Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2019/01317

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2019/01317

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг *******/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг *******/ нарт холбогдох,

11 526 667 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 8 940 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, гэрч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь *******, ******* нартай 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах 51 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр *******, ******* нар нь компанийн Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хорооллын 8-р байрны 1 дүгээр орцны 1 давхарын 3 өрөө бүхий 01 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнэ 55 000 000 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, компани нь дээрх хаягт байрлах орон сууцыг худалдан авагч *******, ******* нарын эзэмшилд хүлээлгэн өгч, орон сууцны үнэ төлөгдөж дууссаны дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тэдний нэр дээр гаргуулан өгөхөөр тохиролцсон. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцыг гэрээ байгуулсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 22-ний өдөр тэдний эзэмшилд шилжүүлэн өгсөн. Худалдан авагч нар нь гэрээгээр тохиролцсон ёсоор орон сууцны үнийг 2017 оны 06 сарын 22-ны өдөрт багтаан хуваарийн дагуу төлж дуусгах байсан. Гэтэл худалдан авагч нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүйгээр ор сураггүй болоод байна. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус тус мэдэгдэж, үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй юм. Иймд *******, ******* нарт ******* ХХК-ийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн ба улмаар гэрээ цуцлагдсан. *******, ******* нар нь орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойш мэдэгдэл хүлээн авах хүртэл хугацаанд орон сууцанд амьдарсан. Иймд *******, ******* нараас орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр болох 11 526 667 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Хөүп таун ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд *******ийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. *******, ******* нар нь компанийн өмчлөлийн 7-р хорооллын 8-р байрны 1-р орцны 1 давхрын 40 метр квадрат талбайтай 3 өрөө бүхий орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 51 дугаартай "Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэр бүхий худалдах худалдан авах гэрээг байгуулан худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс орон сууцанд амьдарч эхэлсэн. Уг орон сууц нь тэднийг амьдарч эхлэхээс өмнө хүн амьдарч байгаагүй бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт-аар комисс хүлээн авч орон сууцны зориулалтаар ашиглахад хангалттай гэж дүгнэж, орон сууцны зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн болно. Гэрээний дагуу худалдан авагч нар нь орон сууцны үнэ болох 55 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэсэгчлэн тохирсон хугацаанд төлж байгаад 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 38 500 000 төгрөгийг төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлж үүргээ зөрчсөн. Үүрэг зөрчигдөж байгаатай холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдлээр үүрэг гүйцэтгэх хугацааг 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болгон тогтоож худалдан авагч нарт боломжит хугацаа олгосон. Ингээд тогтоосон хугацаанд тэдний зүгээс үүргээ гүйцэтгэх ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд үр дүн гараагүй тул 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг мэдэгдэж бичгээр мэдэгдэл өгсөн. *******, ******* нар нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш компанийн орон сууцанд амьдарч байгаад орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн гэх шалтгаан хэлж 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орон сууцыг орхиод явсан. Ингээд уг орон сууц худалдах худалдан авах гэрээ худалдан авагч талын үүргээ биелээгүйн улмаас цуцлагдах нөхцөл бүрдсэн тул компанийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцалж байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч нар нь компанийн өмчлөлийн байранд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 729 хоног амьдарсан. Хариуцагч нар нь компанид орон сууцны урьдчилгаа төлбөрт 7 940 000 төгрөг төлсөн ба нэхэмжлэлдээ 8 940 000 төгрөг гэж буруу бичсэн байна. Тэдний төлсөн 7 940 000 төгрөгийг орон сууц захиалга хөрөнгө оруулалтын гэрээ-ний 4.5 Хэрвээ худалдан авагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс энэхүү гэрээ цуцлагдаж байраа буцаах тохиолдолд орон сууц ашигласны төлбөр болон дахин шинэчлэн засварлах засварын төлбөр /хавсралт 2/- ийг суутган авна гэж заасны дагуу суутган авсан. Гэрээний хавсралт 2-д зааснаар шинэчлэн засварлах материалын үнийг 4 500 000 төгрөг, дотор заслын ажлын хөлс 2 000 000 төгрөг нийт 6 500 000 төгрөг байхаар тохиролцсон. Ингээд тэдний төлсөн 7 940 000 төгрөгнөөс дээрх шинэчлэн засварлах засвартай холбоотой 6 500 000 төгрөгийг суутган авсны зөрүү 1 440 000 төгрөг болно. Хариуцагч нарын компанийн өмчлөлийн байранд амьдарсан 729 хоног буюу 24 сар 3 хоногийг гэрээгээр тохирсон 500 000 төгрөгөөр тооцвол 12 150 000 төгрөг болох ба 12 150 000- 1 440 000=10 710 000 төгрөгийг компанид *******, ******* нар төлөх үүрэгтэй юм. Анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нараас 11 526 667 төгрөг нэхэмжилсэн бөгөөд гэрээ цуцлагдах өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тооцож тооцооллын алдаа гаргасан байх тул шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага тодруулах болно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 8 940 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 7 940 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу суутган авсан тул буцааж төлөх үндэслэлгүй юм. Харин үлдэх 1 000 000 төгрөгийг хариуцагч нар нь компанид төлөөгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд 8 940 000 төгрөгийг Хөүп таун ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн ******* надад болон миний нөхөр *******д холбогдуулан орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 11,526,667 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг ХӨҮП ТАУН ХХК-аас гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлэн дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: *******, ******* бид хоёр 2016 оны 8-р сарын 22-ны өдөр ******* ХХК болон түүний менежер *******тай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын №51 дугаартай гэрээг байгуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7-р хорооллын 8-р байр 1 тоот 40м2 бүхий 3 өрөө орон сууцыг хүлээн авч гэрээний дагуу бид урьдчилгаа төлбөр 2 000 000 төгрөгийг мөн өдрөө хийж үүнээс хойш менежертэй тохирсон ёсоор сар бүр 500 000 төгрөг хийх болсон. Уг байрыг хүлээн авч орсноос хойш халаалтын шугам гэмтэж, удаа дараа засвар хийсэн, 2 удаа засвар хийлгэж байна гэж хүсэлт гарган тэднээр 2016 оны 11 сард шалаа эвдүүлсэн, эхний удаа гал тогооны шалыг цөмлөсөн, үүнээс 2 сарын дараа буюу 2017 оны 1 сард өвлийн хүйтнээр үр хүүхдүүдээ дааруулж зутруулан байж бүх өрөөний шалаа эвдүүлснээс гадна хана болон дотор хана цууралттай, шал болон хананаасаа чийг цохиж мөөгөнцөр байнга үүсч байсан, угаалгын өрөөний плита байнга нурж унаж байсан энэ явдлыг засаад өгөөч ээ гэж Хөүп таун ХХК-ийн захиргаанд цаг тухайд нь хэлж мэдэгдэж байсан боловч дорвитой бөгөөд чанартай арга хэмжээг авч байгаагүй харин ч менежер ******* ямар ядаргаатай юм бэ? Танай байрыг засах гэж өчнөөн хүн амьтан мөнгөөр хөлсөлж баахан мөнгө барсан. Та нар ингээд байвал төлсөн мөнгөө буцаан авч наад байраа эргүүлж өг гэсэн учир арга буюу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрээг цуцлахаар өргөдөл гаргаж энэ өдөртөө нягтлан Хорлоо гэж хүнд байр, түлхүүрийг иж бүрнээр нь хүлээлгэн өгсөн юм. Бид гэрээний нэг талын хувьд Танай барилга чанарын шаардлага хангахгүй байна. Вакум цонхны түгжээнүүд,бүргэд хаалганы жийргэвч резин барихаа больж салхи сийгээд хүйтэн байна. Шал цөмөлчихөөд паркетаа шахахгүй байна. Одоо авчирч ирсэн паркет чинь чанар муутай байна. Эсвэл гайгүй сайн паркет, обой аваад өг. Бид нар өөрсдөө засвараа хийчихье гэсэн боловч бидний шаардлага, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. Бид залуу гэр бүлийн хувьд шинэ байр авахдаа сэтгэл өндөр байсан боловч уг байранд орсноос хойш сэтгэл амар байсангүй. Үр хүүхэд минь хүйтэн нойтон, чийг, мөөгөнцөртэй газарт ханиад хүрч өвдсөн. Харин ч энэ талаар бид гомдол гаргаагүй. Бид энэ байрыг авснаас хойш амьдрах хугацаандаа санаатайгаар гэмтээгээгүй бөгөөд Хөүп таун ХХК-ийн захиргаанаас гэрээ хүчин төгөлдөр бус болсонтой холбоотой бидний төлсөн 8 940 000/найман сая есөн зуун дөчин мянга/төгрөгийг гаргуулж өгнө үү гэхэд тэд зөвшөөрөөгүй. Бид гэрээний дагуу зарим хэсгийг төлчихөөд банкуудад ипотекийн зээл гаргаж өгнө үү гэж хүсэхэд ямар ч банк чанар муу барилга учир ипотекийн зээлэнд хамрагдах боломжгүй гэсэн хариултуудыг өгч байсан. Гэтэл анх бидэнтэй гэрээ хийж ярилцах үедээ бүх банкны ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэж хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад түрээсийн гэрээ-тэй холбоотой шаардлага гаргасан байна. Гэтэл Иргэний хуульд зааснаар бид өөр гэрээг буюу Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг энэ байгууллагатай хийсэн. Шаардлага хангахгүй, чанаргүй барилга бидэнд өгч, бидний тавьсан хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй байсан учираас 2018 оны 8 сарын 21-ны өдөр Хөүп таун ХХК-ийн нягтлан Хорлоод байр, түлхүүрийг иж бүрнээр хүлээлгэн өгсөн, харин тэд 2018 оны 10 сарын 10-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн байсан. Нэгэнт гэрээ хийж олон жилийн насжилт бүхий барилгыг барьчихаад дөнгөж хэрэглэгч оруулаад доголдол гарч байгаа нь тухайн байгууллага чанаргүй материалаар баригдсан, мөн хөрсний болон холбогдох шинжилгээ судалгаануудыг зохих стандартад нийцүүлээгүй байдалтай нь холбоотой гэж бид үзэж байгаа. Гэтэл одоо байраа хүлээн авчихаад бидний төлсөн төлбөрийг өгөхгүй харин ч биднээс үндэслэлгүйгээр 11,5 сая төгрөг нэхэмжилсэн байдалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: *******, ******* бид гэр бүл бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хөүп таун ХХК болон түүний менежер *******тай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын №51 дугаартай гэрээг байгуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7-р хороололын 8-р байр 1 тоот 40м2 бүхий 3 өрөө орон сууцыг хүлээн авч гэрээний дагуу бид урьдчилгаа төлбөр 2 000 000 төгрөгийг мөн өдрөө хийж үүнээс хойш менежертэй тохирсон ёсоор сар бүр 500 000 төгрөг хийх болсон. Уг байрыг хүлээн авч орсноос хойш халаалтын шугам гэмтэж, удаа дараа засвар хийлгэж, 2 удаа засвар хийлгэж байна гэж тэднээр шалаа эвдүүлсэн, гадна хана болон дотор хана цууралттай, шал болон хананаасаа чийг цохиж мөөгөнцөр байнга үүсч байсан, угаалгын өрөөний плита байнга нурж унаж байсан энэ явдлыг Хөүп таун ХХК-ийн захиргаанд цаг тухайд нь хэлж мэдэгдэж байсан боловч дорвитой бөгөөд чанартай арга хэмжээг авч байгаагүй учир арга буюу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрээг цуцлахаар өргөдөл гаргаж энэ өдөртөө нягтлан бодогч Хорлоо гэж хүнд байр, түлхүүрийг иж бүрнээр нь хүлээлгэн өгсөн юм. Гэтэл одоо байраа хүлээн авчихаад бидний төлсөн төлбөрийг өгөхгүй харин ч биднээс үндэслэлгүйгээр 11,5 сая төгрөг нэхэмжилсэн байдалтай байна. Иймд Хөүп таун ХХК-ийн захиргаанаас гэрээ хүчин төгөлдөр бус болсонтой холбоотой бидний төлсөн 8 940 000 /найман сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь *******, ******* нарт холбогдуулан 11 526 667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч ******* нь ******* ХХК-аас 8 940 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

Нэхэмжлэгч ******* ХХК нь *******, ******* нарт холбогдуулан 11 526 667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч ******* нь ******* ХХК-аас 8 940 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

*******, ******* нар нь ******* ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 51 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг 7 дугаар хороолол 8 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхрын 40 метр квадрат талбайтай 3 өрөө бүхий 01 тоот орон сууцыг 55,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан болох нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ болон талуудын тайлбараар батлагдаж байна.

Дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрт хариуцагч нар 8 940 000 төгрөг төлсөн гэж байгаа бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 7 940 000 төгрөг төлсөн гэж харилцан зөрүүтэй мэдүүлж байна. Энэ талаар мөнгө шилжүүлсэн,хүлээлгэн өгсөн ямар нэг бичгийн баримт байхгүй байх тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр төлбөр 7.940.000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч *******, ******* нар нь тухайн орон сууцанд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр орж амьдарсан байх ба, түүнээс хойш 3 сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сард халуун усны шугам нь гэмтэж гал тогооны шалыг цөмөлсөн, мөн түүнээс хойш 2 сарын дараа халаалтын шугам нь гэмтэж бүх өрөөний шалыг цөмөлсөн. Энэ хугацаанд бид айл амьтнаар байсан, өвлийн хүйтэн байсан болохоор хүүхдүүд маань зутруу хэцүү байсан.

******* ХХК манайхыг орсноос хойш энэ байранд 2 удаа засвар хийсэн. Ингэж засвар хийж байх явцдаа өөрсдөө обойг бохирдуулж, нойлын суултуур зэргийг хагалсан байсан. Энэ талаар өөрсдөд нь хэлэхээр арга хэмжээ авч өгдөггүй байсан. Мөн дотор хана цууралттай, шал, хананаасаа чийг цохиж мөөгөнцөр байнга үүсч байсан, угаалгын өрөөний плита байнга нурж унаж байсан... бөгөөд энэ явдлыг засаад өгөөч ээ гэж Хөүп таун ХХК-ийн захиргаанд цаг тухайд нь хэлж мэдэгдэж байсан боловч дорвитой, чанартай арга хэмжээг авч байгаагүй.

Харин ч менежер ******* ямар ядаргаатай юм бэ? Танай байрыг засах гэж өчнөөн хүн амьтан мөнгөөр хөлсөлж баахан мөнгө барсан. Та нар ингээд байвал төлсөн мөнгөө буцаан авч наад байраа эргүүлж өг гэсэн учир арга буюу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрээг цуцлахаар өргөдөл гаргаж энэ өдөртөө нягтлан Хорлоо гэж хүнд байр, түлхүүрийг иж бүрнээр нь хүлээлгэн өгөөд байрнаасаа гарсан... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч тал нь хариуцагчийн дээрх тайлбаруудыг үгүйсгэж мэтгэлцэж маргаагүй, Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ цуцалсан, ингэхдээ үүргээ гүйцэтгээгүй учир гэрээг цуцалсан гэсэн тайлбар гаргажээ.

Талуудын тайлбаруудаас үзэхэд Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ буюу орон сууцыг худалдах худалдан авах гэрээ цуцлагдсан байна.

Гэрээ орон сууцны чанар, өөрөөр хэлбэл эд хөрөнгийн доголдолтой холбоотой цуцлагдсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2.-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.

Хариуцагч нар тухайн байрыг худалдаж аваад орсноос хойш 3 сарын дараагаас эхлэн халаалтын шугамд гэмтэл гарч компаниас 2 удаа засвар хийсэн, хана цуурсан, мөөгөнцөр үүссэн, ванны өрөөний плита нурж, цонх хаалгаар салхи сийгэж байсан зэрэг нь чанар байдлын доголдолтой гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1.-д Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж заасан байх ба, Хөүп таун ХХК нь энэ үүргийнхээ дагуу халаалтын шугамд тухайн цаг үед нь засвар хийж байсан байдлууд нотлогдсон гэж үзэв.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1.-д Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч нар эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор худалдах худалдан авах гэрээг цуцалсан байх ба, энэ тохиолдолд худалдагч буюу ******* ХХК нь *******, ******* нарын урьдчилан төлсөн 7 940 000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7 940 000 төгрөгийн хэсгийг хангаж үлдэх 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох *******, ******* нараас 11 526 667 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нарын 10 сар суусан хэмжээнд ногдох хөлс 5.000.000 төгрөгийг гаргуулж,үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний 4.5-д Хэрвээ худалдан авагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс энэхүү гэрээ цуцлагдаж байраа буцаах тохиолдолд орон сууц ашигласны төлбөр болон дахин шинэчлэн засварлах засварын төлбөр /хавсралт 2/- ийг суутган авна гэж заасны дагуу хариуцагч нарын урьдчилан төлсөн 7 940 000 төгрөнөөс 6 500 000 төгрөгийг суутган авсан.

 

Ингээд тэдний төлсөн 7 940 000 төгрөгнөөс дээрх шинэчлэн засварлах засвартай холбоотой 6 500 000 төгрөгийг суутган авсны зөрүү 1 440 000 төгрөг болно. Хариуцагч нарын компанийн өмчлөлийн байранд амьдарсан 729 хоног буюу 24 сар 3 хоногийг гэрээгээр тохирсон 500 000 төгрөгөөр тооцвол 12 150 000 төгрөг болох ба 12 150 000- 1 440 000=10 710 000 төгрөгийг компанид *******, ******* нар төлөх үүрэгтэй юм гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь нэхэмжлэгчийн чанарын шаардлага хангаагүй доголдолтой эд хөрөнгө хариуцагч нарт шилжүүлж гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсан болох нь батлагдаж байна.

Хариуцагч нарыг уг байранд оршин сууж байх хугацаанд чанар байдлын доголдол үргэлжлэн гарч байсан байх ба энэ талаар ******* ХХК-д мэдэгдэж шаардлага тавихад тодорхой арга хэмжээ аваагүй, 2016 оны 11 дүгээр сард халуун усны шугам гэмтэж гал тогооны шалыг цөмөлсөн, мөн түүнээс хойш 2 сарын дараа халаалтын шугам нь гэмтэж бүх өрөөний шалыг цөмөлсөн. ******* ХХК 2 удаа засвар хийсэн гэх боловч халуун ус,халаалтын шугамын гэмтлийг засах төдийгөөр хязгаарлаж ингэх явцдаа тухайн орон сууцны обойг бохирдуулж, нойлын суултуур зэргийг хагалсан байна.

Мөн дотор хана цууралттай, шал, хананаасаа чийг цохиж мөөгөнцөр байнга үүсч, угаалгын өрөөний плита байнга нурж унаж байсан байх бөгөөд эдгээр доголдол гэмтлийг арилгаж өгөхийг Хөүп таун ХХК-ийн захиргаанд цаг тухайд нь хэлж мэдэгдэж байсан боловч дорвитой, чанартай арга хэмжээг авч байгаагүй,уг орон сууц анхнаасаа доголдолтой байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нарыг оршин сууж байх хугацаандаа тухайн орон сууцыг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдэлээс илүү муутгасан гэж үзэн засварын хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Ийнхүү дээрх доголдолтой байдлын улмаас хариуцагч нар тухайн орон сууцыг гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд бүрэн гүйцэд ашиглаж чадаагүй байна. Энэ тухайд хариуцагч нар ...бид айл амьтнаар байсан, өвлийн хүйтэн байсан болохоор хүүхдүүд маань зутруу хэцүү байсан гэж тайлбарлаж байгаа нь бодит үнэнд нийцэж байна.

Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаа хариуцагч нар уг байранд 729 хоног буюу 24 сар 3 хоног амьдарсан гэж үзэж нэхэмжилж байгаа 10 710 000 төгрөгийг *******, ******* нараас бүрэн гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 141 990 төгрөг гаргуулж хариуцагч *******т олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1., 256 дугаар зүйлийн 256.1.225 дугаар зүйлийн 225.1,227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан *******, ******* нараас 5.000.0000 төгрөг гаргуулан ******* ХХК-нд, ******* ХХК-аас 7 940 000 төгрөг гаргуулан *******, *******т нарт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6.500.000 төгрөг,сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар 141 990 төгрөг гаргуулан хариуцагч *******т олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН