Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2020/00661

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2020/00661

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, *******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, *******, ТӨҮГ /Регистрийн дугаар: 2074192,*******/-т холбогдох

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэнгийн инженер зохион бүтээгч, иргэн ******* миний биед 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн дугаар А/13 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Тушаалд зураг төсөл боловсруулах даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүрэгтэй холбогдуулан тавьсан албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул үндсэн цалин 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Би үүнийг хууль зөрчсөн, хууль бус. үндэслэлгүй тушаал гэж үзэж байна.

1.Ялгаварлан гадуурхсан

/Монгол улсын үндсэн хуульд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал. байдал. хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол. боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна./

2.Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан

Ажлын байрны, албан тушаалын дарамт, шахалт, дарангуйлал, хүчирхийлэл үйлдсэн. Хөдөлмөрлөх эрхэнд ноцтой халдсан.

3.Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлгүй халдсан /Монгол улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, Хүний нэр төр, алдар хүнд. эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх./

4.Ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцсан, зохисгүй үйлдэл гаргасан, доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн, хуйвалдсан, бүлэглэсэн, хууль бус гушаал гаргасан, хохироосон.

5.2018 оны байдал дахин давтагдсан.

6.Ажлаар шалтаглаж ажлаас халах, санаа зорилго хэрэгжүүлж байгаад иргэн хүний хувьд харамсаж байна. Миний бие ажилгүй болоход харамсахгүй.

Хууль зөрчсөн, хулгай хийсэн, ашиг сонирхлын асар их зөрчил, хууль бус үйлдэл, нотлох баримтаар ил болсон. Авилга албан тушаалын гэмт этгээд, гэмт хэрэгтэнд хууль бус, шударга бусаар шүүгдэж байгаад харамсаж байна. Миний бие тушаалд бичсэнчлэн:

1.Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй,

2.Даалгасан хугацаанд зохих ёсоор биелүүлсэн,

3.Ажил үүрэгтэй холбогдуулан гавьсан албан тушаалтны шаардлагыг цаг тухай бүрт биелүүлж байсан.

Жирийн уурхайчин, ажилтны хөдөлмөрлөх эрхэнд ноцтой халдсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хохирол учруулж тоглож байгаад харамсаж байна. Бас гомдолтой байна.

Иймд үнэн, бодит байдалтай нийцэхгүй байгаа тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч. ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэнгийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийн ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Шүүн хатаах хэсгийн 61, 62 дугаартай туузан дамжуулгын угсралтын зураг төсөл боловсруулах 10 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг Технологийн зохион бүтээх товчооны инженер зохион бүтээгч *******д 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариуцуулан өгч, ТӨҮГ-ын албан хэрэгцээнд ашиглагддаг албан хэрэг хөтлөлтийн Е-Office системд бүртгэж хуваарилсан байна.

Дээрх ажил, үүрэг нь нэхэмжлэгч *******ийн ажлын байрны тодорхойлолтод заасан зураг төсөл боловсруулах даалгаврын үндсэн дээр ... зураг төслийн ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх гол ажил үүрэг мөн бөгөөд даалгасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гүйцэтгээгүй, тэргүүлэх инженер зохион бүтээгчийн гүйцэтгэж буй ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан ажлын объектоо судлан хэмжилт тооцоо хийх шаардлагыг биелүүлээгүй болох нь Зураг төслийн хүрээлэнгийн дотоод системд оруулсан нэхэмжлэгчийн ажил, үүргийн гүйцэтгэлээр болон тэргүүлэх инженер зохион бүтээгч *******ийн илтгэх хуудсаар тогтоогддог.

Нэхэмжлэгч ******* нь Зураг төслийн хүрээлэнгийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/13 тоот тушаалыг хууль бус гэх үндэслэлээр ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат, Хуулийн хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийг ажлын хэсэг шалгаж Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж, мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй учир сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй тухай дүгнэлтийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж зааснаар ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг тогтоосон хугацаанд чанартай хийж гүйцэтгэж, удирдлагадаа танилцуулж, дүгнүүлэх нь ажилтны гол үүрэг юм.

Нэхэмжлэгч *******ийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн

-3.1-д Тэргүүлэх инженер зохион бүтээгчээс хуваарилсан зураг төсөл боловсруулах даалгаврын дагуу техникийн нөхцөл болон зураг төсөл боловсруулахад шаардлагатай материалыг бүрдүүлсний үндсэн дээр зураг төслийн ажлыг Монгол улс болон олон улсад мөрдөгдөж буй стандарт, норм дурмийн дагуу цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх

- 3.2-т Ажлын объекттой танилцаж хэмжилт, тооцоо хийж, шийдэл гаргах, тэргүүлэх инженер зохион бүтээгчтэй зөвшилцөх, зөвлөгөө авах

- 3.5-д Тэргүүлэх болон I, II зэрэглэлийн инженер зохион бүтээгчид хийж буй зураг төслийн ажлын үйл явцаа хянуулах, шалгуулах, засвар хийх, үнэлүүлж дүгнүүлэх, хэвлэж бэлэн болгох, төсөв болон бусад товчоодод дотоод даалгавар өгүүлэх

- 5.3-д Ажлын уялдаа, холбооны хувьд Тэргүүлэх инженер зохион бүтээгчээс ажил үүрэг авах, зураг төсөл боловсруулах даалгаврын талаар болон бусад асуудлаар тухай бүр хэлэлцэж санал бодлоо солилцох шаардлагатай гэж тус тус заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажил, үүргийг даалгасан хугацаанд зохих ёсоор биелүүлсэн, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан албан тушаалтны шаардлагыг цаг тухайд нь биелүүлсэн гэх боловч энэ талаарх баримтыг удирдлагадаа танилцуулаагүй, нэхэмжлэлдээ хавсаргаагүйгээс үзэхэд удирдлагаас тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр даалгасан хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын объектыг судлан хэмжилт тооцоо хийж, шийдэл гаргах, гүйцэтгэж буй зураг төслийн үйл явцыг Тэргүүлэх инженер зохион бүтээгч болон удирдлагуудад танилцуулах, тэдгээрийн тавьсан шаардлагыг биелүүлэх ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгээгүй болох нь харагдаж байна.

Иймд Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.4-т заасан Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харьяалах албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

Харин Хөдөлмөрийн дотоод журмын 4.1,5-д ажил олгогч Энэхүү журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ... удирдах ажилтнаас ажил, үүрэгтэй нь холбогдуулан өгсөн үүрэг, даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй, нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.8-д ажил олгогч нь ... удирдах ажилтнаас ажил, үүрэгтэй нь холбогдуулан өгсөн үүрэг, даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй, ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны Хөдөлмөрийн зарим харилцааны эрх шилжүүлэх тухай А/501 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 1.3-д ажлаас халахаас бусад зөрчилд хуульд заасан арга хэмжээ авахыг бүтцийн нэгжийн удирдлагад олгосон тул Зураг төслийн хүрээлэнгийн захирал зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй.

Тиймээс нэхэмжлэгч ******* ...хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдсан, ... хууль бус тушаал гаргасан, ... хууль бусаар шүүгдэж байна, ... эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хохирол учруулсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн дотоод журамд зөрчсөн үйлдэлд нь ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ТӨҮГ-т холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан ТӨҮГ-ын зураг төслийн хүрээлэнгийн захирлын тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч *******ийг ТӨҮГ-н зураг төслийн хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 дугаар тушаалаар зураг төсөл боловсруулах даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүрэгтэй холбогдуулан тавьсан албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр 131.1.2, ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 8.8.4 дэх заалтыг үндэслэн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ...... Шүүн хатаах хэсгийн 61,62 дугаартай туузан дамжуулгын угсралтын зураг төсөл боловсруулах 10 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг *******д 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариуцуулан өгч, ТӨҮГ-ын албан хэрэгцээнд ашиглагддаг албан хэрэг хөтлөлтийн E-office системд бүртгэж хуваарилсан боловч ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгэж удирдлагадаа танилцуулж, дүгнүүлэх хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны үүргээ биелүүлээгүй тул сахилгын арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр даалгасан хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын объектыг судлан хэмжилт тооцоо хийж, шийдэл гаргах, гүйцэтгэж буй зураг төслийн үйл явцыг Тэргүүлэх инженер зохион бүтээгч болон удирдлагуудад танлцуулах, тэдгээрийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.4-т Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй,ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харьяалах албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь энэ ажил бол их өргөн эзлэхүүнтэй, цаг хугацаа шаардсан, нүсэр зураг төслийн ажил байсан. Ажил хүлээж авахдаа энэ талаар хэлж байсан. 2 дугаар сарын 10-нд дуусга гэдэг үүргийг дотоод сүлжээгээр өгсөн нь үндэслэлгүй юм. Хамт ажилладаг н. гэж хүнд мөн үүнтэй холбоотой зураг төсөл боловсруулах үүргийг 01 дүгээр сарын 7-нд өгсөн. Хамтарч уялдуулан хийх ёстой, ямар ч байсан 3-4 сарын хугацаа шаардагдах ажил байсан. Миний хийх ёстой зураг н. зургийг хийж гйүцэтгэсэний дараа хийх ёстой, түүнтэй хамааралтай ажил байсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч мөн энэ талаар эд ангийг судлах шаардлагатай байсан тул н.д эхэлж үүрэг өгсөн, тэрээр деталь эд ангийн зургийг гаргах ёстой байсан гэж байна.

Гэрч мэдүүлэхдээ Технологийн зураг хийх даалгавар *******д хуваарилагдсан. Технологийн зураг гаргана гэдэг амаргүй, объёмын хувьд нилээд их өргөн хүрээтэй нүсэр ажил, 2-3 хоногийн дотор бэлэн болчихдог ажил биш. Технолгийн зураг бол техникийн зургийг харж байгаад газар дээр нь суурилуулах зураг. Би 4 сарын 10-даар захиалагчтай очиж уулзсан. 20-иод хуудас ажлын зургийг би гаргаж өгсөн. Хэсгийн даргатай нь ярихад шаардлагагүй гэсэн. Ингээд энэ ажлыг дуусгасан гэжээ.

Гэрч мэдүүлэхдээ : ******* технологийн зургийг хийж гүйцэтгэх ёстой байсан. Зураг гаргахын тулд тухайн объектын байрлал өндөр, түвшин налуу, татах хүчний тооцоо зэргийг шалгах ёстой байсан. Яг ийм ажлын хувьд техникийн зураг заавал эхэлж байдаг. Техникийн дургийг н. инженерт хуваарилаарай гэж зориуд хуваарилуулсан. Захиалга тэдний дотор гэж хугацаа заагаагүй боловч яаралтай гэж ирсэн. Яаралтай гэдгийг боломжит бүх хүч чадлаараа хийнэ гэсэн үг байх гэж бодож байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Шүүн хатаах хэсгийн 61,62 дугаартай туузан дамжуулгын угсралтын зураг төсөл боловсруулах 10 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг *******д 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариуцуулан өгч, ТӨҮГ-ын албан хэрэгцээнд ашиглагддаг албан хэрэг хөтлөлтийн E-office системд бүртгэж хуваарилсан боловч ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгэж удирдлагадаа танилцуулж, дүгнүүлэх хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны үүргээ биелүүлээгүй тул сахилгын арга хэмжээ авсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрээс ТӨҮГ-ын Зураг төслийн хүрэлэнд хандан Шүүн хатаах хэсгийн 61,62 дугаартай туузан дамжуулгын угсралтын зураг төсөл боловсруулах Т19.1092 дугаартай зураг төсөл боловсруулах даалгаврыг 2020 оны 01 сарын 07-ны өдөр ирүүлсэн байх бөгөөд техникийн зураг боловсруулах даалгаврыг инженер н.д 2020 оны 1 сарын 7-ны өдөр, технологын зураг төсөл боловсруулах даалгаврыг нэхэмжлэгч *******д 2020 оны 01 сарын 27-ны өдөр тус тус өгсөн байна.

Нэхэмжлэгч *******д дээрх даалгаврыг 10 хоногийн хугацаатай өгсөн гэж байгаа боловч түүнд даалгасан үүрэг нь дээрх хугацаанд хийж гүйцэтгэх боломжгүй, объёмын хувьд өргөн цар хүрээтэй, анхны зураг төсөл болон түүнд орсон өөрчлөлт зэргийг архивын материал дээр үндэслэн судлах, захиалагч нартай уулзаж ярилцаж ажлаа төлөвлөж уялдуулах, газар дээр нь үзэж харж танилцан судалгаа хийх зэрэг урт хугацаа шаардах ажил байсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч *******ийн хийж гүйцэтгэх зураг төсөл нь гэрч н.гийн хийж гүйцэтгэх техникийн зурагтай салшгүй холбоотой, дээрх зургийг гарсаны дараа хийх ёстой хоорондоо уялдаа холбоо бүхий ажил байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр батлагдаж байна.

Нөгөө талаар хоорондоо уялдаа холбоо бүхий адил үүрэг даалгавар авсан н. дээрх хугацаанд 20-иод хуудас ажлын зургийг гаргаж өгсөн байх ба 4 сарын 10-даар захиалагчтай уулзаж, хэсгийн даргатай нь ярихад дээрх зураг төслийн ажлыг шаардлагагүй гэж үзсэн тул ажлыг зогсоосон байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч *******ийг зураг төсөл боловсруулах даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүрэгтэй холбогдуулан тавьсан албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул ТӨҮГ-н зураг төслийн хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******д сахилгын шийтгэл ногдуулах тухай ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэнгийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 тоот тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч ТӨҮГ-аас 70,200 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН