Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1471

 

 “Мобиком корпораци” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/00814 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Алтайн солонго сутай” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 874 127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир,

хариуцагчийн төлөөлөгч Ц.Бямбасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Мобиком корпораци" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

“Алтайн солонго сутай" ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 99103795, 99063795 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах гэрээ байгуулж, уг үйлчилгээг ашиглаж эхэлсэн. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үүрэн холбооны дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний гар утас, төхөөрөмжтэй багцын гэрээ байгуулж 99103795 дугаарлалтай үйлчилгээнд үндэслэн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан "Самсунг Галакси Эс 7 едже" маркийн гар утас зээлээр худалдан авсан. Хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтэд гар утасны төлбөрт 1 440 000 төгрөг, 99063795 дугаарлалттай үүрэн холбооны хэрэглээний төлбөрт 120 286 төгрөг, 99103795 дугаарлалттай үүрэн холбооны хэрэглээний төлбөрт 153 863 төгрөг, 1 874 127 төгрөгийн шаардлагаас барьцаа 160 000 төгрөгийг хасч үлдэх ярианы төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1 714 127 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч гар утас аваагүй гэх боловч 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Алтайн солонго сутай" ХХК-ийн хүсэлт бүхий албан бичигт 99103795 дугаар дээр "Самсунг Галакси Эс 7 едже" маркийн гар утсыг зээлээр олгож өгнө үү гээд захирал Ц.Бямбасүрэн гарын үсэг зурж ирүүлсэн, гарын үсэг зурах эрх итгэмжлэлийг н.Баяржаргалд мөн олгосон байдаг гэжээ.

 

Хариуцагч "Алтайн солонго сутай" ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар болон   төлөөлөгч Ц.Бямбасүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний эхнэр н.Баяржаргал утасны дугаар барьцаалж зээл гаргаж өгнө гэсэн зарын дагуу 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Зайсан дахь Мобикомын салбарт очиж 600 000 төгрөг зээлж авахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай эхнэрийн дансруу 600 000 төгрөг шилжиж орж ирсэн. Гэрээ хийхэд янз бүрийн утас авч байгаа гэж хэлээгүй. Бид сард ярианы төлбөр дээрээ 45 000 төгрөг нэмж гардаг гэхээр нь зөвшөөрч 600 000 төгрөгийн зээл авсан. Дараа нь утасныхаа ярианы төлбөр 470 000 төгрөгийг төлөх гээд "Мобиком корпораци" ХХК дээр очиход гар утас авсан байна гээд 1 800 000 төгрөг нэхсэн. Иймээс ярианы төлбөр 470 000 төгрөгийг төлөөд удаан хэрэглэсэн утасны дугаараа ашиглахыг хүсэж байна. Манайхыг гар утас авсан эсэхийг тогтоож өгнө үү. Мөн тухайн гар утсыг сериал дугаараар нь олж болох боломжтой шүү дээ. Бид ямарч утас аваагүй. Хүсэлт, итгэмжлэл олгосон баримт дээрх гарын үсэг минийх мөн, ярианы төлбөрөө төлөх нь үнэн, харин гар утасны үнэ төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1 874 127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 160 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1 714 127 төгрөгийг хариуцагч "Алтайн солонго сутай" ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч "Мобиком корпораци" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас 42 376 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч "Алтайн солонго сутай" ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-д зааснаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 243.1-д "Худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ." гэж хуульчилсан. Гэтэл гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний онцлог нь өөрөө тухайн эд хөрөнгийн шинж байдлыг гэрээндээ тусгах бүрэн боломжтой буюу эд хөрөнгийн гол мэдээлэл болох гар утасны марк, гар утасны сериал дугаар гэрээнд байх учиртай. Мөн гэрээнд заасан гар утас худалдсан бол гар утасны дагалдах хэрэгсэл болох чихэвч, цэнэглэгч, хайрцгийг дагалдуулан өгсөн тухай тэмдэглэл, урьдчилгаа төлбөрийг төлсөн дүн, сард төлөх төлбөр байхгүй зэрэг нь гэрээний талууд хүсэл зоригоо харилцан бүрэн илэрхийлэн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож хуульд заасан буюу хэлэлцэн тохирсон хэлбэрээр гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрээний дугаар, оролцогч талын мэдээлэл байхгүй, зөвхөн хэрэглэгчийг төлөөлж компанийн тамга дарагдаж, гарын үсэг зурсан байгаад анхааралаа хандуулахыг хүсч байна. Нэхэмжлэгч “Мобиком корпораци“ ХХК нь "Самсунг Галакси Эс 7 едже" маркийн гар утас гэж тодорхойлж нэхэмжлээд байгаа боловч түүнийг худалдсан гэх нотлох баримт байхгүй.

 Анхан шатны шүүхэд н.Чинзориг гэрчийн мэдүүлэг өгөхдөө “гар утасны урьдчилгаа төлбөр болох 460 000 төгрөгийг эхлээд “Мобиком” ХХК дансруу шилжүүлсэн, шилжүүлэхдээ эхлээд бэлнээр төлсөн гэсэн боловч төлбөрийн баримтыг тайлбарлахдаа карт уншдаг машинаар уншуулсан гэх зэргээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн, урьдчилгаа төлбөр төлсөн 460 000 төгрөгийг баримтаар нотлогдсон хэмээн үзэж нотлох баримтыг нягталж, шалгаж, үнэлж дүгнээгүй шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байж чадаагүй.

Хариуцагч зарын дагуу холбогдож авсан 600 000 төгрөгийн зээл үлдэгдэл 464 997 төгрөг, дугаарын ярианы төлбөрт 274 127 төгрөг нийт 739 124 төгрөгийг төлөх болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/00814 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ .

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг залруулан өөрчлөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч "Мобиком корпораци" ХХК нь хариуцагч "Алтайн солонго сутай" ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 1 874 127 төгрөгөөс барьцааны 160 000 төгрөгийг хасч 1 714 127 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, гар утас зээлээр худалдаж аваагүй, утас хүлээлгэн өгөөгүй гэж маргажээ.

 

"Мобиком корпораци" ХХК, "Алтайн солонго сутай" ХХК-ийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 30268783 дугаар "Үүрэн холбооны дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний гар утас төхөөрөмжтэй багцын гэрээ", “Гap утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ" байгуулагдсан байх бөгөөд эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

 

Талуудын хооронд утасны ярианы үйлчилгээ авах, түүнчлэн гар утас худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээний дагуу нэг тал нь худалдагч талд эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, нөгөө тал эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байдаг.

 

Хэрэгт нотлох баримтаар талуудын хооронд байгуулсан гар утас худалдах, худалдан авах гэрээ авагдсан ба /хх-5-7/ уг гэрээгээр нэхэмжлэгч компани гар утасны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь үнэ төлөх гэсэн хоёр талын харилцан үүрэг хүлээсэн хэлцэл хийгджээ.

 

Хариуцагч гар утсыг бэлнээр хүлээж аваагүй учраас төлбөрийг төлөхгүй гэх тайлбарыг гаргаж буй нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал үүргээ биелүүлээгүй байгаа тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхийг заасан. Нэхэмжлэгчийн зүгээс гар утсыг хариуцагч талд шилжүүлэн өгсөн гэдгээ нотлосноор нөгөө талаас уг эд зүйлийн үнийг гаргуулахаар шаардах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл, худалдан авагч эд зүйлийг хүлээн аваагүй гэх үндэслэл заан төлбөр төлөхөөс татгалзаж байхад шүүх талуудын хооронд нотлох үүргийн хувиарлалтыг буруу хийж хариуцагчийг гар утсыг аваагүй гэдгээ нотлох ёстой гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

 

Гэрч Т.Чинзоригийн мэдүүлэг, түүнчлэн талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл гар утасны урьдчилгаа төлбөр 460 000 төгрөгийг хариуцагч байгууллага төлсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн хариуцагч байгуулагаас 2016 оны 03 сарын 15, 30-ны өдрүүдэд rap утас авах хүсэлтийг явуулсан /хх-8,10/, гарын үсэг зурах итгэмжлэл олгосон /хх-9/ болон гэрээ байгуулсан мөн өдөр 600 000 төгрөг “Мобиком корпораци” ХХК-иас биш өөр этгээдийн данснаас Б.Баяржаргалын буюу “Алтайн солонго сутай” ХХК-ийн төлөөлөгчийн эхнэрийн эзэмшдэг дансанд орлого болон орсон зэрэг нөхцөл байдлууд нь хариуцагчид нэхэмжлэгчийн зүгээс гар утсыг бодитойгоор шилжүүлж өгсөн гэх үндэслэлийг нотлохгүй. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгө буюу гар утсыг хариуцагчид шилжүүлэн өгсөн болохоо нотлоогүй. Иймээс гар утасны төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч байгуулага хосолсон 2 дугаарыг тодорхой хугацаанд өөрийн хэрэгцээнд хэрэглэн ярианы төлбөр гарсан байх тул 99063795, 99103795 дугаарын үүрэн холбооны хэрэглээний төлбөрийг хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах болон хариуцагчийн гомдолд дурдснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/00814 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Алтайн солонго сутай” ХХК-иас 274 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 440 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “42 376” гэснийг “8 874” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                                    ШҮҮГЧИД                     Ч.ЦЭНД

                                                                          

                                                                                          Б.НАРМАНДАХ