Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/01537

 

З.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/00716 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1272 дугаар магадлалтай,

З.Б-ын нэхэмжлэлтэй

Ж.Ч-т холбогдох,  

Хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаварыг арилгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 1.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүний хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагч Ж.Ч-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч З.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хариуцагч Ж.Ч- нь иргэн С.Атарбаясгалантай зээлийн гэрээ байгуулж, 1.500.000 төгрөгийг зээлдүүлсэн. Тухайн үед С.Атарбаясгалан нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан Атарбаясгалан зам ХХК-ийн захирал байсан бөгөөд нэхэмжлэгчийг уг зээлийн гэрээний барьцаа байдлаар автомашины эзэмших эрхийг Ж.Ч-ын нэр дээр шилжүүлчих гэсний дагуу эзэмших эрхийг барьцаа болгож хариуцагч Ж.Ч-т шилжүүлсэн. Иргэний хуульд зааснаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих зохицуулалтыг тусгайлан заасан. Хариуцагч нь өмчлөх эрхийг үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож шилжүүлэн авсан гэж мэдүүлдэг. Мөн нэхэмжлэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийн барьцаа байдлаар уг автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн болохоо илэрхийлдэг. З.Б- 1.500.000 төгрөгийг зээлж аваагүй, Ж.Ч- 2015 оны 12 сарын 30-нд С.Атарбаясгаланд зээлсэн. Уг автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхдээ зохигчид ямар нэгэн байдлаар бичгээр огт гэрээ хийгээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 235 дугаар зүйлийн 235.5-д тус тус зааснаар уг автомашиныг шилжүүлсэн хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд зохигчдын хооронд хийгдсэн З.Б-ын өмчлөлийн Верна маркын УНС 24-21 дугаартай автомашины эзэмших эрхийг шилжүүлсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул автомашины эзэмших эрхийг З.Б-ын нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ч-ын шүүхэд гаргасан тайлбарт: З.Б- нь өөрийн нэр дээрх Верна маркын 24-41 УНС улсын дугаартай автомашинаа Ж.Ч- миний нэр дээр сайн дураараа шилжүүлж, 1 сарын хугацаатай 1.500.000 төгрөгийг зээлж авсан болно. Энэ мөнгөө хугацаанд нь төлж дуусгаад машинаа өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх аман хэлцэл хийсэн. Миний нэр дээр автомашинаа шилжүүлсэн хэлцлээ бичгээр хийгээгүй нь үнэн. Бид бие биенээ сайн таньдаг учир итгэж өгсөн. Би 2015 оны 12 сарын 22-ны өдөр З.Б-ын ХААН банк дахь дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Би С.Атарбаясгалан гэж хүнд зээлүүлээгүй. З.Б- 2016 оны 9 сарын 18-нд миний гараар С.Атарбаясгалан гэж хүнд мөнгө зээлсэн гэх агуулгатай бичиг бичүүлсэн тэр бичигт ганцхан миний гарын үсэг байгаа. З.Б-, С.Атарбаясгалан нарын аль нь ч гарын үсэг зураагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ж.Ч-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр З.Б-ын Хаан банкны дансаар 1.500.000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгийг одоо болтол төлөөгүй тул З.Б-оос 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийг төлсөн тохиолдолд автомашиныг түүний нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүний сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлдэгч нь С.Атарбаясгалан болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, Ж.Ч-, С.Атарбаясгалан нарын хооронд гэрээ байгуулагдсөн бөгөөд З.Б-ын дансаар шилжүүлсээн мөнгийг С.Атарбаясгалан авсан тул түүнээс нэхэмжлэх нь зүйтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/00716 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 235 дугаар зүйлийн 235.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлийн тал болох хариуцагч Ж.Ч-т 24-41 УНС улсын дугаартай Аксент верна маркын тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг З.Б-ын нэр дээр шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэгч З.Б-оос 1.500.000 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Ч-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 39.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 38.950 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэгч, хариуцагч нapaac урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1272 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/00716 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 235 дугаар зүйлийн 235.1, 281 дүгээр зүйлийн 281.1 ... гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсныг давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээ байгуулсан болохоо нотлоогүй гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-л зааснаар нэхэмжлэгчээс 1.500.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтад нийцээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэлт зоригийн илэрхийлэл нь нөгөө тал үүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Уг мөнгөн хөрөнгө нэхэмжлэгчийн дансаар шилжигдэх болсон хүсэл зориг буюу гэрээний талуудыг шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв тодорхойлж үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. Хариуцагч У.Чулуундолгор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Атарбаясгалан зам ХХК-ийн захирал С.Атарбаясгалантай зээлийн гэрээ байгуулж, 1.500.000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд энэхүү баримт хэрэгт авагдсан. Мөн С.Атарбаясгалан гэгч нь Ж.Ч-той зээлийн гэрээний үүргийн барьцаа болгож, нэхэмжлэгчийн автомашиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн болохоо тайлбарлан уг зээлийн гэрээний төлбөрийг Ж.Ч-т төлж барагдуулахаа баталсан баримт хэрэгт мөн авагдсан. Иймд шүүх нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгчийн хувьд зөвхөн С.Атарбаясгалан, Ж.Ч- нарын хүсэлтийн дагуу зээлийн мөнгийг нь дансаараа дамжуулсан бөгөөд ямарваа нэгэн байдлаар өөрийн өмчлөлд авч захиран зарцуулаагүй. Шүүх хуралдаанд зөвхөн зээлийн гэрээний талуудын төлбөрийг л дамжуулан өгсөн үйлдэл хийсэн тухайгаа шүүхэд үнэн зөвөөр тайлбарласан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            З.Б-, Ж.Ч-т холбогдуулж, автомашины эзэмших эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, автомашин гаргуулах нэхэмжлэл, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 1.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг, зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

            З.Б- өөрийн эзэмшлийн Акцент Верна маркийн, 24-41 УНС улсын дугаартай автомашины улсын бүртгэлийг Ж.Ч-т шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй боловч тухайн үйлдлийг хийх болсон шалтгааныг нэхэмжлэгч, “С.Атарбаясгалан Ж.Ч-оос 1.500.000 төгрөг зээлсэн, зээлийн үүргийг хангуулах зорилгоор миний автомашины бүртгэлийг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн” гэснийг, хариуцагч “З.Б- өөрөө 1.500.000 төгрөг зээлж, зээл төлөх баталгаа болгож, автомашины бүртгэлийг шилжүүлсэн” гэж маргасан байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, гэрээг бичгээр байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус гэжээ.

          Зохигчийн хооронд фидуцийн гэрээний харилцаа үүссэн боловч фидуцийн гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5-д  заасан шаардлагыг зөрчсөн тул тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасантай нийцжээ. Харин анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаварыг шийдвэрлэж, автомашины бүртгэлийг нэхэмжлэгч З.Б-ын нэр дээр шилжүүлэхийг даалгахдаа хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв болжээ.

Анхан шатны шүүх З.Б-, Ж.Ч- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, эрх зүйн харилцааг буруу тодорхойлжээ.

Ж.Ч-, З.Б-ын данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн, тухайн мөнгийг З.Б- нь Ж.Ч-, С.Атарбаясгалан нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчид өгсөн гэх өөрийн тайлбараа нотлоогүй тул түүнийг  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1272 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ