Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2017/00321

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ...ын,

Хариуцагч: ...д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 112,445,091 /нэг зуун арван хоёр сая дөрвөн зуун дөчин таван мянга ерэн нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.... /ШТҮД: ./ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н.... нь надаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 25,000,000 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 45,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний хамт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 3 сарын хугацаагаар, нэг сарын 5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор улсын бүртгэлийн ..., ... гэрчилгээний дугаартай, Баянгол дүүргийн ... тоот дахь 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дээрх 63 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нэг сараар сунгаж өөрчилсөн. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дээрх 63 дугаартай зээлийн гэрээнд хоёр дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэг сараар дахин сунгаж өөрчлөн, мөн 3 сарын зээлийн хүү болох 10,500,000 төгрөгийг 5 дугаар сарын 02-ны өдөр төлөхөөр тохиролцсон. 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дээрх гэрээнд гурав дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгаж, өмнө тохиролцсон зээлийн хүү болох 10,500,000 төгрөгийг төлөөгүй учир уг төлбөрийг үндсэн зээлийн төлбөр дээр нэмж тооцон, нийт 80,500,000 төгрөгөөс нэг сарын 5 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ тухай Н....гийн саналыг зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөнд өөрийн гар бичмэлээр тусгаж баталгаажуулсан болно. 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 63 дугаартай зээлийн гэрээнд дөрөв дэх удаагаа нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл дахин нэг сараар сунгаж өөрчилсөн. Энэхүү гэрээнд зээлийн үндсэн төлбөр 80,500,000 төгрөгөөс нэг сарын 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байсныг хүүгийн хамт нийт 97,270,840 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийгдэхэд барьцааны гэрээнд аливаа өөрчлөлт ороогүй. Мөн зээлдэгч зээлийг эгүүлэн төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алдангийг тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тусгасан.

Н.... нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн хүүгийн төлбөртөө 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 7,000,000 төгрөгөөр нэг удаа төлбөр хийснээс өөр аливаа төлбөр огт хийгээгүй болно. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу хэтрүүлсэн хугацаанд ногдох гэрээнд тусгагдсан анз төлөх үүрэгтэй тул Н.... нь үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 27,270,840 төгрөг, алданги 15,174,251 төгрөг, нийт 112,445,091 төгрөг гаргуулахаар шаардсан.

Гэвч миний бие тухайн үед хариуцагчийг хурдан мөнгөө өгөх байх гэж бодоод, хуулийн мэдлэггүйгээс болоод хүүгийн төлбөрийг үндсэн зээлийн төлбөр дээр нэмж 80,500,000 төгрөг болгож тооцсон юм. Нэхэмжлэл гаргасны дараа өмгөөлөгч авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж амжаагүй. Зээл олгосноос хойш шүүхэд хандах хүртэл хугацаанд би Н....г гэрээний хугацааг сунгаад өгөөч, төлбөр төлөх боломжгүй байна гэх болгонд түүний хүссэнээр гэрээний хугацааг сунгаж байсан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс би хүндээр өвдсөн. Монгол улсад эмчлэх боломж тухайн үед 90 хувьтай байсан ба үүнээс хойш миний шинжилгээний хариу 5 сарын хугацаанд муу гарсан. Би энэ тухай хариуцагчид хэлэхэд “за төлнө” гэдэг хариу өгч байснаа алга болсон. Харин намайг Монголд эмчлэх боломжгүй болсон гэсэн шинжилгээний хариу гарсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахынхаа өмнө хариуцагчид хэлэхэд “таны эрүүл мэндийг ойлгож байгаа ч миний нэр хүнд чухал байна, битгий шүүхэд нэхэмжлэл гаргаач, хэрэв нэхэмжлэл гаргавал шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх ажиллагаанд гомдол гарган, хугацаа хожих бүрэн боломж надад байгаа тул та илүү хохирно” гэж хэлсэн. Тэр хүн олны танил сэтгүүлч хүн учир нэр төр, албан тушаал нь түүнд чухал байхад иргэн С.... миний эрүүл мэнд хамаагүй гэж хэлсэнд маш их гомдолтой байна. Тэгсэн ч гэсэн би энэ хүнийг эвлэрэхийг их хүлээсэн. Эвлэрэх гээд Н.... руу 30-40 удаа залгасан боловч холбогддоггүй. Ингэж залгасан бичлэг миний утсанд байж л байгаа. Мөнгө нэхэхээр “өнгөрсөн 9,10 сарын хугацаанд орж ирсэн мөнгөөр өөр жижиг зээлээ дарчихлаа, ашиг орж ирэхээр таны мөнгийг өгнө, зээлийн гэрээг сунгаад өг” гэж хэлдэг байсан. Зээлийн гэрээн дээр Вранглер Жийп маркийн машинаа миний нэр дээр шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй байдаг. Анх 2 өрөө байранд 70,000,000 төгрөг гаргах боломжгүй гэхэд бүтэн 7 хоног гуйж байгаад, машинаа таны нэр дээр шилжүүлнэ гээд гуйгаад байсан учир зээл олгосон. Гэтэл уг машинаа цаашаа өөр зээлийн барьцаанд тавиад алга болсон. Энэ хариуцлагагүй үйлдлийг нь хэлэхээр миний бизнест хүндрэл учирсан байна гэсэн тайлбар хэлж тухайн үедээ замхруулан алга болсон байдаг. Н....гаас үндсэн зээлийн төлбөр 70,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 24,500,000 төгрөг, алданги 10,920,000 төгрөг, нийт 105,420,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний дагуу эхний 2 сарын хүүг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч 7,000,000 төгрөг төлсөн байдаг. Гэрээнд зааснаар 7 сарын хүү үлдэж байгаа ба 5 хувиар тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хугацаа сунгалтын 3 дахь гэрээнээс алдангийг 0,3 хувиар бодохоор тусгасан байдаг. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн алдангийг 52 хоногоор тооцсон. Үндсэн зээл 70,000,000 төгрөг, хүү 24,500,000 төгрөг, алдангийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаагаар нийт 52 хоногоор бодож шаардлага гаргасан. Өдрийн алданги нь 210,000 төгрөг болж байгаа ба 52 хоногоор тооцвол 10,920,000 төгрөг болно. Ингээд нийт 105,420,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Энэ тооцоолол яагаад анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээс зөрүүтэй байна вэ гэвэл анх 70,000,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр төлөх үүрэгтэй байсан боловч аваагүй хүүний төлбөр буюу 10,500,000 төгрөгийг үндсэн зээлд нэмж тооцсон байдаг. Гэтэл хуульд зааснаар зөвхөн бодитоор шилжүүлсэн төлбөрийг үндсэн зээлд шаардах тул гэрээний дагуу төлвөл зохих үндсэн зээлийн 70,000,000 төгрөгөөс хүү болон алдангийг тооцсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага багасч байгаа юм. Хариуцагч зээл авсан, мөн зээлсэн үндсэн зээлийн 70,000,000 төгрөгөөс төлөөгүй гэдгээ хариу тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хариуцагч нэг сарын 3,500,000 төгрөгийн хүү төлөх ёстойгоос, нийт 2 сарын хүүгийн төлбөрт 7,000,000 төгрөг төлсөн байдаг. Зээлийн гэрээний нийт 9 сарын хугацааны хүүгийн төлбөрөөс 2 сарын хүүгийн төлбөр төлсөн. Үүнээс үлдэгдэл буюу төлөгдөөгүй 7 сарын хугацааны хүүгийн 24,500,000 төгрөг, алдангийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцон 10,920,000 төгрөг, нийт 105,420,000 төгрөгийг хариуцагч Н....гаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.... шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Н.... миний бие иргэн С....тай зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан 70,000,000 /далан сая/ төгрөгийн зээлийг авсан болно. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 7,000,000 /долоон сая/ төгрөгийг зээлдүүлэгчид төлж байсан юм. Мөн өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан зохих эрх бүхий байгууллагад нь бүртгүүлсэн байгаа. Нийгмийн амьдрал, зах зээлийн хямрал, мөнгөний ханшны уналт зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас иргэн миний төлөвлөж байсан ажил хэрэгт саад бэрхшээл учирсан тул зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлж зээлдүүлэгч этгээдтэй харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулж байсан. Итгэл эвдсэн, төлбөрийг гүйцэтгэх чадвартай боловч төлж барагдуулахгүй байгаа гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын анз гэж нэрлэн хүү, алданги бодож тооцсон хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн миний зүгээс үүссэн нөхцөл байдалд бодитоор дүн шинжилгээ хийж зээлдүүлэгч талтай харилцан тохиролцож гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэхээ, тухайн харилцааг дуусгавар болгоход цаг хугацаа шаардлагатай байгаа тухайгаа хэлсээр байхад миний өмч хөрөнгийг хүчээр авах гэсэн санаа зорилгоор шүүхэд хандан тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний эрх зүйн гэрээний харилцааны явцад бий болсон эрсдэл буюу байгалийн давагдашгүй хүч, нийгэм эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсныг харгалзан үзнэ үү. Иймд хууль тогтоомжид зааснаар хэрэг маргааныг шүүхээр үнэн зөв шударгаар шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.... нь хариуцагч Н....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 112,445,091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н.... нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн анз гэж нэрлэн хүү, алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал зээлийн тооцооллыг буруу хийснээс илүү нэхэмжилсэн гэх 7,025,091 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч багасган, хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 70,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 24,500,000 төгрөг, алданги 10,920,000 төгрөг, нийт 105,420,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд анх 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч С.... нь 70,000,000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, мөн өдрөө Үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны гэрээ байгуулан, зээлдэгч Н....гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк Энхтайвны өргөн чөлөө гудамж 302 дугаар байрны 75 тоот дахь 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалан, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрээг нотариатаар гэрчлүүлжээ. /хх 4-5/

Дээрх зээлийн гэрээний хугацаа дуусахад талууд уг 63 дугаартай зээлийн гэрээг дүгнэх байдлаар нийт 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, тухай бүрт гэрээг нотариатаар гэрчлүүлэн, зээлийн гэрээний хугацааг сунгасан байх бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор тохирч, зээлийн болон барьцааны гэрээний бусад нөхцлүүд өөрчлөгдөөгүй болохыг тус тус дурдсан байна. /хх 6-10/

Зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдсэн байх бөгөөд зээлдүүлэгч С.... нь зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөгийг зээлдэгч Н....д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон ХААН банкны орлогын мэдүүлэг бүхий мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдсон байна.

Хариуцагч Н.... нь зээлийн гэрээний хугацаанд, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 7,000,000 төгрөг буюу хоёр сарын зээлийн хүүгийн төлбөр  төлсөн боловч үндсэн зээлийн төлбөр болон үлдсэн 7 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдох бөгөөд нэхэмжлэгч С.... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 70,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 24,500,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Түүнчлэн, талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр зээлийн төлбөрийг заасан хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд анз тооцохоор тохирсон байх бөгөөд, зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш зээлдүүлэгч С....ын шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны 52 хоногийг 0,3 хувийн алданги /хоногт 210,000 төгрөг/ тооцож, нийт 10,920,000 төгрөгийг хариуцагч Н....гаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч, гэрээний хугацаа дуусахад гэрээг дахин сунгаж байсан талаар, мөн зээлийн гэрээний барьцаа болгож өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан болохоо зөвшөөрөх боловч тэрээр нийгмийн амьдрал, зах зээлийн хямрал, мөнгөний ханшийн уналт зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлөвлөж байсан ажил хэрэгт саад бэрхшээл учирснаар гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлана.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж хуульчилсан бөгөөд “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл” гэдэг нь талуудын хяналт, хүсэл зоригоос үл хамаарах (гал, үер, газар хөдлөлт, цас зуд, гэх мэт байгалийн болоод дайн, зэвсэгт бослого, гэмт хэрэг гэх мэт гэрээний үүрэг биелүүлэгч этгээд өөрийн хүсэл зоригоор даван туулах, гэрээний үүргийг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан биелүүлэх боломжгүй үйл явдал тохиолдлууд) нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний үүргээ биелүүлэх боломж, чадваргүй болох нөхцлийг ойлгоно.

Харин гэрээний үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй хандсанаас нь болоод үүрэг биелэгдэх боломжгүй болох, эсвэл гэрээний нөгөө талдаа хохирол учруулахаар санаатайгаар үүргийн гүйцэтгэлийг саатуулах, байнга болж байдаг жирийн байгалын үзэгдэл (гадаа бороо орж дуустал үүргийн гүйцэтгэл саатах гэх мэт) шалтгаанууд нь “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл”-д хамаарахгүй бөгөөд хариуцагчид чухам ямар давагдашгүй нөхцөл байдал үүссэн болох нь тодорхойгүй, талууд гэрээгээр “гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл”-ийн талаар харилцан тохиролцоогүй, мөн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...гаас 105,420,000 /нэг зуун таван сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720,175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 685,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА