдоо харгалзан үзсэн ба вексель хүчин төгөлдөр бус эсэхээс үл хамаарч хүү нэхэмжлэх буюу хүүг суутгаж авсан “...” ХХК-ийн эрхийг хөндөхгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр “...” ХХК-иас “...” ХНН-д нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний талаар 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн актаар тогтоогдсон төлбөрийн үүргийг төлбөр төлөгч “...” ХНН-ийн өмнөөс “..” ХХК-иас 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “...” ХХК-д төлсөн төлбөр 4,000,000 ам.долларын, түүний хүүгийн төлбөр 380,000 ам.долларын үлдэгдэл 3,658,772.05 ам.доллар буюу 7,436,600,543 төгрөгийг гаргуулах хэмээн тодруулж байна гэжээ.

            Хариуцагч “...” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

            Нэхэмжлэл нь векселийн төлбөр болох 3,658,772.05 ам.доллар буюу 7,436,600,543 төгрөг гаргуулах шаардлага байх бөгөөд нэхэмжлэлдээ хууль хэрэглээний илэрхий алдаа гаргаж нотлох баримтыг зөвхөн өөрт ашигтай байдлаар нэхэмжлэлдээ хавсаргасан, нотлох баримтын үгийн шууд утгыг үгүйсгэн тайлбарлаж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд дурдсан 2013.2.18-ны өдрийн 4,000,000 ам.долларын 12 хувийн хүүтэй гэх векселийн төлбөрийг 2013.5.22-ний өдөр 2,000,000 ам.долларыг, 2013.5.28-ны өдөр 2,000,000 ам.долларыг тус тус төлж барагдуулсан. Мөн энэхүү төлбөрийг гүйцэтгэсэн үйлдлийг Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “...төлбөр хариуцагч төлбөрийн хугацаанаас өмнө гүйцэтгэж болно” гэж заасны дагуу үйлдэл. Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ” гэж заасан, мөн хуулийн 216.2-т “хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж заасны дагуух хууль ёсны үйлдэл болно. Энэ хуулиар олгосон эрхээ эдлэх явдлыг хэн ч ямар ч үед хязгаарлах өөрийн дураар тайлбарлах эрхгүй. Мөн тус нийгэмлэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасны дагуу 2013.7.31-нд “...” ХХК-тай тооцоо нийлэх акт үйлдсэн байдаг бөгөөд уг актаар “...” ХНН нь 4,121,562 ам.долларын авлагатай гарсан байдаг. Энэ баримт нэхэмжлэгч талд байдаг бөгөөд түүнийг шүүхэд гаргаж өгөөгүй нуусан байна.

Мөн вексель нь Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 болон 17 дугаар зүйлийн 1-д заасан бүрдүүлбэрийн бичилт дутуу” бол түүнийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж тодорхой хуульчилсан байдаг. Энэ нэхэмжлэлийн үндэслэл болсон векселийн дамжуулах бичилт нь Векселийн тухай хуулийн 17.1, 17.5-д заасан бүрдүүлбэр хангагдаагүй бөгөөд энэ нь хэргийн 25 дугаар талд байгаа векселийн арын нүүрэн дэх бичлэгээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл, ийм бичлэг байхгүй бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтыг анхаараагүй байгаа юм. Мөн энэ нь Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4-т “бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ” гэснээр мөн хүчин төгөлдөр бус вексель юм. Өөрөөр хэлбэл, ...ны ажилтнуудын мэдлэг ур чадвар дутсанаас хуульд тухайлан заасан нөхцлийг зөрчсөн үнэт цаасыг авсан, векселийн төлбөр төлөгдсөн эсэх асуудлаар вексель үйлдэгчээс мэдээлэл аваагүй зэрэг илэрхий алдаа гаргасан байгаа юм.

Нэг талаас “..” ХХК-ийг төлөөлж банкны эрх хүлээн авагч Ч...., нөгөө талаас “...” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.... нарын хооронд 2013.7.23-ны өдөр байгуулсан “Актив пассив хөрөнгө шилжүүлэх” гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д “...эрхийн маргаантай өмчлөх эрх үүсээгүй зэрэг актив хөрөнгө энэ гэрээ байгуулагдсанаас хойш 60 хоногийн дотор буцаан хөрөнгө шилжүүлэгчид хүлээлгэн өгнө” гэж заасан бөгөөд энэ заалтын дагуу нэхэмжлэгчээс тухайн вексель буцаж эрх хүлээн авагчид шилжих ёстой.

Мөн нэхэмжлэгч нь энэ векселийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. 2014.3.25-ны өдөр үйлдсэн “Депозит дансны харилцагчийн монгол хуулга” 1021000003736 дансны хуулгаар “...” ХХК-тай хийсэн SV2013/01 тоот арилжааны хэлцлийн дагуу 4,000,000 ам.доллар” мөн “...” ХХК-тай хийсэн SV2013/02 тоот арилжааны хэлцлийн дагуу 4,000,000 ам.доллар авлагатай гэсэн байгаа дансны хуулгаар нотлогдоно. Векселийн тухай хуулийн 16.4-т “вексель эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд хэрэгт байгаа SV2013/01 хэлцэл нь вексель эзэмших эрхийг 70 хоног гэж тогтоожээ. Гэтэл 4,000,000 ам.долларын 380,000 ам.долларын хүүтэй вексель нь 285 хоног гэж бичсэн хугацаатай бөгөөд дээрх хэлцлээр өөрчилж вексель эзэмших эрхийг бусдад хэсэгчлэн шилжүүлж, Векселийн тухай хуулийн 16.4-т заасныг зөрчсөн байна.

“Худалдах” гэдэг нь өмчлөх эрхийг шилжих тухай ойлголт бөгөөд тухайн вексель нь “...” ХНН-ээс “...” ХХК-д, дараа нь SV2013/01 хэлцлээр “...” ХХК-иас “..” ХХК-д, дараа нь “..” ХХК-иас “...” ХХК-д, дараа нь SV2013/02 тоот хэлцлээр “...” ХХК-иас “..” ХХК-д, дараа нь “..” ХХК-иас эрх хүлээн авагчид, эрх хүлээн авагчаас “...” ХХК-д шилжсэн болж байна. Энэ нь векселийн төлбөр тооцоонд хэрэглэх журмын 21-д “вексель эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ векселийн маягтын ар талд дамжуулах бичилтийг хийнэ. Дамжуулах бичилтийг Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д заасан бүрдүүлбэрийн дагуу бичнэ. Нэг векселийн төлөгдөх хугацааны дотор гурваас дээшгүй удаа бусдад шилжүүлж болно гэсэн заалтыг зөрчиж дамжуулах бичилтийн бүрдүүлбэр дутуу, гурваас дээшгүй удаа гэсэн байхад түүнийг тав дахь этгээд авч өнөөдөр нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн үндэслэл гэж үзээд байгаа SV2013/02 дугаартай вексель арилжааны хэлцэлд “неттингрээ шилжүүлнэ” гэж бичсэн байгаа бөгөөд энэ нь хэн хэндээ авлага өглөгөө харилцан тооцож, зөвхөн энэ хоёр талын хооронд шилжинэ гэсэн бичвэр бичсэн байна. Энэ нь хэлцлийн хоёр талыг “..” ХХК болон “...” ХХК-ийн хооронд л шилжинэ гэсэн утга бөгөөд гуравдагч этгээд хамаарахгүй гэсэн бичвэр юм. Энэ хэргийг манай нэхэмжлэлээр хариуцагчаар “...” ХХК-д холбогдох, гуравдагч этгээдээр “...” ХХК оролцсон хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх үед ...ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.... нь Авилгатай тэмцэх газарт үндэслэлгүй гомдол гарган, иргэний хэргийн анхан шатны шүүхийн баримтыг хуулбарлан өгч эрүүгийн хэрэг үүсгүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажилд саад учруулан иргэний хэргийг шийдвэрлэх ажиллагааг зогсоосон болно. Тухайн маргааныг шийдвэрлэж байх үед шүүгчийн захирамжаар векселийг мөнгөжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байхад 721,722 ам.долларыг манай данснаас дураараа авсан бөгөөд энэ мөнгөө хасч нэхэмжлэл гаргасан байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргах болно. Иймд хуульд заасан нөхцөл, хуулийг илт зөрчсөн хэлцэл, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч “...” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            Тус нийгэмлэг нь ...инд ... дугаартай ам.долларын дансыг эзэмшдэг бөгөөд хэвийн үйл ажиллагаа явуулж байхад 2014.3.24-ний өдөр дансаар хийгдэх гүйлгээг зогсоож илт хууль бус үйл ажиллагаа явуулсан болно. Үүнийг тайлбарлахдаа 4,000,000 ам.долларын бөгөөд 380,000 ам.долларын хүүтэй векселийн маргаанаас болж ямар нэгэн эрх бүхий хууль хяналтын болон төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр “гүйлгээ хийгдсэн” гэж төлбөрийн даалгаварт тэмдэг дарсан боловч уг гүйлгээг цааш нь шилжүүлэлгүй зогсоож манай байгууллагыг хохироож төрийн бодлогоор 2 засгийн газар дамжин 3 дахь этгээд буюу БНСУ-аас түлш, шатахуун авах үйл ажиллагааг зогсоож, Монгол улсад хохирол учруулсан болно.

Хоёр удаагийн засгийн газар Монгол улсыг ОХУ болон БНХАУ нефть шатах тослох материалын хараат байдлаас гаргах зорилт тавьж ажилласан бөгөөд гуравдагч улс буюу БНСУ-аас дараа төлбөрийг нь төлж байх нөхцлөөр дизель түлш авч хамгийн том хэрэглэгч болох тус нийгэмлэгт нийлүүлж, төлбөр тооцоо саадгүй явж байвал бусад аж ахуйн нэгжид нийлүүлэхээр өргөжүүлэх тохиролцоог хийсэн бөгөөд энэ тохиролцооны дагуу БНСУ-ын ... компаниас анхны худалдан авалтыг хийсэн бөгөөд үүний төлбөр болох 429,075.99 ам.долларын шилжүүлгийг дур мэдэн гацааж, талуудын хооронд байгуулсан гэрээг тасалдуулсан бөгөөд үүний улмаас төрийн бодлого тасалдсан гэж үзээд БНСУ-ын талаас дахин түлш нийлүүлээгүй болно.

... энэ үйлдлийг хийхдээ “тухайн гадаад төлбөрийн даалгавар дээр гүйлгээ хийгдсэн гэсэн тэмдэг дарсан, бид уг төлбөрийн даалгаврын хувийг БНСУ-ын ... компанид өгсөн байсан боловч уг гүйлгээг дур мэдэн саатуулсан хариуцагч ...ны үйл ажиллагаанаас болж ОХУ ба БНХАУ-ын хараат зах зээл хэвээр үлдэж, өнөөдрийг хүртэл Монгол улс бүхэлдээ дэлхийн зах зээлээс өндөр үнээр түлш авч хэрэглэн Монгол улсаараа хохирч байгаа болно. Энэ үйлдэл нь Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-т “харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх” мөн зүйлийн 446.1.6-д “харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх” үүргээ биелүүлээгүй илт хууль зөрчсөн үйлдэл болно. Мөн энэ нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “төлбөр тооцооны үйлчилгээ” үзүүлэх үүргээ биелүүлээгүй үйлдэл юм.

...ны энэ хууль бус үйл ажиллагааг тогтоолгох зорилгоор нэхэмжлэл гарган, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр шийдвэрлүүлэх болж, иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд тухайн хэрэг маргааныг шүүх нэхэмжлэгч “...” ХНН-ийн хүсэлтээр маргаан бүхий векселийг мөнгөжүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан шүүгчийн 11533/б дугаартай захирамж 2014.7.10-ны өдөр гарсан. Гэтэл ... шүүгчийн захирамжийг санаатай зөрчиж, 2015.6.25-ны өдөр ... дугаартай ам.долларын данснаас 721,227.95 ам.долларыг суутган авч шүүгчийн захирамжийг зөрчсөн. Энэ нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг ... нь санаатай зөрчсөн. Талуудын хооронд үүссэн маргаантай байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар векселийн тухай хуульд шүүхээр шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд үүний дагуу шүүх маргааныг хянаж байхад хууль ба шүүхийг үл тоож санаатайгаар зөрчсөн үйлдэл юм. Иймд ...ны хууль зөрчсөн үйлдлийг тогтоож, 721,227.95 ам.долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.... хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа:

Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “вексельд заасан төлбөрийг төлбөрийн хугацаа дууссаны дараахь ажлын 2 хоногийн дотор хийгээгүй тохиолдолд вексель эзэмшигч нь төлбөр хариуцагч, түүний батлан даагчаас төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулан авах эрхтэй. Энэ тохиолдолд төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банк хүчин төгөлдөр векселийг үндэслэн төлбөр хариуцагчийн данснаас төлбөрийг гаргаж өгөх үүрэг хүлээнэ” гэж заасан. Энэ үүргийнх нь дагуу Голомт, Худалдаа хөгжил, Хаан, Чингис хаан зэрэг арилжааны банкуудад хандсан боловч “...” ХНН-ийн зүгээс нөлөөлж шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл төлбөрийг шилжүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

...ны Актив, пассивын удирдлагын хорооны 2015.6.26-ны өдрийн хурлын шийдвэрээр өөрт байрших “...” ХНН-ийн ... тоот дансанд байсан 721,227.95 ам.долларыг векселийн авлагаас суутгасан болно. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно” гэж заасан. “...” ХНН нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, ..ийг дампуурснаар далимдуулан төрийн мөнгийг завших оролдлого гаргаж, “...” ХХК-тай эвлэрсэн гэж векселийг хүчин төгөлдөр бусд тооцуулсан шүүгчийн захирамж гаргасан байсан нь хүчингүй болсон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, “..”-ны эрх хүлээн авагч Ч.... шүүхэд гаргасан тайлбартаа:

            Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013.7.22-ны өдрийн А153 дугаартай тушаалаар “..” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Мөн өдрийн Монгол банкны Ерөнхийлөгчийн А157 дугаартай “Албадан татан буулгах тухай” тушаалаар “..” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. 2014.7.21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар “..” ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг нэг жил хүртэл хугацаагаар, 2015.7.21-ний өдрийн А-116 дугаартай тушаалаар 1 жил хүртэл хугацаагаар, 2016.7.07-ны өдрийн А-172 дугаартай тушаалаар 6 сар хүртэл, 2017.1.10-ны өдрийн А-15 дугаартай тушаалаар 6 сар хүртэл хугацаагаар тус тус сунгасан. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжих хуулийн зохицуулалттай. ..ны хуучин гүйцэтгэх удирдлагаас “..” ХХК-ийн санхүүгийн тэнцлийг 2013.7.21-ний өдрийн байдлаар гарган, тэнцлийн үнэн зөв болохыг баталгаажуулан гарын үсэг зурж, 2013.7.22-ны өдөр банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд хүлээлгэн өгсөн.

Банкны эрх хүлээн авагчаас тус тэнцлийг үндэслэн Банкны тухай хуулийн 63.1.2-т заасны дагуу ..ны нийт активыг хяналтандаа авсан. Тус активд “...” ХНН-ээс 2013.2.18-ны өдөр бичсэн 285 хоногийн хугацаатай, 4,000,000 ам.долларын, жилийн 12 хувийн хүүтэй /нийт хүү 380,000 ам.доллар/ буюу нийт 4,380,000 ам.долларын үнийн дүн бүхий энгийн векселийн авлага бүртгэлтэй байсан. “...” ХНН-ээс 2013.7.10-ны өдөр “...” ХХК-д гаргаж өгсөн “..” ХХК-д төлөх энгийн векселийн өглөг 2013.6.30-ны өдрийн байдлаар манай данс бүртгэлд тусгагдсанаар 4,380,000 ам.доллар байх бөгөөд энгийн вексельд бичигдсэн вексель бичигдсэн огноо, үндсэн төлбөр, хүүгийн хувь, төлбөр хийх хугацаа, төлбөр хүлээн авагчийн нэр зэрэг үндсэн мэдээллүүд нь манай баримттай тохирч байна” гэсэн санхүүгийн, нягтлан бодох бүртгэлийн тулган баталгаажуулалтын тодруулга нь хүүтэй векселийн төлбөр 2013.6.30-ны байдлаар төлөгдөөгүй, өглөг байсан болохыг нотлож, “...” ХНН-ийн Замын даргын үүрэг гүйцэтгэгч Г....ийн өөрийн болон Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч даргын гарын үсгээр баталгаажсан байдаг. “..” ХХК үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх хугацаанд буюу 2013.07.22-ны өдрийг хүртэлх хугацаанд “...” ХНН-ээс төлбөрөөс татгалзах тухай үндэслэл бүхий ямар нэгэн санхүүгийн болон албан бичгээр ирүүлсэн баримт байгаагүй.

“..” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 65 дугаар зүйлийн 65.1.1-д тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд “...” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан 2013.07.22-ны өдрийн “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх” 002/2013БЭХА/154 дугаартай, 2013.07.23-ны өдрийн “Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх” 006/2013/БЭХА/163, “Бусад актив хөрөнгө шилжүүлэх” 008/2013/БЭХА/165 дугаар гэрээгээр “...” ХНН-ээс 2013.02.18-ны өдөр бичсэн 4,000,000 ам.долларын үнийн дүн бүхий, жилийн 12 хувийн хүүтэй /нийт хүү 380,000 ам.доллар/, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийг ...ны актив хөрөнгөд шилжүүлсэн. Энэ тухай 2015.08.19-ний өдрийн 667 болон 2016.12.19-ний өдрийн 882 дугаартай албан бичгээр удаа дараа шүүх болон ...инд гаргаж өгсөн гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            “...” ХНН-ээс Голомт банкны ... тоот ам.долларын дансаар 3 удаа, нийт 6,5 сая ам.долларын төлбөр хийгдсэн. 2013.5.22-ны өдөр 2,000,000 ам.долларын гүйлгээг ..ин дахь данс руу “...”-аас Векселийн төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн. Мөн 2013.5.28-ны өдөр дахин 2,000,000 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд энэ өдөр хүүгүй 4,000,000 ам.долларын 99 хоногийн хугацаа нь дуусахаар таарч байгаа юм. Хэлцлийн дагуу энэ өдөр хүүгүй векселийн төлбөрөө төлсөн. 2013.6.12-ны өдөр 2,500,000 ам.долларыг ..ин дахь дансанд “...” ХНН-ээс векселийн төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн нь хугацаагаараа нотлогдож байгаа. Үүргээс сонгож гүйцэтгэсэн гэж хариуцагч тал тайлбарладаг боловч бодит байдал дээр маргаан бүхий векселийн төлбөр төлөгдөөгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. .. төлбөрийн чадваргүй болсон тул зарим активыг ...инд шилжүүлэхдээ хуримтлагдсан хүү гэдгээр хавсаргагдсан байдаг. 2013.2.18-ны өдрөөс 2013.7.22-ны өдөр хүртэл 154 хоногт байршсан хүү нь 205.333.33 ам.долларын төлбөр байдаг. Дараа нь 134 хоногийн хүү төлөгдөөгүй байгаа нь 2013.7.22-ны өдрөөс 2013.11.30-ны өдөр хүртэл төлөгдөөгүй хүү нь “...” ХХК-ийн актив, пассив шилжүүлсэн гэрээнээс хойш дансанд төвлөрсөн байдлаас харахад 174,666.67 ам.долларын үлдэгдэл байдаг. Эдгээрийн хүүг нэмэхээр 380,000 ам.долларын хүү төлөөгүй байдаг. 1998 онд Монгол банк болон Сангийн сайдын 153/180 тушаалаар векселийн төлбөр тооцоонд хэрэглэх журмыг баталсан. Энэ журмын 8 дахь хэсэгт векселийг төлбөр нэхэмжлэгч зөвшөөрч, түүний эзэмшигч болсон тохиолдолд хүчин төгөлдөр төлбөрийн хэрэгсэл байна гэж заасан байдаг. Хүлээн авагч “..” ХХК өөрөө энэ векселийг хүчинтэй гэж үзэн мөнгийг “...” ХХК руу шилжүүлсэн байхад шүүх түүнийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болдог эсэхийг мэдэхгүй байна. Тооцоо нийлэх актын үндсэн дээр “...” ХХК нь “...” ХНН-д өглөгтэй гарсан учир векселийн төлбөрийг харуицахгүй гэдэг. Гэтэл тооцоо нийлэх акт гэдэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон санхүүгийн хэрэгслүүдтэй холбож үзвэл 2 байгууллагын хооронд хийгдэж буй акт төдий баримт юм. Түүнчлэн “...” ХНН-ийн санхүү эрхэлсэн орлогч н.... нь Г....ид холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийг төлөөлөн оролцохдоо “...” ХХК-д ямар нэгэн байдлаар өргүй, харин Г....ийн бичсэн векселийн улмаас “...” ХХК-д 4,380,000 ам.долларын өртэй байгаа нь “...” ХНН-т хохирол учруулах гээд байна гэж мэдүүлсэн байдаг. Нэгэнт вексель бичигдэн “..” ХХК-иас гарсан төлбөрийг “...” ХХК-д хуулийн дагуу шилжиж ирсэн тулс “...” ХНН энэ төлбөрийг төлөх л ёстой. Хариуцагч нь “..” ХХК татан буугдсантай холбоотой энэ төлбөрийг үгүйсгэдэг. Мөн “...” ХХК дампуурсан болохоор “...” ХХК-д төлбөрөө өгөхгүй байх аргыг хэрэглэдэг. Нотлох баримт хангалттай судлагдсан, бидний нэхэмжлэл хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Вексель хүчинтэй, хүчингүй эсэхээс үл хамааран шаардах эрх нь шилжиж ирсэн тул “...” ХХК-ийн балансд тусгагдсан, авах эрхийн дагуу нэхэмжилж байгаа юм. Иргэний хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлгийн болон зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг хуульд заасан журмын дагуу шүүх сэргээнэ. Мөн хуулийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг үнэт заасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага сэргээнэ. Бид үнэт цаас болон хувьцаагаар маргаагүй, харин эрхээ сэргээлгэх гэж байгаа, өөрөөр хэлбэл “..” ХХК-д төлөгдөөгүй үлдсэн хүүтэй векселийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа. Тэрхүү төлөгдөөгүй үлдсэн 2013.2.18-ны өдөр бичсэн 4,000,000 ам.долларын векселийн бичилт нь “...” ХНН-ээс “..” ХХК-д төлөгдсөн 2 векселийн бичилттэй яг адилхан байдаг. Энэ бичилтэн дээр бүгд адил дансны дугаар бичигдээгүй атал “...” ХНН-ээс дээрх 2 векселийн төлбөрийг Голомт банкны дансаар төлсөн байдаг. Гэтэл мөн адил дансны дугаар бичигдээгүй векселийг хүчин төгөлдөр бус гэж маргадаг. Бид энгийн биш эрх зүйн ухамсрыг удирдлага болгож асуудалд хандах ёстой.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар вексельд заасан төлбөрийг төлбөрийн хугацаа дууссаны дараах ажлын 2 хоногийн дотор хийгээгүй тохиолдолд вексель эзэмшигч нь төлбөр хариуцагч, түүний батлан даагчаас төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулан авах эрхтэй.  Энэ тохиолдолд төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банк хүчин төгөлдөр векселийг үндэслэн төлбөр хариуцагчийн данснаас төлбөрийг гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Үүний дагуу бид Голомт банк болон бусад банкуудад хандсан боловч ...-тай маргаантай байгаа гээд гаргаж өгдөггүй. Бид Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу өөрөө банк болохоор дансанд нь байгаа мөнгийг гаргаж авсан юм. Үндсэн нэхэмжлэлээс үүдэлтэй сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломж байхгүй гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            “...” ХХК нь маргаан бүхий векселийн төлбөрийг буцаан шаардах эрх нь тухайн үед “..” ХХК-ийг татан буулгах талаар Монгол банкнаас авсан албадлагын арга хэмжээг актив, пассив хөрөнгийн тодорхой хэсэг “...” ХХК-д тодорхой хэсэг “...” ХХК-д шилжиж ирсэн хөрөнгийн авлага юм. Хариуцагч Сүхбаатар дүүргийн шүүхээр энэ векселийг хүчинтэй эсэх талаар маргаан гаргаж шийдвэрлүүлсэн байдаг. Бид векселийн төлбөрийг буцаан шаардах гэж байгаа боловч бусдын өмнөөс төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн харилцаа юм. Тухайн үед “...” ХНН нь “...” ХХК-д төлөх ёстой хуримтлагдсан төлбөрийг вексель бичих замаар төлбөрийг санхүүжүүлж, төлж байгаа этгээдийн хувиар оролцож байгаа. Хариуцагч энэ вексель хүчин төгөлдөр бус байсан гэх үндэслэлгүй тайлбар гаргадаг. “...” ХХК болон ...-ын  хооронд 2013 оны 1 дүгээр сарын  31-ний өдрийг хүртэл хугацаанд үүссэн байсан шатахууны төлбөрийг барагдуулахаар мөн оны 2 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн акт бичсэн байдаг. Энэ төлбөрийг барагдуулахын тулд ... вексель бичсэн. Үүнийг тухайн өдөр “...” ХХК хүлээж аваад мөн өдөр нь “..” ХХК-д худалдсан. Тухайн үед тооцоо нийлсэн актын дагуу “...” ХХК, ...-аас 10,5 сая ам.долларын авлагатай байсан тул харилцан баталгаажуулж 4,000,000 ам.долларын хүүтэй, 4,000,000 ам.долларын хүүгүй, хожим 2,5 хүүгүй нийт 10,5 сая ам.долларын вексель бичсэн байдаг. Хүүгийн векселийн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 22 болон 28-ны өдрүүдэд 2 сая ам.доллараар 2 хувааж төлсөн. 2,5 сая ам.долларын  төлбөрийг мөн төлсөн. Одоо төлөгдөөгүй 380 хоногийн хугацаатай 380,000 ам.долларын нэрлэсэн хүүтэй, 4,000,000 ам.долларын төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “...” ХХК төлбөрийг суутгаж авч байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Төлүүлсэн төлбөрөө огт үндэслэлгүйгээр татгалзаж, төлбөр төлөх хугацаа дуусан, 2 жилийн хугацаа өнгөрсний дараа бид төлбөрөө суутгаж авсан. Хууль зүйн үндэслэлийн хувьд Иргэний хуульд заасан өөртөө туслах арга хэмжээ авсан юм. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “... эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно...” гэж заасны дагуу суутган авсан. Векселийг үл маргах журмаар төлдөг. Аливаа төлбөрийн хэрэгслийг үл маргах журмаар төлнө. “...” ХНН-ийн бичиж өгсөн вексель дээр тухайн үеийн дарга Г...., байгууллагын дүрмийн хүрээнд харилцагчийн гарын үсэг вексельд зурагдсан байгаа. Үүнийг төлбөрийн даалгавар гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалт байна. Нэгэнт дансанд нь мөнгө байсан учраас, мөн төлбөр хариуцагч нь үндэслэлгүйгээр төлбөрөө төлөхөөс татгалзаж байсан тул бид суутгаж авсан юм. О....гийн 2 шаардлага үндэслэлгүй юм. Энэ Солонгос улс руу шилжүүлэх гэж  байгаа төлбөрийг өөр бусад банкуудаар шилжүүлэх боломжтой байсан. Бид Иргэний хуулийн дагуу өөртөө туслаж байгаа, Банкны тухай хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. 721,227 ам.доллар 95 центийг гаргуулах шаардлага нь хүүтэй векселийг ... төлөх ёстой гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгөн харилцан тооцох замаар шийдэх боломжтой. Энэ векселийн төлбөрийг авах эрхтэй гэж шүүх тогтоовол сөрөг нэхэмжлэл хасагдан шийдэгдэх боломжтой. Сөрөг нэхэмжлэл бол хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй. Монгол улсын нийгмийн харилцааг хуулиар зохицуулна. Талуудын хооронд буюу “...” ХХК, “...” ХНН-ийн хооронд 2006 оноос хойш түлш нийлүүлэх хэлцэл явагдаж байсан. Энэ хэлцлийн дагуу талуудын хооронд өглөг, авлага үүсэх нь ойлгомжтой. Талуудын хооронд хийсэн хэлцэл гэдэг нь хэрэгт авагдсанаар 2013 оны  5,6,7 дугаар сарын тооцоо нийлсэн акт гэж байгаа.  Энэ акт нь Иргэний хуулийн 466 дугаар зүйл зааснаар хийгдсэн хэлцэл юм. Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасны дагуу буюу хуулиар хүлээсэн үүргийн дагуу 2 байгууллагын ерөнхий нягтлан бодогч нар 2013 оны 5,6 дугаар сард тооцоо нийлэн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 4,121,562 ам.долларыг “...” ХХК-иас авлагатай байсан. Маргаан бүхий 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичигдсэн хүүтэй вексель Монгол улсын хуулийн дагуу байх ёстой. Векселийн тухай хуульд зааснаар бүрдүүлбэр бичиг дутуу бол векселийг хүчин төгөлдөр бусд тооцно. Хэргийн 25 дугаар хуудсан дахь баримт Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн нэр байгаа боловч хаяг байхгүй, харилцах данс, банкны нэр байгаа боловч дансны дугаар байхгүй. Мөн хуулийн шинээр эзэмшигчийн нэр хаяг, харилцах данс байгаа боловч банкны нэр байхгүй. Хууль тогтоогч векселийг үйлдэхдээ бүрдүүлбэр үнэн зөв байж хуулийн хүчин төгөлдөр байна. Үнэт цаасанд бичвэрийн тусгай шаардлага тавигддаг. Иргэний хуульд зааснаар бүрдүүлбэр тодорхой биш бол хүчин төгөлдөр бус байна гэж байна. Иргэний хууль, Векселийн тухай хууль зэрэг нарийвчилсан хуулиар бүрдүүлбэр дутуу үнэт цаасыг хүчин төгөлдөр бусд тооцно. Нэгэнт Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэсэн зарчмаараа энэ вексель хүчин төгөлдөр бус гэдгийг Улсын Их хурал хуульчлан тогтоосон. Хууль мэдэхгүйгээс болоод векселийг хүлээж авсан этгээд нь буруутай. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Эрх хүлээн авагчид шилжиж байгаа үнэт цаас хүчин төгөлдөр бус байна. Ийм векселийг хүлээж аван, шаардах эрх үүссэн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийг зөрчсөн үйл ажиллагаа юм. Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4 дэх хэсэгт зааснаар бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Энэ нь Иргэний эрх зүйн харилцааг нийтлэг үндэслэлийг тодорхойлж байгаа. Хэргийн 15,17 дугаар хуудсанд байгаа гэрээний 3.5 дахь хэсэгт эрхийн маргаантай өмчлөх эрх үүсээгүй, актив хөрөнгө энэ гэрээг байгуулсан өдрөөс хойш 60 хоногийн дотор буцаан хөрөнгө шилжүүлэгчид хүлээлгэн өгнө гэж заасны дагуу 2013 оны 3 дугаар сараас 6 дугаар сарыг хүртэлх хугацаа дууссан тул шаардах эрхээ алдсан байна. 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн депозит дансны монгол хуулга ... дансны дугаараар “...”  ХХК-аас авлага үүсгэсэн. Өнөөдрийг хүртэл “...” ХХК-ийн санхүү нягтлан бодох бүртгэлийн албан ёсны баримтанд энэ төлбөрийг төлөх этгээд нь “...” ХХК гэсэн болохоос биш “...” төлбөр төлөх тухай баримт байхгүй. Энэ нь ... төлбөр төлөгч биш гэдгийг нотолж байна. Векселийн тухай хуульд  банкинд худалдана гээд нарийвчлан заасан. Гэтэл нэхэмжлэгч нар Векселийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрхийг хэсэгчлэн шилжүүлсэн. SV201301, SV201302 тоот хийсэн хэлцлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 01111 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.4 дэх хэсэгт зааснаар үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг баримтална. Векселийн тухай хуулийн 5,17 дугаар зүйлийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.6 дахь хэсэгт зааснаар үнэт цаасыг өөр этгээдэд шилжүүлснээр түүгээр гэрчлэгдэж байгаа эрх бүхэлдээ шилжинэ. Иргэний хуулийн 474 дүгээр зүйлийн 474.4 дэх хэсэгт зааснаар үнэт цаас эзэмшигчид мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч тухайн үнэт цаасыг өмчлөх эрхтэй. Өөрөөр хэлбэл векселийн төлбөрийг хугацаанаас өмнө гүйцэтгэж болно. Векселийн хугацаа дуусахаас өмнө ... векселиэс татгалзаж байгаа үндэслэлээ 2 хоногийн өмнө албан ёсоор МУ-ын арилжааны банк бүх банкууд, Монгол банк болон “...” ХХК-д гардуулж өгсөн. Энэ татгалзал нь хуулийн үндэслэлгүй гэсэн шүүхийн шийдвэрээр гарах ёстой. Өнөөдрийг хүртэл векселийн төлбөрөөс татгалзсан, үнэт цаасны гэрчлэгдсэн эрхийг сэргээсэн ямар ч шүүхийн шийдвэр байхгүй. Векселийн хугацаа дууссан бол вексель хүчингүй болдог үнэт цаас юм. Зөрчигдсөн эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй, ийм үйл ажиллагаа огт хийгээгүй. Нэхэмжлэгч гэж тодорхойлж байгаа “...” ХХК ...-с “..” ХХК, “...” ХХК рүү, “...” ХХК—иас “..”, “..” ХХК-иас дахин “...” ХХК, “...” ХХК-иас дахин  “..” ХХК, “..” ХХК-иас эрх хүлээн авагч, Эрх хүлээн авагчаас “...” ХХК руу шилжүүлсэн. Векселийн тухайн хуулиар вексель 3-аас дээш этгээдэд шилжих ёсгүй. Гэтэл өнөөдөр 6 этгээдэд дамжсан мөртлөө шаардах эрхтэй гээд шүүх дээр ирсэн байна. Хуулийг мэдэхгүй, хуулийг буруу ойлгосон этгээдүүдийн үйлдлээс энэ хэрэг маргаан үүссэн гэдгийг анхаарч үзээсэй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангах хуулийн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харилцах ... дансанд 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 721,297 ам.доллар 95 цент байсан. Өөрөөр хэлбэл ...-ын харилцах дансны мөнгөөс 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гүйлгээ хийх БНСУ руу гүйлгээ хийгдсэн гэсэн тэмдэг дарагдсан байсан. Үүний дараа Солонгос улсаас энэ мөнгө орж ирээгүй гэсэн. Монгол улсын хоёр ч Засгийн газар Орос, Хятад гэсэн улсын шатах тослох материалын хараат байдлаас гарахын тулд БНСУ-тай 70,000,000 ам.долларын түлш нийлүүлэх үйл ажиллагааг эхэлж байсан. Засгийн газар ... хамгийн их дизель түлш хэрэглэдэг тул туршилтаар ...-тай нийлүүлэх гэж сонгосон. Засгийн газрын бодлогоор Солонгос улс анх удаа Монгол улсад түлшийг импортоор хэрэглэх гэж байсан. Энэ төлбөрийг “...” ХХК хууль бусаар саад болсон тул Засгийн газрын туршилтын гэрээ хэрэгжээгүй. Иймд өнөөдрийг хүртэл Монгол улс, Орос, Хятад улсаас шатахуунаа нийлүүлэн хаалт бий болсон. Нэг банкны дураараа үйл ажиллагаанаас болоод энэ гэрээ хэрэгжээгүй тул Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3 дахь хэсэгт зааснаар харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх; 446.1.6 дахь хэсэгт зааснаар харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүргээ “...” ХХК зөрчсөн. Хууль бусаар суутган авсан 721,297 ам.доллар 95 центийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, төлбөрийн даалгавар дээр гүйлгээ хийсэн гэсэн тэмдэг дарагдаагүй байсан бол энэ ажил тасалдахгүй байх байсан. Гэвч гүйлгээ хийсэн гэсэн тэмдэг дарсан хэрнээ цааш гүйлгээ хийгээгүй хохирол учруулсан. Энэ вексельтэй холбоотой маргааныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2014 оны 7 дагаар сарын 10-ны өдөр энэ маргааныг шийдвэрлэх хүртэл векселийг мөнгөжүүлэхгүй байхыг даалгасан шүүгчийн захирамж гарсан боловч энэ захирамжийг зөрчин явуулсан. Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан Шүүхийн шийдвэрийн МУ-ын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулж байгаа бүгд заавал биелүүлэх үүргийг зөрчсөн. Иймд “...” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлийг тогтоолгох,  721,227 ам.доллар 95 цент гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А 153 тоот тушаалаас ..ны эрх хүлээн авагчаар томилогдсон. Мөн өдрийн А157 тоот тушаалаар ..ийг хуулийн этгээдийг татан буулгах үйл ажиллагааг  банкны эрх хүлээн авагчид үүрэг болгосон. Хэрэгт авагдсан Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авагчийн хугацаа сунгагдан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйл ажиллагааны үр дүн нь Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар банкны эрх хүлээн авагчийг томилсноор банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжинэ.  ..ны хуучин удирдлагаас 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр санхүүгийн тэнцэл үнэн зөв гаргасан гэж баталгаажуулаад 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд хүлээлгэж өгсөн байдаг. Энэ тэнцлийг үндэслэн Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дэх хэсэгт зааснаар  ..ны нийт активыг хяналтандаа авсан.Тус активд ...-ын 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 285 хоногийн хугацаатай, 4,000,000 ам.долларыг, жилийн 12 хувийн нийт 380,000 ам.долдарын хүүтэй нийт 4,385,000 ам.долларын энгийн векселийн авлага бүртгэлтэй байсан. Төлөгдөх хугацаа нь 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан. ..ны 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тэнцлийн төлбөр хийгдээгүй байдаг. ..ыг хэвийн үйл ажиллагаа явуулж байх үед ... төлбөрөөс татгалзах санхүүгийн болон ямар нэг албан бичиг ирүүлж байгаагүй. Хэрэгт авагдсан баримтаар 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “...” ХХК-д гаргаж өгсөн албан бичигт тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 4,380,000 ам. долларын векселийн өглөг байна. Энэ баримт дахь мэдээлэл нь таарч байна гэснээр энэ нь нотлогдож байна. Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт зааснаар банкны зарим пассивыг “...” ХХК руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний үр дүнд хэрэгт авагдсан актив, пассив шилжүүлэх гэрээний хүрээнд хийгдсэн  богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ  гэрээгээр ...-с 2013 оны 2 дугаар сарны 18-ны өдрийн бичсэн 285 хоногийн хугацаатай, 4,000,000 ам.долларыг, жилийн 12 хувийн энгийн векселийг “...” ХХК руу шилжүүлсэн.

Хэрэгт авагдсан “..” ХХК-ийн эрх хүлээн авагч “...” ХХК-д актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ болон түүний хүрээнд хийгдсэн гэрээ хуулийн хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Энэ гэрээнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг шаардах этгээд нь нэхэмжлэгч байгууллага яахын аргагүй мөн байна. Шүүхийн шийдвэрээр векселийг хүчин төгөлдөр бусд тооцсон гэж байна. Шүүхийн шийдвэрээр талуудын хүсэл зорилго юу вэ гэдгийг ойлгохгүй байна. Энэ бол Векселийн тухай хуулинд векселийг тодорхойлсноор ямар нэг үл маргахгүйгээр вексель эзэмшигчийг төлбөр төлөгчийн банкинд тухай үнэт цаасыг үндэслээд төлбөр хийх талаар байгаа юм. Бичигдсэн векселийг хүчин төгөлдөр бусд тооцох тэрхүү эрхийн дагуу бусдаас шаардах эрх хүчингүй болох үр дагавар үүсэхгүй. Хоёрдугаарт 3 векселийн арын хуудсан дээрх нөхцөл бүгд адилхан байгаа. Гэтэл хариуцагч өнөөдөр энэхүү векселийг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа хэрнээ энэхүү өөрийн маргааны үндэслэлийнхээ эсрэгээр нөгөө 2 векселийн төлбөрүүдийг төлж байсан үйл баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үр дагаврыг үүсгэх боломжтой байна гэж үзэж байна гэв.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчдын гаргасан тайлбар мэтгэлцээн, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “...” ХХК нь хариуцагч “...” ХНН-д холбогдуулан, тус нийгэмлэгээс 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4,000,000 ам.долларын, жилийн 12 хувийн буюу 380,000 ам.долларын хүүтэй, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийн үлдэгдэл 3,658,772.05 ам.доллар буюу 7,436,600,543 /долоон тэрбум дөрвөн зуун гучин зургаан сая таван зуун дөчин гурван/ төгрөгийг Векселийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “...” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ өөрчлөн, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдээс төлсөн төлбөр болох 4,000,000 ам.доллар, мөн түүний хүүгийн төлбөрийн үлдэгдлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.6 дахь хэсгүүдэд заасны дагуу буруутай этгээд болох “... ХНН-ээс гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа, “...” ХНН-ийн зүгээс “...” ХХК-д үйлдсэн векселүүдийн төлбөрөөс 6,500,000 ам.долларыг төлөхдөө илүү хүнд нөхцөлтэй өрийг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ гэж хуульд заасны дагуу маргаан бүхий 12 хувийн хүүтэй 4,000,000 ам.долларын дүн бүхий, 285 хоногийн хугацаатай векселийн төлбөрийг хоёр хуваан төлж барагдуулсан гэж, мөн уг хүүтэй векселийг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан учир нэхэмжлэгч нь Векселийн тухай хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус векселийн төлбөрийг шаардах эрхгүй гэж, түүнчлэн векселийн төлбөр хариуцагч нь хуульд заасны дагуу векселийн төлбөрөөс татгалзаж, түүнийгээ нотариатаар баталгаажуулсан нь хүчин төгөлдөр байгаа тул “...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73 дугаар зүйлд заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан, “...” ХХК-ийг өөрийн банкин дахь “...” ХНН-ийн данснаас хууль бусаар суутгал хийснийг тогтоолгож, үндэслэлгүйгээр суутган авсан 721,227.95 ам.долларыг “...” ХХК-иас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “...” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон, хариуцагч “...” ХНН-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий векселийн харилцаа нь хариуцагч “...” ХНН-ийн “...” ХХК-тай байгуулсан нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн “Тооцоо нийлсэн акт”-аар уг хоёр байгууллагын хоорондын 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны тооцоогоор “...” ХНН нь “...” ХХК-д 10,480,150.51 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй гарсныг талууд баталгаажуулан, дээрх актын дагуу “...” ХНН нь төлбөр барагдуулахаар нийлүүлэгч “...” ХХК-д нийт 10,500,000 ам.долларын дүн бүхий 3 вексель үйлдсэнээр үүссэн байна. /2-р хх 59/

Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “вексель” нь төлбөр тооцооны үнэт цаас бөгөөд, төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд, ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр, үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримт гэж хуульчилжээ.

Хариуцагч “...” ХНН нь “...” ХХК-тай хийсэн “Тооцоо нийлсэн акт”-ын дагуу дараахь 3 векселүүдийг үйлдсэн байна. Тэдгээр нь:

2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн:

-       4,000,000 ам.долларын үнэ бүхий 99 хоногийн хугацаатай, хүүгүй вексель (дуусах хугацаа 2013 оны 5 дугаар сарын 28)

-       4,000,000 ам.долларын үнэ бүхий 285 хоногийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй вексель (дуусах хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 30)

2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн:

-       2,500,000 ам.долларын үнэ бүхий 121 хоногийн хугацаатай, хүүгүй вексель (дуусах хугацаа 2013 оны 6 дугаар сарын 30)

Төлбөр авагч “...” ХХК нь дээрх гурван векселийг төлбөр төлөгч “...” ХНН-ээс хүлээн аваад, Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар “..” ХХК-д худалдаж, тус банкнаас SV2013/01 болон SV2013/02 тоот “Вексель арилжааны хэлцэл”-үүдийн дагуу 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 8,000,000 ам.доллар, улмаар 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2,500,000 ам.доллар, нийт 10,500,000 ам.долларыг “...” ХХК-д төлсөн болох нь баримтаар тогтоогдсон байна. /1-р хх 25-29/

Зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй бөгөөд векселийн төлбөр хариуцагч “...” ХНН нь өөрийн бичсэн 3 векселийн дагуу хүүгүй байхаар бичигдсэн 2 векселийн нийт 6,500,000 ам.долларын төлбөрийг хуульд зааснаар векселийн төлбөр төлөх хугацаанаас өмнө буюу 4,000,000 ам.долларыг 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 ам.доллар, 5 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 ам.доллар, мөн 6 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 ам.долларыг тус тус “..” ХХК-д төлсөн болох нь зохигчдын тайлбараар болон хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн даалгавар, дотоод дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогджээ. /1-р хх 31-33/

“...” ХНН нь өөрийн үйлдсэн нийт 10,500,000 ам.долларын дүн бүхий 3 векселиэс төлөгдөөгүй үлдсэн, 12 хувийн хүүтэй 4,000,000 ам.долларын векселийг төлбөр хариуцагч төлөөгүй байх бөгөөд уг векселийн хүчинтэй хугацаанд буюу 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр вексель эзэмшигч “..” ХХК-ийг Монгол банкны Ерөнхийлөгчийн А/153 дугаар тушаалаар “..” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, эрх хүлээн авагчаар Ч....ийг томилон, мөн өдрийн А/157 тушаалаар албадан татан буулгажээ. /1-р хх-13, 14/

Дээрх “Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ”-г хуульд зааснаар 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгагдсан байгаа бөгөөд төлөгдөөгүй үлдсэн 4,000,000 ам.долларын векселийг бусад активын хамт Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт зааснаар банкны эрх хүлээн авагч хяналтандаа авсан байна.

“..” ХХК-ийн актив хөрөнгөд 4,380,000 ам.долларын энгийн векселийн авлага бүртгэлтэй байсныг тус банкны эрх хүлээн авч нь Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт “гэрээний дагуу тухайн банкны өрийг түүнд ногдох актив хөрөнгийн хамт бүхэлд нь буюу хэсэгчлэн 1 жилд багтаан бусдад шилжүүлэх зэргээр банкны актив хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбогдсон арга хэмжээг нэн даруй авах” бүрэн эрхийн хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх” тухай 002/2013БЭХА/165 тоот, 7 дугаар сарын 23-ны өдрийн “Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх” тухай 006/2013БЭХА/163 тоот, “Бусад актив хөрөнгө шилжүүлэх” тухай 008/2013БЭХА/165 тоот гэрээгээр 4,380,000 ам.долларын векселийг “...” ХХК-ийн актив хөрөнгөд шилжүүлсэн байна. /1-р хх 15-23/

Нэхэмжлэгч “...” ХХК нь Иргэний хууль болон Банкны тухай хуульд нийцүүлэн дээрх векселийг шилжүүлэн авсан байх боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... дүгээр шийдвэрээр: “...” ХНН-ээс 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “...” ХХК-д бичиж өгсөн 4,000,000 ам.долларын дүн бүхий, 380,000 ам.долларын хүүтэй векселийг, мөн “...” ХХК болон “..” ХХК-ийн хооронд хийгдсэн 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн SV2013/01, 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн SV2013/02 тоот вексель арилжааны хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 467 дугаар зүйлийн 467.4, Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэжээ. /1-р хх 217-219/

Нэхэмжлэгч “...” ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хүүтэй векселийг хүчин төгөлдөр бусд тооцсон хэрэг нь “...” ХНН-д холбогдуулан гаргасан тэдний нэхэмжлэл бүхий маргаантай хамааралгүй бөгөөд, тухайн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар маргана гэж тайлбарлана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.

Шүүхийн дээрх шийдвэрт векселийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь “...” ХХК-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй ба эдгээр хэлцлийн улмаас хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй болохыг дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар буруутай этгээдээс хохирлоо буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь уг шийдвэрээр тогтоогдсон “12 хувийн хүүтэй, 4,000,000 ам.долларын вексель хүчин төгөлдөр бус” гэдэгтэй маргаагүй гэж үзнэ.

“...” ХНН болон “...” ХХК-иудын хооронд үүссэн төлбөрийн үүргийг “..” ХХК гүйцэтгэж байгаа үйл явцыг Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж, мөн зүйлийн 210.2 дахь хэсэгт: “үүрэг гүйцэтгэгч нь гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлээс татгалзвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээж авахгүй байх эрхтэй” гэж тус тус заажээ.

Үүрэг гүйцэтгэгч “...” ХНН-ийн векселийн дагуу гүйцэтгэвэл зохих төлбөрийн үүргийг “..” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч “...” ХХК-д гүйцэтгэн төлбөрийг шилжүүлсэн, улмаар үүрэг гүйцэтгэгч “...” ХНН нь уг гүйцэтгэлээс татгалзаагүй болох нь “..” ХХК-д 3 удаагийн төлөлтөөр хүүгүй 2 векселийн төлбөрийг төлж байснаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч “...” ХХК-ийн шаардлагыг хангаснаар шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлийг хангасан гуравдагч этгээд “..” ХХК-д шилжинэ.

Гэвч нэгэнт шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдийн гүйцэтгэсэн дээрх үүрэг нь хүчин төгөлдөр бусд тооцогдсон учир гуравдагч этгээд буюу “..” ХХК-иас хуульд заасны дагуу эрх шилжүүлэн авсан “...” ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх вексельд төлбөр төлснөөрөө буруутай этгээд болох анх векселийг бичсэн “...” ХНН-ээс хохирлоо нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

Шүүхийн шийдвэрээр анхны бичигдсэн векселийг хүчин төгөлдөр бус байхаар тогтоосон учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заагдсан “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд” нь тухайн векселийг үйлдсэн “...” ХНН болох бөгөөд тус нийгэмлэг нь хуульд заасны дагуу “бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх” үүрэг хүлээнэ.

Иймд “...” ХХК нь “...” ХНН-ээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар векселийн төлбөрт “..” ХХК-иас “...” ХХК-д төлөгдсөн 4,000,000 ам.долларыг буруутай этгээд “...” ХНН-ээс шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч “...” ХХК нь 4,000,000 ам.долларын векселийн жилийн хүү болох 380,000 ам.долларыг шаардах эрхтэй гэж тайлбарлах боловч маргаан бүхий вексель нь өөрөө хүчин төгөлдөр бус байхаар тогтоогдсон учир гуравдагч этгээдэд учирсан бодит хохирол нь “...” ХХК-д төлөгдсөн үндсэн 4,000,000 ам.долларын төлбөр байгаа учир “...” ХХК-д векселийн хүүгийн 380,000 ам.доллараар бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь 4,000,000 ам.долларын вексель болон жилийн 12 хувийн хүү болох 380,000 ам.доллар, нийт 4,380,000 ам.доллар шаардахаас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.9 дэх хэсэгт заасан “өөртөө туслах” аргыг урьдчилан хэрэглэж суутгасан гэх 721,227.95 ам.долларыг хасч, 3,658,772.05 ам.долларыг хариуцагчаас гаргуулна гэж шаардсан боловч шүүх уг векселийн хүүгийн төлбөр гэх 380,000 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “...” ХХК-ийн “...” ХНН-ийн банкин дахь данснаас суутган авсан 721,227.95 ам.долларыг хасч, хариуцагчаас 3,278,772.05 ам.доллар буюу 6,664,235,343 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Дээрх 721,227.95 ам.долларыг суутган авахдаа Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “үл маргах журмаар гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн банкинд байрлах хариуцагчийн дансан дахь үлдэгдлээс векселийн төлбөрийг суутгаж гэж нэхэмжлэгч тал тайлбарласныг буруутгах боломжгүй юм.

Хэдийгээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 11533/Б дугаар шүүгчийн захирамжаар “...” ХХК-ийг “...” ХНН болон “...” ХХК-ийн хооронд 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн векселийг мөнгөжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байх бөгөөд, “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг шүүгчийн захирамжийг хүлээн авсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн болон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. /2-р хх 55-58/

Нэхэмжлэгч “...” ХХК нь хариуцагч “...” ХНН-ээс ам.долларын төлбөр гаргуулахаар шаардан, нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцон гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “...” ХНН-ээс 3,278,772.05 ам.доллар буюу 6,664,235,343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “...” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 380,000 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “...” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгож, үндэслэлгүйгээр суутган авсан 721,227.95 ам.доллар гаргуулах тухай хариуцагч “...” ХНН-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,340,953 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 8,300,615 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33,479,126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            4.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА