Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/00181

 

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/00181

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, ...-р байр, регистр ..., Х. банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, ...-р байрны ... тоотод оршин суух, регистр ..., Боржигонмандал овогтой Д.ийн Т...,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ....-р хороо, ...-р байрны .... тоотод оршин суух, регистр ..., Б... овогтой Д.ын Б... н.арт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 42 853 099 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч..., хариуцагчийн өмгөөлөгч Д.Д..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б..., Д.Т... нар нь Х. банк бус санхүүгийн байгууллага ХХК-иас 2017 оны 5-р сарын 17-ны өдөр 25 000 00 төгрөг зээлсэн. 2017 оны 6-р сарын 02-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж нэмж 2 500 000 төгрөг зээлэхээр тохирсон боловч 2 900 000 төгрөг, Д.Б... дахин 3 000 000 төгрөг зээлж нийт 30 900 000 төгрөг болсон. Гэрээний хугацаа 2017 оны 11-р сард дууссан боловч зээлдэгч нар үндсэн зээл, хүүгээ төлөөгүй. Үүнээс хойш 2018 оны 02-р сарын 21-ний өдөр 20 000 000 төгрөгийг төлсөн, үүний 10 000 000 төгрөгийг үндсэн зээлд, 10 000 000 төгрөгийг хүүнд тооцсон. 2019 оны 01-р сард Д.Б... дахин хүсэлт гаргаж 7 440 000 төгрөгийг нэмж зээлээд 28 651 000 төгрөг болсон. Хоёр дахь нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн гэрээгээ сунгаад явсан. Одоо үндсэн зээл 28 651 000 төгрөг, зээлийн хүү 5 069 774 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 132 325 төгрөг нийт 42 853 099 төгрөгийг Д.Б..., Д.Т... нараас нэхэмжилж байна. Барьцааны гэрээний дагуу Д.Б...ын зуслангийн газар, Д.Т...ийн авто зогсоолоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Т...гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42 853 099.22 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд мэтгэлцэх юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч тус бүрээр тодруулж, хуваарилаагүй байна. Д.Б..., Д.Т... нар тус тусдаа зээл авсан, өөр өөр зээлийн асуудал яригдана. Тухайлбал 2017 оны 5-р сарын 05-ны өдөр Д.Б..., Д.Т... нар 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.1 хувийн хүүтэй зээлсэн. Д.Т... нь энэ зээлээс 2018 оны 02-р сарын 21-ний өдөр 20 000 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11-р сарын 05-нд дууссан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар эхний ээлжид үндсэн зээл, хүү гэсэн дарааллаар төлөгдөх учиртай. Иймд 25 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг төлсөнд тооцож 5 000 000 төгрөгт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор 18 орчим сая төгрөг болно. Д.Б... 9 500 000 төгрөг зээлсэн учраас өөрөө хариуцна, хүлээн зөвшөөрдөг. 2017 оны 6-р сарын 02-ны өдрийн гэрээнд Д.Б... гарын үсэг зурсан, Д.Т...д 2 500 000 төгрөг зээлэх хүсэл зориг байгаагүй. Талуудын хооронд нэмэлт гэрээ хийж байгаа бол 2017 оны 5-р сарын 05-ны өдрийн үндсэн гэрээний нэгэн адилаар байгуулах ёстой, Д.Т... бас гарын үсэг зурсан байх ёстой. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч Д.Б...д 2 900 000 төгрөг зээлүүлсэн гэдэг боловч 2 500 000 төгрөгийн гэрээ байдаг, 400 000 төгрөгийн хувьд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдана. 3 000 000 төгрөгийн хувьд Д.Б...д хамааралтай, хүү тооцох боломжгүй. Х. банк бус санхүүгийн байгууллага ХХК-ний 7 440 000 төгрөгийн зээлийн асуудлыг шүүх шийдсэн, энэ хэрэгтэй холбоогүй. Ш.Ц... захирал өөрөө ч ярьсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан материалаар нийт 30 880 000 төгрөгийн зээл байдаг, үүнээс Д.Т... 20 000 000 төгрөгийг төлсөн. Иймд Д.Т...д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2017 оны 5-р сарын 05-ны өдрийн ЗГ-2017/28 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 5 000 000 төгрөг, хүү 13 сая гаруй төгрөг нийт 18 сая гаруй төгрөгийг Д.Б... төлөх юм. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ асуудал яригдахгүй гэв.

 

Хариуцагч Д.Б...ын өмгөөлөгч Д.Д... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 5-р сарын 05-ны өдөр 25 000 000 төгрөгийн зээл авснаа талууд хүлээн зөвшөөрч байгаа. 2018 оны 02-р сарын 21-нд Д.Т.... 20 000 000 төгрөг төлсөн учраас үлдэх хэсгийг Д.Б... төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2017 оны 6-р сард нэмэлтээр 2 500 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Харин 2 900 000 төгрөг авсан баримт байхгүй. 2017 оны 6-р сарын 29-ний өдөр 3 000 000 төгрөгийг Д.Б... нэмж авсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлийн хүү авах эрхээ алдана. Манай талаас хуульд заасан журмын дагуу хүү тооцож нийт 26 964 137 төгрөгийг нэхэмжлэгч талд төлнө. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт төлбөр төлөх дарааллыг тогтоосон. Зээлийн үүргийн гүйцэтгэл төлөх хугацаа болсон өрийг төлөхөд мөнгө нь хүрэлцэхгүй бол эхлээд үндсэн зээл, эцэст нь хүүг нь төлнө гээд тодорхой хуульчилсан байна. Зээлээс 2018 оны 2-р сард төлсөн 20 000 000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдаж, нэмэлт гэрээний үүрэг 7 500 000 төгрөгөөс хүү тооцох ёстой. Эхний үндсэн зээлийн гэрээний хувьд 18 130 466 төгрөгийн, нэмэлт 2 500 000 төгрөгийн гэрээгээр тооцохоор 5 134 670 төгрөгийн хүү тооцогдоно. Дээр нь 3 000 000 төгрөгийг гэрээ байгуулахгүйгээр авсныг Д.Б... хүлээн зөвшөөрдөг. Нийт 26 964 137 төгрөгийг хариуцагч Д.Б... төлөх боломжтой гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.... банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Д.Т..., Д.Б... нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 42 853 099 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Х... банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Д.Т..., Д.Б... нартай 2017 оны 05-р сарын 05-ны өдөр ЗГ17/28 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Ү-2206... дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ...-р хороо, үйлдвэр хд-г ....-р байр, зоорийн давхрын ... тоот, 14.4 м.кв талбайтай авто зогсоол, Чингэлтэй дүүргийн .-р.. хороо, ж..., 253 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалан зээлүүлэхээр /хх 5-9/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн байна. Барьцааны гэрээг бичгээр хийсэн боловч энэ хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Зээлдүүлэгч нь 2017 оны 5-р сарын 9-нд 15 000 000 төгрөг, 2017 оны 05-р сарын 11-нд 9 885 600 төгрөг, 94 400 төгрөг нийт 24 980 000 төгрөг, шимтгэл 20 000 төгрөг нийт 25 000 000 төгрөгийг зарлагын баримтаар шилжүүлсэн /хх 12, 14-16/ байх ба зээлдэгч нар гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 10 495 800 төгрөг нийт 35 495 800 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

 

2017 оны 6-р сарын 2-ны өдөр талууд 17/28.01 нэмэлт гэрээ хийж 2 500 000 төгрөгийг 2017 оны 11-р сарын 9-нийг хүртэл хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлэх, энэ нь 17/28 тоот гэрээний салшгүй хэсэг болж, гэрээний бусад нөхцөл хүчин төгөлдөр үргэлжлэхээр тохирсон /хх 70/, энэ гэрээ байгуулсанд хариуцагч Д.Т... маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх үндсэн болон нэмэлт гэрээний үүргийг хариуцагч нар хамтран гүйцэтгэхээр тохирсон гэж үзнэ.

 

Нэмэлт гэрээний дагуу 2017 оны 6-р сарын 2-ны өдөр 1 900 000 төгрөг, 1000 000 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтаар Д.Б... хүлээн авсан /хх 17/, гэрээний үүрэгт зээл 2 500 000 төгрөг, хүү 457 919 төгрөг нийт 2 957 919 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Зээлдэгч нар 17/28, 17/28.01 тоот гэрээний үүрэгт 38 453 719 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд сар бүр хүү төлөх үүргээ биелүүлээгүйгээс маргаан гарчээ. Харин гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 оны 2-р сарын 21-ний өдөр 20 000 000 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 216-р зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй тул үндсэн зээлээс төлсөнд тооцож, хариуцагч нар 7 500 000 төгрөгийг төлөөгүй гэж үзнэ.

 

Эдгээрээс дүгнэвэл, зээлдэгч нар үндсэн зээл 7 500 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 10 953 719 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 190 734 төгрөг, хэтрүүлсэн хугацааны хүү 5 337 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 067 500 төгрөг нийт 27 049 454 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Харин барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Нөгөө талаас, нэхэмжлэгч нь зээлдэгч нарт 2019 оны 1-р сарын 10-ны өдөр 7 440 000 төгрөг зээлүүлсэн гэх боловч мөнгө шилжүүлсэн нь баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Д.Б... нь Х.... банк бус санхүүгийн байгууллага ХХК-иас хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүйгээр 400 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 29-ний өдөр 3 000 000 төгрөг тус тус зээлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байх тул түүнээс гаргуулахаар хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Т..., Д.Б... нараас 27 049 454 /хорин долоон сая дөчин есөн мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөг, Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б...аас 3 400 000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж Х... банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 12 403 645 төгрөгийн нэхэмжлэл, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т.., Д.Б... нараас 293 197 төгрөг, Д.Б...аас 69 350 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА