Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2019/00122

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

*******, *******нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/00750 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******нарт холбогдох,

11.526.667 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 8.940.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь *******, *******нартай 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах 51 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр *******, *******нар нь компанийн Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хорооллын 8-р байрны 01 дүгээр орцны 1 давхрын 3 өрөө бүхий 01 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнэ 55.000.000 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, компани нь дээрх хаягт байрлах орон сууцыг худалдан авагч *******, *******нарын эзэмшилд хүлээлгэн өгч, орон сууцны үнэ төлөгдөж дууссаны дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тэдний нэр дээр гаргуулан өгөхөөр тохиролцсон. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцыг гэрээ байгуулсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тэдний эзэмшилд шилжүүлэн өгсөн. Худалдан авагч нар нь гэрээгээр тохиролцсон ёсоор орон сууцны үнийг 2017 оны 06 сарын 22-ны өдөрт багтаан хуваарийн дагуу төлж дуусгах байсан. Гэтэл худалдан авагч нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүйгээр ор сураггүй болоод байна. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус тус мэдэгдэж, үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй юм. Иймд С.Сундуйжав, ******* нарт ******* ХХК-ийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн ба улмаар гэрээ цуцлагдсан. С.Сундуйжав, ******* нар нь орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойш мэдэгдэл хүлээн авах хүртэл хугацаанд орон сууцанд амьдарсан. Иймд *******, *******нараас орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр болох 11.526.667 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Сундуйжав, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй. *******, *******бид хоёр 2016 оны 8-р сарын 22-ны өдөр ******* ХХК болон түүний менежер Д.Доржпагматай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын №51 дугаартай гэрээг байгуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7-р хорооллын 8-р байр 1 тоот 40м2 бүхий 3 өрөө орон сууцыг хүлээн авч гэрээний дагуу бид урьдчилгаа төлбөр 2.000.000 төгрөгийг мөн өдрөө хийж үүнээс хойш менежертэй тохирсон ёсоор сар бүр 500.000 төгрөг хийх болсон. Уг байрыг хүлээн авч орсноос хойш халаалтын шугам гэмтэж, удаа дараа засвар хийсэн, 2 удаа засвар хийлгэж байна гэж хүсэлт гарган тэднээр 2016 оны 11 сард шалаа эвдүүлсэн, эхний удаа гал тогооны шалыг цөмлөсөн, үүнээс 2 сарын дараа буюу 2017 оны 1 сард өвлийн хүйтнээр үр хүүхдүүдээ дааруулж зутруулан байж бүх өрөөний шалаа эвдүүлснээс гадна хана болон дотор хана цууралттай, шал болон хананаасаа чийг цохиж мөөгөнцөр байнга үүсч байсан, угаалгын өрөөний плита байнга нурж унаж байсан энэ явдлыг засаад өгөөч ээ гэж ******* ХХК-ийн захиргаанд цаг тухайд нь хэлж мэдэгдэж байсан боловч дорвитой бөгөөд чанартай арга хэмжээг авч байгаагүй харин ч менежер Д.Доржпагма ямар ядаргаатай юм бэ? Танай байрыг засах гэж өчнөөн хүн амьтан мөнгөөр хөлсөлж баахан мөнгө барсан. Та нар ингээд байвал төлсөн мөнгөө буцаан авч наад байраа эргүүлж өг гэсэн учир арга буюу 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрээг цуцлахаар өргөдөл гаргаж энэ өдөртөө нягтлан н.Хорлоо гэж хүнд байр, түлхүүрийг иж бүрнээр нь хүлээлгэн өгсөн юм. Бид гэрээний нэг талын хувьд Танай барилга чанарын шаардлага хангахгүй байна. Вакум цонхны түгжээнүүд , бүргэд хаалганы жийргэвч резин барихаа больж салхи сийгээд хүйтэн байна. Шал цөмөлчихөөд паркетаа шахахгүй байна. Одоо авчирч ирсэн паркет чинь чанар муутай байна. Эсвэл гайгүй сайн паркет, обой аваад өг. Бид нар өөрсдөө засвараа хийчихье гэсэн боловч бидний шаардлага, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. Бид залуу гэр бүлийн хувьд шинэ байр авахдаа сэтгэл өндөр байсан боловч уг байранд орсноос хойш сэтгэл амар байсангүй. Үр хүүхэд минь хүйтэн нойтон, чийг, мөөгөнцөртэй газарт ханиад хүрч өвдсөн. Харин ч энэ талаар бид гомдол гаргаагүй. Бид энэ байрыг авснаас хойш амьдрах хугацаандаа санаатайгаар гэмтээгээгүй бөгөөд ******* ХХК-ийн захиргаанаас гэрээ хүчин төгөлдөр бус болсонтой холбоотой бидний төлсөн 8.940.000/найман сая есөн зуун дөчин мянга/төгрөгийг гаргуулж өгнө үү гэхэд тэд зөвшөөрөөгүй. Бид гэрээний дагуу зарим хэсгийг төлчхөөд банкуудад ипотекийн зээл гаргаж өгнө үү гэж хүсэхэд ямар ч банк чанар муу барилга учир ипотекийн зээлэнд хамрагдах боломжгүй гэсэн хариултуудыг өгч байсан. Гэтэл анх бидэнтэй гэрээ хийж ярилцах үедээ бүх банкны ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэж хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад түрээсийн гэрээтэй холбоотой шаардлага гаргасан байна. Гэтэл Иргэний хуульд зааснаар бид өөр гэрээг буюу Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг энэ байгууллагатай хийсэн. Шаардлага хангахгүй, чанаргүй барилга бидэнд өгч, бидний тавьсан хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй. Гэтэл одоо байраа хүлээн авчхаад бидний төлсөн төлбөрийг өгөхгүй харин ч биднээс үндэслэлгүйгээр 11,5 сая төгрөг нэхэмжилсэн байдалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

*******, *******бид гэр бүл бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК болон түүний менежер Д.Доржпагматай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын №51 дугаартай гэрээг байгуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7-р хорооллын 8-р байр 01 тоот 40м2 бүхий 3 өрөө орон сууцыг хүлээн авч гэрээний дагуу бид урьдчилгаа төлбөр 2.000.000 төгрөгийг мөн өдрөө хийж үүнээс хойш менежертэй тохирсон ёсоор сар бүр 500.000 төгрөг хийх болсон. Уг байрыг хүлээн авч орсноос хойш халаалтын шугам гэмтэж, удаа дараа засвар хийлгэж, 2 удаа засвар хийлгэж байна гэж тэднээр шалаа эвдүүлсэн, гадна хана болон дотор хана цууралттай, шал болон хананаасаа чийг цохиж мөөгөнцөр байнга үүсч байсан, угаалгын өрөөний плита байнга нурж унаж байсан энэ явдлыг ******* ХХК-ийн захиргаанд цаг тухайд нь хэлж мэдэгдэж байсан боловч дорвитой бөгөөд чанартай арга хэмжээг авч байгаагүй учир арга буюу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрээг цуцлахаар өргөдөл гаргаж энэ өдөртөө нягтлан бодогч н.Хорлоо гэж хүнд байр, түлхүүрийг иж бүрнээр нь хүлээлгэн өгсөн юм. Гэтэл одоо байраа хүлээн авчхаад бидний төлсөн төлбөрийг өгөхгүй харин ч биднээс үндэслэлгүйгээр 11,5 сая төгрөг нэхэмжилсэн байдалтай байна. Иймд ******* ХХК-ийн захиргаанаас гэрээ хүчин төгөлдөр бус болсонтой холбоотой бидний төлсөн 8.940.000 /найман сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

*******, *******нар нь компанийн өмчлөлийн 07-р хорооллын 8-р байрны 1-р орцны 1 давхрын 40 метр квадрат талбайтай 3 өрөө бүхий орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 51 дугаартай "Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэр бүхий худалдах худалдан авах гэрээг байгуулан худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс орон сууцанд амьдарч эхэлсэн. Уг орон сууц нь тэднийг амьдарч эхлэхээс өмнө хүн амьдарч байгаагүй бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар комисс хүлээн авч орон сууцны зориулалтаар ашиглахад хангалттай гэж дүгнэж, орон сууцны зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн болно. Гэрээний дагуу худалдан авагч нар нь орон сууцны үнэ болох 55.000.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэсэгчлэн тохирсон хугацаанд төлж байгаад 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 38.500.000 төгрөгийг төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлж үүргээ зөрчсөн. *******, *******нар нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш компанийн орон сууцанд амьдарч байгаад орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн гэх шалтгаан хэлж 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орон сууцыг орхиод явсан. Ингээд уг орон сууц худалдах худалдан авах гэрээ худалдан авагч талын үүргээ биелээгүйн улмаас цуцлагдах нөхцөл бүрдсэн тул компанийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцалж байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч нар нь компанийн өмчлөлийн байранд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 729 хоног амьдарсан. Хариуцагч нар нь компанид орон сууцны урьдчилгаа төлбөрт 7.940.000 төгрөг төлсөн ба нэхэмжлэлдээ 8.940.000 төгрөг гэж буруу бичсэн байна. Тэдний төлсөн 7.940.000 төгрөгийг орон сууц захиалга хөрөнгө оруулалтын гэрээний 4.5 Хэрвээ худалдан авагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс энэхүү гэрээ цуцлагдаж байраа буцаах тохиолдолд орон сууц ашигласны төлбөр болон дахин шинэчлэн засварлах засварын төлбөр /хавсралт 2/- ийг суутган авна гэж заасны дагуу суутган авсан. Гэрээний хавсралт 2-д зааснаар шинэчлэн засварлах материалын үнийг 4.500.000 төгрөг, дотор заслын ажлын хөлс 2.000.000 төгрөг нийт 6.500.000 төгрөг байхаар тохиролцсон. Ингээд тэдний төлсөн 7.940.000 төгрөгөөс дээрх шинэчлэн засварлах засвартай холбоотой 6.500.000 төгрөгийг суутган авсны зөрүү 1.440.000 төгрөг болно. Хариуцагч нарын компанийн өмчлөлийн байранд амьдарсан 729 хоног буюу 24 сар 3 хоногийг гэрээгээр тохирсон 500.000 төгрөгөөр тооцвол 12.150.000 төгрөг болох ба 12.150.000- 1.440 000=10.710.000 төгрөгийг компанид *******, *******нар төлөх үүрэгтэй юм. Харин үлдэх 1.000.000 төгрөгийг хариуцагч нар нь компанид төлөөгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд 8.940.000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/00750 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1., 256 дугаар зүйлийн 256.1.-д заасныг тус тус баримтлан С.Сундуйжав, ******* нараас 11.526.667 төгрөг гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ******* ХХК-аас 7.940.000 төгрөг гаргуулж *******т олгож, сөрөг нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200.000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар 141.990 төгрөг гаргуулан хариуцагч *******т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

******* ХХК нь хариуцагч нарт холбогдуулан Орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрт 11.526.667 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргах болсон үндэслэл нь хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд компанийн өмчлөлийн орон сууцанд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 24 сар 3 хоног 729 хоног амьдарч орон сууцыг ашигласантай холбоотой юм. Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Худалдах худалдан авах гэрээний зүйл болох орон сууц нь чанарын доголтой байсан тул *******, Сандуйжав нар нь орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалсан гэх дүгнэлтийг хийсэн нь буруу болсон. Учир нь *******, Сандуйжав нарт компанийн өмчлөлийн орон сууцанд амьдарч байх хугацаанд нь гэрээний дагуу тэдний хүлээсэн үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд хариуцагч нарт 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 93 дугаартай Албан шаардлага гэх нэр бүхий мэдэгдэл, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 037 дугаартай мэдэгдэл зэргийг тус тус хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлүүд нь хэрэгт авагдсан бөгөөд агуулгын хувьд худалдан авагч талын гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотойгоор гэрээг цуцлах талаар гэрээг цуцлахтай холбоотой үр дагавруудыг сануулсан болно. Шүүхийн шийдвэрт дурьдаад буй нөхцөл байдал буюу орон сууцанд хүн амьдрах боломжгүй биет байдлын доголдолтой байсан бол тухайн орон сууцанд 24 сар 3 хоног тасралтгүй амьдрахгүй байсан. Гэтэл үг дуугүй орон сууцанд тасралтгүй амьдарсаар байсан тул энэхүү хэрэгт нэхэмжлэгч компанийг буруутгах боломжгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ******* ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут 7-р хорооллын 8 -р байрны 1-р орцны 1 давхрын 01 тоот 40 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцыг орон сууц ашиглалтанд хүлээн авах үеийн байдалд шинэчлэн засварлахад засварын ажлын барилгын материал, ажлын хөлс нийт хэдэн төгрөгөөр засварлах талаар шинжээч томилон шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг шүүх хүлээн авч 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 220 дугаартай захирамжаар шинжээчээр Далайван аудит ХХК-ийг томилсон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 220 дугаартай хуралдааны тэмдэглэлээр баталгаажсан бөгөөд надад шүүхээс гардуулсан 220 дугаартай захирамжид заагдсан байна. Гэтэл шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг дараах байдлаар хууль зөрчиж явуулсан байна. Хэргийн материалд байгаа шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 220 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн 1 дэх заалтаар Найдвар- Од Аудит ХХК-ийг томилсон байна. Үүнээс үзвэл шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэсэн хуралдаанд шүүгчийн хуралдаан дээр томилсон шинжээчээс өөр шинжээчийг захирамжаар томилсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна. Шинжээчээр томилогдон дүгнэлт гаргасан Найдвар-Од Аудит нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, 9.1 заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаарх нотлох баримт авагдаагүй. Өөрөөр хэлбэл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9-д Санхүү, эдийн засгийн чиглэлээр тэр дундаа хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр явуулах аж ахуйн үйл ажиллагааг заавал тусгай зөвшөөрөл бүхий этгээд байхыг шаардсан байдаг болно. Шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6, 47.1- д зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс цуглуулж бүрдүүлдэг нотлох баримтууд тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн энэхүү алдааг хэргийн оролцогчид хамаатуулан ойлгох боломжгүй болно. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрдүүлж, цуглуулах ажиллагаатай холбоотой ноцтой алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гарахаас өөр үндэслэл байхгүй болно. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 750 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ны төлбөр 11.526.667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, *******нарт байрны урьдчилгаа төлбөр 8.940.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Шүүх хариуцагч С.Сундуйжав, ******* нараас 11.526.667 төгрөг гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ******* ХХК-аас 7.940.000 төгрөг гаргуулж *******т олгож, сөрөг нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200.000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар 141.990 төгрөг гаргуулан хариуцагч *******т олгож шийдвэрлэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр ...******* ХХК-ний өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7-р хорооллын 8-р байр 01 тоот 40м2 бүхий 3 өрөө орон сууцыг ашиглалтанд хүлээн авах үеийн байдалд шинчлэн засварлахад засварын ажлын барилгын материал, ажлын хөлс нийт хэдэн төгрөгөөр засварлах талаар шинжээч томилон шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргаалах тухай хүсэлт гаргасан ба шүүх уг хүсэлтийг хүлээн авч хангаж, улмаар Найдвар Од аудит ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулж ирүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохиролын үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогч нарт танилцуулааагүйгээс гадна Найдвар Од аудит ХХК-ний хохирлын үнэлгээний талаар дүгнэлт гаргах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4.9-д заасан тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан ...Шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6, 47.1- д зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс цуглуулж бүрдүүлдэг нотлох баримтууд тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн энэхүү алдааг хэргийн оролцогчид хамаатуулан ойлгох боломжгүй болно. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрдүүлж, цуглуулах ажиллагаатай холбоотой ноцтой алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/00750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ