Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00274

 

ЦШ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00653 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 851 дугаар магадлалтай,

ЦШ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ж.Б-, ЭМ ХХК-д тус тус холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 125.308.000 төгрөг, хохиролд 171.050 төгрөг, нийт 125.479.050 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЦШ ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хариуцагч нь манай байгууллагатай 2015 оны 5 сарын 05-ны өдөр бараа, худалдааны үйл ажиллагаанд зориулж 40.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний үндсэн хүүд 9.480.000 төгрөгийг төлж, үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн, 2017 оны 01 сарын 26-ны өдөр, мөн оны 4 сарын 20-ны өдөр шүүхээр эрэн сурвалжлуулж байсан. Анх зээлийн гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг, хүү 65.760.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.108.000 төгрөг, зээлдэгч нь үүргээ биелүүлээгүйтэй холбоотой эрэн сурвалжлуулах зардал 140.400 төгрөг, нотариатын зардал 30.650 төгрөг, нийт 118.039.050 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэгчийн эрх ашигт хохирол учруулж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 10 сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 сарын 11-ний өдрийг хүртэл 4 сарын хүү 7.440.000 төгрөг тооцон, нийт 125.479.050 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан тайлбарт: ...Зээлийн гэрээг ЭМ ХХК-тай байгуулсан тул зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ЭМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан. Хэргийн үйл баримтаас харахад хариуцагч 2016 оны 3 дугаар сараас зээлийн төлөлт хийгээгүй тул нэхэмжлэгчээс удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гарган эрэн сурвалжуулж байсан зэргээс үзэхэд зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг гэрээний 7.2.1-д заасны дагуу цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар буюу ирээдүйд болох хурлыг тооцож хүү бодож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул хүүгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00653 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг баримтлан ЭМ ХХК-аас 121 828 000 төгрөгийг гаргуулан, ЦШ ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 651 050 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ж.Б-ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, тус үүргийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох №000406764 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204071114 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б доржийн гудамж, 28/5 дугаар байр, 27 тоотот байрлах 2 өрөө орон сууцаар хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 856 345 төгрөгийг хэвээр үлдээн, ЭМ ХХК-с 767 090 төгрөг гаргуулан ЦШ ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 851 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00653 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 121 828 000 гэснийг 118 638 400 гэж, 3 651 050 гэснийг 6 840 650 гэж, 2 дахь заалтын 767 090 гэснийг 751 142 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгож буй зээлийн гэрээний үүргийн харилцаа мөн хуулийн 8.1.1 дэх хэсэгт заасны дагуу үүссэн болно. Тус гэрээний харилцаанд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан ердийн зээлийн гэрээний нийтлэг зохицуулалтын зээлдэгчид хамааралтай хэсэг үйлчлэх нь зүйтэй бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалт нь зохигчдын хооронд үүссэн харилцаанд үйлчлэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон бөгөөд энэ талаар ЭМ ХХК болон түүний төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад холбогдох нотлох баримтыг гаргаж өгч байсан. Хариуцагч нь тус нотлох баримтуудыг үндэслэн зээлийн эргэн төлөлтийг хийж чадаагүй хугацаанд ногдох хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөх, багасгах боломжтой байсан. Гэтэл шүүхээс тус нотлох баримтыг зохих ёсоор үнэлэн, шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй. Иймд магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож нэмэгдүүлсэн хүүг 8.918.400 төгрөгөөр бууруулан тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ЦШ ББСБ ХХК нь ЭМ ХХК болон Ж.Б-ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 125.308.000 төгрөг, хохиролд 171.050 төгрөг, нийт 125.479.050 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ЭМ ХХК нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, хариуцагч Ж.Б- зээлийн гэрээний оролцогч биш тул үүрэг хүлээхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч ЭМ ХХК-аас 121.828.000 төгрөг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас 3.651.050 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ж.Б-ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хариуцагч ЭМ ХХК-аас 118.638.400 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. 

Хариуцагч ЭМ ХХК нэхэмжлэгч ЦШ ББСБ ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 40.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлж, төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх  дүүргийн 2 дугаар хороо 1Б, Б.Доржийн гудамж, 28/5 дугаар байр, 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан байна. Зээл болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн 1.600.000 төгрөгийг үндсэн зээлээс бус зээлийн хүүгээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасантай нийцээгүй байх бөгөөд энэхүү алдааг давж заалдах шатны шүүх залруулж хариуцагч ЭМ ХХК-ийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тодорхойлж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ. Түүнчлэн барьцааны гэрээний талаар шүүх дүгнэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч Ж.Б- зээлийн гэрээний оролцогч биш учир түүнээс гэрээний үүргийг шаардах боломжгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хэргийн баримтаас үзэхэд зээлийн хүүг багасгах талаар хариуцагч хүсэлт гаргаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байна. Нөгөө талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлдэг бөгөөд хариуцагч ЭМ ХХК нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу нэхэмжлэгч ЦШ ББСБ ХХК-г сонгож гэрээ байгуулж, зээлийн хүүг сарын 4.5 хувь байхаар харилцан тохиролцсон, уг хэмжээ нь  зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх  үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр зээлийн хүүг бууруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 851 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 157.640 төгрөг төлснийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ