Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2020/00092

 

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19ий өдрийн 142/ШШ2020/00661 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-т холбогдох,

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******-ын Зураг төслийн хүрээлэнгийн инженер зохион бүтээгч, иргэн ******* миний биед 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн дугаар А/13 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Тушаалд зураг төсөл боловсруулах даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүрэгтэй холбогдуулан тавьсан албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул үндсэн цалин 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Би үүнийг хууль зөрчсөн, хууль бус. үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. Ялгаварлан гадуурхсан /Монгол улсын үндсэн хуульд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал. байдал. хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол. боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна./ Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Ажлын байрны, албан тушаалын дарамт, шахалт, дарангуйлал, хүчирхийлэл үйлдсэн. Хөдөлмөрлөх эрхэнд ноцтой халдсан. Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлгүй халдсан /Монгол улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, Хүний нэр төр, алдар хүнд. эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх. Ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцсан, зохисгүй үйлдэл гаргасан, доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн, хуйвалдсан, бүлэглэсэн, хууль бус гушаал гаргасан, хохироосон. 2018 оны байдал дахин давтагдсан. Ажлаар шалтаглаж ажлаас халах, санаа зорилго хэрэгжүүлж байгаад иргэн хүний хувьд харамсаж байна. Миний бие ажилгүй болоход харамсахгүй. Хууль зөрчсөн, хулгай хийсэн, ашиг сонирхлын асар их зөрчил, хууль бус үйлдэл, нотлох баримтаар ил болсон. Авилга албан тушаалын гэмт этгээд, гэмт хэрэгтэнд хууль бус, шударга бусаар шүүгдэж байгаад харамсаж байна. Миний бие тушаалд бичсэнчлэн: Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, даалгасан хугацаанд зохих ёсоор биелүүлсэн, ажил үүрэгтэй холбогдуулан гавьсан албан тушаалтны шаардлагыг цаг тухай бүрт биелүүлж байсан. Жирийн уурхайчин, ажилтны хөдөлмөрлөх эрхэнд ноцтой халдсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хохирол учруулж тоглож байгаад харамсаж байна. Бас гомдолтой байна. Иймд үнэн, бодит байдалтай нийцэхгүй байгаа тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч. *******-ын Зураг төслийн хүрээлэнгийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн 61, 62 дугаартай туузан дамжуулгын угсралтын зураг төсөл боловсруулах 10 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг Технологийн зохион бүтээх товчооны инженер зохион бүтээгч *******д 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариуцуулан өгч, *******-ын албан хэрэгцээнд ашиглагддаг албан хэрэг хөтлөлтийн Е-Office системд бүртгэж хуваарилсан байна. Дээрх ажил, үүрэг нь нэхэмжлэгч *******ийн ажлын байрны тодорхойлолтод заасан зураг төсөл боловсруулах даалгаврын үндсэн дээр ... зураг төслийн ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх гол ажил үүрэг мөн бөгөөд даалгасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гүйцэтгээгүй, тэргүүлэх инженер зохион бүтээгчийн гүйцэтгэж буй ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан ажлын объектоо судлан хэмжилт тооцоо хийх шаардлагыг биелүүлээгүй болох нь Зураг төслийн хүрээлэнгийн дотоод системд оруулсан нэхэмжлэгчийн ажил, үүргийн гүйцэтгэлээр болон тэргүүлэх инженер зохион бүтээгч П.Уранцэцэгийн илтгэх хуудсаар тогтоогддог. Нэхэмжлэгч ******* нь Зураг төслийн хүрээлэнгийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/13 тоот тушаалыг хууль бус гэх үндэслэлээр *******-ын Ерөнхий захирал, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат, Хуулийн хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийг ажлын хэсэг шалгаж Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж, мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй учир сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй тухай дүгнэлтийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж зааснаар ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг тогтоосон хугацаанд чанартай хийж гүйцэтгэж, удирдлагадаа танилцуулж, дүгнүүлэх нь ажилтны гол үүрэг юм. Нэхэмжлэгч *******ийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн 3.1, 3.2, 3.5, 5.3-т тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажил, үүргийг даалгасан хугацаанд зохих ёсоор биелүүлсэн, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан албан тушаалтны шаардлагыг цаг тухайд нь биелүүлсэн гэх боловч энэ талаарх баримтыг удирдлагадаа танилцуулаагүй, нэхэмжлэлдээ хавсаргаагүйгээс үзэхэд удирдлагаас тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр даалгасан хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын объектыг судлан хэмжилт тооцоо хийж, шийдэл гаргах, гүйцэтгэж буй зураг төслийн үйл явцыг Тэргүүлэх инженер зохион бүтээгч болон удирдлагуудад танилцуулах, тэдгээрийн тавьсан шаардлагыг биелүүлэх ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгээгүй болох нь харагдаж байна. Иймд Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.4-т заасан Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харьяалах албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Харин Хөдөлмөрийн дотоод журмын 4.1,5-д ажил олгогч Энэхүү журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ... удирдах ажилтнаас ажил, үүрэгтэй нь холбогдуулан өгсөн үүрэг, даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй, нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.8-д ажил олгогч нь ... удирдах ажилтнаас ажил, үүрэгтэй нь холбогдуулан өгсөн үүрэг, даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй, *******-ын Ерөнхий захирлын 2019 оны Хөдөлмөрийн зарим харилцааны эрх шилжүүлэх тухай А/501 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 1.3-д ажлаас халахаас бусад зөрчилд хуульд заасан арга хэмжээ авахыг бүтцийн нэгжийн удирдлагад олгосон тул Зураг төслийн хүрээлэнгийн захирал зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй. Тиймээс нэхэмжлэгч ******* ...хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдсан, ... хууль бус тушаал гаргасан, ... хууль бусаар шүүгдэж байна, ... эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хохирол учруулсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн дотоод журамд зөрчсөн үйлдэлд нь ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19ий өдрийн 142/ШШ2020/00661 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******д сахилгын шийтгэл ногдуулах тухай *******-ын Зураг төслийн хүрээлэнгийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 тоот тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч *******-аас 70,200 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа давж заалдсан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж зааснаар шүүх хэргийн гол нөхцөл, байдлыг нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, тухайн хэрэг, маргаанд хамааралтай эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах учиртай. *******-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.4-т Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харьяалах албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ажилтанд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Нэхэмжлэгч ******* нь зураг төсөл боловсруулахыг даалгасан хугацаанд ажлын объектгой танилцан хэмжилт, тооцоо хийж, шийдэл гаргах, тэргүүлэх инженер зохион бүтээгчтэй зөвшилцөх, тэдгээрт хийж буй зураг төслийн үйл явцаа хянуулах, засвар хийж, үнэлүүлж, дүгнүүлэх зэрэг ямар ч ажиллагаа хийгээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил гүйцэтгэсэн талаар нотлох баримт гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно. Гэтэл анхан шатны шүүх ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр ямар ч нотлох баримтгүй нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж ... түүнд даалгасан үүрэг нь дээрх хугацаанд хийж гүйцэтгэх боломжгүй, ... урт хугацаа шаардах ажил байсан байна гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч ажлын 10 хоногт дээрх ажлыг огт гүйцэтгээгүй юу эсхүл гүйцэтгээд амжаагүй юу гэдгийг анхан шатны шүүх дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй болно. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт гэрч Г.Баясгалангийн мэдүүлгийг үндэслэж ... адил үүрэг даалгавар авсан Г.Баясгалан дээрх хугацаанд 20-оод хуудас ажлын зургийг гаргаж өгсөн байх ба 4 сарын 10-аар захиалагчтай уулзаж ... ажлыг зогсоосон байна гэж дүгнэжээ.

Зураг төслийн хүрээлэн нь бүтцийн хувьд Удирдлага, Техникийн бичиг баримтын, Технологийн зохион бүтээх, Механикийн зохион бүтээх, Барилгын зохион бүтээх, Цахилгааны зохион бүтээх, Дулаан сантехникийн зохион бүтээх, Өргөн тээвэрлэлтийн зохион бүтээх, Төсвийн товчоо гэх нийт 8 товчоотой. Албан тушаалын хувьд Захирал, Ерөнхий инженер, Тэргүүлэх инженер-зохион бүтээгч, инженер гэж ангилагддаг. Гэрч Г.Баясгалан нь *******-ын Зураг төслийн хүрээлэнгийн Механикийн зохион бүтээх товчооны инженер зохион бүтээгч бөгөөд нэхэмжлэгчийн ажилладаг Технологийн зохион бүтээх товчооны инженер зохион бүтээгч биш, түүний боловсруулсан зураг төсөл нэхэмжлэгчийн боловсруулах зураг төслөөс ялгаатай, Г.Баясгалан бусдад үүрэг даалгавар өгөх, ажльга дараалал, хугацаа тогтоох эрх бүхий албан тушаалтан биш учраас нэхэмжлэгчийн гүйцэтгэх ажлыг Г.Баясгалангийн ажилтай харьцуулах боломжгүй юм. Гэрч Г.Баясгалангийн шүүхэд өгсөн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч ******* зураг төсөл боловсруулах ажлыг даалгасан хугацаанд хангалттай биелүүлсэн эсэхийг нотлоогүй, түүний ... энэ ажил нилээд өргөн хүрээтэй нүсэр ажил гэх мэдүүлэг өөр бусад баримтаар давхар нотлогдохгүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Г.Баясгалангийн мэдүүлгээр ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаар маргаан бүхий тушаалын үндэслэл нь 2020 оны 01, 02 сард гүйцэтгэсэн нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой байхад пгүүх хэрэгг хамааралгүй буюу 2020 оны 04 дүгээр сарын 10-ний үйл баримтыг үндэслэж ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн. Мөн дээрх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг мэдэгдсэн Баяжуулах үйлдвэрийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11/433 тоот албан бичгийг шүүх харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Г.Баясгалангийн мэдүүлгийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасныг зөрчсөн болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх зураг төслийн ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан нэхэмжлэгчид шаардлага тавьсан Технологийн зохион бүтээх товчооны тэргүүлэх инженер-зохион бүтээгч П.Уранцэцэгийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж шүүх хуралдаанд оролцуулсан. Гэрч П.Уранцэцэг нь ... нэхэмжлэгч ******* ажлыг гүйцэтгэж эхлээгүй, дээрх хугацаанд нэг ч зураас, тоо бичээгүй, ажлыг хийхгүй байсан. Хэмжилт тооцоо хийх, объекттой танилцаж судалгаа хийх тухай хэлсэн боловч хүлээн аваагүй. Эхлэхгүй, хийхгүй байгаа ажилд хугацааг нь сунгаж өгөх боломжгүй ... гэж тушаалын үндэслэл болох илтгэх хуудсыг нотолж гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрч П.Уранцэцэгийн мэдүүлэг нь ажил олгогчийн тушаалын үндэслэлийг нотолсон төдийгүй Зураг төслийн хүрээлэнгийн дотоод хэрэгцээнд ашигладаг системд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд авагдсанаар нэхэмжлэгч өөрийн ажлын гүйцэтгэлийг нийт 37% гэж системд оруулж үнэлсэн хэрнээ 2-р сарын ажлын тайландаа тус ажлын гүйцэтгэлийг 20% гэх зэргээр зөрүүтэй үнэлж, ажил гүйцэтгэсэн ямар ч баримт гаргаагүй нь нэхэмжлэгч өөрийн ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлээгүй болохыг хангалттай нотолсон. Гэтэл анхан шатны шүүх ажил олгогчийн тушаалын гол үндэслэл болох нэхэмжлэгч дээрх ажлыг гүйцэтгэсэн эсэхийг тогтоох гэрч П.Уранцэцэгийн мэдүүлгийг огт үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Шүүхийн үзлэгийн үеэр шүүгч нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үйлдвэр явсан нь үүрэг даалгавартай холбоотой юу гэж асуухад нэхэмжлэгч холбоогүй гээд өөр тайлбар хийгээгүй нь нэхэмжлэгч даалгасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй, зураг төсөл боловсруулах ажилтай холбоотой ямар ч ажиллагаа хийгээгүй болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад шүүх харгалзан үзээгүй.

Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь *******-т холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан *******-ын зураг төслийн хүрээлэнгийн захирлын тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******д сахилгын шийтгэл ногдуулах тухай *******-ын Зураг төслийн хүрээлэнгийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр *******-ын Ерөнхий захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан тус газрын инженер зураг төслийн төвийн технологийн зохион бүтээх товчооны инженер, зохион бүтээгч мэргэжлээр ажилладаг болно.

Нэхэмжлэгч *******ийг *******-ын зураг төслийн хүрээлэнгийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр 131.1.2., *******-ын хөдөлмөрийн дотоод журмын 8.8.4 дэх заалт, тэргүүлэх инженер зохион бүтээгч П.Уранцэцэгийн илтгэх зэргийг үндэслэн, Технологийн зохион бүтээх товчооны инженер зохион бүтээгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 27 ны өдөр өгсөн Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн 61,62 дугаартай туузан дамжуулгын зураг төсөл боловсруулах Т19.1092 дугаартай зураг төсөл боловсруулах даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүрэгтэй холбогдуулан тавьсан албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн 61, 62 дугаартай туузан дамжуулгын угсралтын зураг төсөл боловсруулах ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг *******-ын албан хэрэгцээнд ашиглагддаг албан хэрэг хөтлөлтийн E-office системд бүртгэж нэхэмжлэгчид хуваарилсан боловч тэрээр дээрх ажлыг заасан хугацаанд нь хийж гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* нь сахилгын шийтгэл ногдуулах тухай *******-ын Зураг төслийн хүрээлэнгийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй байна.

*******-н зураг төслийн хүрээлэнгийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй зөв гарсан тушаал байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяагийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19ий өдрийн 142/ШШ2020/00661 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.БАТТӨР