Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/01439

 

                                                Төрийн банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00023 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар магадлалтай, 

Төрийн банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

*******, *******нарт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 3,817,220 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Л.Атарцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Жавхлантуяа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******, хамтран зээлдэгч *******нар нь 2017 оны 02 сарын 22-нд Төрийн банкны Орхон салбарын Улаантолгой тооцооны төвөөс зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.40 % хүүтэй, 36 сарын хугацаагаар, гэрээг цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга хөдлөх хөрөнгө зэргийг зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгч ******* нь нас барсан бөгөөд 2019 оны 5 сарын 2 өдрөөс эхлэн зээлийн төлөлт хийгээгүй тул хамтран зээлдэгч болох Б.Жавхлантуяагаар зээлийг төлүүлэх хүсэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 3.2.4 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. 2019 оны 06 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна.

Зээлийн үндсэн төлбөр 3,368,663 төгрөг, зээлийн хүү 422,626 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,929 төгрөг нийт 3,817,220 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******шүүхэд гаргасан тайлбартаа: Миний нөхөр ******* 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэнэт нас барсан. Талийгаач нөхөр маань Орхон аймаг Жаргалант сумын ЗДТГ-т хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус сум дахь Төрийн банкны Улаантолгой салбараас 10.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Энэ зээлийг сар бүр төлж байгаад 2019 оны 05 дугаар сараас эхлэн төлөөгүй юм. Миний бие хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан боловч би өөрийнхөө цалин орлогыг барьцаалаагүй тул зээлийн гэрээний үүргийг надад хамааруулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний үүрэг дуусгавар болохоор заасан байна. Иймд цалин барьцаалсан зээлийн үүрэг гүйцэтгэгч зээлдэгч миний нөхөр ******* нас барснаар дуусгавар болсон тул Төрийн банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00023 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1,242 дугаар зүйлийн 242.3, 240 дүгээр зүйлийн 240.1.2-д заасныг баримтлан Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,027 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.027 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төрийн банк 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээг иргэн *******тэй байгуулж, хамтран зээлдэгчээр *******нь гэрээнд гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгч болсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан болно.

*******нь Төрийн Банкнаас нөхөр *******г зээл авахад нь хам фан үүрэг гүйцэтгэгчээр орохыг хүлээн зөвшөөрч 2017 оиы 12 дугаар сарын 22-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 02-ний өдөр уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж дуусгах хүсэлтийг гарган үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Зээлдэгч Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээ, хариуцагчийн банканд гаргасан хүсэлт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2., 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу гэрээг тайлбарлаагүй, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан хуулийн заалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. ******* нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул гэрээний үүрэг зөрчсөнөөс хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг Төрийн Банк Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 -д заасны дагуу Зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тохиролцоо гэрээнд байхгүй.

Иймд анхан шатны шүүхийг зээлийн гэрээний агуулга болон хамтран үүрэг гүйцэтгэх талаарх Иргэний хуулийн зохицуулалтад нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Төрийн банкны Орхон салбараас *******, *******нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу ...зээлдэгч ******* нас барсан тул хамтран зээлдэгч *******нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцах ёстой гэж 3,817,220 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шүүхүүд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлсон боловч, маргааны үйл баримтад хамаарах хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, хүлээх үүргийн талаарх Иргэний хуулийн холбогдох зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

Хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

1. Маргааны үйл баримтад хамаарах хамтран үүрэг гүйцэтгэх талаарх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэх гомдлын талаар:

Үүргийн харилцаанд хэд хэдэн үүрэг гүйцэтгүүлэгч болон гүйцэтгэгч хамтран шаардах, гүйцэтгэх хэлбэрээр оролцож болох бөгөөд тэдгээрийн эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 241, 242 дугаар зүйлээр тусгайлан зохицуулалттай.  

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар хариуцагч *******нь хамтран үүрэг гүйцэтгэгч байна.

Иргэн *******, *******нар нь 2017.02.22-ны өдөр Төрийн банкны Орхон Улаантолгой ТТ салбартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 20.40 % хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, гэрээнд ******* нь зээлдэгч, *******нь хамтран зээлдэгч гэж гарын үсгээ зурсан, барьцааны зүйл нь цалин болон гэр бүлийн бүх хөдлөх хөрөнгө, цахилгаан бараа, бусад хогшил болох талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Барьцаат зээлийн гэрээний 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэг адил эрх, эдэлж үүрэг хүлээнэ гэж заасныг *******зөвшөөрч, *******тэй хамтран зээлдэгч болохоо илэрхийлж, гэрээнд гарын үсгээ зурсан, зээл авах зорилгоор шаардагдах баримт болох өөрийн цалин орлого, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримт, банкнаас шаардсан бусад бичиг баримтыг зээлдэгчийн нэг адил адил бүрдүүлж өгснөөр зээл олгогдсон, зээлийн гэрээнд *******хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь түүний өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл, энэ талаар маргаагүй байна.

Зээлдэгч Б..Баярхүү нь 2019.05.01-ний өдөр нас барсан, зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн биелэгдээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хамтран зээлдэгч Б.Жавхлантуяагаас төлөгдөөгүй үлдсэн зээлийн өрийг буюу гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч нь Барьцаат зээлийн гэрээг үндэслэн, зээлдэгч, хамтран зээлдэгчийг аль алийг нь хариуцагч гэж үзэж, тэдэнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан, өөрийн шаардлагыг хариуцагч нараас хуваарилж шаардаагүй, зээлдэгч нас барснаас Б.Жавхлантуяагаас гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь буруу биш, Б.Жавхлантуяад гэрээний дагуу хамтран хүлээх үүрэг ногдоно.

Банкнаас зээл олгох гэрээгээр банк буюу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээх бөгөөд зээлийн мөнгийг *******гийн дансанд шилжүүлснээр банк үүргээ биелүүлсэн, харин Б.Жавхлантуяад зээлийг шилжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй. 

Гэр бүлийн гишүүдийн тухайд өөрсдийнх зөвшөөрснөөр зээлийг *******гийн дансанд шилжүүлсэн, *******зээлийг аваагүй гэж маргаагүй, зөвхөн ... өөрийнхээ цалинг барьцаалаагүй... гэх хариуцагчийн тайлбар түүнийг хамтран үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөх хангалттай үндэслэл биш юм.

Хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд үүрэг дуусгавар болсноос өөр бусад үндэслэлээр *******нь зээлийн гэрээний дагуу төлбөр хариуцах үүргээс чөлөөлөгдөхгүй.  

2. Үүрэг дуусгавар болох тухай Иргэний хуулийн зохицуулалтыг тухайн маргаантай харилцаанд буруу хэрэглэсэн гэх гомдлын талаар  

Үүрэг дуусгавар болох үндэслэлийг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд тодорхой зохицуулсан.  

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ...нас барсан... нөхцөлд үүрэг дуусгавар болохоор заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэдэг нь үүрэг гүйцэтгэгч нас барснаар түүний оролцоогүйгээр үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдлыг ойлгохоор байна.  

Гэтэл гэрээгээр цалингийн зээлийг зээлдэгч, хамтран зээлдэгч нар аль аль нь хариуцахаар тохиролцсон, зээлдэгч нас барсан нь түүний оролцоогүйгээр зээлийн үлдэгдлийг төлөх боломжгүй гэх нөхцөл байдал үүсээгүй байхад хоёр шатны шүүх зээлийн энэ зохицуулалтыг буруу тайлбарлаж, гэрээ дуусгавар болсон гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.  

3. Талуудын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдаагүй байхад шүүхүүд энэ маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар дүгнэлт хийсэн нь буруу байна.  

Дээр дурдсаныг нэгтгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хамтран зээлдэгч Б.Жавхлантуяаг нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж, түүнээс зээлийн гэрээний үлдэгдэлд нэхэмжилсэн 3,817,220 төгрөгийг гаргуулж, Төрийн банкны Орхон салбарт олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.  

4. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Цалингийн барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйл нь цалингаас гадна гэр бүлийн бүх хөдлөх хөрөнгө, цахилгаан бараа, бусад хогшил байх тул эдгээрээс үүргийн гүйцэтгэлийг хуульд заасан журмын дагуу хангуулах боломжтой.  

Харин гэрээнд хөдлөх хөрөнгийн нэр, төрлийг тодорхой заагаагүй тул шүүхийн шийдвэрт ямар хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тухайлан нэр зааж тусгах боломжгүйг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг баримтлан Б.Жавхлантуяагаас 3,817,220 төгрөгийг гаргуулж Төрийн банкны Орхон салбарт олгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Жавхлантуяагаас 76,027 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 76,027 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилсүгэй.  

2. 2 дахь заалтын дараа Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүргийн биелэлтийг барьцааны зүйлээс хангуулж болохыг дурдсугай гэж, 3 дахь заалт нэмж, 3 дахь заалтын дугаарыг 4 болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,027 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ 

П.ЗОЛЗАЯА 

Х.СОНИНБАЯР