Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2020/00023

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2020/00023

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Жаргалант сум, Жаргалант баг, Улаантолгой багт байрлах, *******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, *******,*******,*******/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,817,220 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч , хамтран зээлдэгч нар нь 2017 оны 02 сарын 22-нд *******ын Улаантолгой тооцооны төвөөс № 130200174285 тоот ззэлийн гэрээ байгуулан 10,000,000 /Арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.40 % хүүтэй, 36 сарын хугацаагаар, гэрээг цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга хөдлөх хөрөнгө зэргийг зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгч нь нас барсан бөгөөд 2019 оны 5 сарын 2 өдрөөс эхлэн зээлийн төлөлт хийгээгүй тул хамтран зээлдэгч болох гаар зээлийг төлүүлэх хүсэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 3.2.4 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2018 оны 02 сарын 27-ны өдөр зээлээ төлөх гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 05 сарын 22-ны өдөр зээлийн гэрээний үурэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл хүлээлгэн өгсөн. 2019 оны 06 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 1 1 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банкны нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний нөхөр 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэнэтийн байдлаар нас барсан. Талийгаач нөхөр маань Орхон аймаг Жаргалант сумын ЗДТГ-т хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус сум дахь Төрийн банкны Улаантолгой салбараас 10.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан байсан. Энэ зээлийг сар бүр төлж байгаад 2019 оны 05 дугаар сараас эхлэн төлөөгүй юм. Учир нь: Талийгаач ажил эрхэлж байхдаа цалингаа барьцаалж зээл авсан ба энэ нь зөвхөн талийгаачтай холбоотой зээл юм. Миний бие хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан боловч би өөрийнхөө цалин орлогыг барьцаалаагүй тул зээлийн гэрээний үүргийг надад хамааруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний үүрэг дуусгавар болохоор заасан байна.

Иймд цалин барьцаалсан зээлийн үүрэг гүйцэтгэгч зээлдэгч миний нөхөр нас барснаар дуусгавар болсон тул Төрийн банкны нэхэмжпэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь , ******* нараас зээлийн төлбөр 3,817,220 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь зээлийн төлөлт хийгдэхгүй болсон тул хамтран зээлдэгч болох *******гаар зээлийг төлүүлэх хүсэлтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд Миний нөхөр Б.Баярхүү 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэнэтийн байдлаар нас барсан. Талийгаач нөхөр маань Орхон аймаг Жаргалант сумын ЗДТГ-т хуулийн зөвлөхөр ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус сум дахь Төрийн банкны Улаантолгой салбараас 10.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан байсан. Энэ зээлийг сар бүр төлж байгаад 2019 оны 05 дугаар сараас эхлэн төлөөгүй юм. Учир нь талийгаач ажил эрхэлж байхдаа цалингаа барьцаалж зээл авсан ба энэ нь зөвхөн талийгаачтай холбоотой зээл юм. Миний бие хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан боловч би өөрийнхөө цалин орлогыг барьцаалаагүй тул зээлийн гэрээний үүргийг надад хамааруулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Хар сүрэгтэй овогт Бадамын Баярхүү, хамтран зээлдэгч Ожгоод овогт Батсүхийн Жавхлантуяа нар нь 2017 оны 02 сарын 22-нд *******ын Улаантолгой тооцооны төвөөс № 130200174285 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 /Арван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.40 % хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчийн тайлбар, барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Барьцаат зээлийн гэрээ нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч нь зээлийг гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж байсан боловч 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэнэтийн байдлаар нас барсан байх ба 2019 оны 05 сарын 02 өдрөөс эхлэн зээлийн төлөлт хийгдээгүй байна.

Мөн дээрх зээлийн гэрээгээр хариуцагч гийн 36 сарын цэвэр цалинг, гэрийн бүх хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж зээл олгосон байх бөгөөд хариуцагч цалингаасаа дээрх зээлийг хуваарийн дагуу төлж байсан байх бөгөөд тэрээр нас барснаар зээл төлөгдөх эх үүсвэр мөн зогсож зээл төлөгдөх боломжгүй болсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч *******гаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа боловч үндсэн зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг тохиолдолд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэн тэргүүнд төлүүлэх өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга байдлаар түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зуруулсан байх бөгөөд энэхүү байдал нь гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл болжээ.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасан тул Төрийн банкны Орхон салбар батлан даалтын гэрээний дагуу *******гаас шаардах эрхтэй.

Харин Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэх бөгөөд, мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгохоор хуульчилсан байна.

Түүнчлэн зээлдэгч нас барснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад хууль ёсны өвлөгч байхгүй гэж үзэн батлан даагчаар зээлийг бүрэн төлүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгодог байхад нас барснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй, өвлөх эрх бүртгэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэжээ.

Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2-т үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд өвлөгч нь өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бөгөөд батлан даагч нь нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Өвлөгч нь өвлүүлэгчийн хүлээх үүргийг өөрийн бүх хөрөнгөөр хариуцахгүй бөгөөд зөвхөн өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр хариуцахаар байна. Өвлөгч нь өвлүүлэгчийн хүлээх үүргийг өөрийн бүх хөрөнгөөр хариуцахгүй бөгөөд зөвхөн өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр хариуцахаар хууль болон гэрээнд заасан тул Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2-т зааснаар батлан даагч *******гийн хүлээх хариуцлага тодорхойгүй гэж үзэхээр байна.

Мөн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй,эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон,түүнчлэн нас барсан,нас барсан гэж зарлагдсан үндэслэлээр үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1,242 дугаар зүйлийн 242.3,240 дүгээр зүйлийн 240.1.2-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,027 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН