Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/00814

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/00814

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “АС” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан-авах гэрээний үүрэг 1.874.127 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвадулам нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч “М” ХХК, түүний төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаад гаргасан тайлбартаа:

...“АС” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 99103795, 99063795 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах гэрээ байгуулж уг үйлчилгээг ашиглаж эхэлсэн. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үүрэн холбооны дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний гар утас, төхөөрөмжтэй багцын гэрээ байгуулж 99103795 дугаарлалтай үйлчилгээнд үндэслэн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан “Самсунг Галакси Эс 7 едже” маркийн гар утас зээлээр худалдан авсан. Хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтэд гар утасны төлбөрт 1.440.000 төгрөг, 99063795 дугаарлалттай үүрэн холбооны хэрэглээний төлбөрт 120.286,25 төгрөг (барьцаа 60.000 төгрөгийг хассан болно), 99103795 дугаарлалттай үүрэн холбооны хэрэглээний төлбөрт 153.863,53 төгрөг (барьцаа 100.000 төгрөгийг хассан болно) төлөхөөс барьцаа 160.000 төгрөгийг 1.874.127 төгрөгийн шаардлагаас хасч үлдэх ярианы төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1.714.127 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч тал гар утас аваагүй гэх боловч 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “АС” ХХК-ийн хүсэлт бүхий албан бичигт 99103795 дугаар дээр “Самсунг Галакси Эс 7 едже” маркийн гар утсыг зээлээр олгож өгнө үү гээд захирал Ц.Б гарын үсэг зурж ирүүлсэн, гарын үсэг зурах эрх итгэмжлэлийг Бд мөн олгосон байдаг гэв.

 

Хариуцагч “АС” ХХК, түүний төлөөлөгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний эхнэр н.Б утасны дугаар барьцаалж зээл гаргаж өгнө гэсэн зарын дагуу 2016 оны 3 сарын 15-ны өдөр Зайсан дахь Мобикомын салбарт очиж 600.000 төгрөг зээлж авахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай эхнэрийн дансруу 600.000 төгрөг шилжиж орж ирсэн. Гэрээ хийхэд янз бүрийн утас авч байгаа гэж хэлээгүй. Бид сард ярианы төлбөр дээрээ 45.000 төгрөг нэмж гардаг гэхээр нь зөвшөөрч 600.000 төгрөгийн зээл авсан. Дараа нь утасныхаа ярианы төлбөр 470.000 төгрөгийг төлөх гээд “М” ХХК дээр очиход гар утас авсан байна гээд 1,8 сая төгрөг нэхсэн. Иймээс ярианы төлбөр 470.000 төгрөгийг төлөөд удаан хэрэглэсэн утасны дугаараа ашиглахыг хүсэж байна. Манайхыг гар утас авсан эсэхийг тогтоож өгнө үү. Мөн тухайн гар утсыг сериал дугаараар нь олж болох боломжтой шүү дээ. Манай ямарч утас аваагүй. Хүсэлт, итгэмжлэл олгосон баримт дээрх гарын үсэг минийх мөн, ярианы төлбөрөө төлөх нь үнэн, харин гар утасны үнэ төлөх үндэслэлгүй гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “АС” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 1.874.127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийн зохигч болох нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ ...зээлээр гар утас худалдах худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул гар утасны төлбөрийг гаргуулна гэж, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...Гар утас зээлээр худалдаж аваагүй, гар дээр утас өгөөгүй, 600.000 төгрөгийн зээл л авсан гэж тус тус тайлбарлан маргадаг.

 

Харин нэхэмжлэгч талын 99063795 дугаарын үүрэн холбооны хэрэглээний төлбөрт 120.286,25 төгрөг, 99103795 дугаарын үүрэн холбооны хэрэглээний төлбөрт 153.863,53 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч тал хэрэглээний төлбөрөөс дээрх дугааруудын барьцааны 160.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хасч тооцсон.

 

Маргаж буй зүйл, үйл баримтын талаар талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК, хариуцагч “АС” ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Үүрэн холбооны дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний гар утас төхөөрөмжтэй багцын гэрээ”, “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээг талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг даран баталгаажуулан бичгээр байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Уг гэрээг байгуулах үед “АС” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд Банзарын Б гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамгыг дарсан байх хэдий ч тус компанийн захирал Ц.Б гэрээ байгуулагдсанаас хойш “Самсунг Галакси Эс 7 едже” маркийн гар утас авахыг хүссэн албан бичгийг, Б.Б гарын үсэг төлөөлөн зурах эрхийг олгосон итгэмжлэлийг “М” ХХК-д ирүүлсэн ба тухайн албан бичиг, хүсэлтийг үйлдсэн, зурагдсан гарын үсэг өөрийнх болохоо хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээдээс дур мэдэн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байх үндэслэл болно.

 

Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь нэг талаас барааг нийлүүлэх буюу худалдах, нөгөө талаас барааг хүлээн авч төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон хүсэл зориг байна. Дээрх тохиролцоогоор талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй, хуульд заасан зээлийн шинжийг агуулаагүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах хэлцэл байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэх ба нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээний үүргийг хууль болон гэрээний дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэл нотлогдож байгаа, хариуцагч талын татгалзал баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Тодруулбал, тухайн гэрээнүүдийг байгуулсан хариуцагч “АС” ХХК-ийн төлөөлөгч гэх Б.Б гэрчээр  ...гар утас аваагүй, зээл авсан, гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдүүлэх хэдий ч “Гар утас, төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ” гэсэн нэршилтэй гэрээ нь “600.000 төгрөгийн зээлийн гэрээ” байх боломжгүй бөгөөд тухайн гэрээтэй танилцаад талууд гарын үсэг зурсан үйл баримт талуудын тайлбараар, бичгээр байгуулсан гэрээгээр, гэрч Чинзоригийн мэдүүлгээр, урьдчилгаа 460.000 төгрөг төлсөн төлбөрийн баримтаар нотлогдож байна. Улмаар гар утасыг хүлээлгэн өгсөн бичмэл баримт байхгүй ба худалдан авсан хөрөнгөө хүлээн аваагүй гэх тайлбараа хариуцагч тал нотлоогүй.

Харин Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасны дагуу худалдан авагч тал гар утсыг хүлээн авсан үйлдлийг хийсэн тул тухайн утсыг хүлээн авсанд тооцов. Учир нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш гар утас авах хүсэлт, гарын үсэг зурах итгэмжлэлийг нөхөж хийсэн хариуцагч талын хүсэл зориг нь гар утас бодитоор авсан нөхцлийг тодорхойлж байна.  

 

Нэхэмжлэгч талаас гар утасны үнийг гэрээ цуцлахад тооцож төлөх дүн 1.900.000 төгрөг, үүнээс урьдчилгаа 460.000 төгрөгийг хасаад 1.440.000 төгрөг гэж тодорхойлсон нь гэрээ болон “М” ХХК-ийн захирлын тушаалаар тогтоогдож байх тул гар утас худалдах худалдан авах гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч “АС” ХХК нь худалдан авсан утасны үнийг төлөх үүрэгтэй болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч талын шаардахаас татгалзсан 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гар утас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1.440.000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 274.127 төгрөг, нийт 1.714.127 төгрөгийг хариуцагч “АС” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв. 

 

Хариуцагч тал гар утас аваад өөр бусдад өгсөн, залилуулсан, хохирол учирсан эсэх асуудлаа иргэний журмаар, эсхүл эрүүгийн журмаар шалгуулах болон шаардах эрхэд энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1.874.127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1.714.127 төгрөгийг хариуцагч “АС” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас 42.376 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 


 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ