Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00673

 

Ч.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00406 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар магадлалтай,

Ч.Дын нэхэмжлэлтэй

Н.М, С.Гнарт холбогдох

Н.Мөөс 694.112.088 төгрөг, С.Гөөс 897.319.877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн, Б.Борхүү, хариуцагч С.Г, түүний өмгөөлөгч, хариуцагч Н.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.Д би хариуцагч Н.М, С.Гнартай хамтран ажиллах талаар ярилцаж, 2013 оны 02 сард дундын хөрөнгө бүрдүүлэн 6 дугаар хорооллын 22 дугаар байр буюу орон сууцны барилга барихаар тохиролцсон. Энэ үед хамтран ажиллах тооцоогоор 1.200.000.000 төгрөгөөр барилга босно, эхний ээлжинд 800.000.000 төгрөг байхад болно гэж ярилцсан. Хамтран ажиллах гэрээний хүрээнд оруулсан хөрөнгөөрөө бариулсан барилгаа зарж, зээл, татвар гэх мэт бүх төлбөрийг төлсний дараах ашгаас анх оруулсан хөрөнгөө буцаан авахаас гадна олсон ашгаасаа тэнцүү хэмжээгээр хувь авахаар тохиролцсон байна. Ингээд хөрөнгө оруулалтаа бүрдүүлэх ажиллагаа эхлэхэд Ч.Д нь банк болон өөрийн ах дүү нараас зээлсэн мөнгөн хөрөнгө нийт 1.372.500.000 төгрөг оруулсан бөгөөд хамтрагч Н.М, С.Гнар нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхойгүй байна. Одоогоор нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаас үзэхэд Ч.Д нь анх зээлийн эх үүсвэрээс барилгад хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоо банк болон бусад этгээдэд 669.493.073 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Анх ярилцаж тохиролцсоноосоо хамтрагч нар нь буцаж олсон ашгаас бус борлуулалтын орлогоос мөнгө ашиглах орон сууц эзэмших, нягтлан бодох бүртгэлийн тайланг анхан шатны баримтгүйгээр гаргаж өгөх, тайлан тооцоо гаргахгүй байх бараа материалын үнийг зах зээлийн үнээс хэт доогуур өсгөх зэргээр үл ойлголцол гарч буй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Барилга баригдах явцад орон сууцны борлуулалтын орлого буюу иргэдийн урьдчилгаа төлбөрөөс Н.М нь 217. 900.000 төгрөг, С.Гнь 549.700.000 төгрөг, Ч.Д нь 1.074.880.000 төгрөг тус тус авсан байна. Энэ орлогоос авсан мөнгөө Ч.Д нь анхны хөрөнгө оруулалтын эх үүсвэр болсон банк болон бусад иргэдийн зээл, зээлийн хүүгийн төлөлтөд болон барилгын ажилд зарцуулсан байна. Харин С.Г, Н.М нар нь хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байна. Барилгын үйл ажиллагаанд зориулан Ч.Доос Н.Мд 415.980.000 төгрөг, С.Гт 132.647.150 төгрөг шилжүүлэн өгсөн байна. Гэтэл эдгээр мөнгөний анхан шатны бүртгэл баримт байхгүй байгаа тул зарцуулалтыг тооцох боломжгүй байна. Н.Мд НӨАТ-ын 19.809.091 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 40.422.997 төгрөгийг тус тус хариуцах, С.Гт НӨАТ-ын 49.972.727 төгрөг хариуцуулах, С.Гийн хууль бусаар эзэмшиж байгаа 6 дугаар хорооллын 22 дугаар байрны 27 тоот 4 өрөө байрыг чөлөөлүүлэх, дээрхи тооцоонд банкны зээлийн нэмэгдүүлсэн хүү, алданги, иргэдээс авсан зээлийн хүү, алданги зэрэг нь ороогүй болно. Иймд Н.Мөөс борлуулалтын орлого 217.900 000 төгрөг, Ч.Доос авсан 415.980.000 төгрөг, НӨАТ 19.809.091 төгрөг, Хүн амын орлогын албан татвар 40.422.997 төгрөг нийт 694.112.088 төгрөг гаргуулах, С.Гөөс борлуулалтын орлого 549.700.000 төгрөг, Ч.Доос авсан 132.647.150 төгрөг, НӨАТ 49.972.727 төгрөг, 4 өрөө байр буюу 165.000.000 төгрөг нийт 897.319.877 төгрөг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.М би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Ч.Д, С.Гбид 3 хамтран ярилцаад Согоот багийн 6-22 тоот байрыг барьж, олсон ашгаасаа тэнцүү хувааж авахаар тохиролцоод миний бие барилгын ажлыг гардан хариуцаж, Ч,Ч.Д, С.Гнараас барилгын ажилд оруулж байгаа хөрөнгийг тухай бүр нь бүртгэж, өөрөө зохих хэмжээгээр хөрөнгө оруулж тухайн барилгыг ашиглалтанд оруулсан юм. Гэтэл Ч.Д нь өөрийн оруулсан хөрөнгийг зөвхөн тооцоод надаас болон С.Гөөс уг барилгад оруулсан хөрөнгийг хэрэгсэж үзэлгүйгээр дээрх мөнгийг нэхэмжилж байгаа үндэслэлгүй байна. Ямар аргаар, яаж тооцож энэ их мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Зүй нь Ч.Доос гарсан бүх мөнгө одоо өөрийнх нь мэдэлд бүрэн шилжсэн гэж тооцож болох 6-22 тоот байрны сууриас эхлээд цонх, хаалга гэх мэт барилгад ашиглагдсан бараа материалаас эхлээд ажилчдын хоол хүнс, цалин хөлс зэрэг зүйлд зарцуулагдсан байгаа. Үүнийг Ч.Д өөрөө барилгын ажилд огт оролцоогүй болохоороо ойлгохгүй байна уу, эсхүл С.Гбид хоёртой хажууд байж хамт ажиллаагүй болохоороо хий хардаад байна уу гэж дүгнэхээр байна. Ч.Д нь 44 айлын орон сууцнаас 27 иргэдэд 1.704.500.000 төгрөгөөр зарсан. 225.000.000 төгрөгийн үнэтэй 3 байр одоогоор зарагдаагүй байгаа /үүнийг зараад мөнгийг нь Ч.Д авна/, 2 айл 62.500.000 төгрөгийг дутуу өгсөн байгаа өөрөө 83.200.000 төгрөгийн үнэтэй 6 тоот 2 өрөө байранд амьдардаг, 195.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан 300 м талбай бүхий 14 машины гражийг буюу нийт 2.270.200.000 төгрөгийн эд хөрөнгийг эзэмшдэг учраас Ч.Дын мэдэлд шилжээд байгаа гэж үзэж болохоор байгаа юм. Ч.Д нь өөрийнхөө оруулсан мөнгөө биднээс нэхэмжлээд тодорхой хөрөнгөөр босож сүндэрлэсэн барилгыг огт тооцохгүй байна, газрын төлбөрийг мөн л тооцоогүй байна гэжээ.

Хариуцагч С.Гшүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Гби энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг барилгын газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр миний бие С.Гнь хууль ёсны хамтран эзэмшигчээр байдаг. Гэвч Ч.Д нь бүх хөрөнгийг өөрийн мэт үзэж дураараа худалдан борлуулж ашгийн дийлэнх хувийг авч, Н.М биднийг ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй мэт үзэж байна. Урьд нь бид анх барилга барьж эхлэх үеэс хоорондоо ярьж тохиролцсон зүйлүүд байдаг. Гэвч Ч.Д нь ярьж тохиролцсондоо байж чадалгүй туйлбаргүй хандаж ирсэн. Ямар аргаар, яаж тооцож энэ их мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч Ч.Дтой миний бие С.Гнь уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигч бөгөөд одоогоор өөрт оногдсон эд хөрөнгийн хэсгийг авч чадаагүй байна.Түүнчлэн баригдсан байр нь байсаар байтал 1.500.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч хууль зүйн үндэсгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00406 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Мөөс 12.545.400 төгрөг, хариуцагч С.Гөөс 12.545.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Н.Мд холбогдох 681.566.688 төгрөг, С.Гт холбогдох 884.777.477 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.755.109 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөөс 215.676 төгрөг, хариуцагч С.Гөөс 215.676 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дод олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00406 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Дын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Ч.Дын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.719.317 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Д хяналтын гомдолдоо: Шударга бус шийдвэр гаргасан тул энэ гомдлыг гаргаж байна. Нэг. ...Барилгаа улсын комисст хүлээлгэн өгмөгц бид: - Дээр дурдсан, анх тохиролцсон байдлаар бүх орон сууцаа дундын өмчлөл байдлаар байлгаж, - Зарагдсан эхний сууцнуудаас дээр дурдсан, газрын төлбөр, банк, байгууллага, хүмүүсээс авсан зээл, хүүгийн өр төлбөрүүдээ барагдуулж, - Цаашид оногдох цалинжуулж ажиллуулсан хүмүүсийн хүн амын орлогын татвар, НДШ, барилга борлуулсны НӨАТ-т ногдох орон сууцыг үлдээж, - Бусад орон сууцыг борлуулж, энэ орлогоос өөр өөрсдийн хуваисаа оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөөд үлдсэн орон сууцыг борлуулж ашиг хэлбэрээр хуваах ёстой. Гэтэл гэрээ тохиролцоо, бусдын өмнө хүлээсэн болон хуулиар хүлээсэн үүргээ үл хэрэгсэн Н.М, С.Гнар орон сууцыг уралдан борлуулж, орлогыг авч, бусдын өмнө хүлээсэн зээл, хүүгийн бүх өр ганцхан надад үлдээд байхад шүүх үүнийг эс хэрэгсэж байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй байсан байж болзошгүй гэж үзэж байна. Хоёр. Барьсан 44 айлын сууцнаас хэн хэн хэдийг авч ямар хэмжээний орлого олсон болох энэ нь дээр дурдсан гэрээ тохиролцоотой нийцэж байгаа эсэх, барилгыг барихад хэн хувиасаа хэдий хэмжээний хөрөнгө оруулсан болон зээлийн үүрэг хүлээснийг харьцуулж үзэж шүүх дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзнэ. - Миний уг асуудлыг Эрүүгийн журмаар шалгуулсан 6 хавтаст хэрэгт байгаа нэхэмжлэлд шууд холбогдох материал, энэ хэрэг дээр гаргасан Санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг шүүх бусад баримттай харьцуулан үзэх ёстой. Энэ дүгнэлтээс: - Барилгыг барьхад Ч.Д 1 303 271 600 төгрөг, Н.М 100 000 000 төгрөг, С.Г117 380 000 төгрөг зарцуулсан, Ч.Д 745 944 500 төгрөгийн, Н.М, С.Гнар 696 960 000 төгрөгийн барилгын материал зарцуулсан гэсэн Шинжээчийн дүгнэлт нь барилгын тайлан гаргасан нягтлан бодогч Г.Буянжаргалын цагдаад өгсөн мэдүүлэг /Хэргийн тал прокурорын 5/59 тоот

тогтоолд дурдагдсан/-тэй үндсэндээ ойролцоо гарч байна. Дээрх шинжээчийн дүгнэлтэд Ч.Д намайг барилгад 1 398 513 400 төгрөгийн зээл авч зарцуулсан болохыг тодорхой дурдсан байна. Прокурорт байгаа 6 хавтаст хэргийн 4 хавтас нь энэ Санхүүгийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой буюу Ч.Д, Н.М, С.Гнараас шинжээчид гаргаж өгсөн, мөрдөн байцаалтын журмаар цуглуулсан баримт байдаг ба шинжээчийн гаргасан тооцоон дээр бидний хэн нь маргаагүй болно. Гэтэл яг одоогийн байдлаар 44 айлын орон сууц, 12 машины зогсоолын орлого хэнд, ямар байдлаар очсон бэ гэвэл: 25 орон сууцнаас С.Г884 700 000 төгрөг, Н.М 280 100 000 төгрөгийн орлого олж, Долгорт газрын үнэд 120 000 000 төгрөг, 70-80 саяын хоёр орон сууц өгсөн байгаа. Үүнийг хэн дээр тооцох асуудлыг бид шийдэх ёстой. Надад 19 сууц үлдэх ба түүний борлуулалтын орлогыг шинжээчийн дүгнэлтэд 1 725 082 100 төгрөг гэж дүгнэсэн байгаа. Гэтэл Гантөмөр, Н.М нар намайг 37 сууцнаас 2 501 600 000 төгрөг авсан гэсэн огт баримтгүй жагсаалт гаргаж өгсөнд шүүх үнэмшсэн мэт байна. Энэ асуудлууд орон сууц нь байна, авсан эзэд нь байна, улсын бүртгэл байна, тогтоогдох бүрэн боломжтой. Дээд шатны шүүхэд үнэнээ хэлэхэд би өмгөөлөгчийн тусламж дутсанаас асуудлаа зөв тавьж, зөв ойлгуулж чадаагүй байх тал бий. Гэхдээ үүнийг Монгол улсын иргэний эрх ашиг гэж үзэж хүлээн авч эдгээр байдлыг нэгэнт шалгагдсан Эрүүгийн хэргээс шаардлагатай баримтыг хуулбарлан авах, Улсын бүртгэлээс гэрчилгээ нь гарсан байруудын гэрээг авах, гэрчилгээ нь гараагүй айлуудын хүмүүсийг асуух, борлогдоогүй байруудыг тодруулах замаар 44 айлын орон сууцнаас хэн хэдий хэмжээний орлого олсныг тогтоож болно. Намайг байрны доод давхрын гражуудыг бүгдийг аваад нэмэлт орлого олчихсон мэтээр Гантөмөр, Н.М нар шүүхэд ойлгуулдаг. Бидний тооцоогоор 14 машины гэж байгаа дулаан зогсоол хэнд ч зарагдаагүй байж байгаа. Би түүнийг өмчлөөд авсан асуудал байхгүй, энэ асуудлыг бид шийдэх ёстой. Бидний анхны яриа тохиролцоо тодорхой байгаа, үүн дээрээ маргахгүй байгаа, барилга барихад оруулсан хөрөнгө, материал шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон, хэн хэдий хэмжээний зээл авсан нь тодорхой байгаа, өр зээлийн үүргийг хэн хэрхэн барагдуулснаа өөрсдөө шүүхийн өмнө нотлох боломжтой ба эдгээрийг олсон орлоготой нь жишээд үзэхээр хэн хохирсон, хэн хожсон нь маш тодорхой болно. Гурав. Анхан шатны шүүх буруу дутуу дүгнэсэн, би өмгөөлөгчгүй байснаас шүүхийн мэтгэлцээн явуулж чадаагүй алдсан байж болно. Давж заалдах шатанд өмгөөлөгчийн туслалцаа авч эдгээр байдлыг тодорхой тавиад байхад үл хэрэгсэж байгааг би хоёр талтай авч үзэж байна. А. Хариуцагч нар шүүхэд нөлөөлснөөс энэ хэргийг дахин хэлэлцүүлж дээрх байдлыг тодруулж, оролцогчдын эрхийг хамгаалах сонирхол шүүгч нарт төрөөгүй юм болов уу. Б. Эсхүл шүүх, шүүгч нар залхуурсан, хариуцлагагүй хандсанаас ийм байдалд хүрсэн юм болов уу гэж бодож байна. Миний өмгөөлөгчийн хамт судалж үзсэнээр ингэж үзэх дараах үндэслэл байна. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14 хүртэл сүүлийн нэг жилийн хугацаанд Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хянагдсан 92 магадлалын 47 нь буюу 51 хувь нь хүчингүй болох буюу өөрчлөгдсөн, үүний дотор нийт хянагдсан магадлалын 33.3 хувь нь хүчингүй болсон байна. Үүний дотор энэ хэргийн илтгэгч шүүгч С.Уранчимэгийн давж заалдах шүүх хуралдаанд илтгэсэн 38 хэрэг хянагдсанаас 25 нь буюу 66 хувь нь өөрчлөгдөх буюу хүчингүй болсон байна. Дөрөв. Би нэхэмжлэлээ дан ганц хөрөнгө оруулалт гэдэг утгаар гаргасан нь буруу болсон байж магадгүй юм байна, Иймээс нэхэмжлэлийнхээ тоо, агуулгыг өөрчлөх ёстой бололтой ба өмгөөлөгчийн хэлж байгаагаар миний дээр дурдсан бидний хамтын ажиллагаа, түүнтэй холбоотой бүх зардал, зээл хүү, орлого, ашиг, түүнээс хэн нь хэдийг авсан нь тодорхой болохоор нэхэмжлэлд өөрчлөлт оруулах боломжтой болох юм байна. -өмгөөлөгчгүй орсон нь маргааны гол нөхцөл байдлын талаар мэтгэлцэж байдлыг нарийн тодорхой болгож чадаагүй, эрүүгийн хэргээс баримтуудыг бүрэн судлуулж чадаагүй байна. Би үнэхээр өөртөө хохиролтой биш хариуцагч нарын мэдүүлж байгаа шиг орлогын 80 хувийг дээр нь зогсоолыг бүгдийг авчихсан бол өчнөөн арван сая төгрөгийн мөнгө төлөөд хий хоосон зарга үүсгээд явахгүй нь ойлгомжтой. Иймд дээд шүүхээс хүсэхэд энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах, шүүхийн шийдвэрийг хянуулах Үндсэн хуулийн эрхийг минь хүндэтгэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгоно уу гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хянуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлээр энэ гомдлыг гаргаж байна. 1. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байна. Хэргийн зохигчид хамтран ажиллаж орон сууцны барилга барих, түүнийгээ ашиглалтад оруулсны дараа уг барилгыг барихад гарсан бүх зардал, өр төлбөр зэрэг бусад этгээдийн өмнө байгаа үүргийг дуусгаад үлдэх орлогыг хуваахаар тохирч хэрэгжүүлсэн талаар маргахгүй байна. Гэтэл орон сууцыг ашиглалтад ормогц анхны тохиролцоогоо зөрчин уралдан борлуулж орлогыг авах болсноор маргаан үүссэн байна. Асуудал хэрэг бүртгэлтийн журмаар шалгагдаж, энэ хүрээнд Санхүүгийн шинжээчийн дүгнэлт гарсныг нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ гол үндэслэл болгожээ. Хэргийн 159 талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд Ч.Д, Н.М, С.Гнарын уг барилгад мөнгөөр болон материалаар оруулсан хөрөнгө, авсан зээл, борлуулалтаас орсон орлого тодорхойлогдсон ба энэ талаар маргасан зүйлгүй байна. Гэтэл нийт зардлын 80 гаруй хувийг /84,6%/ гаргасан Ч.Д үр дүнгийн 50 орчим хувийг олж авч байгаа 16,4 хувийг гаргасан Н.М, С.Гнар үр дүнгийн 50 шахам хувийг олж авч байгаа нь Иргэний хуулийн хамтран ажиллах гэрээний зохицуулалтаас гадна үндэслэлгүйгээр хөнгөжих гэсэн 492 дугаар зүйлийн 492.1, 492.2.1 дэх заалт, 493 дугаар зүйлийн 493.1 дэх заалтад хамаарах бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн энэ зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэх ёстой. Асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж прокурорын хяналтаар шийдвэрлэгдэх явцад гарсан Санхүүгийн шинжээчийн дүгнэлтийн талаар хэргийн оролцогчид тухайн хүрээнд маргаагүй боловч шүүхийн мэтгэлцээнд өөр өөр тоо хэлж маргадаг. Тухайлбал: Ч.Дыг 1 192 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан, 2 356 600 000 төгрөгийн орлого авсан гэж, Ч.Д нь Н.М, С.Гнар 239 632 000 төгрөгийн хөрөнгө оруулаад одоогийн байдлаар 1 164 800 000 /С.Г884 700 000 + Н.М 280 100 000/ төгрөгийн орлого аваад байна гэж маргадаг. Хэргийн зохигчдын олсон орлогыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдөө нотлох баримт гаргах, гэрч асуулгах, шүүхийн журмаар зарим ажиллагааг хийлгэх замаар энэ байдлыг тогтоох бүрэн боломжтой. Нөгөө талаар зохигчдын хамтран ажиллах анхны тохиролцоог сайн тодруулж, энэхүү тохиролцоо зөрчигдсөн шалтгаан нөхцлийг тодорхойлж дүгнэсний үндсэн дээр шүүх гэрээний оролцогчдын эрх үүргийн байдалд дүгнэлт хийх боломжтой болно. 3. Талуудын хамтран ажиллаж барьсан 44 айлын орон сууцны барилгын газрын гэрчилгээ Ч.Дын нэр дээр шилжиж улмаар барилгын зураг төсөв, архитектор төлөвлөлтийн даалгавар, барилга эхлүүлэх зөвшөөрөл, барилгыг ашиглалтад хүлээн авах улсын комиссын акт иргэн Ч.Дын нэрээр явагджээ. Татварын албанаас орон сууц барьж борлуулсан учир борлуулалтын орлогоос тооцсон НӨАТ, ажиллагсдын ХХОАТ, НДШ-ийг тооцон тайлагнахыг шаардсан тул Ч.Д нэхэмжлэлийн шаардлагадаа оруулсан байх бөгөөд одоогоор татварын акт тавигдаагүй тул нэхэмжлэх эрх үүсээгүй байна. Гэхдээ энэ нь хуулиар хүлээсэн үүрэг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Татварын албыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах замаар шийдвэрдлэх ч үндэслэл бий. Ямартай ч барилгын бүх ажил иргэн Ч.Д гэдэг нэрээр явснаар Н.М, С.Гнарт очсон борлуулалтын орлого болон бусад ноогдох татварыг Ч.Д хариуцаад эдгээр хүмүүс чөлөөлөгдөх үндэслэл байхгүй байна. Ингээд ирвэл энэ хэрэг дээр Татвар, Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэглэх шаардлага ч үүсэх магадлалтай. Барилгыг барих хөрөнгө оруулалтын мөнгийг хэргийн оролцогчид гудсан дороосоо гаргаж ирээгүй банк, ББСБ, хувь хүн, байгууллагаас зээл авч барилгад оруулаад тэр нь улмаар барилгын өртөгт шингэж, улмаар борлуулалтын орлого болон хэргийн зохигчдод үр дүн болж очсон байгаа. Хамтран ажиллагч нар барилга ашиглалтад ормогц бусдын өмнө хүлээсэн энэ үүргийг тооцон дуусгавар болгоод дараа нь борлуултын ашгаа хуваахаар тохирсон гэдэг. Санхүүгийн шинжээч энэ талаар дүгнэлтээ гаргасан байдаг ба хэргийн оролцогчид хүн бүр бусдаас зээл авсан, хүү төлсөн гэсэн өөр өөр байдлыг шүүхийн мэтгэлцээнд мэдүүлдэг. Зохигчид энэ байдлаа зарим зүйлийг өөрсдөө нотлох боломжтой ба зарим зүйлийг зохих газраас гэрээ, баримт гаргуулах замаар шүүхийн журмаар нотолж болно. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд бусдын өмнө хүлээсэн үүргийн талаар маргаан байсаар байхад энэ талаар хуулийн үндэслэл заасан дүгнэлт хийгээгүй байна. Иргэн Ч.Д эрхзүйч С.Амартай хамтран ажилласан боловч өөрийнх нь эсрэг ажилласан, өөр өмгөөлөгч нарт хандахад өмгөөллийн үйлчилгээний хөлсний талаар тохиролцож чадаагүйгээс анхан шатны шүүхэд өмгөөлөгчгүй оролцсон, ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа муутай байсан нь маргааны үйл байдлыг зөв тодорхойлох, нотлох баримт бүрдүүлэх, нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлох зэрэгт учир дутагдалтай байсан байх тал байдаг. Энэ тохиолдолд Монгол улсын иргэний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхийг хүндэтгэж, хэргээ шүүхээр дахин хэлэлцүүлэх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжийг давж заалдах, хяналтын шатны шүүх олгох ёстой гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх асуудлыг хялбаршуулж, өөрөө баримт байдлаа нотолж оролцох үүрэгтэй гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Хэрэг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдсэн тохиолдолд энэ гомдолд дурдагдсан үйл байдлууд бүгд тодорхой болох боломжтой юм. Ч.Д өөрөө хохироогүй бол өр зээл тавин байж, удаа дараа ийм их хэмжээний тэмдэгтийн хураамж төлөөд гомдол гаргаад явахгүй нь ойлгомжтой. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Д нь хамтран ажиллах гэрээний дагуу Н.Мөөс 694 112 088 төгрөг, С.Гөөс 897 319 877 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч тус бүрээс 12 545 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.

1.Нэхэмжлэгч Ч.Д нь оруулсан хөрөнгөө хариуцагч нараас шаардсан атлаа хамтын ажиллагааны үр дүнд бий болсон орон сууцны борлуулалтын орлогыг шаардсан нь ойлгомжгүй, давхардсан шинжтэй болохоос гадна татвар нэхэмжилсэн үндэслэл тодорхой бус байгааг шүүх тодруулаагүй нь буруу байна. Ашиг олж, хамтран ажиллах зорилгоор  хураамж оруулсан, үүний үр дүнд хөрөнгө бий болсон бол оруулсан хөрөнгийг буцаан шаардах эрхгүй юм. Түүнчлэн татвар нэхэмжлэхдээ өөрөө төлсөн учраас эсвэл татвар бодитой ногдуулсан эсвэл татвар төлөх болзошгүйн улмаас шаардаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхой болгоогүй нөхцөлд хэргийн нөхцөл байдлыг тогтоогдсон гэж үзэх, зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй болно.

2.Талуудын хооронд 2013 онд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, хамтын ажиллагааны үр дүнд орон сууцны барилга бий болсон, Ч.Д нь хөрөнгө оруулсан, Н.М, С.Гнар зохих хөрөнгө оруулж, орон сууцыг барих ажлыг биечлэн гүйцэтгэж хамтын ажиллагааг хэрэгжүүлсэн, 6 давхар 44 айлын орон сууцыг бий болсон үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Харин талууд хэн нь хичнээн төгрөгний хөрөнгийг оруулсан, барилгын өртөг хэд болсон, барилга барихад гарсан зардлын хэмжээ, борлуулалтаас олсон орлого, борлогдоогүй эд хөрөнгө байгаа эсэх, авлага, өглөг, цэвэр ашгийн хэмжээ зэрэг тооцооны талаар маргажээ. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээг 1 303 271 600 төгрөг, Н.М 100 000 000 төгрөг, С.Г117 380 000 төгрөг, барилгын өртөгийг 1 442 904 500 төгрөг, борлуулалтын орлогыг 3 041 124 100 төгрөг гэсэн бол хариуцагч С.Г436 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан, барилга 1 442 905 500 төгрөгийн төсөвт өртөгөөр баригдсан гэж маргажээ. Түүнээс гадна хэн нь хэдэн орон сууцыг борлуулсан, борлуулалтын орлогоос  хэдэн төгрөг авсан, борлогдоогүй байгаа хөрөнгө байгаа бол хэрхэн хуваарилах талаар маргасан байна.

Шүүх хамтран ажиллах гэрээний талууд ашиг алдагдлаа хэрхэн тооцож байгааг нэг бүрчлэн тодруулж, талуудын мэтгэлцүүлэхэд чиглүүлж, маргааны үйл баримтыг бодитой тогтоох нь зүйтэй байжээ.

3. Шүүх Далай ван аудитын дүгнэлтийг шийдвэрийн үндэслэлээ болгосон байна.

Шүүгч 2016 оны 1 сарын 07-ны өдрийн 362 дугаар захирамжаар шинжээчээр Найдвар Од Аудит ХХК-ийг томилсон боловч захирамж хэрэгжээгүй, Далай ван аудитын дүгнэлтийг хангалттай баримт гэж үзсэн эсэх, шүүгчийн захирамжийг хэрэгжих шаардлагагүй гэж үзсэн эсэх талаарх дүгнэлтийг шүүх шийдвэртээ заагаагүй байна.

Далай ван аудитын дүгнэлтэд тусгасан баримт мэдээлэл бүрийг зохигчоос тодруулж, мэтгэлцүүлэн, маргааны зүйлийг тодруулж, хэт зөрүүгүй бол шинжээч томилсон захирамжийг биелүүлэх шаардлагатай эсэхийг шүүх бүрэн эрхийн дагуу шийдвэрлэх эрхтэй.

Хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэх боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00406 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 7 438 734 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                                   П.ЗОЛЗАЯА