Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/01260

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/01260

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Өегтулга ХХК-ийн байр, 304 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9011269003, регистрийн 5436117 дугаартай, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Их Монгол Улс гудамж, АОС-ын байр, 217 тоотод оршин суух, регистрийн дугаар УУ46101208, Боржигон овогтой Рэнцэнгийн*******,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 7 дугаар хэсэг, Ривер гарден хотхоны 305 дугаар байр, 601 тоотод оршин суух, регистрийн дугаар УУ67050113, Номин овогтой Шагдарсүрэнгийн*******,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, 7 дугаар хэсэг, Ривер гарден хотхоны 301 дүгээр байр, 1500 тоотод оршин суух, регистрийн дугаар УУ69090814, Номин овогтой Шагдарсүрэнгийн******* нарт холбогдох,

Улсын Их Дэлгүүр ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч Р.Содном, Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан нарын нийт 64,11 хувийн хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 14-ний иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. ан

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нинжбат, хариуцагч Р.Содном, Ш.Баярсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот, хариуцагч Ш.Уламбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Р.Содном, Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан нарт холбогдуулан Улсын Их Дэлгүүр ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч Р.Содном, Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан нарын нийт 64,11 хувийн хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч *******-ийн гүйцэтгэх захирал Д.Гансүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Улсын Их дэлгүүр нь Улаанбаатар хотын төвд байрлах, олон төрлийн бараа борлуулах худалдааны хамгийн том төвүүдийн нэг бөгөөд 1924 онд анх Төв дэлгүүр нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. 1961 онд одоогийн барилга ашиглалтад орж, Улсын Их Дэлгүүр нэртэй болсон. 1999 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улсын Их Дэлгүүр хувьцаат компани болгон өөрчилсөн бөгөөд нийт хувьцааны 60 хувийг дөрөв багцлан худалдсаныг Номин холдинг ХХК-ийн эзэд худалдан авч, эзэмшсэн байдаг. Монгол Улсын Их хурлаас 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн 6 сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй гэж өөрчлөн найруулсан. Тийм ч учраас бид энэ хуулийн заалтын үйлчлэл эхэлсэн үеэс хойших хугацаанд хамаарах үйл баримтыг түшиглэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Улсын Их Дэлгүүр ХК нь нийт 36.807.850 ширхэг хувьцаатай бөгөөд үүнээс нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид буюу 5 хувиас дээш хувьцаатай ээж Рэнцэнгийн******* 47,19 хувийг, хүү Шагдарсүрэнгийн******* 11,09 хувийг, хүү Шагдарсүрэнгийн******* 5,83 хувийг тус тус эзэмшдэг бөгөөд Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.6-д зааснаар тэд нэгдмэл сонирхолтой этгээдүүд бөгөөд компанийн үйл ажиллагаа удирдан, удирдлагын багийг сонгож үйл ажиллагаа явуулж байна. Дээрх нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээс гадна 45000 орчим жижиг хувьцаа эзэмшигч байдаг ба тэдний нэг нь манай ******* юм. Бид 2016 оны 5 дугаар сараас Улсын Их Дэлгүүр ХК-ийн хувьцааг худалдан авснаар одоо 10.420 ширхэг хувьцааг эзэмшиж байна. Бид Улсын Их Дэлгүүр ХК-ийн нийт 64,11 хувийн хувьцааг эзэмшдэг нэгдмэл сонирхолтой Р.Содном, Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан нарын хувьцааны хөдөлгөөнийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв-ийн нэгдсэн сайтаас түүхэд дээрх хувьцаа эзэмшигч нар үнэт цаасны арилжаанд оролцож, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 6374 ширхэг хувьцаа, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 3207 ширхэг хувьцаа, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 1517 ширхэг хувьцаа, 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 950 ширхэг хувьцаа, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд 343 ширхэг хувьцааг тус тус худалдан авсан байна. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Улсын Их Дэлгүүр ХК нь Компанийн тухай хуулиар нээлттэй хувьцаат компани юм. Түүний хувьцаа эзэмшигч нар нэмж хувьцаа худалдан авснаар Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу хяналтын багцаас дээд хэмжээнд хүрсэн байна. Нэгэнтээ хяналтын багцаас дээд хэмжээнд хүрсэн бол тэр өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн 6 сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй байх бөгөөд уг заалтыг хэрэгжүүлэх үүрэг хувьцаа эзэмшигч нарт бий болсон байна. Гэтэл Улсын Их Дэлгүүр ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч хариуцагч нар нэмж хувьцаа худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааг худалдан авах саналаа гаргаагүй тул тэдний хувьцаа Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар саналын эрхгүй болно. Иймд Улсын Их Дэлгүүр ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч Р.Содном, Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан нарын нийт 64,11 хувийн хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот, У.Буяндэлгэр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэдийгээр хариуцагч нар Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.6-д зааснаар нэгдмэл сонирхолтой этгээдүүд мөн боловч мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасан үүргийг хүлээхгүй. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор Улсын Их Дэлгүүр ХК-ийн нийт хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр тасалбар болон бэлэн мөнгөөр арилжаалахыг Төрийн өмчийн хороонд зөвшөөрч, уг тогтоолыг үндэслэн тус компанийн хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалахыг Төрийн өмчийн хорооны 2000 оны 28, 243 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэсэн. Үүний дагуу хариуцагч Р.Содном 2000 оны 5 дугаар сарын 22, 23, 25-ны өдрүүдэд Улсын Их Дэлгүүр ХК-ийн хувьцааны 45 хувийг буюу 16.563.534 ширхэг хувьцааг 1.176.010.914 төгрөгөөр худалдан авсан тул Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2000 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 401 дүгээр Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоолоор Улсын Их Дэлгүүр ХК-ийн нийт хувьцааны 45 хувийг өмчлөх эрхийг Р.Содномд шилжүүлсэн. Харин Ш.Уламбаяр нь Монгол Улсын Засгийн газрын болон Төрийн өмчийн хорооны дээрх тогтоолын дагуу Улсын Их Дэлгүүр ХК-ийн нийт хувьцааны 15 хувь буюу төрийн мэдлийн 5.521.178 ширхэг хувьцааг 220.847.120 төгрөгөөр худалдан авсан тул Төрийн өмчийн хорооны 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 534 дүгээр Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоолоор Улсын Их Дэлгүүр ХК-ийн нийт хувьцааны 15 хувийг өмчлөх эрхийг хариуцагч Ш.Уламбаярт шилжүүлсэн. Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7-д Хэрэв хувьчлалын дүнд компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан бол энэ хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан заалт үйлчлэхгүй бөгөөд компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах асуудлыг энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нэгдмэл сонирхол бүхий хариуцагч Р.Содном, Ш.Уламбаяр нар нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Улсын Их Дэлгүүр ХК-ийн хяналтын багцыг хувьчлалын дүнд худалдан авсан тул Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үүргийг хүлээхгүй. Нэгэнт Р.Содном, Ш.Уламбаяр нар дээрх үүргийг хүлээхгүй тул Ш.Баярсайхан ч мөн адил уг үүргийг хүлээхгүй болно. Мөн Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэх бөгөөд хариуцагч Ш.Баярсайханы эзэмшиж буй 5,83 хувийн хувьцаа нь дангаараа хяналтын багцад хүрэхгүй. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-т Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж, 86.2-т Компани болон түүний энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учирсан хохирлыг энэ хуулийн 84.10-т заасан этгээдээр нөхөн төлүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд компанийн нэг буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч нь компанид учруулсан болон учирсан хохирлыг эрх бүхий албан тушаалтнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Гэтэл нэхэмжлэгч ******* нь Улсын Их Дэлгүүр ХК-ийн 1 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшигч биш бөгөөд нэхэмжлэлд дурдсанаас үзэхэд тус компани нийт 36.807.850 ширхэг хувьцааны 10.420 ширхэг буюу нийт гаргасан хувьцааны 0,3 хувийг эзэмшдэг ажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, хариуцагч нарын хувьцаа худалдан авсан түүвэр гэх баримт, *******-иас Л.Нинжбатад олгосон итгэмжлэл, *******-ийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-д эзэмшдэг харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагч талаас Ш.Баярсайханаас Д.Нурболотод олгосон итгэмжлэл, Р.Содномоос Д.Нурболотод олгосон итгэмжлэл, Ш.Уламбаяраас У.Буяндэлгэрт олгосон итгэмжлэл, Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2000 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 401 тоот тогтоолын хуулбар, Улсын Их Дэлгүүр ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг худалдсан тухай товч танилцуулга, Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 534 тоот тогтоолын хуулбар, Улсын Их Дэлгүүр ХК-ийн төрийн мэдлийн 15 хувийг худалдан авагчид шилжүүлэх тухай танилцуулга гэх баримт, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр Улсын их дэлгүүрийг хувьчлах тухай тогтоолын хуулбар, мөн Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар Хөтөлбөр батлах тухай /төрийн өмчийг 2001 онд хувьчлах хөтөлбөр/ тогтоолын хуулбар, хавсралтын хамт, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-ийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01/597 дугаар албан бичиг, үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт №1 гэх баримт, Ш.Баярсайханы харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, Улсын Их Дэлгүүр ХК-ийн дүрэм зэргийг тус тус ирүүлсэн.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2022/05224 дүгээр захирамжийн дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-ийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Ш.Уламбаяр, Р.Содном, Ш.Баярсайхан нарын харилцах дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Р.Содном, Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан нар 2016-2017 оны хооронд нийт 12.003 шрхэг хувьцааг худалдан авсаны хувьд Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасан үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй. Иймд хариуцагч нарын Улсын Их Дэлгүүр ХК-ийн 64,11 хувийн хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Хариуцагч нарын эзэмшиж буй хувьцаа нь дангаараа хяналтын багцад хүрэхгүй, хариуцагч Р.Содном, Ш.Уламбаяр нар Улсын Их Дэлгүүр ХК-ийн хяналтын багцыг хувьчлалын дүнд худалдан авсан тул Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үүргийг хүлээхгүй. Нэхэмжлэгч нь Улсын Их Дэлгүүр ХК-ийн нийт хувьцааны 0,3 хувийг эзэмшдэг тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн тус тус маргасан.

 

3. Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Бид Р.Содном нарын 2000-2001 оны үед Монгол Улсын Засгийн газрын болон Төрийн өмчийн хорооны тогтоолын дагуу хувьчлан авсан хувьцааны талаар маргаагүй, харин 2016-2017 онуудад нэмж худалдан авсан 12.003 ширхэг хувьцааны хувьд хяналтын багцад хамаарч байгаа тул тухайн этгээдүүд Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс саналын эрхгүй болгохыг тогтоолгохоор шүүхэд хандсан хэмээн тайлбарласан тул шүүх энэхүү тайлбарын хүрээнд дараах дүгнэлтийг хийв.

 

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-өөс ирүүлсэн харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хариуцагч Р.Содном 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын хооронд 65 удаагийн арилжаагаар Улсын Их Дэлгүүр ХК-ийн 0,003 хувь буюу 12.391 ширхэг хувьцааг худалдан авсан болох нь тогтоогдсон.

 

Харин Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан нар 2001, 2003 оноос хойш Улсын Их Дэлгүүр ХК-ийн хувьцааг нэмж худалдан авсан гэх үйл баримт Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-өөс ирүүлсэн харилцагчийн дансны хуулгаас тогтоогдоогүй бөгөөд хариуцагч Р.Содномын худалдан авсан хувьцааны хувь нэмэгдээд 64,08-аас 64,11 хувь болсон байна.

 

Мөн хариуцагч нар 2003 оноос хойш Улсын Их Дэлгүүр ХК-ийн хувьцааны хяналтын багцыг эзэмшиж иржээ.

 

4. Энэхүү маргааны хувьд 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр батагдсан Компанийн тухай хууль /цаашид Компанийн тухай хууль гэх/ үйлчлэх бөгөөд тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал болгох үүрэгтэй гэж, мөн 57.2-т Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 57.1-т заасан саналыг гаргаагүй бол уг саналыг гаргаж, зохих журмын дагуу хэрэгжүүлэх хүртэл тухайн этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрхгүй байна гэж заасан.

 

Тэгэхээр хариуцагч Р.Содном нь 2016-2017 онуудад дангаараа 12.391 ширхэг хувьцааг худалдан авсан үйл баримт тогтоогдож байгаа ба хэдийгээр хариуцагч нар Улсын Их Дэлгүүр ХК-ийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг, нэгдмэл сонирхолтой этгээдүүд мөн боловч тэд хамтраад зах зээл дээрээс нэмж хувьцаа худалдан аваагүй, эсхүл тэдний хэн нэг нь дангаараа хувьцааны хяналтын багцыг эзэмшдэггүй тул Компанийн тухай хуулийн 57.1, 57.2-т заасан үүрэг, үр дагавар хариуцагч нарт хамаарахгүй гэж үзлээ.

 

Иймээс нэхэмжлэгч *******-ийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан Саналын эрхгүй болгохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нэхэмжлэгч ******* нь Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй хэмээн маргасан боловч тухайн зохицуулалтын хувьд компанийн эрх бүхий албан тушаалтнаас компанид учруулсан, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хувьцаа эзэмшигч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тухай зохицуулалт бөгөөд хувьцаа эзэмшигчийн хувьд бусад хувьцаа эзэмшигч нарт холбогдуулан гаргах шаардлагад үйлчлэхгүй болно.

 

5. Иймд Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг баримтлан хариуцагч Р.Содном, Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан нарт холбогдох Улсын Их Дэлгүүр ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч нарын нийт 64,11 хувийн хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг баримтлан хариуцагч Р.Содном, Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан нарт холбогдох Улсын Их Дэлгүүр ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч нарын нийт 64,11 хувийн хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА