Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 851

 

 

 

 

 

 

 

 

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00653 дугаар шийдвэртэй “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Б, “Э” ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 125 308 000 төгрөг, хохиролд 171 050 төгрөг, нийт 125 479 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нар манай байгууллагатай 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр бараа, худалдааны үйл ажиллагаанд зориулж 40 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний үндсэн хүүнд 9 480 000 төгрөгийг төлж, үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, мөн оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхээр эрэн сурвалжлуулж байсан болно.

Анх зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг, хүү 65 760 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 108 000 төгрөг, зээлдэгч нь үүргээ биелүүлээгүйтэй холбоотой эрэн сурвалжлуулах зардал 140 400 төгрөг, нотариатын зардал 30 650 төгрөг, нийт 118 039 050 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэгчийн эрх ашигт хохирол учруулж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 4 сарын хүү 7 440 000 төгрөг тооцон, нийт 125 479 050 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээг “Э” ХХК-тай байгуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан. Хэргийн үйл баримтаас харахад хариуцагч 2016 оны 3 дугаар сараас зээлийн төлөлт хийгээгүй тул нэхэмжлэгчээс удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гарган эрэн сурвалжуулж байсан зэргээс үзэхэд зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг гэрээний 7.2.1-д заасны дагуу гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар буюу ирээдүйд болох хурлыг тооцож хүү бодож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул хүүгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас 121 828 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Ц” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 651 050 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ж.Бид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, тус үүргийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох №000406764 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204071114 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б доржийн гудамж, 28/5 дугаар байр, 27 тоот хаяг байршилтай 47.93 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцаар хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 856 345 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Эрчим магнат” ХХК-аас 767 090 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Ц” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний 2.1.1-д зааснаар зээлдэгч нь сар бүр 4.5 хувийн хүү болох 1 800 000 төгрөг төлөх үүрэгтэй.

Гэтэл хариуцагчийн зүгээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо 1 800 000 төгрөгийг 30 хоногт хуваан өдөрт 60 000 төгрөгийн хүүнд төлөхөөр тооцоолж, 30 хоногтой өдөрт 1 800 000 төгрөг, 31 хоногтой өдөрт 1 860 000 төгрөг төлөх тооцоо гаргасан. Улмаар хариуцагч нь зарим сард төлөх ёстой хүүгээсээ 60 000 төгрөг илүү төлж байсан.

Дээрх шалтгааны улмаас шүүх зээлийн үндсэн хүүгийн хэмжээг буруу тооцоолсон. Тухайлбал, хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 43 сар 19 хоногийн хугацаанд 78 503 200 төгрөгийг /43 сарын хүү 77 400 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 19 хоногийн хүү 1 103 200 төгрөг/ үндсэн хүүнд өгөх ёстой. Үүнээс хариуцагч нь 9 480 000 төгрөгийг төлж 69 023 200 төгрөгийг хүүнд төлөх үлдэгдэлтэй болсон. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу хүүгийн төлбөрт тооцохоор болсон мөнгөн дүн нь төлвөл зохих хүүгийн төлбөрөөс 696 800 төгрөгөөр илүү байна. Иймд илүү дүнг хүлээн зөвшөөрөхгүй.

Дээр дурдсанчлан зээлийн үндсэн хүүгийн хэмжээ нь алдаатай бодогдсоноор нэхэмжлэлийн нэг хэсэг болж буй нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ мөн адил алдаатай бодогдсон. Нэмэгдүүлсэн хүүг 1 800 000 төгрөгийн хүүгээс тооцно. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12 108 000 төгрөг” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагчийн төлөөлөгчийн эрүүл мэнд муудсан тул зээлийн эргэн төлөлт хийж чадаагүй. Шүүх дээрх байдлыг харгалзан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг бууруулан тогтоох боломжтой. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Ж.Б, “Э” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 125 308 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 171 050 төгрөг, нийт 125 479 050 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ж.Б нь “...гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байсан нь зээлийн гэрээний үүрэг хүлээх нөхцөл болохгүй...” гэж, хариуцагч “Э” ХХК-ийн хувьд “...тооцоолол буруу хийсэн...” гэх үндэслэл заан, нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүүгийн зарим хэсгээс татгалзан, маргажээ. 

Талууд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Ц” ХХК нь зээлдэгч “Э” ХХК-д 40 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. /хх 9-15 дахь тал/

Хариуцагч Ж.Б нь “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасны дагуу компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувиар дээрх гэрээнд гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул “Ц” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ж.Боос шаардах эрхгүй. Хариуцагч “Э” ХХК нь зээлийн гэрээний дагуу 40 000 000 төгрөг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар зөв дүгнэсэн байна.

Хариуцагч тал зээлийн үүргээс 9 480 000 төгрөг төлсөн, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин талууд зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаж, энэ нь давж заалдах гомдлын үндэслэл болжээ.

Талууд гэрээний хавсралтаар зээл, зээлийн хүү төлөх хуваарийг баталж, гэрээний 3.1-д зааснаар зээлдэгч нь уг хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хуваарь зөрчсөн өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-д заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хх 9 дэх тал/

Зохигчид зээлийн гэрээг 8 сарын хугацаатай байгуулсан бөгөөд уг хугацаа нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дууссан. Хариуцагч энэ хугацаанд зээлийн хүүд нийт 14 400 000 төгрөг төлөхөөс 7 880 000 төгрөг төлж, гэрээний хугацаа дууссанаас хойш 1 600 000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээлдэгчийн зээл, хүүний төлөлтийн баримтаар нотлогдож байна. Иймээс хариуцагчийг зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлд 40 000 000 төгрөг, зээлийн хүүд 6 550 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байсан гэж үзнэ. Харин гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 02 дугаар сарын 05-нд 1 000 000 төгрөг, мөн сарын 29-нд 500 000 төгрөг, 3 дугаар сарын 01-ний өдөр 100 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч тал үндсэн зээлээс хасч тооцоогүй нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй байгааг шүүх анхаараагүйгээс хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлөх мөнгөн дүн буруу гарчээ. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэмэгдүүлэхдээ 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны хүү тооцсоныг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг тооцсон нь дээрх хуульд харшлахгүй байна. Иймээс хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг тооцвол, зээлийн гэрээний хугацаанд төлөх ёстой хүүгийн үлдэгдэл 6 550 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр болох 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны хүүд 61 610 400 төгрөг тодруулбал, 2016.01.05-02.05-ны өдөр хүртэл 40 000 000 төгрөгийн хүүд 1 800 000 төгрөг, 16.02.05-02.29-ний өдрийг хүртэл үндсэн зээл 39  000 000 төгрөгөөс хүү тооцоход 1 404 000 төгрөг, 2016.03.01-2018.12.25-ны өдрийг хүртэл үндсэн зээл 38 400 000 төгрөгөөс хүү тооцоход 58 406 400 төгрөг, нийт зээлийн хүүд 68 160 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13 632 080 /68 160 400 х 20%/ төгрөг, үндсэн зээлд 38 400 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.  Гэхдээ нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчийн шаардсан хэмжээ буюу 12 108 000 төгрөгөөр тооцох нь талуудын тэгш эрхийн зарчимд нийцэх тул хариуцагч “Э” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 118 668 400 төгрөг гаргуулах нь зүйтэй.

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалт нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгож буй зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “зээлийн хүүг бууруулан тогтоох боломжтой байсан” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч “Э” ХХК-тай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ Б доржийн гудамж, 28/5 байрны 27 тоот хаягт байрлах 47.93 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалах гэрээг 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 12-13 дахь тал/  Анхан шатны шүүх Иргэний хуулийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41.1, 41.2 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Мөн хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 171 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00653 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “121 828 000” гэснийг “118 638 400” гэж,  “3 651 050” гэснийг  “6 840 650” гэж, 2 дахь заалтын “767 090” гэснийг “751 142” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                Ч.ЦЭНД