Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2019/01315

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2019/01315

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг *******,*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг *******/-нд

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 33,042,972 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* даргаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт заасан үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн.

Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* 874 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Улмаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК-нд холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн ******* дугаартай шийдвэр гаргасан. Уг шүүхийн шийдвэр нь хуулийн хувьд хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч ******* ТӨҮГ нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих ангид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Би 2017 оны 06 дугаар 23-ны өдрөөс хойш хоёр жил гурван сар ажилгүй явж байгаадаа гомдолтой байна. Ажилгүй байгаа өнгөрсөн хугацаанд цалин мөнгийг маань ч сайн дураараа бодож олгодоггүй бөгөөд миний бие 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргаж шүүх энэхүү нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1087 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн.

Тодруулбал дээрх шүүхийн шийдвэрээ миний ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалинг ******* ХХК-аас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Одоог болтол ажил олгогч нь намайг ажилд томилоогүй байгаа тул 2018 оны 10 дугаар сараас хойшхи цалингаа авч чадахгүй хохирч байна.

Иймд ******* ТӨҮГ-аас миний ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 10 дугаар сараас хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны цалинг /Үндсэн цалин, ажлийн үр дүнгийн урамшуулал, шагнал, нэмэгдэл хөлс, нэмэгдэл/ гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргагч би улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Тус шүүхэд хянагдаж буй *******ийн нэхэмжлэлтэй ******* ТӨҮГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Энэхүү хэрэгт ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.

******* нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1087 дугаартай шийдвэрээр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговор 31 162 064 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авахаар болсон. Харин 2018 оны 10 дугаар сараас хойш өдийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч сайн дураараа *******т олгоогүй тул шүүхэд хандсан болно.

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаа буюу ажлын 263 хоногийн цалинтай тэнцэх олговорыг нэхэмжилж байна.

Дээр дурьсан ажлын 263 хоногийг нэхэмжлэгчийн өдрийн цалин 116 144 төгрөгөөр тооцвол 30 545 872 төгрөг үүн дээр ажлын үр дүнгийн урамшуулал 2 497 100 төгрөгийг нэмж нийт 33 042 972 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь сум л>лиын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан гацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс иргэний хэрэг үүсгэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 142/ШШ2017/0******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг.

******* ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаал цомхотгогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажилуулах үүрэгтэй" гэж заасны дагуу *******т Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаалтай дүйцэх Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн албаны тэргүүлэх инженерийн албан тушаалд ажиллахыг удаа дараа санал болгосон хэвээр байгаа юм. Гэтэл урьд эрхэлж байсан ажил албан тушаал нь нэгэнт цомхотгогдсон байхад харилцан тохиролцож адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллах боломжтой байхад ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр цалин нэхэмжилж байгаа нь шудрага бус байна.

Мөн ******* дээр дурьдсан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1087 тоот зшйдвэрээс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл, гомдол гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргана гэж заасныг эерчиж байх тул нэхэжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ******* ТӨҮГ-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 33,042,972 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаалтай дүйцэх Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн албаны тэргүүлэх инженерийн албан тушаалд ажиллахыг удаа дараа санал болгосон хэвээр байгаа бөгөөд урьд эрхэлж байсан ажил албан тушаал нь нэгэнт цомхотгогдсон байхад харилцан тохиролцож адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллах боломжтой байхад ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр цалин нэхэмжилж байгаа нь шудрага бус байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын ажил албан тушаалыг эрхэлж байгаад, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ******* ХХК-ийн Ерөнхий захирлын 874 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/0******* дугаар шийдвэрээр өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, түүнийг ажилд эгүүлэн аваагүй байна.

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаалтай дүйцэх Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн албаны тэргүүлэх инженерийн албан тушаалд ажиллахыг удаа дараа санал болгож байгаа боловч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй тул ******* шаардах эрхтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/01087 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 31,162,064 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа ба хариуцагч энэ талаар маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.

******* урьд нь сард 2 497 100 төгрөгийн дундаж цалинг авч байсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/0******* дугаар шийдвэрээр тогтоогдсон бөгөөд, нэхэмжлэгч ******* нь ажиллаж байх үедээ энэ бүгд нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаа авч байсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлсийг авч байсан гэж үзнэ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ...урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор хуульчилсан байна.

Тиймээс нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлсийг хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр 2,497,100 төгрөгөөр тогтоосон байх тул энэ хэмжээнээс бодож гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчид 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх 263 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 30,545,872 төгрөг, ажлын үр дүнгийн урамшуулал 2,497,100 төгрөг нийт 33,042,972 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч ******* ТӨҮГ-с улсын тэмдэгтийн хураамжаар 323,165 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ТӨҮГ-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 33,042,972 төгрөгийг гаргуулан *******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 323,165 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН