Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2022/01322

 

 

 

 

 

 

2022 07 18 210/МА2022/01322

 

 

Н ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27ы өдрийн 183/ШШ2022/01260 дугаар шийдвэртэй, Новел-Инвестмент ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.С м, Ш.У , Ш.Б н нарт холбогдуулан гаргасан У ХК -ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч Р.С м, Ш.У , Ш.Б н нарын нийт 64,11 хувийн хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Р.С м, Ш.Б н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Ш.У ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: У нь 1924 онд үүсгэн байгуулагдаж,1961 онд одоогийн барилга ашиглалтад орж, 1999 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр У хувьцаат компани болгон өөрчилсөн бөгөөд нийт хувьцааны 60 хувийг дөрөв багцлан худалдсаныг Номин холдинг ХХК худалдан авч, эзэмшсэн. Монгол Улсын Их хурлаас 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн 6 сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. У ХК нь нийт 36.807.850 ширхэг хувьцаатай ба Р.С м 47,19 хувь, Ш.У 11,09 хувь, Ш.Б н 5,83 хувийг тус тус эзэмшдэг. Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.6-д зааснаар тэд нэгдмэл сонирхолтой этгээдүүд бөгөөд 45,000 орчим жижиг хувьцаа эзэмшигч болох Новел-Инвестмент ХХК юм. Бид 2016 оны 05 дугаар сараас У ХК -ийн хувьцааг худалдан авснаар одоо 10,420 ширхэг хувьцааг эзэмшиж байна. Бид У ХК -ийн нийт 64,11 хувийн хувьцааг эзэмшдэг нэгдмэл сонирхолтой Р.С м, Ш.У , Ш.Б н нарын хувьцааны хөдөлгөөнийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн нэгдсэн сайтад 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 6374 ширхэг хувьцаа, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 3207 ширхэг хувьцаа, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 1517 ширхэг хувьцаа, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 950 ширхэг хувьцаа, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд 343 ширхэг хувьцааг тус тус худалдан авсан байна. Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын багцаас дээд хэмжээнд хүрсэн байна. Гэтэл У ХК -ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч хариуцагч нар нэмж хувьцаа худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааг худалдан авах саналаа гаргаагүй тул тэдний хувьцаа Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар саналын эрхгүй болно. Иймд У ХК -ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч Р.С м, Ш.У , Ш.Б н нарын нийт 64,11 хувийн хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нар Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.6-д зааснаар нэгдмэл сонирхолтой этгээдүүд мөн боловч мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үүргийг хүлээхгүй. Учир нь Засгийн газрын 1999 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр тогтоолыг үндэслэн тус компанийн хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалахыг Төрийн өмчийн хорооны 2000 оны 28, 243 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэсэн. Үүний дагуу хариуцагч Р.С м 2000 оны 05 дугаар сарын 22, 23, 25-ны өдрүүдэд У ХК -ийн хувьцааны 45 хувийг буюу 16,563,534 ширхэг хувьцааг 1.176,010,914 төгрөгөөр худалдан авсан тул 45 хувийг өмчлөх эрхийг Р.С мд шилжүүлсэн. Харин Ш.У нь 15 хувь буюу төрийн мэдлийн 5,521,178 ширхэг хувьцааг 220,847,120 төгрөгөөр худалдан авсан Нэгдмэл сонирхолтой Р.С м, Ш.У нар нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу У ХК -ийн хяналтын багцыг хувьчлалын дүнд худалдан авсан тул Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үүргийг хүлээхгүй. Нэгэнт Р.С м, Ш.У нар дээрх үүргийг хүлээхгүй тул Ш.Б н ч мөн адил уг үүргийг хүлээхгүй болно. Мөн Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд компанийн нэг буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч нь компанид учруулсан болон учирсан хохирлыг эрх бүхий албан тушаалтнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Гэтэл нэхэмжлэгч Новел-Инвестмент ХХК нь У ХК -ийн 1 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшигч биш бөгөөд нэхэмжлэлд дурдсанаас үзэхэд тус компани нийт 36.807.850 ширхэг хувьцааны 10.420 ширхэг буюу нийт гаргасан хувьцааны 0,3 хувийг эзэмшдэг. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг баримтлан хариуцагч Р.С м, Ш.У , Ш.Б н нарт холбогдох У ХК -ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч нарын нийт 64,11 хувийн хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Новел-Инвестмент ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Новел-Инвестмент ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатын шүүх нэхэмжлэлийн мөн чанар, нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй. 1999 онд Засгийн газрын шийдвэрээр У ХК болгон өөрчилсөн бөгөөд нийт хувьцааны 60 хувийг дөрөв багцлан худалдсаныг Номин Холдинг ХХК-ийн эзэд худалдан авч эзэмшсэн. У ХК нь нийт 36,807,850 ширхэг хувьцаатай бөгөөд үүнээс нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид буюу 5 хувиас дээш хувьцаатай Р.С м 47,19 хувь, Ш.Б н 5,83 хувь, Ш.У 11,09 хувь нар нь Компанийн тухай хуулийн 97 дүгээр зүйпийн 97.1 дэх хэсэгт заасан нэгдмэл сонирхолтой этгээдүүд компанийн үйл ажиллагааг удирдан, удирдлагын багийг сонгож үйл ажиллагаа явуулсан. Р.С м нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 65 удаагийн арилжаагаар У ХК -ийн 0,0326 хувь буюу 12,003 ширхэг хувьцааг 6,397,198.10 төгрөгөөр худалдаж авсан. Ш.У нь 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 59 удаагийн арилжаагаар 0,58 хувь буюу 215,112 ширхэг хувьцааг 4,302,240.00 төгрөгөөр худалдаж авсан. Ш.Б н нь 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2,249,032 ширхэг хувьцааг худалдан авсан. Улмаар 2003 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 200,000 ширхэг хувьцааг арилжаалж өнөөдрийн байдлаар 2,049,032 ширхэг буюу 5,57 хувийн хувьцааг эзэмшиж байна. Шинэчлэн найруулсан Компанийн тухай хуулийн /2011/ үйлчлэлийн үед явагдсан бөгөөд Р.С м уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хуульд оруулсан эрх зүйн зохицуулалт юм. Иймээс Р.С м нарын нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн өмч хувьчлалын үр дүнд худалдан авсан хувьцаанаас гарах үүргийг шаардаагүй. Харин зах зээлээс нэмж биржийн арилжаагаар иргэдээс худалдан авсан хувьцааны үр дүнд хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлэх үйлдлээ хийхийг шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон гаргасан. Нэгдмэл сонирхолтой этгээдүүд нийлээд хяналтын багцыг бүрдүүлж байгаа тохиолдолд хэн нэгэн хувьцаа эзэмшигч нь үнэт цаасны зах зээл дээрээс дангаараа хувьцаа худалдаж авах, хамтарч худалдаж авах нь зарчмын ямар нэгэн ялгаагүй ба Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тодорхой заасан. Гэтэл шүүх хамтран нэмж хувьцаа худалдан аваагүй, эсхүл тэдний хэн нэг нь дангаараа хувьцааны хяналтын багцыг эзэмшдэггүй гэж ойлгомжгүй дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд зөв шийдвэрлэсэн. Үнэт цаасны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт хяналтын багц эзэмшигч нь 5 хувиар хувьцаа нэмэгдэх, буурсан тохиолдолд санхүүгийн зохицуулах хооронд мэдэгдэх хуулийн зохицуулалттай. Мөн Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.8 дах хэсэгт хяналтын багц эзэмшигчийг жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцаа худалдаж авахыг Санхүүгийн зохицуулах хороо шаардах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Үнэт цаасны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэг, Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.8 дах хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо манай хувьцаа эзэмшигчид ийм шаардлага хүргүүлж байгаагүй. Ш.У , Ш.Б н нар өнөөдрийг хүртэл нэг ширхэг хувьцаа худалдаж аваагүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хариуцагч Р.С м, Ш.У нарыг У ХК -ийн хувьцааны 45 болон 15 хувь нийт 60 хувийн хувьцааг хувьчлалын үр дүнд худалдан авсан талаар маргаагүй. Үүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсаныг шүүх зөв үнэлж, дүгнэсэн. Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7 дах хэсэгт хэрэв хувьчлалын дүнд хувьцааны хяналтын багцыг худалдан авсан бол мөн хуулийн 57.1-д заасан буюу бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах үүргээс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу Ш.У , Р.С м нар нийт 64 хувийн 60 хувийг эзэмшиж байгаа учраас чөлөөлөгдөж байгаа. Харин нэхэмжлэгч тал Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан буюу бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдаж авах үүрэгтэй буюу санал гаргах ёстой энэхүү саналаа гаргаагүй бол хувьцаа эзэмшигчийн хувьд саналын эрхгүй гэж маргасан нь үндэслэлгүй. Учир нь нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох Ш.У , Ш.Б н, Р.С м нар хэдийгээр нийлээд У ХК -ийн нийт 64,11 хувийн хувьцааг эзэмшиж байгаа боловч 60 хувь нь хувьчлалын дүнд худалдаж авсан буюу Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7 дах хэсэгт зааснаар хувьчлалын дүнд худалдаж авсан, үлдэж байгаа хэсэг нь хяналтын багцад хүрэхгүй учраас мөн хуулийн 57.1-д заасан үүргийг хүлээхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий зөв болсон. Нэхэмжлэгчийн 0100003 хувьцааг худалдаж авсан байсан ч хувьчлалын дүнд худалдаж авсан багцаасаа гадна хяналтын багцад хүрэхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Новел-Инвестмент ХХК нь хариуцагч Р.С м, Ш.У , Ш.Б н нарт холбогдуулан У ХК -ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч Р.С м, Ш.У , Ш.Б н нарын нийт 64,11 хувийн хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэгдмэл сонирхолтой хариуцагч нар нь У ХК -ийн хувьцааг хамтран худалдан авснаар тухайн этгээдүүдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн тохиолдолд бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааг худалдан авах саналаа гаргаагүй тул нийт 64,11 хувийн хувьцаа саналын эрхгүй гэж, хариуцагч нь тайлбар, татгалзлын үндэслэлээ ...Засгийн газрын шийдвэрийн дагуу хувьчлалын дүнд хувьцааг худалдан авсан бөгөөд уг хяналтын багцын хувьцаа нь Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үүрэгт хамааралгүй, дангаар авсан хувьцаа хяналтын багцын хэмжээнд хүрэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

4. Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2000 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 401 дугаар тогтоолоор дуудлага худалдааны ялагч Р.С м нь У ХК -ийн нийт хувьцааны 45 хувь буюу төрийн мэдэлд байгаа 16,563,534 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 1,176,010,914 төгрөг, мөн хариуцагч Ш.У нь У ХК -ийн нийт хувьцааны 15 хувь буюу төрийн мэдлийн 5,521,178 ширхэг хувьцааг нэг бүрийг 40 төгрөг, нийт 220,847,120 төгрөгөөр тус тус худалдан авсныг тэдгээрт шилжүүлсэн, Ш.Б н нь нийт хувьцааны 5,83 хувийг эзэмшсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх-50, 52, 69/

Нэхэмжлэгч талын ...нэмж зах зээлээс худалдан авсан хувьцаа нь компанийн хувьцааны хяналтын багцад хүрэхгүй байсан ч уг хувьцааг нэмж зах зээлээс худалдан авснаар хариуцагчид Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үүрэг үүснэ гэх агуулгаар гаргасан тайлбар, татгалзал үндэслэлгүй.

5. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн ирүүлсэн харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулгаар Р.С м 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд У ХК -ийн 0,003 хувь буюу 12,391 ширхэг хувьцааг зах зээлээс биржийн арилжаагаар худалдан авчээ. /хх70-71/ Энэ нь Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан компанийн хувьцааны хяналтын багцын хэмжээнд хүрэхгүй байна.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Ш.У , Ш.Б н нар нь 2001 оноос хойш нэмж хувьцаа худалдаж аваагүй, харин хариуцагч Р.С мын худалдан авсан хувьцаа нэмэгдэж нийт 64,11 хувийн хувьцаа эзэмшсэн болох нь тогтоогджээ.

Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.7 дах хэсэгт Хэрэв хувьчлалын дүнд компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан бол энэ хуулийн 57.1-д заасан заалт үйлчлэхгүй бөгөөд компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах асуудлыг энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна. гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагч нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн худалдан авсан хувьцаа нь У ХК -ийн хувьцааны хяналтын багцын хэмжээнд хүрээгүй тул хариуцагч нарт Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дах хэсэгт заасан үүрэг, үр дагавар үүсэхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч нар хамтран болон тэдний хэн нэг нь дангаараа нэмж зах зээлээс худалдан авсан хувьцаа нь компанийн хувьцааны хяналтын багцад хүрэхгүй ч бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа, хувьцааг худалдан авахаар санал гарах үүрэгтэй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27ы өдрийн 183/ШШ2022/01260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН