Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2020/00693

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2020/00693

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг, ундарга *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, *******, ТӨҮГ / регистрийн дугаар: 2074192,*******/-т холбогдох

Ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/346 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний нөхөр ТӨҮГ-ийн Зад 15 жил тасралтгүй ажиллаж байгаад 2016 онд зүрхний өвчнөөр нас барж 3 хүүхдийн хамт өнчирч хоцорсон. Нөхрийн маань ажиллаж байсан байгууллага бага насны 3 хүүхэдтэй хоцорсон намайг өөрийн цехдээ аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр авснаар өнчин үлдсэн 3 хүүхдээ тэжээн тэтгэж өсгөн хүмүүжүүлэх боломж олгосон билээ.

2020 оны 02 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа очоод мастер гаас 1 өдрийн чөлөө олгохыг хүсэж өргөдлөө бичгээр гаргаж мастер зөвшөөрөв гэсэн цохолт хийсэн учир би гэр рүүгээ буцаж явах гэтэл унаа машин байгаагүй тул 8 цаг 15 минутын автобус ирэхийг хүлээгээд гадаа маш хүйтэн байсан тул дулаацахаар цай уудаг өрөөндөө түр ороод байж байтал цехийн эмч орж ирээд дээрээс чамайг архи уусан гэсэн мэдээлэл ирсэн тул үлээлгэнэ гээд өөрийнхөө өрөө авч явсан. Би эмчийг дагаж яваад өрөөнд нь үлээдэг зүйлийг үлээхэд согтолт 0,19 хувь гарсан. Тэр өглөө ажилдаа явах гээд өглөө сэртэл зүрх дэлсээд байхаар нь долоогоны ханд -ыг нилээн өндөр доозоор уусан ер нь миний зүрх үе үе дэлсэж хэм алддаг, бөөр шохойжсон учир бөөрнөөс үүдэлтэй цусны даралт ихсэж үүнээс үүдэлтэй зүрх өвддөг тул цехийн эмчийн хяналтанд үзүүлж даралтны эм, зүрхний эм байнга уудаг.

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мастер дуудаж цехийн даргын өрөөнд дарга нарын зөвлөлийн хурлаар чамайг хэлэлцэнэ гээд ороход дарга нар байсан би 6-ны өдөр ямар нэг согтууруулах зүйл хэрэглээгүй харин 5-ны өдөр ажил тараад найзтайгаа хамт пиво уусан, харин өглөө нь зүрх өвдөөд байхаар нь долоогоны ханд уусан гэж үнэнээ хэлж уучлалт гуйсан. Дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж надад Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 3 сарын хугацаанд цалингаас 20 хувиар суутгуулах арга хэмжээ авсан болохыг мастер мэдэгдсэн, дахин ийм байдал гаргахгүй үр хүүхдийнхээ төлөө ажиллах ёстой шүү гэж өөрөө өөртэй амлаж байлаа.

Харин миний бөөр өвдөж, бөөрнөөс үүдэлтэй даралт ихсэж зүрх өвдөөд байсан тул 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж бие маань гайгүй болж ажилдаа ороод хэд хонож байтал 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр чамайг ажлаас чинь чөлөөлсөн гэж хүний нөөцийн ажилтан дуудаж тушаал гардуулсан.

Цехийн дарга болон удирдлагуудын зөвлөгөөнөөр надад 3 сарын хугацаанд цалингийн 20 хувийг суутгах арга хэмжээ авсаныг баталгаажуулж цехийн даргын тушаал гарсан эсэхийг мэдэхгүй боловч гэнэт ажлаас чөлөөлөх тушаал гаргасанд гомдолтой байна, хүүхэд хуурч байгаа юм шиг хүний амьдралаар ингэж тоглож болохгүй байх гэж бодож байна.

Тухайн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би наряд авч ажил хийгээгүй, ажлын хувцасаа ч өмсөөгүй, өргөдөл бичиж ажлаасаа чөлөө авчихаад автобус хүлээгээд үйлдвэр дотор сууж байснаараа ажлаасаа халагдлаа, хэрэв би хувийн машинтай ч юм уу эсвэл үйлдвэрээс алхаад явчихсан бол өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд орохгүй, үр хүүхдүүдээ талхны мөнгөөр дутаахгүй байсан байх даа гэж харамсаж байна.

Иймээс ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/346 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ******* намайг Зын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 4,488,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******гээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд;

1. ТӨҮГ-ын Засвар, механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгч *******тэй 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 21/19/590 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулж байсан ба тус хөдөлмөрийн гэрээний 6 дахь заалтаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нөхцлүүдийг харилцан тохиролцож баталгаажуулсан. Мөн тус гэрээний ажилтны хүлээх үүрэгтэй холбоотой 2.4 дэх заалтын 2.4.4-т Хөдөлмөрийн тухай хууль, үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам, бусад холбогдох журам, тушаал, шийдвэр, энэхүү хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх гэж заасан заалтыг дагаж мөрдөх үүргийг хүлээн ажиллаж байсан болно. Гэтэл ******* нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2 дахь заалтыг зөрчин ажлын нэг өдөр ажил тасалсан. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа ирэхийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэн Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.12 дахь заалтыг зөрчиж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан.

2.Ажил олгогч буюу ТӨҮГ нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40, 131 дүгээр зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь заалт. *******тэй 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг хууль тогтоомж, эрх зүйн баримг бичгээр олгогдсон эрх хэмжээний хүрээндээ *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар цуцалж шийдвэрлэсэн.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ТӨҮГ-т холбогдуулан ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/346 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, Зын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,488,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ажилгүй байсан хугацааны цалин 6,305,507 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:.... 2020 оны 02 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа очоод 2020 оны 02 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа очоод мастер гаас 1 өдрийн чөлөө олгохыг хүсэж өргөдлөө бичгээр гаргаж мастер зөвшөөрөв гэсэн цохолт хийсэн учир би гэр рүүгээ буцаж явахаар байж байтал цехийн эмч орж ирээд дээрээс чамайг архи уусан гэсэн мэдээлэл ирсэн тул үлээлгэнэ гээд өөрийнхөө өрөө рүү авч явсан. Би эмчийг дагаж яваад өрөөнд нь үлээдэг зүйлийг үлээхэд согтолт 0,19 хувь гарсан.Тэр өглөө ажилдаа явах гээд өглөө сэртэл зүрх дэлсээд байхаар нь долоогоны ханд -ыг нилээн өндөр доозоор уусан ер нь миний зүрх үе үе дэлсэж хэм алддаг, бөөр шохойжсон учир бөөрнөөс үүдэлтэй цусны даралт ихсэж үүнээс үүдэлтэй зүрх өвддөг тул цехийн эмчийн хяналтанд үзүүлж даралтны эм, зүрхний эм байнга уудаг гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд *******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ажилтны хүлээх үүрэгтэй холбоотой 2.4 дэх заалтын 2.4.4-т Хөдөлмөрийн тухай хууль, үйлвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журам,бусад холбогдох журам, тушаал, шийдвэр, энэхүү хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх гэж заасан заалтыг дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл ******* нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2 дахь заалтыг зөрчин ажлын нэг өдөр ажил тасалсан, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.12 дахь заалтыг зөрчиж хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь ******* нь ТӨҮГ-ын Зын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчээр ажиллаж байгаад ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/346 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт,40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт,хөдөлмөрийн гэрээний 6.3.16 дахь, ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20 дахь заалт, ТӨҮГ-ын ажилтан, ажилчинд согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн акт № 1,Зын даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12/130 тоот албан бичиг зэргийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа ирэхийн өмнө согтуурулах ундааны зүйл хэрэглэж, эмчийн үзлэгээр согтолтын хэмжээ зөвшөөрөгдсөн багажийн үзүүлэлтээр амьсгалд 0,19 хувь илрэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс цуцалж үүрэгт нь ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

Хариуцагч тал *******г ажилдаа согтуу ирсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргаж ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2, 8.9.11 дэх заалтуудыг зөрчсөн... гэж мэтгэлцэж байна.

ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 дугаар тушаалын хавсралт болох Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журмын 4 дүгээр зүйлийн 4.1.-д Ажил олгогчийн хүсэлтээр болон согтуу байгаа ажиллагсдын согтолтын зэргийг тогтоох зорилгоор Гэрээт цагдаагийн тасаг, Дотоодын цэргийн 816-р салбарын алба хаагчид, эмнэлэг сувиллын ажилтнууд согтолтын зэрэг тогтоох сорил хийнэ, 6.1.-д Өдөр тутмын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хэвийн бус байдалтай байгаа ажилтан, согтолтын зэрэг тогтоохоор ажил олгогчийн гаргасан хүсэлт, гэрээт харуул хамгаалалтын байгууллагын ажилтнуудын шаардлага, дуудлагаар согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтан, хувь хүмүүсийн согтолтын зэргийг тогтоох зорилгоор Амьсгалын алкотестер 6810 илрүүлэгчийг ашиглана гэж заажээ.

Дээрх журмын холбогдох заалтуудаас үзэхэд ажилтнаас амьсгалын сорил авахад ажил олгогчийн хүсэлт, гэрээт цагдаагийн тасаг, дотоодын цэргийн 816 дугаар салбарын алба хаагчид оролцохоор байхаас гадна, мөн тэдний шаардлага, дуудлагаар амьсгалын сорилыг хийхээр журамласан байна.

Нэхэмжлэгч *******гийн талаар ирсэн мэдээллийн дагуу гэдэг үндэслэлээр Зын аж ахуйн хэсгийн бага эмч Л.Тү хэмжлэгчийг өрөөндөө дуудаж согтолтын зэрэг тогтоох сорил хийсэн байна. Ингэхдээ журмын 4.1-д зааснаар ажил олгогч хүсэлт гаргаагүй, согтуу байгаа эсэх нь гаднаас тодорхойлох боломжгүй өөрөөр хэлбэл согтуу биш байх үед нь сорил авсан нь журмын заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн Амьсгалын алкотестер 6810 илрүүлэгчийн хэвлэмэл хуудаст *******гийн нэрийг гараар бичсэн байх ба түүнд гарсан цаг, минут, сорилт хийсэн акт №1-ийн цаг минут хоорондоо зөрүүтэй байх боловч, үзлэгээр Амьсгалын алкотестер 6810 аппарат нь 1 цагийн зөрүүтэй ажилладаг болох нь нотлогдож байна.

Гэрчын мэдүүлгээр ажилчдыг ТӨҮГ-т өглөө ажилд ирэх үед нь согтолтын зэргийг заавал шалгаж тогтоосны үндсэн дээр ажилд гаргадаг байх ба, ажил мэргэжлийн онцлогоос хамаарч ажил гарахын өмнө согтолтын зэрэг заавал шалгах ажил мэргэжлийн жагсаалт, мөн эрүүл мэндийн хяналтанд байх ажилчин, албан хаагчдын жагсаалт байдаг байна. Нэхэмжлэгч нь ажилд гарахын өмнө согтолтын зэрэг заавал тогтоох ажилчдын жагсаалтанд хамаардаггүй байх бөгөөд харин зүрх дэлсэх, даралт ихсэх өвчний учир эмчийн хяналтанд байх жагсаалтанд багтдаг байна.

Тухайн өдөр эмч түүний даралт эрүүл мэндийн байдлыг үзэж хянах анхаарах зорилгоор биш харин мэдээлэл ирсэн гэдэг үндэслэлээр согтолтын зэрэг тогтоох сорил хийж акт үйлдсэн нь хууль журмын дагуу болоогүй, сорил явуулж акт тогтоохдоо хөндлөнгийн гэрч болон ээлжийн мастер дарга зэрэг албан тушаалтныг байлцуулаагүй ээлжийн мастер гаар дараа нь нөхөж гарын үсэг зуруулсан гэж байна. Мөн сорил хийсэн Alcotest 6810 аппаратаар согтолтын зэргийг шалгахад ******* нь 0.19 %-ийн согтолтын зэрэгтэй гэж гарсан байна.

Энэ нь Согтолтын зэргийг тогтоох журмын 5.1-д зааснаар хэвийн хэмжээнд багтаж байна.

Өөрөөр хэлбэл 5.1-д хэвийн хэмжээ 0.0-0.19 %, амьсгалд 0.20 % ба түүнээс дээш промиль байвал согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдээс дүгнэхэд *******г согтууруулах ундаа хэрэглэсэн гэж дүгнэх хангалттай үндэслэл болохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******г ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 3 сарын 3-ны өдрөөс эхлэн ажлын 59 хоног ажилгүй байсан байх бөгөөд Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нэхэмжлэгч нь 2019 оны 12 сард 2,441,690 төгрөг, 2020 оны 1 сард 1,471,436 төгрөг, 2020 оны 2 сард 2,819,875 төгрөгний цалин тус тус авч байсан байх бөгөөд 3 сарын дундаж цалин 2,244,334 төгрөг болж байна. Үүнийг ажлын 21 хоногт хуваахад нэг өдрийн цалин 106,873 төгрөг байх ба үүнийг ажилгүй 59 хоногоор тооцож 6,305,507 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Мөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/346 дугаартай ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй, захирамжийг хүчингүй болгоно гэдэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа үндэслэл болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ажилд эгүүлэн тогтоолгох юм. Ажилд эгүүлэн тогтоож байгаа нь захирамжийг хүчингүй болгоно гэсэн хэрэг биш юм. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/346 дугаартай ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлага биш байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугааар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан *******г ТӨҮГ-ын Зын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6,305,507 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 186,038 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН