Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2019/01228

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2019/01228

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах *******-т холбогдох,

******* ХХК-ийн Геологи хайгуулын ангид ажиллах тухай 68 дугаартай хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэснийг хэвийн бус болгуулах, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд, хортой халуун нөхцөлд ажиллаж байсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №05/090/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учир энэ хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...******* нь 2003 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Уулын баяжуулах ******* ХХК-ийн Геологи хайгуулын ангид суудлын автомашины жолоочоор 2004-2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл харуулаар ажиллаж байгаад улмаар 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тус ангид ажилчнаар ажиллаж байна. Ийнхүү 2007 оны 03 дугаар сарын 01-нээс одоог хүртэл хугацаанд ******* ХХК-ийн Геологи хайгуулын ангид ачигчаар ажиллаж байх хугацаандаа поошигтой бензин, тос масло зөөх, ачих буулгах дээш зөөх, ачиж буулгах, автомашины болон өрөмдлөгийн ажлын багаж тоног төхөөрөмжийг зөөж ачиж буулгах, автомашины болон өрөмдлөгийн ажлын багаж, тоног төхөөрөмжийг зөөж ачиж буулгах, засварын ажлын материалыг зөөх зэргээр зуны халуун өвлийн хүйтэнд ихэвчлэн гадаа талбайд хүйтэн склад гэх зэрэг газарт ажиллаж байна.

2007 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахдаа хөдөлмөрийн хэвийн нөхцөл гэж 2018 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Миний хувьд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаагаа 2018 оны 4 сард мэдэж энэ талаар гомдлоо ******* ХХК-ийн Геологи хайгуулын ангийн даргад гомдол гаргасан. Миний гомдлыг хүлээн авч мэргэжлийн хяналтын байгууллагад ******* хандахад 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05/2346 дугаартай хөдөлмөрийн нөхцөлийн тухай дүгнэлт гаргуулахад миний ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт хийж ачааллыг нэмэгдүүлсэн тохиолдолд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77-р тушаалаар батлагдсан тушаалын заалтад хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Энэ тушаалыг үндэслээд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 11 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөдөлмөрийн хэвийн бус буюу хүнд нөхцөлд ажиллаж байсныг сэргээн тогтоолгох мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад хөдөлмөрийн хэвийн бус буюу хүнд нөхцөлд ажиллаж байсныг тогтоолгохоор шинжээч томилуулахаар хүсэлт гаргаж шүүгчийн захирамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарч тус үйлдвэрийн геологи хайгуулын ангид ачигчаар ажиллаж байсан ажил мэргэжил нь Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан заалтад хамаарч байгаа. Ингээд миний шинжээчийн дүгнэлтээр хэвийн бус нөхцөлд ажиллаж байсан гэсэн нь дүгнэлтээр нотлогдохоор нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50 000 000 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан.

Одоо миний бие хөдөлмөрийн гэрээний нөхцөл хэвийн гэж гэрээ хийснийг хэвийн бус болгуулж үүнээс учирсан цалингийн зөрүү болох 50 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Монгол, Оросын хамтарсан *******-ийн Геологи хайгуулын ангид ажиллах тухай хөдөлмөрийн 68 дугаартай гэрээний хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэснийг хэвийн бус болгуулах,

2. 2007 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд, хортой халуун нөхцөлд ажиллаж байсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 сарын 24-ний өдрийн №05/090/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учир энэ хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд гаргасан *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ******* нь Геологи хайгуулын ангид 2007.03.01-ний өдрөөс эхлэн ачигчаар ажиллаж эхэлсэн. *******ийн ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх үндсэн үүргүүдэд сэлбэг материалыг складад оруулах, сэлбэг материалыг гаргах, зөөх ачих, буулгах, өрөмдлөгийн дээж кернийг машинд ачих, буулгах зөөх, цехийн баазын гадна дотор талын цэвэрлэгээ хийх, өгсөн нарядын дагуу нарядын ажилд туслах гэсэн чиг үүргүүд байсныг нэмэгдүүлэн ажлын байрны тодорхойлолтод нь өөрчлөлт оруулсан тул Геологи хайгуулын ангийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/19 тоот *******ийн хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн. Ингээд нэхэмжлэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллан, түүнд тохирсон цалин хөлс, нэмэгдлийг авч байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2007.03.01-ний өдрөөс 2018.03.01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэж үзэж цалингийн зөрүү болох 50,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

Геологи хайгуулын ангиас *******ийн 2007.03.01-ний өдрөөс 2018.03.01-ний өдөр хүртэл хойш ажиллаж байсан хугацаа нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд тооцогдох эсэх талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт албан бичгээр хандсан бөгөөд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын, хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төвийн даргын 2018 оны 07-р сарын 05-ны өдрийн 05/2346 тоот албан бичгээр нэхэмжлэгч *******ийн ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт хийж, ажлын ачааллыг нэмэгдүүлсэн тохиолдолд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан жагсаалтын Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл-ийн 2-д ...биетийг ачигч... гэсэн заалтад хамруулж болох үндэстэй, 2007.03.01-ний өдрөөс эхлэн ачигчаар ажиллаж байсан хугацаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахгүй гэсэн хариу ирүүлсэн.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж маргааны талаар гомдол гаргах хугацааг заасан байдаг. Иймд нэхэмжлэгч ******* нь дээрх маргааны талаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: 1. ******* ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ХБ-108-12/241 тоот албан бичгээр нэр бүхий 63 ажил мэргэжлийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаа батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт-ын ангилал, ажил мэргэжлийн нэршилтэй адилтган үзэх боломжтой эсэх шийдвэр гаргуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэсэн.

Дээрх албан бичигт Геологи хайгуулын ангийн ачигчийн ажлын байр хамрагдсан байгаа бөгөөд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсний үр дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05/2260 тоот албан бичгээр ирүүлсэн.

Дээрх албан бичиг болон Геологи хайгуулын ангийн даргын 2018 онц 04 дүгээр сарын 25-ны өдрийн 57/162 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан албан бичгийн хариуд ирүүлсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018.07.05-ны өдрийн 05/2346 тоот албан бичгүүдийг үндэслэн *******ийн ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн Ерөнхий захирлын тушаалаар ******* нь одоо хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа.

2. Хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд байх шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагчаас нэхэмжлэгчийг хэвийн бус нөхцөлд ажиллаж байсан гэдгээ хэзээнээс мэдсэн бэ? гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2007 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс мэдсэн... гэж хариулсан байдаг. Энэ нь ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж маргааны талаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэдгийг нотолж байгаа юм.

Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******-т холбогдуулан ******* ХХК-ийн Геологи хайгуулын ангид ажиллах тухай 68 дугаартай хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэснийг хэвийн бус болгуулах, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд, хортой халуун нөхцөлд ажиллаж байсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №05/090/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учир энэ хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна.

Нэхэмжлэгч нь ******* нь ******* ХХК-ийн Геологи хайгуулын ангид ачигчаар 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа болох нь талуудын тайлбар, 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ,2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Тэрээр ажиллах хугацаандаа ...Поошигтой бензин тос масло зөөх ачиж буулгах,дээж зөөх,ачиж буулгах,автомашины болон өрөмдлөгийн ажлын багаж тоног төхөөрөмжийг зөөх,ачиж буулгах,засварын ажлын материалыг зөөх зэргээр зуны халуун,өвлийн хүйтэнд ихэвчлэн гадаа талбай,хүйтэн склад гэх мэт газруудад ажиллаж байсан. Гэтэл ******* ХХК нь түүнийг 2007-03-01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа хөдөлмөрийн хэвийн нөхцөл хэмээн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулж ирсэн. Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан тэтгэврийг хөнгөлттэй тогтоох,газрын дор болон хөдөлмөрийн хортой,халуун,хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-ын хөдөлмөрийн хүнд нөхцөлд гэсэн хэсгийн 2 дахь заалтад Уул уурхайн үйлдвэрлэлийн ачигч,биетийг ачигч нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахаар заасан байна. Миний бие 2007-03-01-ний өдрөөс 2018-03-01-ний өдрийг хүртэлх 11 жилийн хугацаанд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

Иймд ******* ХХК-нь хөдөлмөрийн гэрээнд түүний ажлын байрыг хэвийн гэж тодорхойлсоныг нэхэмжлэгч үл зөвшөөрч,хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж ирсэний цалингийн зөрүү 50.000.000 төгрөг нэхэмжилж байна.

Гэвч нэхэмжлэгч нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд 129.1-д заасан Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч : ...*******ийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг 2007-10-20-ны өдөр мэдсэн. Тэр өдрөөс эхлэн сүү тараг өгдөг байснаа өгөхөө больсон байдаг.Тэгээд л Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө өгсөн. Тэр хооронд ******* ХХК дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтэнд нь үндэслээд 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр *******ийг хэвийн бус нөхцөлд ажилладаг гэж хөдөлмөрийн гэрээг өөрчилсөн гэж хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-нд ажил олгогчтой хөдөлмөрийн нөхцлийн талаар тохиролцож, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж ирсэн байх ба энэ талаар мэдээгүй байх үндэсгүй юм. Гэтэл тэрээр 2007 оноос хойш энэ талаар хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж байгаагүй 10 гаруй жилийн дараа эрхээ зөрчигдсөн гэж үзэж шүүхэд хандаж цалингийн зөрүү нэхэмжилж байгааг хангах үндэслэлгүй байна.

*******ийн ажлын байрны тодорхойлолтонд заасан гүйцэтгэх үндсэн үүргүүдэд сэлбэг материалыг складанд оруулах, сэлбэг материалыг гаргах,зөөх,ачих,буулгах,өрөмдлөгийн дээж кернийг машинд ачих,буулгах,зөөх,цехийн баазын гадна дотор талын цэвэрлэгээ хийх,өгсөн нарядын дагуу нарядын ажилд туслах гэсэн чиг үүргүүд байжээ.

Харин ажил олгогчийн зүгээс түүний гаргасан хүсэлтийн дагуу түүний ажлын дээрх чиг үүргийг нэмэгдүүлэн,ажлын байрны тодорхойлолтод нь өөрчлөлт оруулсан тул ******* ХХК-ийн Геологи хайгуулын ангийн даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/19 тоот тушаалаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн. Энэ үеэс эхлэн нэхэмжлэгч хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллан түүнд тохирсон цалин хөлс,нэмэгдлийг авч байгаа болох нь тогтоогдож байна. Сүүлд хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдсөн энэ үйл баримтыг 2007 онд ажилд орсон тэр цагаас эхлэн мөрдөх ёстой байсан гэж үзэж,цалингийн зөрүүг гаргуулах боломжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч ...50 сая төгрөгийг яаж гаргасан аргачлалаа сайн мэдэхгүй байна. ******* хамт ажилладаг хүмүүсийнхээ цалингаас бодсон юм билээ гэж байх бөгөөд энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байсаны цалингийн зөрүү 50 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН