Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00784

 

Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00321 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 757 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч С.Энхжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Биндэръяад холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 112 445 091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбат, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Н.Биндэръяа нь надаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 25 000 000 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 45 000 000 төгрөг, нийт 70 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний хамт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 3 сарын хугацаагаар, нэг сарын 5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон.Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор улсын бүртгэлийн 000432731, Ү-2205056338 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк 302 дугаар байрны 75 тоот дахь 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дээрх 63 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нэг сараар сунгаж өөрчилсөн. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дээрх 63 дугаартай зээлийн гэрээнд хоёр дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэг сараар дахин сунгаж өөрчлөн, мөн 3 сарын зээлийн хүү болох 10 500 000 төгрөгийг 5 дугаар сарын 02-ны өдөр төлөхөөр тохиролцсон.2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дээрх гэрээнд гурав дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгаж, өмнө тохиролцсон зээлийн хүү болох 10 500 000 төгрөгийг төлөөгүй учир уг төлбөрийг үндсэн зээлийн төлбөр дээр нэмж тооцон, нийт 80 500 000 төгрөгөөс нэг сарын 5 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ тухай Н.Биндэръяагийн саналыг зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөнд өөрийн гар бичмэлээр тусгаж баталгаажуулсан болно.2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 63 дугаартай зээлийн гэрээнд дөрөв дэх удаагаа нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл дахин нэг сараар сунгаж өөрчилсөн. Энэхүү гэрээнд зээлийн үндсэн төлбөр 80 500 000 төгрөгөөс нэг сарын 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байсныг хүүгийн хамт нийт 97 270 840 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийгдэхэд барьцааны гэрээнд аливаа өөрчлөлт ороогүй. Мөн зээлдэгч зээлийг эгүүлэн төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алдангийг тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тусгасан.Н.Биндэръяа нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн хүүгийн төлбөртөө 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 7 000 000 төгрөгөөр нэг удаа төлбөр хийснээс өөр аливаа төлбөр огт хийгээгүй болно. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу хэтрүүлсэн хугацаанд ногдох гэрээнд тусгагдсан анз төлөх үүрэгтэй тул Н.Биндэръяа нь үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 27 270 840 төгрөг, алданги 15 174 251 төгрөг, нийт 112 445 091 төгрөг гаргуулахаар шаардсан....Тэр хүн олны танил сэтгүүлч хүн учир нэр төр, албан тушаал нь түүнд чухал байхад иргэн С.Энхжаргал миний эрүүл мэнд хамаагүй гэж хэлсэнд маш их гомдолтой байна. Тэгсэн ч гэсэн би энэ хүнийг эвлэрэхийг их хүлээсэн. Зээлийн гэрээн дээр Вранглер Жийп маркийн машинаа миний нэр дээр шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй байдаг. Анх 2 өрөө байранд 70 000 000 төгрөг гаргах боломжгүй гэхэд бүтэн 7 хоног гуйж байгаад, машинаа таны нэр дээр шилжүүлнэ гээд гуйгаад байсан учир зээл олгосон. Н.Биндэръяагаас үндсэн зээлийн төлбөр 70 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 24 500 000 төгрөг, алданги 10 920 000 төгрөг, нийт 105 420 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Н.Биндэръяа миний бие иргэн С.Энхжаргалтай зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан 70 000 000 төгрөгийн зээл авсан. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 7 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлж байсан. Мөн өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан зохих эрх бүхий байгууллагад нь бүртгүүлсэн байгаа. ...Иргэний эрх зүйн гэрээний харилцааны явцад бий болсон эрсдэл буюу байгалийн давагдашгүй хүч, нийгэм эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсныг харгалзан үзнэ үү.Иймд хууль тогтоомжид зааснаар хэрэг маргааныг шүүхээр үнэн зөв шударгаар шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00321 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Биндэръяагаас 105 420 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чой овогт Сэрээдагвын Энхжаргалд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720 175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 685 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 757 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00321 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Биндэръяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох...” эрхтэй талаар тунхаглан заасан. Магадлалын хянавал хэсэгт “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очирт 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Иймд шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ...” гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан хойшилсон шалтгаан бол өмгөөлөгч авах, хууль зүйн зөвлөгөө туслалцаа авах, шаардлагатай нотлох баримт гаргаж өгөх байсан. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг 00 минутад болох шүүх хуралдаанд миний өмгөөлөгч биечлэн очсон, иргэн надтай байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г шүүхэд гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан. Хариуцагч миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тухай өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд уламжилсан байхад “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” болон өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авалгүйгээр хэргийг тулган шийдвэрлэсэн юм.Нэхэмжлэгчтэй байгуулсан “Зээлийн гэрээ”-ний үүргийг иргэн миний бие биелүүлж байсан, зээлийн гэрээний хамт Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээг бичгээр байгуулсан байгаа. Тухайн Зээлийн гэрээний дагуу миний зүгээс хэд дахин нэмэгдүүлсэн хүүг дансаар болон бэлнээр төлж байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа шүүхэд гаргасан тайлбартаа дурдаж байсан бөгөөд иргэн миний болон өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласны улмаас шаардлагатай нотлох баримтыг тайлбарын хамт шүүхэд гаргаж өгч чадалгүй хохирсон.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 34, 38-р зүйлийг анхан шатны шүүх зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим иргэн миний хувьд хэрэгжээгүй, хуулинд заасан эрх зөрчигдсөн, хуулинд заасан үүргийг биелүүлэх нөхцөл бололцоог шүүхээс хязгаарласанд гомдолтой байгаа тул анхаарч шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр,магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч С.Энхжаргал нь хариуцагч Н.Биндэръяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 112 445 091 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба энэхүү үнийн дүнд үндсэн зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэний төлөөх алдангийг багтаажээ. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийг хүлээн зөвшөөрсөн боловч нийгмийн амьдрал болон зах зээлийн хямралаас шалтгаалан үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарласан байна.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтыг тухайн маргааны эрх зүйн үндэслэлд хамааруулсан нь зөв болжээ.

Шүүх гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлыг хуульд заасан агуулгаар тодорхойлж, хариуцагч өөрт ямар онцгой нөхцөл байдал учирсан болохыг тодорхой тайлбарлаагүй, баримтаар нотлоогүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч С.Энхжаргал нь зээлийн тооцооллыг буруу хийсэн гэж анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа  7 025 091 төгрөгөөр багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасан нэхэмжлэгчийн эрх болно. Шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан байдлыг хүлээн зөвшөөрсөн нь зөв боловч тухайн шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй, нэхэмжлэгч шаардлагаа багасгасан болохыг мэдээгүй, энэ талаар өөрийн санал, тайлбараа илэрхийлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хангаагүй хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байжээ.

Хариуцагч Н.Биндэръяа нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцож байснаа 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр Г.Гал-Очирт өөрийгөө төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгожээ \хх-ийн 44 дүгээр тал\. Ийнхүү төлөөлөгчид итгэмжлэл олгосноор хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр бус харин төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхээ хэрэгжүүлсэн байна.

Мөн зүйлийн 32 дугаар зүйлийн 32.5.-д зааснаар өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй бөгөөд биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Хуулийн 36 дугаар зүйлийн 36.4.-т зааснаар төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр  мэдэгдэх бөгөөд мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн  бүрэн эрх дуусгавар болдог байна.

Гэтэл хариуцагч Н.Биндэръяа нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох талаар шүүхэд бичгээр мэдэгдээгүй байна.

Түүнчлэн, өөрийгөө төлөөлөх тухай итгэмжлэлд хариуцагч нь “өмгөөлөгч авах” эрхийг төлөөлөгчдөө олгосон учир н.Биндэръяагийн өмгөөлөгч Г.Ганбадрахтай хийсэн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Г.Ганбадрахыг тухайн хэрэгт өмгөөлөгчөөр шууд оролцуулах боломжгүй ба шүүх өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаагүй нь буруу биш байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгаж байсан зэргээс үзэхэд хариуцагч талын эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчийн гомдлоор хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлгүй байна. Харин дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 757 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00321 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгч Чой овогт Сэрээдагвын Энхжаргалд олгосугай” гэснийг “нэхэмжлэгч Чой овогт Сэрээдагвын Энхжаргалд олгож, нэхэмжлэлээс 7 025 091 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 721 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН