Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2017/01181

 

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2017/01181

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ЗБ-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж.Ч-т холбогдох

 

Автомашин өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн болон зээлийн гэрээний үүрэг 1,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Ж.Ч, түүний өмгөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвадулам нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч Ж.Ч 2015 оны 12 сарын 30-ны өдөр Ад 1,500,000 төгрөг зээлсэн. Уг зээлийг нь авсан А нь тухайн үед миний ажиллаж байсан "А зам” ХХК-ийн захирал байсан бөгөөд надад уг хүнээс мөнгө зээлж байгаа тул чиний автомашиныг нэр дээр нь түр шилжүүлэе гэсэн. Би Чын нэр дээр автомашин түр шилжих юм байна, барьцааны гэрээ юм байна гэсэн ойлголттой өөрийн компанийн захирлын үгнээс зөрж чадалгүй нэр шилжүүлсэн. 

Гэвч Ж.Ч нь өөрийн нэр дээр автомашиныг түр шилжсэн гэж үзэхгүйгээр одоо энэхүү автоамшиныг 1,500,000 төгрөгийн зээлийн төлбөртөө шилжүүлэн авсан тул зарна гэж надад шаардлага тавьж байна. Миний бие эрх зүйн мэдлэг байхгүйн улмаас барьцааны гэрээний оронд өөрийн автомашиныг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээг хийж, бусдын зээлсэн 1,500,000 төгрөгийн оронд өөрөө ч мэдэхгүйгээр шилжүүлэх үйлдэл хийсэн байна. Иймд миний Ж.Чт автомашины өмчлөлийг шилжүүлсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

...Нэхэмжлэгчийн ажиллаж байсан “А зам” ХХК-ийн захирал С.А нь хариуцагч Ж.Чоос 1,5 сая төгрөг зээлж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн дансаар шилжүүлж авсан. Уг зээлийг авсан С.А нь тухайн үед нэхэмжлэгчийн автомашиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлж барьцаа болгосон юм. Нэхэмжлэгч нь тухайн үед захирлынхаа шийдвэрээр автомашины өмчлөгчийн нэрийг шилжүүлэхийг зөвшөөрсөн боловч эрх зүйн үр дагаврыг нь ойлгоогүй байсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар талууд хэлцэл хийж З.Бын нэр дээр байсан автомашины өмчлөх эрхийг Ж.Чын нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед талууд уг автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зоригоо илэрхийлж байсан. Барьцааны гэрээгээр өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилждэггүй бөгөөд Иргэний хуулийн 156.1-т зааснаар барьцааны гэрээг заавал бичгээр хийх ёстой байтал зохигчид уг хуулийн заалтыг зөрчсөн байна.

Хариуцагч нь машиныг өмчлөлдөө шилжүүлсэн боловч С.Агийн зээлсэн мөнгөний барьцаа болгосон талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар удаа дараагийн тайлбараараа хүлээн зөвшөөрдөг. Хөдлөх эд хөрөнгө түр шилжих федуцийн гэрээний талаар Иргэний хуульд заасан боловч уг гэрээг бичгээр байгуулах ёстой байдаг. Иргэний хуулийн 56.1.8-т зааснаар бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй Ж.Чт маргаан бүхий машины өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

...Сөрөг шаардлагын хувьд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 1,5 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Тус 1,5 сая төгрөгийн зээлдэгч нь З.Б биш С.А. Зээлийн гэрээг Ж.Ч, С.А нар хийсэн бөгөөд З.Бын данс руу шилжүүлсэн мөнгийг С.А авсан юм. З.Бын данс руу хийсэн 1,5 сая төгрөгийг З.Б зээлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Ж.Ч нь С.Агаас мөнгөө нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. З.Бын данс руу шилжүүлсэн мөнгийг түүнд зээлүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд Ж.Ч нь С.Ад мөнгө зээлүүлсэн болох нь хэрэгт авагдсан тодорхойлолтоос харагдаж байна.  

Иймд “Зээлийн гэрээ”-г халхавчилсан “автомашиныг өмчлөлд шилжүүлэх” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

...З.Б нь өөрийн нэр дээр байх Верна маркийн УНС24-41 улсын дугаартай автомашинаа Ч миний нэр дээр сайн дураараа шилжүүлж, надаас 1 сарын хугацаатай 1,500,000 төгрөгийг зээлж авсан болно. Энэ мөнгөө хугацаанд нь төлж дуусгаад машинаа өөрийн нэр дэр буцаан шилжүүлэх аман хэлцэл хийсэн юм. Гэтэл тэрээр миний нэр дээр автомашинаа шилжүүлсэн хэлцлээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2015 оны 12 сарын 22-ны өдөр З.Бын ХААН банк дахь 5606009250 тоот дансанд 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Би А гэж хүнд мөнгө зээлүүлээгүй.

...Зээлж авсан 1,500,000 төгрөгийг одоо болтол надад өгөөгүй байгаа бөгөөд өгсөн тохиолдолд би машиныг нь түүний нэр дээр нь шилжүүлнэ. Нэхэмжлэгч нь уг автомашинаа одоог хүртэл өөрөө эзэмшиж ашиглаж байгаа. Иймээс З.Боос 1,5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөнгөө авсан тохиолдолд автомашины нэрийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Ж.Чт холбогдуулан автомашин эзэмших эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар нэхэмжлэгч талаас ...Ч болон А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний барьцаа болгож автомашины өмчлөх эрхээ Б шилжүүлсэн. Гэхдээ барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй. Өмчлөх эрхээ шилжүүлсэн хэлцэл нь барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн барьцааны гэрээ бичгээр байгуулагдах хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул мөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, хариуцагч талаас ...Талууд хүсэл зоригийн дагуу өмчлөх эрх шилжсэн. Тухайн автомашиныг зээлийн барьцаанд унаад ашиглах эрхтэйгээр эзэмших эрхээ Б зөвшөөрч шилжүүлсэн. Уг үйлдэл хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохгүй гэж тайлбар, мэдүүлэг өгч маргадаг.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх хэлцэл байгуулагдсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар автомашиныг зээлийн барьцаанд байлгах хүсэл зориг илэрхийлэгдэж байгаа хэдий ч автомашин эзэмших эрх шилжүүлсэн З.Бын үйлдэл, эзэмшигчээр Ж.Ч тэмдэглэгдсэн автомашины гэрчилгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, “...Өөрийн биеэр шилжүүлэв, З.Б” гэсэн тэмдэглэл бүхий бүртгэлийн маягт болон З.Б одоо автомашинаа унаж, ашиглаж байгаа үйл баримтаар нэхэмжлэгч З.Б, хариуцагч Ж.Ч нарын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 253.2-т “...үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно” гэж заасан үүргийн харилцаа үүсчээ.

 

Нэхэмжлэгч З.Б хүсэл зоригийн дагуу өөрийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эзэмших эрхээ Ж.Чт шилжүүлсэн хэлцлийг хийсэн боловч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.8-д “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан тул З.Б, Ж.Ч нарын хооронд хийгдсэн автомашины эрх шилжүүлсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.

 

Нэгэнт талууд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “...хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу автомашин эзэмших эрхийг З.Бын нэр дээр шилжүүлэх үүрэг Ж.Чт үүснэ.

 

Харин нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэл буюу барьцааны гэрээг халхавчлах зорилгоор автомашины өмчлөл шилжүүлсэн тухай хэлцэл хийгдсэн гэх тайлбарын хувьд автомашиныг барьцаалж байгаа гэсэн хүсэл зориг, агуулга нь талуудын зээлийн харилцаа буюу хэрэгцээ, шаардлагаар нөхцөлдсөн, улмаар уг гэрээний үүргийг хангах аргыг сонгосон илэрхийлэл буюу үйлдлээр З.Б болон Ж.Ч нарын хооронд байгуулагдсан хэлцэл, уг хэлцлийг хийх болсон нөхцөл, тэдний хүсэл зориг тайлбарлагдана.  

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар хариуцагч тал ...З.Бод 1,500,000 төгрөг зээлүүлсэн, түүний дансанд мөнгийг шилжүүлсэн, баталгаа болгож өөрийн унаж байгаа машиныхаа эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлсэн гэж, нэхэмжлэгч тал ...З.Б нь Ж.Чын шилжүүлсэн мөнгийг данснаасаа аваад Ад өгсөн, Ж.Чтой зээлийн гэрээ байгуулаагүй, хэрэгт өгсөн баримтаар Ж.Ч, А нарын хооронд зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан нь нотлогдож байгаа, мөнгө дансанд орсноор зээлийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй гэж тус тус тайлбар өгч маргадаг.

 

Нэхэмжлэгч тал сөрөг шаардлагыг “2015 оны 12 сарын 30-нд Ад 1,500,000 төгрөгийг сарын 200,000 төгрөгийн хүүтэй зээлүүлж тус компанийн жолооч З.Бын УНС 24-41 Верна маркийн машиныг өөрийн нэр дээр түр хугацаагаар шилжүүлсэн нь үнэн болно” гэх 2016 оны 9 сарын 18-ны өдрийн Ж.Чын тодорхойлолт, “иргэн Чоос 1,5 сая төгрөг сарын 200,000 төгрөгийн хүүтэй зээлж тус компанийн ажилтан З.Бын УНС 24-41 дугаартай Верна маркийн автомашины гэрчилгээг Чын нэр дээр шилжүүлэн уг мөнгө төлсний дараа З.Бод буцаан шилжүүлж өгөх нь үнэн болно” гэх 2015 оны 12 сарын 30-ны өдрийн А зам ХХК-ийн захирал С.Агаас гаргасан баталгаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгч талын тайлбараар үгүйсгэдэг.

 

Хариуцагч Ж.Чоос ...З.Б нь миний 1,5 сая төгрөгийг жил гаруй өгөхгүй явж байгаад нэг өдөр мөнгийг чинь шийдэж өгнө гээд тус тодорхойлолтыг надаар бичүүлж нотариатаар гэрчлүүлж авсан юм. Тухайн үед тэрээр таньдаг өмгөөлөгч дүүгээрээ мөнгийг чинь шийдүүлж авахад тодорхойлолт хэрэгтэй гэж хэлсэн гэж шүүхэд мэдүүлдэг.

 

Нэхэмжлэгч талаас 2016 оны 11 сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаасан тус шүүхийн шүүгчийн 718 дугаартай захирамж, 2016 оны 9 сарын 19-нд өдөр нотариатаар гэрчлэгдсэн Ж.Чын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбарууд, А ХХК-ийн бланк бичигдсэн иргэн С.Агийн 2016 оны 6 сарын 8-ны өдрийн тодорхойлолтыг 2017 оны 4 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн 3651 дугаартай захирамж, уг хуралдаанаас хойш гаргаж өгсөн иргэний үнэмлэхний хуулбарууд нотариатаар гэрчлэгдээгүй С.А захирлын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн баталгаа зэргээс дүгнэхэд хариуцагч Ж.Ч, С.А нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, З.Б зээлийн харилцаанд оролцоогүй гэх тайлбар цаг хугацаа, учир шалтгааны үүднээс эргэлзээтэй, Ж.Ч, С.А нарын тодорхойлолтыг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй байна.

 

Хариуцагч Ж.Чоос нэхэмжлэгч З.Бод 1,500,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргадаггүй бөгөөд хариуцагчаас ...1,500,000 төгрөг зээлүүлсэн, зээлийн барьцаа болгож З.Б өөрийн автомашины эзэмших эрхийг надад шилжүүлсэн гэх тайлбар, 1,500,000 төгрөг З.Бын данс руу шилжүүлсэн тухай Хаан банкны хуулга, өөриийн хүсэл зоригоор автомашины эзэмших эрхийг шилжүүлсэн З.Бын үйлдэл зэргээр талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн нь нотлогдож байна.

 

Талууд мөнгө зээлэх, зээлүүлэх харилцан тохиролцоог амаар байгуулж, эд хөрөнгийн эрхийг барьцаалсан үйлдлээр хүсэл зоригоо илэрхийлсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасантай нийцэх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Ж.Ч нь нэхэмжлэгч З.Боос 1,500,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч буюу зээлдэгч З.Б нь 1,500,000 төгрөгийн зээл аваагүй, зээлийн харилцаа үүсээгүй, А зам ХХК-ийн ажилтан байсан, компанийн захирлын гуйлтаар автомашинаа барьцаалсан гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.     

 

Иймд автомашин эзэмшилд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлл тооцож, нэхэмжлэгч З.Боос 1,500,000 төгрөг гаргуулж хариуцагч Ж.Чт олгож, талуудаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Автомашин эзэмших эрх шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Боос 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хариуцагч Ж.Чт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлийн тал болох хариуцагч Ж.Чт 2441 УНС улсын дугаартай Accent Verna маркийн тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг Ж.Бын нэр дээр шилжүүлэхийг даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 39,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 38,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэгч, хариуцагч нараас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ