Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 07

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч

“ЭҮ ” ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2019/01315 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭҮ ” ТӨҮГ-т холбогдох,

“Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 33,042,972 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие “ЭҮ ” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт заасан үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ЭҮ ийн ерөнхий захирлын 874 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Улмаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ЭҮ  ХХК-нд холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 1208 дугаартай шийдвэр гаргасан. Уг шүүхийн шийдвэр нь хуулийн хувьд хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч ЭҮ  ТӨҮГ нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих ангид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Би 2017 оны 06 дугаар 23-ны өдрөөс хойш хоёр жил гурван сар ажилгүй явж байгаадаа гомдолтой байна. Ажилгүй байгаа өнгөрсөн хугацаанд цалин мөнгийг маань ч сайн дураараа бодож олгодоггүй бөгөөд миний бие 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэл гаргаж шүүх энэхүү нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1087 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн.

Тодруулбал дээрх шүүхийн шийдвэрээ миний ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалинг “ЭҮ ” ХХК-аас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Одоог болтол ажил олгогч нь намайг ажилд томилоогүй байгаа тул 2018 оны 10 дугаар сараас хойшхи цалингаа авч чадахгүй хохирч байна. Иймд ЭҮ  ТӨҮГ-аас миний ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 10 дугаар сараас хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны цалинг /Үндсэн цалин, ажлийн үр дүнгийн урамшуулал, шагнал, нэмэгдэл хөлс, нэмэгдэл/ гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

Тус шүүхэд хянагдаж буй Ц.Бийн нэхэмжлэлтэй “ЭҮ ” ТӨҮГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Энэхүү хэрэгт ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Ц.Б нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1087 дугаартай шийдвэрээр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговор 31 162 064 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авахаар болсон. Харин 2018 оны 10 дугаар сараас хойш өдийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч сайн дураараа Ц.Бт олгоогүй тул шүүхэд хандсан болно. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаа буюу ажлын 263 хоногийн цалинтай тэнцэх олговорыг нэхэмжилж байна.

Дээр дурьсан ажлын 263 хоногийг нэхэмжлэгчийн өдрийн цалин 116 144 төгрөгөөр тооцвол 30 545 872 төгрөг үүн дээр ажлын үр дүнгийн урамшуулал 2 497 100 төгрөгийг нэмж нийт 33 042 972 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ц.Б нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь сум л>лиын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ЭҮ  ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан гацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ЭҮ  ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс иргэний хэрэг үүсгэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 142/ШШ2017/01208 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. “ЭҮ ” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаал цомхотгогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д ”Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажилуулах үүрэгтэй" гэж заасны дагуу Ц.Бт Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаалтай дүйцэх Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн албаны тэргүүлэх инженерийн албан тушаалд ажиллахыг удаа дараа санал болгосон хэвээр байгаа юм. Гэтэл урьд эрхэлж байсан ажил албан тушаал нь нэгэнт цомхотгогдсон байхад харилцан тохиролцож адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллах боломжтой байхад ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр цалин нэхэмжилж байгаа нь шудрага бус байна. Мөн Ц.Б дээр дурьдсан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1087 тоот зшйдвэрээс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл, гомдол гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргана гэж заасныг эерчиж байх тул нэхэжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2019/01315 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “ЭҮ ” ТӨҮГ-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 33.042.972 төгрөгийг гаргуулан Ц.Бт олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 323.165 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нар давж заалдсан гомдолдоо:

Ц.Бийн нэхэмжлэлтэй “ЭҮ ” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 33.042.972 төгрөг гаргуулах шаардлага бүхий маргааныг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны 142/ШШ2019/01315 тоот шийдвэрийг 2019 оны 11 дүгээр сарын 28-нд хүлээн авч танилцаад эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талаас гаргасан өмнө нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаагүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлээгүй, уг маргааны эрх зүйн үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй, талуудын мэтгэлцээн түүний үндэслэлд дүгнэлт хийлгүй, дан ганц өмнөх шүүхийн шийдвэрүүдэд үндэслэн шийдвэр гаргасан нь нэг талыг барьсан үндэслэлгүй, хараат бүсаар шийдсэн гэхэд эргэлзээтэй байна. Үүнд: Ц.Батхүягийн гаргаж байгаа нэхэмжлэл 1315 тоот шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон өмнө нь гарсан шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний 1208, 2018. Оны 11 дүгээр сарын 12-ны 1087 тоот шийдвэрийн үндэслэл нь “ЭҮ ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 06 дүгаар сарын 23-ны А/394 тоот түшаалтай холбоотой. Энэ тушаалын хүүль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт өгөх боломжтой. Энэ тушаал дараах байдлаар ямар нэгэн эрх зүйн зөрчилгүй. Тушаал гарах болсон үндэслэл нь “ЭҮ ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний 06/2016 тоот тогтоолын тус компанийн бүтцийг батлаад  Батлагдсан бүтцийн дагуу “ЭҮ ” ХХК-ийн нарийвчилсан бүтэц,зохион байгуулалт, орон тоог шинэчлэн боловсруулж танилцуулахыг гүйцэтгэх удирдлагад даалгасан заалт юм. ТУЗ-ийн энэ тогтоол ямар нэг байдлаар шүүхээр болон шинэчилсэн ТУЗ-аас өөрчлөгдсөн, хүчингүй болсон зүйлгүй хэрэгжсэн тогтоол юм. Тухайн үед мөрдөж байсан Компанийн тухай хуулийн тухай хуулийн 76 зүйлийн 76.1.8, 76.1.13, 83 дугаар зүйлийн 83.8 дахь заалт, "ЭҮ " ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 06 сарын 27-ны 01 тогтоолоор батлагдаж “ЭҮ ” ТӨҮГ-ийн дүрэм батлагдах хүртэл мөрдөгдсөн дүрмийн 9.17.19-д “Компанийн бүтэц, зохион байгуулалт, ажиллагсдын тоо, хүний нөөцийн бодлогыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих” эрхэд 06/2016 тоот ТУЗ-ын тогтоол хамаарна. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 1948 оны “Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийн тухай” 87 дугаар конвенц /Монгол улс 1969 онд нэгдэн орсон манай улсын олон улсын гэрээ/-ийн 3 дугаар зүйлд “Ажилчид, ажил олгогчдын байгууллага дүрэм, захиргааны дотоод журмаа боловсруулах, төлөөлөгчөө чөлөөтэй сонгох, дотоод захиргаа байгуулах, үйл ажиллагаагаа зохион байгуулах, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй байх эрхтэй” гэсэнтэй болон Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан хуулийн этгээдийн эрх хэмжээний хүрээнд 06/2016 тоот тогтоол хамаарна. Гүйцэтгэх захирлын 2017 оны 06 сарын 23-ны А/394 дүгээр тушаал нь дээр дурдсан хуулийн этгээдийн эрх хэмжээний хүрээнд байхын дээр “ЭҮ ” ХХК- ийн тухайн үед мөрдөж байсан дүрмийн 10.5, 10.6, 10.9, 10.12.6 дахь заалтад бүрнээ нийцэж байгаа учраас хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Энэ тушаалаар ганцхан Ц.Бийн ажиллаж байсан Баяжуулах фабрикийн орлогч дарга гэсэн орон тоо хасагдаагүй юм. Тус үйлдвэрийн томоохон үндсэн цехүүд болох Баяжуулах фабрик, Ил уурхай, Авто тээврийн байгууллага, Засвар механикийн завод, Холбоо, мэдээлэл, автоматжуулалтийн цех, Геологи хайгуулын ангид орлогч дарга, ерөнхий инженер гэсэн орон тоо байсан нь ажил үүргийн давхцалтай, заавал орлогч дарга байх шаардлагагүй гэдэг үүднээс орлогч дарга гэсэн орон тоог хассан. Орлогч даргаар ажиллаж байсан хүмүүсийг ажилгүй болгоогүй, хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлж, Ц.Баас бусад хүмүүс дотроо санал солилцон цалин хөлс буурахгүй зохих ажлын байруудад шилжсэн байдаг.

Шүүх хариуцагчийн шуухэд гаргасан өмнө нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаагүй нотлох баримтыг нотлох баримтаас хасаагүй, хууль бус аргаар цуглуулсан гэж дүгнээгүй атлаа үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь заалт. 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн. Үүнд:

 

Ц.Бийн ажиллаж байсан Баяжуулах фабрикийн /хуучин нэрээр/ орлогч даргын орон тоо хэзээ бий болсон, хасагдсан, үүнээс хойш үйлдвэр болон цехийн бүтэц ийм орон тоо батлагдаагүй явсаар ирсэн, ТУЗ-ийн 2016 оны 06/2016 тоот тогтоолор компанийн бүтэц батлаад цехүүдийн нарийвчилсан бүтэц орон тоог батлах эрхийг гүйцэтгэх захиралд олгосон бичиг баримтуудыг энэ хэрэгт нотлох баримтаар өгсөн /Хэргийн 35-61 дэх тал/ ба өмнөх хэргүүд дээр гаргах боломжтой байсан боловч тодорхой албан тушаалтнууд хариуцагчийн төлөөлөгчөөр томилогдсон хуульчдад “Нотлох баримт гаргаж хэрэггүй, зүгээр л шүүх хуралд оролц” гэж үүрэг өгч зохих баримтыг гаргуулаагүй, улс төрийн намын харъяалалын үүднээс хандаж байсан нөхцөл байдал Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ний 01208 тоот шийдвэрийн 3 дахь талд шүүхийн хийсэн дүгнэлтээр / Шүүхийн энэ шийдвэрт зориуд давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд энэ шийдвэр нь ИХШХШТ хуулийн 40.4-т заасан нотлох баримт болно/ тодорхой харагдах ба эдгээр баримтыг шүүх заавал үнэлэх ёстой нотолгоо болно. Дээр дурдсан Ерөнхий захирлын А/394 дүгээр тушаалд зарим орон тоо хасагдсан цехүүдийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсны дотор Баяжуулах үйлдвэрийн бүтэц, орон тоог баталсан "ЭҮ " ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 06 сарын 23-ны А/395 дугаар тушаал энэ хэрэгт нотлох баримтаар өгөгдсөн ба энэ тушаалыг өмнө нь шүүх үнэлж дүгнэлт өгсөн, хууль зөрчсөн гэж маргасан, нотлох баримтаас хасуулах хүсэлт гарсан зүйл байхгүй учраас шүүх энэ хэрэгт үнэлэх ёстой. Нэгэнт баяжуулах үйлдвэрт Ц.Бийн ажиллаж байсан орон тоо байхгүй болсон /хасагдсан/ тул түүнийг Ерөнхий захирлын 2017 оны 06 сарын 23-ны Б/874 тоот тушаалаар хуулийн этгээд “ЭҮ ” ХХК дотооддоо Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлж түүний ажлыг зохицуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар захиргааны санаачлагаар хөлөлмөрийн гэрээ цуцлаагүй. “ЭҮ ” ХХК-ийн эрх зүйн байдал “Төрийн өмчит үйлдвэрийн газар” болон өөрчлөгдсөнтэй холбогдуулж Ерөнхий захирлын 2019 оны 04 сарын 15-ны А/244 дүгээр тушаал гарч хэрэгжсэн /Хэргийн 2-р хавтас 52-61 дэх тал/ ба хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцийг уг тушаалын нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар баталсны дотор Баяжуулах үйлдвэр тушаалын хавсралтын 1.16, 2.16-д тусгагджээ. Энэ зохион байгуулалтаар Баяжуулах үйлдвэрт орлогч дарга гэсэн ажлын байр буюу орон тоо батлагдаагүй байна. Энэ тушаалд үйлдвэрийн өөрийн хяналтын болон хөндлөнгийн этгээд гомдол гаргаагүй бүхэлдээ хүчин төгөлдөр байна.

Эдгээр баримтаас дүгнэлт хийхэд Баяжуулах үйлдвэрийн орлогч дарга гэсэн орон тоо хасагдсаныг, ийм шийдвэр гаргасныг хууль зөрчсөн, компанийн дүрэм зөрчсөн гэж тогтоосон ямар ч зүйл байхгүй байна.

Хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц.Б нь улс төрийн ажил албан тушаалыг 2017 оны үеэс эрхэлж байгаа ба “ЭҮ ” ХХК-аас хөдөлмөрлөх эрх, ажлын байр шаардаагүй сул олговор шаардаж байна гэсэн дүгнэлт хийх боломжтой байна. Үүнд: Ц.Б шүүхээр маргаан үүсгэсэн 2017 оны үеэс Орхон аймгийн Ардчилсан намын дарга гэсэн ажил, албан тушаал эрхэлж улсын хэмжээний улстөрчдийн чансаа тогтоох марафонд оролцож яваа /хэргийн 2-р хавтас 32-34 дүгээр тал/ нь нийтэд нээлттэй баримтаар нотлогдож байна. Ц.Бийг шүүхийн 2017.11.24-ний 01208 тоот шийдвэрээр “ЭҮ ” ХХК-д байхгүй ажлын байранд эгүүлэн тогтоосон боловч ийм нөхцөлд шүүхийн шийдвэрийг биелүүлэх, ажлын байрыг зохицуулах нөхцлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалттов тодорхой зохицуулсан байна. Энэ зохицуулалтын дагуу Ц.Б шүүхийн 2017.11.24-ний шийдвэр хүчин төгөлдөр болмогц ажил олгогчтой харилцан Баяжуулах үйлдвэрийн орлогч дарга гэдэг ажил, албан тушаалтай дүйцэх ажлын санал солилцох боломжтой байсан боловч тийм санал, оролдлого огт хийгээгүй, харин ч ажил олгогчийн ийм саналын хариуд Эрүүгийн хууль сануулсан хариу өгч байсан байна. “ЭҮ ”-ийн хувьд ИХШХШТ хуулийн 11 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Ц.Бтай хэлэлцэхэд ямагт бэлэн байсан бөгөөд харамсалтай нь энэ нь нэг талын буюу “ЭҮ ” ХХК-ийн санаачлагаар хэрэгжих боломжгүй байсан нь түүнтэй ХИЙСЭН уулзалт, санал хүргүүлсэн байдал / Хэргийн 1-р хавтас 242-247, 2-р хавтас 64-69, 73-74 дэх тал/ хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Хэрэгт авагдсан Ажлын байрны тодорхойлолтод зааснаар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад хариулснаар Ц.Б нь “Уул уурхайн инженер баяжуулагч” мэргэжилтэй бөгөөд ажил олгогчийн санал болгосон Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн албаны тэргүүлэх инженерийн ажлын байранд өмнө авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр ажиллуулах саналыг хүлээн авч ажил үүрэг гүйцэтгэх боломжтой, хууль зүйн үндэслэлтэй байна.

Ц.Б нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журам, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн саналаас татгалзаж ажлын байр хүлээж авахгүй байгаад “ЭҮ ” ХХК буруугүй байна. Давж заалдах шатны шүүх хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хариуцагчпйн гаргаж өгсөн, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт, хэргийн үйл байдлыг зөв үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01315 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж Ц.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь “ЭҮ ” ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 33.042.972 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь “ЭҮ ” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын албан тушаалд ажиллаж байгаад Компанийн ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 874 тоот тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн, анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1208 дугаар шийдвэрээр өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон ба тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон түүнийг ажил албан тушаалд нь эгүүлэн аваагүй зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэсэн үндэслэлээр Ц.Бийн нөхөн олговорт 33.042.972 төгрөгийг “ЭҮ ” ТӨҮГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ

Учир нь шүүх Ц.Бийг Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, энэхүү шийдвэр биелэгдээгүй байгаа боловч “ЭҮ ” ХХК нь “ЭҮ ” ТӨҮГ болсонтой холбогдуулан тухайн үйлдвэрийн газрын хэлтэс, цех, нэгжүүд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Баяжуулах үйлдвэрийн орлогч даргын орон тоо цомхтгогдсон. “ЭҮ ” ТӨҮГ-ийн захиргаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан үүргийн дагуу нэхэмжлэгч Ц.Бт Баяжуулах үйлдвэрийн үйлдвэр техникийн албаны тэргүүлэх инженерийн ажлыг хэд хэдэн удаа санал болгосон уулзалт хийсэн бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь ажлын саналыг хүлээж авдаггүй татгалзсан хариу өгч байсан байна.

Нэгэнт хариуцагч байгууллага хуульд заасан үүргийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр өмнөх албан тушаалтай нь дүйцэхүйц ажлыг санал болгож байхад нэхэмжлэгч хүлээж аваагүй байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй ба тодруулбал анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл буюу хэрэг хяналтын шатны шүүхээр хянагдсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорт 13.008.128 төгрөг /нийт 112хоног*116.144 /нэг өдрийн цалин/ тооцож гаргуулан үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2019/01315 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “ЭҮ ” ТӨҮГ-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 33.042.972 төгрөгийг гаргуулан Ц.Бт олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай…” гэснийг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “ЭҮ ” ТӨҮГ-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 13.008.128 төгрөгийг гаргуулан Ц.Бт олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 20.034.844 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 323.165 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч “ЭҮ ” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 222.991 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323.165 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                        С.УРАНЧИМЭГ